Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/00496

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 13 өдөр Дуга 210/МА2024/00496

 

 

Япон улсад бүртгэлтэй Sкомпанийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2023/03478 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Япон улс, Канагава муж, Ёкохама хот, Нишикү Кита Сайвай 2-10-36 Ки Ди Экс Нишигүчи барилга, 7 давхарт оршин байгаа, Япон улсад бүртгэлтэй Sкомпанийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.Бад холбогдох,

 

Автомашин захиалгын үлдэгдэл төлбөр 10,567,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Ц.Б нь манай компанитай хамтран ажиллахаар болж 50 автомашин худалдаж авах захиалга өгсөн. Үүний дагуу Япон улсад бүртгэлтэй Sкомпани нь зуучлалын үүрэг гүйцэтгэж автомашинуудыг Ц.Бад зуучилсан.

1.2. Ц.Б гэрээний 50 автомашин оруулж ирснээс Ниссан Жюк /Nissan Juke/, Тоёота акуа /Toyota aqua, Тоёота харриер /Toyota Harrier/, Тоёота приус /Toyota Prius/ маркийн 4 автомашины тооцоог хийгээгүй.

1.3. Ц.Б дээрх 4 автомашины үнийг төлөхөөр тооцоо нийлсэн акт үйлдсэн ба үүнийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байдаг.

Иймд хариуцагчаас Акуа/Aqua/ маркийн автомашины үнэ 119,000 иен, Жюк/Juke/ маркийн автомашины үнэ 119,000 иен, харриер/Harrier/ маркийн автомашины үнэ 119,000 иен, приус /Prius/ маркийн автомашины үнэ 119,000 иен, нийт 476,000 иен/талуудын тохиролцсон ханш 22.27=1 Япон иен/ буюу 10,567,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Миний бие СБЭТЭ Монголиа ХХК-тай Хамтран ажиллах гэрээ байгуулж, тус компаниар зуучлуулан Япон улсаас автомашин худалдан авч байсан. Японоос автомашин худалдан авахдаа Японы автомашин дуудлага худалдаагаар зардаг 6 ширхэг сайтнаас сонирхсон автомашиныг үнэ хаялцан худалдан авахад СБЭТЭ Монголиа ХХК нь зуучлалын үйлчилгээ үзүүлдэг юм. Өөрөөр хэлбэл, автомашин худалдан борлуулдаг сайтруу нэвтэрч үнэ хаялцахын тулд тухайн сайтруу нэвтрэх шаардлагатай болдог ба ингэж нэвтрэх эрхийг СБЭТЭ Монголиа ХХК нь зуучлуулж байгаа бидэнд авч өгдөг.

2.3. Харин бид өөрсдөө ямар үнэ хийж авахаа машин авахаа шийддэг. Ингээд би хамгийн өндөр үнэ санал болгож дуудлага худалдаанд ялсан тохиолдолд тус автомашиныг Монгол руу ачуулж оруулж ирэх ажлыг СБЭТЭ Монголиа ХХК нь зохион байгуулж бидэнд хүлээлгэн өгдөг ба бид Япон руу авсан машиныхаа мөнгийг бүрэн шилжүүлээгүй тохиолдолд СБЭТЭ Монголиа ХХК нь бидэнд машиныг хүлээлгэн өгдөггүй юм.

Ийм байдлаар миний бие СБЭТЭ Монголиа ХХК-иар зуучлуулан япон улсаас 50 автомашин авсан бөгөөд тус бүр нь машиныхаа үнэ болон зуучлалын хөлсийг бөөнд нь тухай бүр нь төлөөд авсан.

2.4. Анх 50 автомашин авахаар болсон боловч 3 автомашиныг СБЭТЭ Монголиа ХХК нь өөр хүнд өгчихсөн тул 47 автомашин авсан. Нийт 47 автомашинд төлөх нийт төлбөр нь 10,531,000 иен байх бөгөөд тооцоо гарган үзэхэд 10,881,760 иен буюу 350,760 иенийг илүү төлсөн байна.

Өөрөөр хэлбэл, өмнө нь авсан 42 автомашины үнэ нь 8,561,000 иен бол харин сүүлд авсан 5 автомашины үнэ нь 1,970,000 иен ба ингээд нийт 10,531,000 иен төлөх ёстой байна. Үүнээс миний бие эхний 42 автомашины төлбөрт илүү төлөлттэй явж байсан юм. Энэ талаар ажилтан н.Бурмаа надад хэлж байсан.

2.5. 2021 оны 06 дугаар сард Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст СБЭТЭ Монголиа ХХК нь надад холбогдуулан гомдол гаргасан байсан. Тухайн үед цагдаагаар айлган сүрдүүлж, өдөр бүр дуудуулан залхааж байгаад надаар бичүүлж авсан баримтаа үндэслэн нэхэмжлэл гаргаж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Уг бичгийг би өөрийн хүсэл зоригоор огт бичиж өгөөгүй. Зөвхөн СБЭТЭ Монголиа ХХК-ийн шахалт, цагдаа дээр өдөр бүр дуудагдаж, хэдэн цагаар суулгаж, хүлээлгэдэг байдлаас нь залхахдаа бичиж өгсөн.

Иймд миний бие Японы Sкомпанид ямар нэгэн төлбөрийн үлдэгдэлгүй СБЭТЭ Монголиа ХХК-аар зуучлуулан авч байсан машины төлбөрөө тус компанид илүү төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Баас 10,567,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч SХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч SХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 184,026 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Баас 184,026 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч SХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч байгууллага нь өөрийн өмчлөлийн автомашиныг худалдан борлуулдаггүй бөгөөд зөвхөн Япон улсын иргэн, аж ахуйн нэгжүүдийн автомашиныг дуудлага худалдаанд оролцон ялагч болж худалдан авсан иргэнд тухайн автомашиныг дамжуулан хүргэж өгөх зуучлалын үйлчилгээ үзүүлдэг бөгөөд энэ талаараа нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь зөвхөн зуучлалын үйлчилгээ үзүүлдэг гэдгээ тодорхой хэлж мэдүүлдэг.

Өөрөөр хэлбэл Ц.Бын худалдан авсан автомашинуудыг Япон улсад бүртгэлтэй Sкомпани нь худалдаагүй тул зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй харин зуучлалын гэрээний харилцаа үүссэн. Зуучлалын гэрээний харилцаа үүссэн тул зуучлагч нь автомашины эздийн нэрийн өмнөөс автомашины үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэх эрхтэй эсэхээ нотлох үүрэгтэй. Гэвч энэ талаарх баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй бөгөөд түүнийг зуучилсан авто машины төлбөрийг машинуудын эздийн өмнөөс өөрийн нэрээр шаардах эрхтэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Мөн машинуудын төлбөрийг өөрөөсөө урьдчилан төлж өөрийн болгож улмаар Ц.Бад өөрийн нэрийн өмнөөс худалдсан гэж үзэх баримт нотолгоо байхгүй байна.

4.2. Хэрэв нэхэмжлэгчийг автомашин худалдан борлуулсан буюу талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн тохиолдолд ч Ц.Бын хувьд сүүлд авсан 47 машинд илүү төлөлттэй байгаа тул төлбөр төлөх үүрэггүй гэх татгалзал үндэслэлтэй юм.

Гэтэл хэрэгт авагдсан баримтууд буюу нэхэмжлэгч байгууллагаас ирүүлсэн тайлбар тодорхойлолтуудаас харахад Ц.Б нь 47 машины төлбөрт нийт 10,608,860 иеныг төлсөн.

Өөрөөр хэлбэл 77,860 иений илүү төлөлттэй тул төлөх төлбөргүй гэж маргадаг. Мөн Ц.Баас сүүлийн 47 машины төлбөрт 10,608,860 иенийг төлсөн талаар нэхэмжлэгч тал маргадаггүй.

4.3. Гэвч нэхэмжлэгч байгууллага Ц.Бад шилжүүлэн өгөөгүй, улсын хилээр орж ирээгүй BMW тэргүүтэй 3 ширхэг автомашины төлбөрийг төлөх ёстой гэж оруулж тооцон нийт 476.000/11,084,860-10,608,860=476,000/ иен дутуу гэсэн үндэслэл зааж уг төлбөрийн дүнг гаргаж ирээд байгаа нь ойлгомжгүй байна.

Шүүх хуралдаан дээр яагаад зуучилж өгөөгүй, Ц.Бын худалдан авч хилээр оруулж ирээгүй дээрх 3 машины мөнгийг оруулан тооцож шаардаад байгаа талаар асуухад захиалсан машинаа цуцалсан тул бид тэрхүү мөнгийг нь хохиролд тооцож суутгаж авч байгаа учраас хасч тооцохгүй оруулан тооцож нийт 50 машины үнэнээс тооцож 476,000 иены зөрүүг гаргаж ирсэн талаараа нэхэмжлэгчийн төлөөлөгч мэдүүлсэн байдаг. Угтаа бол 47 машины төлбөрт төлөх төлбөр болон тэдгээрт төлсөн төлбөрийн хэмжээн дээр талууд маргаагүй тул хариуцагч нь хэдэн төгрөг төлөх төлөхгүй нь маш тодорхой, ойлгомжтой байна.

4.4. Цагдаагийн байгууллагад бичиж өгсөн тодорхойлолтын хувьд Ц.Б нь дээрх тооцоог сайтар нягталж, тооцоо нийлж амжаагүй байхдаа гомдол гаргагч талын шахалт шаардлагаар орой бүр цагдаагийн байгууллагын хаалга сахиж суухгүйн тулд бичиж өгсөн болохоо тайлбарладаг бөгөөд нийт шилжүүлсэн төлбөрийг бодож үзэхэд дээрх илүү тооцоо гарч байгаа тул шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Иймд нэхэмжлэгч нь зуучлалын үйлчилгээ үзүүлэгчийн хувьд автомашины төлбөрийг шаардах эрхтэй болохоо нотлоогүй, мөн хариуцагчийн зүгээс нийт 47 машинд төлөх ёстой 10,531,000 иен төлөх үүрэгтэйгээс 10,608,860 иеныг буюу 77,860 иеныг илүү төлсөн тул төлбөрийн үлдэгдэлгүй гэх тайлбар хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар нотлогдсон, нэхэмжлэгч нь хилээр оруулж ирээгүй BMW тэргүүтэй 3 ширхэг автомашины төлбөрийг захиалгаа цуцалсан гэх үндэслэлээр шаардах эрхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Япон улсад бүртгэлтэй Sкомпани болон хариуцагч Ц.Б нар нь автомашин зуучлах, зуучлуулах урт хугацааны харилцаатай байсан. Нийт 50 автомашиныг Ц.Б өөрийн нэр дээр захиж авчруулсан гэж тайлбарлаж байгаа боловч Ниссан Жюк /Nissan Juke/, Тоёота акуа /Toyota aqua/, Тоёота харриер /Toyota Harrier/, Тоёота приус /Toyota Prius/ автомашинуудын хувьд 476,000 иен буюу 10,567,200 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан.

Цагдаагийн байгууллагад хандахаас өмнө хариуцагч нь дээрх төлбөрийг төлөхөө илэрхийлж, тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан. Нотариат орж төлбөрийн үлдэгдлээ барагдуулахаа удаа дараа илэрхийлж байсан.

5.2 Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Хариуцагч талаас 3 автомашинтай холбогдуулж илүү төлөлт хийсэн гэж маргадаг. Ц.Б нь дээрх асуудлаар тусад нь нэхэмжлэл гаргах боломжтой. 50 автомашины хувьд буюу тооцоо нийлсэн актад ямар ч зөрүү байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Япон улсад бүртгэлтэй Sкомпани нь хариуцагч Ц.Бад холбогдуулан 10,567,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. СБЭТЭ Монголиа ХХК болон Ц.Б нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хамтран ажиллах гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зуучлагч нь Япон Улс дахь дуудлага худалдаанаас Захиалагчийн худалдан авах тээврийн хэрэгслийг өгөхөөр харилцан тохиролцжээ./хх-13-14/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэсэн алдаа гаргасныг залруулна.

 

СБЭТЭ Монголиа ХХК нь Япон Улсын дуудлага худалдаанаас Ц.Бын худалдан авах тээврийн хэрэгслийн мэдээлэл болох үйлдвэрлэгдсэн он, үнэлгээ, үзүүлэлт, тоо ширхэг, Япон Улсаас гарах хуваарь, тээврийн зардлын тооцоолол, төлбөр тооцоо зэрэг худалдан авалтыг хариуцах болон бусад мэдээллээр хангах ажил гүйцэтгэх, Ц.Б нь мэдээлэлтэй бүрэн танилцаж, сонголт өөрөө хийх, захиалга баталгаажуулах, нэхэмжлэлийн дагуу гэрээний төлбөр тооцоог төлөх үүргийг тус тус хүлээхээр тохиролцсон.

 

Дээрх гэрээний агуулга нь нэхэмжлэгч байгууллага өөрийн өмчлөлийн автомашиныг бусдын өмчлөлд шилжүүлэх агуулгатай хэлцэл байгуулаагүй, харин хариуцагчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар автомашин захиалах үйлдэл хийж байгаа тул Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.2-т зааснаар даалгаврын гэрээний журам үйлчилнэ.

 

Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт зааснаар даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх ба дээрх гэрээ хүчин төгөлдөр байна.

 

4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, хариуцагч Ц.Баас 10,567,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Япон улсад бүртгэлтэй Sкомпанид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

5. Хариуцагч талын гаргасан ... нийт 50 автомашин захиалсан боловч 47 автомашин авсан, 3 автомашиныг аваагүйд талууд маргаангүй, харин илүү төлөлттэй байгаа учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй ... гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5.1. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 10,567,200 төгрөг нь зөвхөн Ниссан Жюк /Nissan Juke/, Тоёота Акуа /Toyota aqua/, Тоёота Харриер /Toyota Harrier/, Тоёота Приус /Toyota Prius/ маркийн 4 автомашинд хамааралтай байна.

 

Тодруулбал, талуудын хооронд байгуулсан гэрээгээр 50 автомашинаас 3 автомашин дутуу орж ирсэн эсэх нь тус маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, харин дээр дурдсан 4 автомашины даалгаврын хөлс маргааны зүйл болжээ.

 

5.2. Талууд дээрх 4 автомашины төлбөрийг тооцоо нийлсэн акт үйлдэн баталгаажуулж, улмаар хариуцагч нь 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ... тооцоо нийлсэн актад дурдагдсан мөнгөн дүнг төлнө гэсэн хүсэл зоригоо илэрхийлж, бичгийн баримт үйлдсэн байна. /1хх-8-9/

 

5.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэж, хариуцагчаас дээрх 4 автомашины үлдэгдэл төлбөр 10,567,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

5.4. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэл гаргаагүй ба автомашины зөрүү төлбөрийг шаардахад энэ магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад заасныг тодруулсан найруулгын өөрчлөлтийг оруулах нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцнэ гэж үзэв.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2023/03478 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...243 дугаар зүйлийн 243.1... гэснийг ...399 дүгээр зүйлийн 399.1... гэж, ...SХК... гэснийг ...Япон улс, Канагава муж, Ёкохама хот, Нишикү Кита Сайвай, 2-10-36 Ки Ди Экс Нишигүчи барилга, 7 давхарт оршин байгаа, Япон улсад бүртгэлтэй Sкомпани... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,026 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР