Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00389

 

2024 02 26 210/МА2024/00389

 

 

Тийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2023/04096 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Т

Хариуцагч: Г.А

Нэхэмжлэлийн шаардлага: төрд учирсан хохирол 31,129,561 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Г.А нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдаар ажиллаж байхдаа 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/206 дугаар тушаалаар Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ц.Сг төрийн албанаас чөлөөлсөн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 654 дугаар шийдвэрээр дээрх тушаалыг хүчингүй болгож, Ц.Сг Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 5,954,605 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 6,024,805 төгрөгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/277 дугаар тушаалаар Ц.Сд ажилгүй байсан хугацааны цалин хөлс 5,954,605 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 6,024,805 төгрөгийг олгосон.

1.2 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 941 дугаар шийдвэрээр Ц.Сгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 25,104,756 төгрөгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 1154 дугаар магадлалаар дээрх шийвдэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 дугаар тушаалаар 25,104,756 төгрөгийг Ц.Сд олгосон.

1.3 Иймд Г.Аы хууль бус шийдвэрийн дагуу төрд учирсан хохирол нийт 31,129,561 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Г.А нь 2016 оноос Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдаар ажиллаагүй бөгөөд санаатайгаар гэм хор учруулаагүй. Өөрийн багаа бүрдүүлэх гэж хууль бусаар үндэслэлгүйгээр ажлаас халаагүй. Тушаалд холбогдох хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн нь санаатайгаар гэм хор учруулсан гэж үзэхгүй бөгөөд сайд хуулийг нэг бүрчлэн мэдэх шаардлагагүй.

2.2 Хэрэгт авагдсан анхан шатны шийдвэр, магадлалаас үзвэл Ц.Сгийн буруутай үйлдэл байсан болох нь тогтоогдоно. Түүнчлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Ааас төрд учирсан хохиролд 31,129,567 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Тийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хөдөлмөрийн сайд Г.Аы 2015 оны Б/206 дугаар шийдвэр буруу болохыг захиргааны хэргийн шүүхээр тогтоосон. Шүүхийн шийдвэрийн дагуу төрд хохирол учирсан. Түүнчлэн, сайд өөрийн гаргасан тушаал шийдвэрийн хууль зүйн үр дагаврыг хариуцах учиртай.

4.2 Т нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийг хэрэгжүүлэн ажиллах хүрээнд төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсантай холбоотой шүүхийн шийдвэрүүд болон судалгааг гарган бүртгэл хөтлөх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тус тус баримт татан, цугларсан баримтыг бүртгэн төрд хохирол учирсныг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт ...эрх зөрчигдсөн тухай мэдсэн ... даруйдаа буюу 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 04/1274 дүгээр албан бичгээр төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдлийг Г.Ад хүргүүлж, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Түүнчлэн, төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан тодорхой зохицуулалт хуульчлагдаагүй. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг баримтална.

4.3 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан заалт нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг төр хариуцан арилгана гэж ойлгоно. Зөрчлийн улмаас үүрэг нь өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдэг гэж дүгнэсэн атлаа Г.А сайдын 2015 оны Б/206 дугаар тушаалыг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх бүхэлд нь хүчингүй болгож дүгнэсэн нь түүний гаргасан тушаал нь хууль бус болохыг тогтоосон.

4.4 Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу гэм хор учруулагч учирсан гэм хорын хооронд үр дагавар, шалтгаант холбоо тогтоогдож байх тул төрд учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Иймд шийдвэрийг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Т нь хариуцагч Г.Ад холбогдуулан төрд учруулсан хохирол 31,129,561 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

3. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогджээ.

3.1 Монгол Улсын Хөдөлмөрийн сайд Г.Аы 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/206 дугаар тушаалаар Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ц.Сг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. /хх 8/

3.2 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 654 дугаар шийдвэрээр дээрх тушаал хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон, Ц.Сг урьд эрхэлж байсан Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилтийг хийхийг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин 5,954,605 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийн хамт нийт 6,024,805 төгрөгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гаргуулж Ц.Сд олгож шийдвэрлэсэн. /хх11-16/

3.3 Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/277 дугаар тушаалаар 6,024,805 төгрөгийг Ц.Сд олгосон. /хх 62-63/

3.4 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2019/00941 дугаар шийдвэрээр Ц.Сгийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт нийт 25,104,756 төгрөгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гаргуулан Ц.Сд олгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1154 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2020/00419 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн. /хх 17-27/

3.5 Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 дугаар тушаалаар 25,104,756 төгрөгийг Ц.Сд олгосон. /хх 52, 59/

4. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.

4.1 Талууд хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлэх учиртай. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн Тавин хоёрдугаар бүлгийн гэм хор учруулснаас үүсэх үүрэгт хамааруулан тайлбарлаж, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг таван жил гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, төрд учирсан гэм хорын хохирлыг шаардах эрх мөн зүйлд зааснаар таван жил байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан тодорхой зохицуулалт байхгүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг баримтална гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

4.2 Иргэний хуулийн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд мөн зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ.

4.3 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 654 дугаар шийдвэр гарснаар нэхэмжлэгчийн шаардлага гаргах таван жилийг тоолно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг мөн өдрөөс эхлэн эрх зөрчигдсөнөө мэдэх ёстой гэж үзэх тул энэ үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолох учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хангахгүй.

5. Нэхэмжлэгч нь дээрх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн, мөн уг хугацааг түр зогссон, тасалдсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан таван жилийг тоолох бөгөөд гомдлын шаардлага гаргах уг хугацаа 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болсон байна. Иймд нэхэмжлэгч нь 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийг 6,024,805 төгрөг гаргуулах шаардлагын тухайд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж зөв дүгнэжээ. Хариуцагч мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар 6,024,805 төгрөг төлөхөөс татгалзсан нь үндэслэлтэй.

6. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэм буруутай этгээдийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас учирсан гэм хорыг арилгасан бол өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй. Энэ тохиолдолд гэм буруутай этгээдийн үйлдэл болон учирсан хохирлын хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаардана.

6.1 Анхан шатны шүүх Монгол улсын Их хурлын 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаар тогтоолоор хариуцагчийг Монгол улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь нийтэд илэрхий үйл баримт гэж дүгнэсэн зөв. Учир нь, Монгол улсын Их хурлын 2016 оны 15 дугаар тогтоол нь нийтэд илэрхий үйл баримтад хамаарна.

6.2 Хариуцагч нь 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хөдөлмөрийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байх тул шүүхийн шийдвэрт заасан Ц.Сгийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 25,104,756 төгрөгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гаргуулсанд хариуцагчийг гэм буруутай гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх хугацаанд хариуцагч нь Хөдөлмөрийн сайдын үүрэгт ажлыг гүйцэтгэж байгаагүй. Иймд анхан шатны шүүх хариуцагч 25,104,756 төгрөг төлөх гэм хорын шалтгаант холбоо тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу гэм хор учруулагч учирсан гэм хорын хооронд үр дагавар, шалтгаант холбоо тогтоогдож байх тул төрд учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсныг залруулна. Учир нь, уг маргаанд нэхэмжлэгчийн шаардах эрхийг нарийвчлан зохицуулсан Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэг болон хохирол арилгах аргыг зохицуулсан 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг хэрэглэх тул шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулна.

8. 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны товыг шүүхийн иргэдийн төлөөлөгчид мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй /хх 76/, анхан шатны шүүх талуудын шүүхийн иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2023/04096 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 75 дугаар зүйлийн 75.2.4-т гэснийг ...498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

М.БАЯСГАЛАН