| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2019/0072/э |
| Дугаар | 2019/ШЦТ/74 |
| Огноо | 2019-03-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/74
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгч Н.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт Н.О-т холбогдох 1921001040065 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн ... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хатгин овогт Н.О.
Шүүгдэгч Н.О нь согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн ... тоотод 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Б.Мтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газарт нь мөргөж тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, хамрын зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Торгох ялыг зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ харамсаж байна” гэв.
Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 15 цагийн орчимд хадам аав болох Намсрайгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн ... тоот гэрт нь эхнэр Оюунгэрэлийн хамт очсон юм. Эхнэр бид хоёрыг гэрт нь ороход хадам аав Намсрай ганцаараа сууж байсан бөгөөд бид гурав хэсэг юм яриад сууж байхад араас удалгүй хадам дүү Н.О бага зэргийн архи уусан байдалтай гэрт орж ирээд надад хандан “хашаанд байгаа пингээ аваад зайл, машины граж барих гээд байна” гэж хэлэхээр нь би дүү Н.От хандан “би пингээ аваад явна, адилхан хүүхдүүд нь байж чи яагаад миний эзэмшлийн пинг ад үзээд байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхэд дүү Н.О сууж байснаа босоод намайг үгийн зөрүүгүй заамдаад гэрийн үүд хэсэг рүү чирээд гараараа намайг боосон бөгөөд тэр үед би хуруугаа ам руу нь хийж завжнаас нь татаж миний хоолойг боосон гарыг нь тавиултал мөн ахин гараараа миний хоолойг боож толгойгоороо миний нүүр рүү мөргөсөн. Тэгэхэд гэрт байсан эхнэр Оюунгэрэл хадам аав Намсрай хоёр салгасан. Надад ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хувьд өөрийн хадам дүү Н.Отай сайн дураар эвлэрсэн” гэжээ. /хх-ийн 20-22 тал/
Гэрч Ж.Намсрай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Хүргэн хүү Б.М хүү Н.О хоёр бие биенээ заамдчихсан үүдний хэсэгт зогсож байхаар нь “та хоёр ах дүү байж болиоч дээ” гэж хэлээд салгасан юм. Тэгэхэд миний хүү Н.О хүргэн Б.Мыг толгойгоороо мөргөчих шиг болсон. Тэгэхэд хүргэн Б.М учиргүй уурлаад эхнэр Оюунгэрэлийг дагуулаад гэрээс гарсан” гэжээ. /хх-ийн 25-26 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 91 тоот дүгнэлтэд
1. Б.М-ын биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, хамрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэжээ. /хх-ийн 30 тал/
- Н.О-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Хатгин овогт Н.О нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн ... тоотод 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр согтуугаар хохирогч Б.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газарт нь мөргөж, тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, хамрын зулгаралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би хүргэн ах Б.М-тай барьцалдаад авахад миний шилэн хүзүүнээс татсан бөгөөд би урагшаа болохдоо толгойгоороо нүүрэн тус газарт нь мөргөсөн...“ гэх мэдүүлэг, хохирогч Б.М, гэрч Ж.Намсрай нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 91 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.О-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Н.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан шүүгдэгч Н.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Н.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч Н.О нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулав.
Шүүгдэгч Н.О нь хохирогч Б.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь “Надад ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хувьд өөрийн хадам дүү Н.О-тай сайн дураар эвлэрсэн, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.О-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.О-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хатгин овогт Н.О-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.О-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ