Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/75

 

 

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хуасай овогт Б.Б-д холбогдох 1921000000061 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дорнод аймгийн Дашбалбар сумын Сэвсүүл жараахай багт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хуасай овогт Б.Б.  

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр баг “Зүүн булаг” гэх газар гэртээ Ц.Ц-тай маргалдан улмаар хутгалж биед нь цээжний урд зүүн дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хийсэн хэргийн талаар маргаан байхгүй. Гэм буруугаа ойлгож байгаа. Прокуророос санал болгож байгаа ялыг зөвшөөрч байна.” гэв.

 

Хохирогч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би авч очсон архиа найз Б.Б-тэй морь ярьж суунгаа хувааж уусан бөгөөд тэр үед би чанга чанга яриад унтаж байсан дүү Содоог нь сэрээчихсэн юм. Тэгсэн чинь Б.Б унтаж байсан хүүхэд сэрээлээ гээд надад уурлаад байсан бөгөөд архиа ууж дууссаны дараа Б.Б гэнэт миний өөдөөс дайрч бид хоёр зууралдсан. Тэгээд би уурлаад Б.Б-ийг гараараа цохиход намайг мөн толгойгоороо мөргөж байгаад бид 2 салсан. Тэгээд би гэрт нь унтах гээд зүүн өрөөнд нь байдаг орон дээр сууж байхад Б.Б гал тогооны өрөөнөөс хутга барьж ирээд “намайг үгэнд орохгүй бол хутгална шүү” гэж хэлэхэд нь би чаддаг юм бол хутгалаач гээд сууж байсан орон дээрээсээ босоод өөдөөс нь очиход гартаа барьж байсан хутгаараа миний цээж рүү хутгалах гээд чичихэд нь би биеэрээ хажуу тийш зайлсан чинь миний хөхний дээд талд хутгалсан. Найз Б.Б надад эмчилгээний зардал гэж 1000.000 төгрөг өгсөн. Надад нэхэмжлэх ямар нэг зүйл байхгүй. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн тул гаргах гомдол саналгүй” гэжээ. /хх-ийн 12-13, 43 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 178 тоот дүгнэлтэд

            1. Ц.Ц-ын биед цээжний урд зүүн дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц, ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 

     3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэжээ. /хх-ийн 28 тал/

 

- Эд мөрийн баримт хураан авсан тогтоол, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8 тал/

- Анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 25-26 тал/

- Б.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-36 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн бариултай хутга  1 ширхэгийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Хуасай овогт Б.Б нь 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр баг “Зүүн булаг” гэх газар гэртээ хохирогч Ц.Ц-тай маргалдан улмаар хутгалж биед нь цээжний урд зүүн дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би гал тогооны өрөөнөөс хутга аваад Ц.Цыг айлгах гэхэд тэр орон дээр сууж байснаа босч ирээд миний өөдөөс алхах, миний чичих хоёр таарч би гартаа барьсан хутгаараа Ц.Ц-ын цээжний зүүн энгэрийн дээд хэсэгт нэг удаа хатгачихсан...“ гэх мэдүүлэг, хохирогч Ц.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 178 тоот дүгнэлт, эд мөрийн баримт хураан авсан тогтоол, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, анхны үзлэгийн тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч Б.Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулав.

 

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Ц.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан бөгөөд хохирогч нь “Б.Б надад эмчилгээний зардал гэж 1000.000 төгрөг өгсөн. Надад нэхэмжлэх ямар нэг зүйл байхгүй. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн тул гаргах гомдол саналгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр бариултай хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Шүүгдэгч Хуасай овогт Б.Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 /нэг/ ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТЖАРГАЛ