Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00390

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 02 26 210/МА2024/00390

 

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2023/03979 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Э ХХК

Хариуцагч: Ц ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 635,075.69 юань буюу 324,462,214 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч БНХАУ-ын иргэн  , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э. ,  а, орчуулагч М. , хариуцагчийн төлөөлөгч Г.Г , хариуцагчийн өмгөөлөгч Б. , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Э ХХК нь Ц ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Эрчим хүчний нүүрс худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, нийт 3,300 тонн нүүрс худалдан авахаар харилцан тохиролцон, 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 630,300 юань, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 269,450 юань, нийт 899,750 юанийг урьдчилгаа төлбөр болгон Ц ХХК-д шилжүүлсэн. Гэвч тус компани нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний нүүрс нийлүүлж чадаагүй тул манай компанийн зүгээс гэрээг цуцлах талаар мэдэгдэхэд худалдагч Ц ХХК манай компанийн шилжүүлсэн урьдчилгаа төлбөрийг буцаан шилжүүлэх боломжгүй гэсэн тул худалдагч компанитай харилцан тохиролцож 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр HLD-03 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ-г шинэчлэн байгуулсан.

1.2 Тус гэрээнд заасны дагуу худалдагч Ц ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 3,300 тонн нүүрс нийлүүлэх, худалдан авагч Э ХХК нь 1 тонн нүүрсийг 563 юаниар тооцож, нийт 3,300 тонн нүүрсний үнэд 1,857,900 юань төлөх ба үүнээс 899,750 төгрөгийг урьдчилж төлсөн болохыг баталгаажуулж, үлдэгдэл 958,150 юанийг төмөр замын баримт болон гаалийн баримт бичиг гарсны дараа төлж барагдуулах үндсэн үүргийг тус тус хүлээсэн.

Түүнчлэн, гэрээний 5.1-т 1 тонн нүүрсний үнэд Эрээн хотын боомт хүртэлх тээврийн зардал, хил, гаалийн татвар хураамж зэрэг холбогдох бүх зардал багтсанаас гадна гэрээний 1.1-т нүүрсний стандарт шаардлагыг тусгайлан зааж, нүүрсний үнслэг 8.48, нүүрсний чийг 0.5 хувь, нүүрсний дэгдэмхий 36 хувь, нүүрсний хүхэр 1 хувь, нүүрсний илчлэг 4800-5200 к.кал байх, 7.1-т А талын нийлүүлсэн нүүрсний чанар 4800 ккалаас доош буурсан тохиолдолд ккалын хэмжээг Эрээн хотын зах зээлийн үнээр хасахаар, 8.1-т Б тал нь нүүрсийг шалгаж хүлээн авах явцад хэрэв бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангахгүй болох нь тогтоогдвол энэ тухай 3 өдрийн дотор А талд бичгээр мэдэгдэнэ. Хятад Улсын Гаалийн хорио цээрийн газрын лаборатори эсхүл Хятад Улсын эрх бүхий байгууллагаас гаргасан шинжилгээний хариуны дагуу санал гомдол гаргахаар тус тус тусгагдсан.

1.3 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Ц ХХК-ийн захирал Г.Г нүүрсийг ачуулах гэж байгаа тул үлдэгдэл төлбөрөө шилжүүл гэсний дагуу үлдэгдэл 958,150 юанийг Монгол төгрөгийн ханшаар тооцож нийт 491,530,950 төгрөгийг шилжүүлсний дагуу 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нүүрсийг вагонд ачуулсан. Гэтэл нүүрсний бодит жин гэрээнд заасан тоо хэмжээнд хүрэхгүй 3,177.67 тонн байсан.

1.4 Мөн нүүрсийг 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр лабораторид өгч шинжлүүлэхэд гэрээнд заасан чанарын шаардлага хангахгүй буюу илчлэгийн доод хэмжээ 4279 к.кал хэмжээ гэрээнд заасан хэмжээнээс 521 ккалаар бага /хүхэр 1.15 хувь/ гэрээнд заасан хүхрийн хэмжээнээс 0.15 хувиар их байсан тул А талд энэ талаар мэдэгдэхэд хоёр талаас төлөөлөгч томилоод дахин шинжилгээ хийлгэх санал тавьсан. Үүний дагуу 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Эрээн хотод худалдагч А талыг төлөөлж гэх төлөөлөгчийг оролцуулан Хятад дах Тяньжин SGS /iso/ шинжилгээний байгууллагаар шинжилгээ хийлгэхэд мөн л нүүрс гэрээнд заасан стандарт шаардлагыг хангаагүй буюу нүүрсний илчлэгийн хэмжээ 3,993 к.кал гарсан.

2. Гэрээнд заасны дагуу 3,300 тонн нүүрс нийлүүлэх ёстой байтал 3,177.67 тонн нүүрс нийлүүлж, 122.33 тонн нүүрсний үнэ 68,871.79 юанийг илүү төлсөн.

2.1 Нүүрс гэрээнд заасан чанарын шаардлага хангаагүйн улмаас нүүрсний зах зээлд борлуулах үнэ буурсантай холбогдуулан нийт 540 203.9 юанийн хохирол учирсан. /1 тонн нүүрсний зах зээлийн ханш 750 юань 1тонн нүүрсний буурсан үнэ 580 юань 170 юанийн зөрүү, 170 юань х 3,177.67 тонн= 540 203.9 юань/

2.2 Нүүрсний стандарт чанарыг тодорхойлуулахаар шинжилгээ хийлгэхэд 1,100 юанийн зардал гарсан.

2.3 Гэрээнд 1 тонн нүүрсний 563 юаньд Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хот хүртэлх бүх тээвэр, татвар, хураамжийн зардал багтсан боловч Ц ХХК-аас нүүрсийг хилээр гаргахад зайлшгүй хийгдэх ёстой шинжилгээний төлбөрийг манай компаниар төлүүлсэн. Шинжилгээ нь нүүрсний хортой эсэхийг тодорхойлсон ерөнхий шинжилгээ бөгөөд шинжилгээг Си си ай си эм эн ХХК-аар хийлгүүлж, шинжилгээний зардалд 1 тонн тутамд 3 юань буюу 3,300*3=9,900 юанийг төлсөн. Мөн агуулахад нүүрсийг төлбөртэй хадгалуулж, 15,000 юанийн зардал гарсан.

3. Иймд Ц ХХК-ийн зүгээс гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үүргийн зөрчил гаргасантай холбогдуулан илүү төлсөн нүүрсний үнэд 68,871.79 юань буюу 35,186,597 төгрөг, нүүрсийг худалдан борлуулах үнэ буурсантай холбоотой учирсан хохиролд 540,203.9 юань буюу 275,990,172 төгрөг, нүүрсний чанарын шинжилгээ хийлгэхэд гарсан зардал 1,100 юань буюу 561,990 төгрөг, хилээр гарахад хийгдсэн шинжилгээний зардалд 9,900 юань буюу 5,057,910 төгрөг, агуулахын хадгалалтын төлбөрт төлсөн 15,000 юань буюу 7,663,500 төгрөг, нийт 635,075.69 юань буюу 324,462,214 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулсан. Тухайн үед төмөр замын үнэ өртөг нэмэгдсэнтэй холбоотой нүүрсээ гаргаж чадаагүйн улмаас 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрээг шинэчилсэн. Гаалийн талбай дээр байгаа нүүрсийг нэхэмжлэгчийн төлөөлөгч харж болж байна гэсэн тул 17-ны өдөр нүүрсээ ачсан. Талбай дээр болж байгаа үйл явцыг тасралтгүй орчуулагчтайгаа хамт хянасан. Тонн жингийн хэмжээг төмөр зам шийддэг.

2.2 Тухайн үед талбай дээр хангалттай нүүрс байгаагүй тул тонн жин дутуу ачигдсан. 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн илчлэгтэй холбоотой асуудал яригдаж эхэлсэн. Нүүрсний гарал үүсэлтэй холбоотой баримт хэрэгт авагдсан. Үүнийг гаалийн шинжилгээний баримт дээр тодорхой бичсэн. Энэ нүүрс уурхайгаас ирээд гаалийн баталгаат талбай дээр буудаг. Си си ай си эм эн ХХК-тай гэрээг худалдан авагч тал өөрөө хийсэн. Хятад талаас Хятадын тал руу орж байгаа нүүрсний хүхрийн хэмжээг хянана, хэрвээ тэр нь шаардлага хангахгүй бол Хятад руу оруулахгүй гэсэн түр журам гарсан. Түүний дагуу Хятад талаас шинжилгээнд оруулах шаардлага гарсан. Нүүрс гаргаж байгаа Хятад компанитай гэрээ хийгээд нэхэмжлэхээ явуулдаг. 1 тонн тутамд 3 юань авч байгаа. Гэрээнд үүнтэй холбоотой ямар ч зүйл заалт байхгүй. Иймд чанарын шаардлага хангасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар хариуцагч Ц ХХК-иас 40 093 807 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлээс 284 368 406 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,780,261 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 358 419 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Г.Гын явуулсан нүүрсийг муу нүүрс байсныг шинжилгээнд өгөөд мэдсэн. Муу нүүрс явуулна гэж бодоогүй тул нөгөөдөр нь дахиад шинжлүүлэхэд дахиад л муу гарсан. Би Г.Гаас 1 тонн нүүрсийг 563 юаниар аваад Эрээн хотод 1 тонн нүүрсээ 580 юаниар зарсан. Тонн тутмаас 17 юанийн ашиг харсан юм шиг харагдаж байгаа боловч гаалийн татвар, зуучлалын хөлс, НӨАТ, шалгалт туршилтын төлбөр, газрын зардал, агуулахын зардал, богино рейсээр зөөвөрлөх зардал нийт 142 юанийн зардлууд орохоор тонн тутамд 170 юанийн алдагдалд орсон.

4.2 Г.Г Монголын шинжилгээний хариуг баримтална, чийгтэй жинд тооцсон илчлэгийг баримталдаг, намайг МАК-ийн уурхай дээр хамт очсон, миний шинжлүүлсэн нүүрсийг Г.Гын нүүрс биш гэж хэлсэн байсан. Гэтэл Монголд ч, Эрээнд ч, хаана ч нүүрсний бодит илчлэгийг баримталдаг.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зөрчсөн, үндэслэлгүй, шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж байна гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 Талуудын хооронд шинэчлэн байгуулагдсан 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ний 1.2-т эрчим хүчний нүүрсний чанарыг 5 үзүүлэлтээр буюу үнслэг байдал нь 8,48%, чийглэг байдал нь 0,5%, дэгдэмхий чанар нь 36%, хүхэрлэг байдал нь 1%, илчлэг нь 4800- 5200 ккал байхаар, мөн гэрээний 4.2-т хариуцагч нь шинэ нүүрс нийлүүлэх, 6.2-т нүүрсний чанарын стандартыг Хятад Улсын нүүрсний шинжилгээний хариуг баримтлахаар, 7.1-т нүүрсний чанар 4800 ккалаас доош байвал буурсан ккалын хэмжээг Эрээн хотын зах зээлийн үнээр хасахаар, 8.1-т нүүрс чанарын шаардлага хангахгүй болох нь тогтоогдвол энэ тухай 3 өдрийн дотор худалдагч талд бичгээр мэдэгдэнэ. Хятад Улсын Гаалийн хорио цээрийн газрын лаборатори эсхүл Хятад Улсын эрх бүхий байгууллагаас гаргасан шинжилгээний хариуны дагуу санал гомдол гаргахаар тус тус заасан.

5.2 Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц ХХК-ийн нийлүүлсэн нүүрс нь гэрээнд заасан чанарын шаардлага хангахгүй буюу биет байдлын доголдолтой болох нь хэрэгт авагдсан Х лаборатори болон Т ХХК-ийн аль алиных нь дүгнэлтээр тогтоогддог. Мөн нүүрсний чанартай холбоотойгоор анхан шатны шүүх Х лабораторийн дүгнэлтэд бага илчлэг, доор илчлэг, өндөр илчлэг гэж өөр, өөрөөр тусгагдсан нь эргэлзээтэй гэж дүгнэсэн боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан Х лабораторийн нүүрсний шинжилгээний дэлгэрэнгүй дүгнэлтийг анхаараагүй, орхигдуулсан байдаг.

5.3 Мөн Х лаборатори болон Т ХХК-ийн нүүрсний шинжилгээний дүгнэлт 286-364 к.калын зөрүүтэй байдаг боловч нэхэмжлэгч хуулийн этгээд нь нүүрсний чанараас шалтгаалан үнэ буурсан хохирлоо нэхэмжлэхдээ 3 дүгнэлтийн хамгийн өндөр илчлэгтэй дүгнэлтээр тооцон тодорхойлсон, мөн нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаальд мэдүүлэг өгч, гаалийн байгууллагаас мэдүүлгийг шалган 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр бараа хүлээн авах зөвшөөрөл олгосон. Гаалийн байгууллага мэдүүлэгт хяналт шалгалт хийх хугацаанд бараа хүлээн авагч нь барааг шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулахыг зөвшөөрдөг хэдий ч 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал БНХАУ-ын бүх нийтээр амарвал зохих цагаан сарын баяр, 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр амралтын өдөр таарсан тул 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Х лабораториор шинжилгээ хийлгэж, хариуцагчийн нийлүүлсэн нүүрс чанарын шаардлага хангахгүй болохыг мэдсэн.

5.4 Гэрээний 8.1-т заасан зохицуулалтад БНХАУ-ын Гаалийн хорио цээрийн газрын лаборатори юм уу, өөр бусад БНХАУ-ын эрх бүхий байгууллагын аль нэгээр нь шинжлүүлсэн байхыг шаардсан буюу заавал Гаалийн хорио цээрийн газрын лабораториор шинжлүүл гэсэн утга санааг илэрхийлээгүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасныг зөрчиж нэхэмжлэгч талыг Гаалийн хорио цээрийн газрын лабораториор шинжилгээ хийлгээгүй гэж буруутгасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ашиг сонирхлыг илтэд зөрчихөд хүргэсэн.

Гэрээний 8.2-т гэрээний талууд нь харилцан тохиролцож байгуулсан гэрээ болон тухайн гэрээний эрх зүйн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 243 дугаар зүйлээс 261 дүгээр зүйл хүртэлх зохицуулалт, тусгайлсан зохицуулалтад тусгагдаагүй хуулийн ерөнхий ангид заасан эрх зүйн зохицуулалтыг баримтлах бөгөөд тодруулбал талуудын хооронд үүссэн үүргийн зөрчилтэй холбоотой харилцаанд талууд харилцан Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 186.2, 188 дугаар зүйлийн 188.1 дэх хэсэгт заасан нэмэлт үүргийг хүлээх ёстой.

5.5 Мөн анхан шатны шүүх Х лаборатори болон Т ХХК-ийн аль ч дүгнэлтээс хариуцагчийн нийлүүлсэн нүүрс гэрээнд заасан чанарын шаардлага хангахгүй болох нь харагдаж байхад хариуцагч компанийн нийлүүлсэн нүүрсийг чанарын шаардлага хангахгүй байгаа нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Талуудын хооронд хүлээн зөвшөөрч байгуулсан хүчин төгөлдөр нүүрс худалдах, худалдан авах гэрээнд нүүрсний чанарыг БНХАУ-ын нүүрсний шинжилгээгээр тодорхойлно гэж заасан байхад хариуцагч талаас гаргаж өгсөн Монгол Улсын Гаалийн ерөнхий газар Гаалийн төв лабораторийн магадлан шинжилгээний 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0122008876 тоот дүгнэлтийн дагуу нүүрсний эрдэсгүй, чийгтэй жинд тооцсон илчлэг 5657 ккал/кг, бодит илчлэг 4948, ккал/кг, үнслэг 11,53 хувь, дэгдэмхий 43,8 хувь, хүхэр 1,2 хувь, хөөлтийн зэрэг 0,0, барьцалдах чанар 0,0 тус тус агууламжтай байна гэх дүгнэлтэд шууд үнэлэлт дүгнэлт өгсөн нь Иргэний хуульд заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд халдсан хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхэд хүргэж байна.

5.6 Монгол Улсын Гаалийн ерөнхий газар Гаалийн төв лабораторийн магадлан шинжилгээний 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0122008876 тоот дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангадаггүй. Тодруулбал, Гаалийн Ерөнхий газрын даргын 2019 оны А/226 дугаар тушаалаар батлагдсан Бараанаас сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам-ын 5.9-д зааснаар лабораторийн даргын гарын үсэг зурагдаагүй, мөн дүгнэлтэд 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дээж авсан, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дүгнэлт гарсан гэж бичигдсэн байх бөгөөд шинжээч барааны онцлог шинж чанараас хамааран дүгнэлтийн хүчинтэй хугацааг 1 сар гэж зааж өгсөн, тухайн хүчинтэй байх хугацаа нь барааг экспортонд гаргахаас өмнө дууссан, хариуцагч тал дүгнэлтээ сунгуулсан гэж тайлбарладаг боловч сунгасан талаарх баримт хэрэгт авагдаагүй, Гаалийн төв лабораторийн дүгнэлт нь өөрөө урьдчилсан байдлаар зөвхөн барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийг тодорхойлох зорилгоор хийгддэг бөгөөд хэрэгт авагдсан дүгнэлт нь мэдүүлэг гаргагчийн Монгол Улсын Чойр дах гаалийн байгууллагаас Хятад Улс руу хилээр нэвтрүүлэхдээ мэдүүлэгт хавсаргагдсан дүгнэлт мөн эсэх нь тодорхойгүй байхад тус дүгнэлтэд шууд үнэлэлт дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн шүүх нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн БНХАУ-ын Гаалийн байгууллагын импортын барааны мэдүүлгийн маягтад чийглэг, эрдэс бодис агуулаагүй илчлэг 5200 ккал/кг, хүлээн авах төлөвийн хамгийн бага илчлэг 4400 ккал гэсэн хэсгийг шинжээчийн дүгнэлт мэтээр үнэлсэн нь анхан шатны шүүх нотлох баримтын ач холбогдол, хэрэгт хамааралтай байх зарчмыг зөрчихөд хүргэсэн.

Дээр дурдсанаар хариуцагчийн нийлүүлсэн нүүрс гэрээнд заасан чанарын шаардлага хангахгүй, биет байдлын доголдолтой байхад тухайн зөрчлийн улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдэд учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

5.7 Нэхэмжлэгчээс нүүрсний чанарыг тодорхойлуулахаар нийт 3 удаа шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулсан. Х лабораторийн эхний буюу 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шинжилгээний дүгнэлгээр нүүрс гэрээнд заасан чанарын шаардлага хангаагүй тул дахин тус лабораториор 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хоёрдох шинжилгээг, Т ХХК-иар 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гуравдах шинжилгээний дүгнэлт гаргуулсан. Хэрэв эхний шинжилгээгээр нүүрс гэрээнд заасан чанарын шаардлага хангаж байсан бол хоёр болон гуравдах удаа дахин нүүрс шинжлүүлэх шаардлага үүсэхгүй байсан тул дээр дурдсан хоёр, гуравдах удаагийн шинжилгээ хийлгүүлэхтэй холбоотой зардал нь худалдагч Ц ХХК-ийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу биет байдлын доголдолтой нүүрс нийлүүлсэнээс үүссэн зардалд хамаарна.

Иргэний хуульд зааснаар хохирол гэдэг нь гэрээний нэг талын эд хөрөнгийн байдал байх ёстойгоос буурсан, дордсоныг ойлгох бөгөөд үүнд гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал, зайлшгүй орох байсан орлого зэргийг хамруулахаар заасан тул Х болон Т ХХК-нд нэмэлтээр төлсөн 1100 юань буюу 561,990 төгрөгийн зардлыг хохиролд тооцон Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасны дагуу хариуцагчаас гаргуулах нь хуульд нийцнэ.

5.8 Нэхэмжлэгч хуулийн этгээдийн төлөөлөгч Ж-ий вичат хаягнаас хариуцагч хуулийн этгээдийн төлөөлөгч Г.Гын вичат хаяг руу харилцсан мессэжэнд Ж-ий зүгээс Эрээн дэх холбоо барих хүний нэр, холбоо барих утасны дугаарыг явуулж байсан нь харагддаг. Хэрэв хариуцагч Ц ХХК-ийн зүгээс Гаалийн агуулахад байх хугацаанд төлөөлөгч томилох, дээж авахад байлцах, шинжилгээ хийлгэх зэрэг гэрээний нэмэлт үүргээ биелүүлсэн бол нүүрс гаалийн агуулахад хадгалалтын хугацааг 2 өдрөөр хэтрүүлэх шаардлага нэхэмжлэгч талд байгаагүй.

5.9 Нэхэмжлэгч хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч нь Монгол хэл мэдэхгүй тул орчуулагчаар дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 6 дугаар зүйлийн 6.1, 6.6, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ж-д тайлбар гаргах, асуулт асуух, асуултанд хариулах, хариуцагч талын татгалзлын талаарх тайлбартай танилцах, сонсох боломжоор бүрэн хангаагүй. Орчуулагчийг Ж-д орчуулга хийх боломжоор хангаагүй хуралдааныг шууд үргэжлүүлэн явуулж байсан болох нь хуралдааны тэмдэглэл болон бичлэгээс тодорхой харагдана. Энэ нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн төлөөлөгч Ж-ий Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг ноцтой зөрчихөд хүргэсэн байх тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

6.1 Хавтаст хэрэгт нүүрсний чанарын шинжилгээтэй холбоотой нийт 4 шинжээчийн дүгнэлт авагдсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.1-т нүүрсний чанар байдлыг БНХАУ-ын итгэмжлэгдсэн лаборатори, эсхүл хувийн лабораторийн аль алинаар шинжлүүлж болно гэж заасан ба зөвхөн БНХАУ-ын хувийн лабораториор шинжлүүлнэ гэсэн агуулга байхгүй. Хувийн лабораторийн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тухайн байгууллага нь шинжээчийн дүгнэлт гаргах эрхтэй эсэх, холбогдох бичиг баримт буюу тусгай зөвшөөрөл гэх зэрэг нь хэрэгт хангалттай авагдаагүй бөгөөд тухайн байгууллагын шинжээчийн дүгнэлт эргэлзээгүй гэж үзэх хангалттай нотлох баримт байдаггүй тул тухайн дүгнэлтийг баримтлах үндэслэлгүй.

6.2 Мөн нэхэмжлэгч талын шинжлүүлсэн гэх нүүрс нь хариуцагч Ц ХХК-аас ачигдсан нүүрс мөн эсэх нь тодорхойгүй.

6.3 Түүнчлэн, нэхэмжлэгч нь БНХАУ-д очсоны дараа зориулалтын бус горимоор хадгалан шинжлүүлсэн байж болзошгүй тул хариуцагч тал тайлбар татгалзлаа гаргадаг. БНХАУ-ын итгэмжлэгдсэн лабораториор доод илчлэг нь 4600 к.кал дээд илчлэг нь 5200 к.кал бүхий нүүрс ирсэн гэх хариу гарсан. Тиймээс хариуцагч нь нэхэмжлэгчээс БНХАУ-ын лабораторийн шинжилгээний хариунд үндэслэсэн чанарын шаардлага хангасан нүүрс хүлээж авсан атлаа одоо гаргаж буй гомдол нь ойлгомжгүй. Үүнд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иймд дээр дурдсан нэхэмжлэгчийн хувийн лабораториор шинжлүүлсэн шинжилгээний зардлыг хариуцагч тал хариуцах нь үндэслэлгүй.

6.4 Мөн хадгалалтын зардлын тухайд өмнө нь тухайн үед нь БНХАУ-ын цагаан сар таарсан учир агуулахаас нүүрсийг авч чадаагүй гэж тайлбарладаг атлаа одоо өгч буй тайлбар нь зөрүүтэй байна. Иймд гэрээнд заасанчлан БНХАУ-ын хилээр гарснаас хойшхи зардлыг худалдан авагч өөрөө хариуцна гэх агуулгын хүрээнд хариуцагч тал хариуцлага хүлээх үндэслэлгүй.

6.5 Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч болон орчуулагч, өмгөөлөгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхнаасаа оролцон хэргийн үйл баримттай танилцан шүүх хуралдаанд бүгд оролцож байсан нь шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэр, өөрсдийнх нь гарын үсэг зурсан байдлаар тогтоогддог гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Ц ХХК-д холбогдуулан нүүрсний үнэд илүү төлсөн 68,871.79 юань буюу 35,186,597 төгрөг, хохиролд 540,203.9 юань буюу 275,990,172 төгрөг, нүүрсний чанарын шинжилгээ хийлгэхэд гарсан зардал 1,100 юань буюу 561,990 төгрөг, хилээр гарахад хийгдсэн шинжилгээний зардалд 9,900 юань буюу 5,057,910 төгрөг, агуулахын хадгалалтын төлбөрт төлсөн төлбөр 15,000 юань буюу 7,663,500 төгрөг, нийт 635,075.69 юань буюу 324,462,214 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

3. Ц ХХК болон Э ХХК-уудийн хооронд 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 2021082701 дугаартай Эрчим хүчний нүүрс худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Нэмэлт гэрээ тус тус байгуулагдсан. Улмаар талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр HLD-03 дугаартай Нүүрс худалдах худалдан авах тухай гэрээ байгуулагдсан. Гэрээгээр худалдагч Ц ХХК нь үнслэг 8.48%, чийг 0,5%, дэгдэмхий 36%, хүхэр 1%, илчлэг 4800-5200 ккал/кг чанарын шаардлага хангасан 3,300 тонн Монгол Улсын эрчим хүчний нүүрсийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд худалдан авагч Э ХХК-д нийлүүлэх, худалдан авагч Э ХХК нь 1 тонн нүүрсийг 563 юаниар тооцож төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1хх 16-22/

3.1 Гэрээний дагуу нэхэмжлэгч Э ХХК нь урьдчилгаа төлбөрт 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 630,300 юань, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 269,450 юань, нийт 899,750 юанийг, үлдэгдэл төлбөрийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 958,150 юань буюу 491,530,950 төгрөгийг тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /1хх 19, 23/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байхаас гадна зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

5.1 Хариуцагч нь нүүрсийг гэрээнд заасан тоо хэмжээнээс дутуу буюу 3,177 тонн нүүрсийг нийлүүлсэн болохоо хүлээн зөвшөөрсөн байх тул анхан шатны шүүх хариуцагчаас дутуу нийлүүлсэн нүүрсний үнийн зөрүү болох 68,871.79 юань буюу 35,046,787 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Энэ талаар зохигч давж заалдах гомдол гаргаагүй.

6. Хохирол 540,203 юань буюу 275,990,172 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

6.1 Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

6.2 Нэхэмжлэгч нь хариуцагчийн нийлүүлсэн нүүрсний чанарын талаар маргаж, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Х лабораторийн шинжилгээний хуудас-т нүүрсний шинжилгээний найрлага илчлэг илчлэг бага байрлал 4279, өндөр байрлал 5523, хайрцаг /Qb/ 5541, мөн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Эрэнхот Хэшун лабораторийн шинжилгээний тайлан-д аналитик найрлага илчлэгчийн үнэ цэнэ, доор илчлэг 4357, өндөр илчлэг 5531, хайрцаг 5549 гэж, /1хх111-114/ мөн Тяньжин ХХК-ийн Шалгалтын тайлан-д дээжийн нэр нүүрс, дээж хүлээн авсан огноо 2023 он 2 сарын 13, дээж шалгасан хугацаа 2023 оны 2 сарын 14-2023 оны 2 сарын 15, хүлээн авсан жишиг агууламжийн доод халаах чадал нь 3993 ккал/кг гэсэн дүгнэлтүүдийг хэрэгт баримтаар өгсөн байна. /хх117-120/

6.3 Нэхэмжлэгч нь гэрээний 6.2, 7.1-т зааснаар дээрх лабораториор шинжилгээ хийлгэсэн гэх боловч уг дүгнэлтүүдэд тусгасан нүүрсийг хариуцагчийн нийлүүлсэн нүүрс гэж үзэх үндэслэл эргэлзээгүй нотлогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх баримт нь уг нүүрс чанарын шаардлага хангаагүй буюу гэрээний 7.1-т заасан 4800 ккал/кг хүрээгүй гэдгийг бүрэн нотолж чадахгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь Х лаборатори болон Тяньжин ХХК-ийн лабораторт хийсэн шинжилгээг хариуцагчийн нийлүүлсэн нүүрснээс дээж авч хийлгэсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна.

6.4 Иймд анхан шатны шүүх хариуцагчийг чанарын шаардлага хангаагүй нүүрс нийлүүлснээс нэхэмжлэгч нь тухайн нүүрсийг бусдад хямд үнээр худалдаж, нэхэмжлэгчид 540,203 юанийн хохирол учирсан нь тогтоогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт харшлаагүй байх тул энэ талаарх нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй.

7. Нүүрсэнд шинжилгээ хийлгэсэн зардал 1,100 юань буюу 561,990 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

7.1 Шүүх хариуцагчаас нэхэмжлэгчид худалдсан нүүрсийг биет байдлын доголдолтой гэж үзээгүй тул дээрх зардлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохиролд тооцох үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүх тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул энэ талаарх нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй.

8. Нүүрсэнд шинжилгээ хийлгэсэн зардал 9,900 юань буюу 5,057,910 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

8.1 Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон Си Си Ай Си Эм Эн компанитай 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 230118-01 дугаартай Нүүрсний захиалгат шинжилгээ хийх тухай гэрээ-ний дагуу гэрээний төлбөрт нэхэмжлэгчээс төлсөн 5,047,020 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй. Иймд давж заалдах шатны шүүх талуудын зарчимд үндэслэн үүнд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

9. Нүүрс хадгалалтын төлбөрт төлсөн 15,000 юань буюу 7,663,500 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

9.1 Гэрээний 4.2-т нүүрсийг БНХАУ-ын Эрээн хотод хүргэгдсэний дараа гарах бүхий л зардлыг худалдан авагч буюу нэхэмжлэгч хариуцахаар заасан байхаас гадна дээрх зардлыг хариуцагчийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байна. Иймд анхан шатны шүүх дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгч талын гомдлыг хангах үндэслэлгүй.

10. Шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШЗ2023/18242 дугаар захирамжаар орчуулагчаар М.Сг оролцуулсан. /1хх 181-182/ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орчуулагч болон нэхэмжлэгч хэргийн материалтай танилцсан, /2хх 47/ шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч орчуулагчийн хамт оролцсон байх тул нэхэмжлэгч талын ...орчуулагчийг орчуулга хийх боломжоор хангаагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2023/03979 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,579,792 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН