Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00416

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 01 210/МА2024/00416

 

 

Ж.Л, Ю.Н нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2023/03505 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ж.Л, Ю.Н

Хариуцагч: Ц.Х

Нэхэмжлэлийн шаардлага: орон сууцны ашиглалтын зардалд төлсөн 2,538,110 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Бидний хүү Л.Г нь эхнэр Ц.Хын хамт Чингэлтэй дүүрэг, 00 дугаар хороо, М гудамж, 00 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай орон сууцанд амьдарч байсан. Хүү Л.Г 2015 онд нас барж, эхнэр Ц.Х гадаад улс руу явсан.

1.2 Ц.Х нь гадаад улсаас ирээд шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус орон сууцыг өөрийн өмч болохыг тогтоолгож, биднийг орон сууцнаас гаргасан. Бид Ц.Хын орон сууцны төлбөрийг 2015 оны 02 дугаар сараас 2023 оны 02 дугаар сар хүртэл төлсөн. Иймд дээрх хугацааны төлбөр 2,538,110.65 төгрөгийг Ц.Хаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Миний бие Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, М гудамж, 00 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай орон сууцны хууль ёсны өмчлөгч. Тус орон сууцанд нөхөр, охины хамт амьдарч байсан. Миний бие 2015 онд охиноо аваад гадаад улс руу явсны дараа нөхөр Л.Г 2015 оны 09 дүгээр сард нас барсан. Би 2015 оноос орон сууцыг эзэмшиж, ашиглаагүй, нэхэмжлэгч нар нь өөрсдийн эзэмшил, ашиглалтдаа байлгасан хугацааныхаа ашиглалтын зардлыг хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ц.Хаас 2,051,365 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Л, Ю.Н нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 486,745.65 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,560 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 47,772 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182\ШШ2022\03159 дугаар шийдвэрээр хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1-т заасны дагуу хууль бус эзэмшлийн хугацаанд төлсөн төлбөр нь хариуцагч нарын төлөх ёстой төлбөр тул мөн зүйлийн 492.2.1, 492.4.1,492.4.2-т зааснаар нэхэмжлэгч нар нь тухайн төлбөрийг буцаан шаардах эрхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

2. Нэхэмжлэгч Ж.Л, Ю.Н нар нь хариуцагч Ц.Хд холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 00 дугаар хороо, М гудамж, 00 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай орон сууцны ашиглалтын зардалд төлсөн 2,538,110.65 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан. Шаардлагын үндэслэлээ ...шүүхийн шийдвэрээр тухайн орон сууцны өмчлөгчөөр Ц.Хыг тогтоож, биднийг орон сууцнаас чөлөөлж шийдвэрлэсэн тул 2015 оны 02 дугаар сараас 2023 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны орон сууцны ашиглалтын зардалд төлсөн 2,538,110 төгрөгийг буцаан гаргуулна гэж тодорхойлсон.

2.1 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг ...шүүхийн шийдвэрээр намайг орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн, нэхэмжлэгч нар нь надад орон сууцыг эзэмших, ашиглах боломж олгоогүй, өөрсдөө амьдарч байсан тул уг хугацааны төлбөрийг хариуцагч хариуцах үндэслэлгүй гэж үгүйсгэн маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

4. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна.

4.1 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2022/03159 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Л, Ю.Н нарын хууль бус эзэмшлээс улсын бүртгэлийн Ү-2202013380 дугаарт бүртгэгдсэн, Ц.Хын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг 0 дугаар хороо, 0 дугаар хороолол /15140/, М 00 дүгээр байрны 00 тоотод байрлах 63 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг чөлөөлж, Ц.Хаас 40,176,350 төгрөг гаргуулж, Ж.Л, Ю.Н нарт олгож, нэхэмжлэлээс 2,478,350 төгрөгийн шаардлага болон үүргийн гүйцэтгэлийг орон сууцаар хангуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. /хх 81-84/

4.2 Дээрх орон сууц нь 2015 оны 02 дугаар сараас 2023 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд Ж.Л, Ц.Х нарын эзэмшил, ашиглалтад байсан. Нэхэмжлэгч нар нь уг хугацааны орон сууц ашиглалтын зардалд нийт 2,051,365 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй.

5. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгийг хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, мөн үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай тохиолдолд буцаан шаардах эрхтэй. Шаардлагын үндэслэл нь хариуцагчийн төлөх ёстой төлбөрийг нэхэмжлэгч нар төлсөн үндэслэлээр буцаан шаардсан байх тул шүүх хуулийн илүү нарийвчилсан зохицуулалт болох мөн хуулийн 496 дугаар зүйлд заасан бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжихтэй холбоотой зохицуулалтыг тухайн маргаанд тайлбарлаж хэрэглэхээр байжээ.

6. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно.

6.1 Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч нарын тухайн орон сууцыг эзэмших эзэмшил хууль бус болохыг тогтоосон. Хэдийгээр нэхэмжлэгч нар нь орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа гэж андууран ашиглалтын зардлыг төлсөн байх боловч уг зардлынхаа үр шимийг тухайн орон сууцыг эзэмшиж, ашиглах хугацаандаа хүртсэн гэж үзэхээр байна. Иймд хариуцагчийг бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны ашиглалтын зардалд төлсөн 2,051,365 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй.

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2023/03505 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Ц.Хд холбогдох, Чингэлтэй дүүрэг, 00 дугаар хороо, М гудамж, 00 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай орон сууцны 2015 оны 02 дугаар сараас 2023 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны ашиглалтын зардалд төлсөн 2,538,110 төгрөг гаргуулах тухай Ж.Л, Ю.Н нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,772 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

М.БАЯСГАЛАН