Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2024/00482

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 11 210/МА2024/00482

 

 

Э.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/05547 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Э.Г

Хариуцагч: Б

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин 17,189,236 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Э.Г нь Нийслэлийн Ерөнхий боловсролын 000 дугаар сургуулийн захирлын албан тушаалд ажиллаж байсан. Б нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Б/48 дугаартай захирамжаар ажлаас үндэслэлгүйгээр халсан.

1.2 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27- ны өдрийн 128/ШШ2022/0707 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2022/0784 дугаар магадлалаар Э.Гг ажлаас хууль бусаар чөлөөлсөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны Б/48 дугаар захирамжийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн 000 дугаар сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 6,881,735 төгрөгийг гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Бд даалгаж шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 65 дугаар тогтоолоор уг гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

1.3 Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/112 дугаар захирамжаар Э.Гг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 000 дугаар сургуулийн захирлын ажилд томилсон. Засаг дарга хэдийгээр ажил, албан тушаалд томилсон боловч дээрх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг олгохгүй байна.

Иймд 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 17,189,236 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Э.Гг ажилд нь эгүүлэн тогтоосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0707 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргасан боловч Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 65 дугаар тогтоолоор манай гомдлыг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон гэж үзнэ. Гэтэл нэхэмжлэгч дээрх хуулийн шаардлагыг зөрчиж, 17,189,236 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд 1 сарын цалингийн хэмжээг хэдэн төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нь тодорхойгүй.

2.2 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 5 сарын хугацааны цалинг 6,881,735 төгрөгөөр бодсон. Гэтэл 2,271,948 төгрөгөөр тооцон нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ирсэн. Гэтэл 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ажилд томилсон захирамж гарсан байгааг хуульд заасан хугацааны дотор шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзнэ.

2.3 Э.Гг ажилд томилсон Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/112 дугаар захирамжид сарын цалинг 1,182,508 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 25 хувь, мэргэшлийн зэргийн нэмэгдэл 15 хувь тус тус нэмэгдэнэ. Уг тушаалаар тогтоосон цалин хөлсний хэмжээ бол 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед олгогдохоор тогтоосон цалингийн хэмжээнээс нэмэгдсэн хэмжээ байхад 2,271,948 төгрөг гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.5-т тус тус заасныг баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн Б газраас дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 13,401,610 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Гд олгож, дээрх олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,787,626 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1- т тус тус заасныг баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн Б газраас улсын тэмдэгтийн хураамжид 224,958 төгрөг, улсын орлогоос 129,080 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.Гд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 354,038 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0707 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2022/0784 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 65 дугаар тогтоолоор хүчин төгөлдөр болсон байтал анхан шатны шүүх 2022.09.27-ны өдрөөс нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон 2023.05.29-ний өдөр хүртэлх хугацааны өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулан олгох үндэслэлтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.2 Шүүх анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс буюу 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж дүгнэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.2-т заасан шаардлагыг зөрчсөн. Хуулиар тогтоосон журмаар анхан шатны шүүхийн шийдвэр нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 65 дугаар тогтоол гарснаас хойш хуулийн хүчин төгөлдөр болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

5.1 Шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шийдвэрт дурдсан цалин одоог хүртэл олгогдоогүй байгаа. Тус шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргаж, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улсын дээд шүүхийн 65 дугаар тогтоол гарсан. Тус хугацаанаас хойш ажилд эгүүлэн авахгүй багагүй хугацаа өнгөрсөн. Шүүхийн шийдвэрт 000 дугаар сургуульд ажилд эгүүлэн авах талаар тусгасан боловч 000 дугаар сургуульд томилон ажиллуулж байгаа. Ажилгүй байсан хугацааны цалинг өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөхгүйгээр намайг хохироож байна.

5.2 Анхан шатны шүүх зөвхөн миний ажиллах хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хэрэв би ажиллаж байсан бол үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл авах боломжтой байсан. Үндсэн цалинг тооцож анхан шатны шүүх 13,401,610 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Э.Г нь хариуцагч Бд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 17,189,236 төгрөг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0707 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/48 тоот захирамжийг хүчингүй болгож, Э.Гг Баянзүрх дүүргийн 000 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 6,881,735 төгрөгөөс холбогдох эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 121/МА2022/0784 дугаар магадлалаар хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна. /хх 5-12/ Улмаар, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 63 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх 13-14/

4. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/112 дугаар захирамжаар Э.Гг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс ерөнхий боловсролын 000 дугаар сургуулийн захирлаар томилон ажиллуулсан үйл баримт тогтоогдсон байна. /хх 41/

4.1 Дээрх үйл баримтаас үзвэл хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас ажилтан Э.Г шүүхийн шийдвэр гарсан 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл ажилдаа томилогдоогүй эрх нь зөрчигдсөн хэвээр байсан тул нэхэмжлэгч нь дээрх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас шаардах эрхтэй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Улсын Дээд шүүхийн тогтоол гарсан өдрөөс хойш ажилд нь эгүүлэн томилох ёстой байсан гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

5. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг буруу тооцсон байна. Учир нь, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа дахь нэг сарын дундаж цалин хөлсийг 1,350,859 төгрөгөөр тогтоосон байх тул шүүх нэхэмжлэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 1,350,859 төгрөгөөс тооцох учиртай. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх дээрх хугацааны нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг сүүлд томилсон буюу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/112 дугаар захирамжид заасан цалингаас тооцсон нь буруу болжээ. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангана.

5.1 Иймд шийдвэрт нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа болох 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх нийт 167 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 10,742,609 төгрөгийг /1,350,859 /21 хоног, 1 өдрийн 64,327 төгрөг * 167 хоног/ хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг оруулна.

6. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамааралгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийг баримталсныг хасаж, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг төлж, зохих бичилт хийлгэх зохицуулалтад хамаарах мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасан хэсгийг баримтлаагүйг зөвтгөн залруулсан өөрчлөлт тус тус оруулна.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд хамаарах тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354,038 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 186,832 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсан өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/05547 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...3 дугаар зүйлийн 3.3, гэснийг хасаж, ...158.1.5 гэсний дараа ...,43 дугаар зүйлийн 43.2.7-д гэж нэмж, ...13,401,610 гэснийг ...10,742,609 гэж, ...3,787,626 гэснийг ...6,446,627 гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 354,038 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 186,832 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

М.БАЯСГАЛАН