Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/76

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Б.Догмиддорж

Шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бугуд овогт Б.П-д холбогдох 1921001280072 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Гурванзагал суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “...” ХХК-д харуул хамгаалалтын ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын ... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бугуд овогт Б.П.

 

Шүүгдэгч Б.П нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт  байрлах хуучин “Авто тээврийн үндэсний төв”-ийн гадна зогсоол дээр иргэн Э.Г-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.П шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэргийн талаар маргаан байхгүй. Ялын саналыг зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Э.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Буяндалай над дээр ирээд бид хоёр өөр машинд суулаа, зардлын 70.000 төгрөгөө авмаар байна гэж хэлэхээр нь би яасан сүртэй юм бэ, байж бай л даа гэж хэлээд байж байхад цаанаас нь Б.П мөн ирээд надаас зардлын мөнгөө нэхээд байхаар нь би албаар байхгүй гэж хэлээд хоорондоо маргалдсан юм. Тэгэхэд Б.П миний нүүр рүү цохиж хоорондоо зууралдсан бөгөөд тэр үед мөн гараараа миний нүүр рүү 2 удаа цохисон юм. Баруун нүд рүү 1 удаа өшиглөсөн. Би иргэн Б.Поос эмчилгээний зардал болох 2370.000 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хувьд иргэн Б.Птой сайн дураар эвлэрсэн тул гаргах ямар нэг санал гомдол байхгүй” гэжээ. /хх-ийн 19-20 тал/

 

Гэрч Б.Буяндалай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...ах уурлаад өөдөөс нь буюу нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж хоорондоо барьцалдсан бөгөөд барьцалдсан байхад нь би сайн хараагүй. Миний хувьд гар хүрсэн зүйл огт байхгүй” гэжээ. /хх-ийн 24-25 тал/

  

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 150 тоот дүгнэлтэд

            1. Э.Г-ын биед тархи доргилт, цээжний урд зүүн дээд хэсэгт 7х8 см хөх ягаан өнгийн цус хуралттай, хуйханд дагзны баруун дээд хэсэгт овойж хавдсан, 3х2.5 см улаан ягаан өнгийн цус хуралттай, зүүн өвдгөнд 2х1.5 см улаан ягаан өнгийн тав бүхий зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 

     3. Дээрх гэмтлийн тархи доргилт, хуйханд дагзны баруун дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал болон цус хуралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6.1-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд бүрдэл байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэжээ. /хх-ийн 28 тал/

 

- Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал, зөрчлийн талаар хохирогч, холбогдогч нараас асууж тодруулсан мэдүүлэг /хх-ийн 4-15 тал/

Б.П-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Бугуд овогт Б.П нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт  байрлах хуучин “Авто тээврийн үндэсний төв”-ийн гадна зогсоол дээр хохирогч Э.Г-ыг зодож, түүний биед тархи доргилт, цээжний урд зүүн дээд хэсэгт 7х8 см хөх ягаан өнгийн цус хуралттай, хуйханд дагзны баруун дээд хэсэгт овойж хавдсан, 3х2.5 см улаан ягаан өнгийн цус хуралттай, зүүн өвдгөнд 2х1.5 см улаан ягаан өнгийн тав бүхий зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...уурлаж дайраад намайг цохиход нь бултаж зөрүүлээд нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон, тусдаа хоёулаа зодолдохдоо баруун нүд рүү нь нэг удаа өшиглөсөн..“ гэх мэдүүлэг, хохирогч Э.Г, гэрч Б.Буяндалай нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 150 тоот дүгнэлт, зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч Б.П-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.П-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.П-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан шүүгдэгч Б.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.П нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч Б.П нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулав.

 

Шүүгдэгч Б.П нь хохирогч Э.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж эмчилгээний зардалд 2370.000 төгрөгийн төлсөн бөгөөд хохирогч нь “2370.000 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд одоо нэхэмжлэх зүйл байхгүй, миний хувьд Б.П-той сайн дураар эвлэрсэн тул гаргах ямар нэг санал гомдол байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.П-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.П-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бугуд овогт Б.П-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.П-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТЖАРГАЛ