Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 230

 

                                                                                    Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор О.Сарангэрэл, цагаатгагдсан этгээд Б.Б, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 612 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 177 дугаар магадлалтай, Б.Б-д холбогдох эрүүгийн 2010008880696 дугаартай хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэлийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, “Их засаг олон улсын их сургууль”-д маркетингийн албаны дарга ажилтай, ял шийтгэлгүй Х овогт Б.Б.

Б.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Вива сити” хорооллын С-17-3-1 тоотын үүдэнд иргэн Р.Г-тай “хүүхдээ уйлууллаа гэх шалтгаанаар” маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 612 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

Шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэж 177 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд прокурор Б.Гүнсэл бичсэн эсэргүүцэлдээ: “Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс “маргаан болсон шалтгаан нь хүүхдээ зодож уйлууллаа гэснээс үүдэлтэй байх ба, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсныг таслан зогсоох гэсэн шалтгаанаар хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө халдашгүй байдалд халдах үндэслэлгүй бөгөөд хохирогчийн биед халдсан шүүгдэгчийн үйлдэл, учирсан гэмтэл нь хоорондоо шууд шалтгаантай” гэж дүгнэн шүүгдэгч Б.Б-ны гэм бурууг хянан хэлэлцэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар хууль зүйн үндэслэл бүхий хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, эргэлзээгүй дүгнэлт хийсэн.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс хохирогч Р.Г нь хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн маргалдаж, шүүгдэгчийн биед халдсан, Б.Б-ны зүгээс няцаахдаа халдагч этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь аргагүй хамгаалалт нь Монгол улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 1, 13 дахь хэсгүүдэд заасан амьд явах, халдашгүй байх эрхээ эдпэх, үүнд халдсан довтолгоог няцаах, түүнээс хамгаалахад чухал ач холбогдолтой хууль цаазын хэрэгсэл тул хүн бүрийн заяамал эрх болох аргагүй хамгаалалт хийсэн явдлыг Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт тооцохгүй байхаар заажээ.

Аргагүй хамгаалалт нь тухайн үед довтолгоон эхэлж буй нь хэн бүхэнд илэрхий болсон, аюултай шинжтэй, хариу хамгаалалт хийхгүй л бол эргэж буцашгүй, шууд аюул учрах нөхцөл байдалд хийгддэг бол довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй юм.

Өөрөөр хэлбэл, гэмт халдлага нэгэнт эхэлсэн, аюул занал бодитой болж, хамгаалалтыг хойшлуулж болохгүй болсон буюу аргагүйдсэн тэр үед л аргагүй хамгаалалт хийгдсэн бол гэмт хэрэгт тооцохгүй бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Аргагүй хамгаалалтын нөхцөлд халдагчийн эхлүүлсэн довтолгооныг няцаах, таслан зогсоох явцад түүнд гэм хор учруулдаг бөгөөд энэхүү шинж тогтоогдоогүй тохиолдолд аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх боломжгүй юм.

Хэрэгт цугларсан хохирогч Р.Г-ын “...хаалга онгойлготол манай  байрны харуул, нэг танихгүй залуугийн хамт зогсож байсан. Би тэгэхээр нь харуулаас юу болсон бэ гэхэд хамт явсан залуу нь миний нүүр рүү гараараа 2 удаа цохичхоод яваад өгсөн. Тэгэхээр нь би гайхаад тэр залуугийн араас нь доошоо буухад намайг цохисон залуу, мөн манай доод айлын залуу 2 зогсож байсан бөгөөд би яаж байна гэхэд намайг цохисон залуу “би хүний эрхийн ажилтан байна, чам шиг хүмүүсийг хашрааж байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 44-45 дахь тал/.

Гэрч Г.А-ийн “...шөнийн 00 цаг өнгөрч байхад над руу үл таних дугаараас залгаж танай нөхөр чинь хүүхдээ уйлуулаад, тэгээд нөхрийг чинь цагдаа аваад явчихлаа гэж эрэгтэй хүн ярьсан юм. Цагдаа дээр ирэхэд нөхөр маань согтуу хамраас нь цус гарчихсан, шалбарсан байдалтай байсан. Мөн хамт эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан бөгөөд би яагаад нөхрийг минь зодсон юм бэ гэтэл тэр эмэгтэй нь танай хүүхэд чинь уйлаад байсан бөгөөд манай нөхөр танайд очсон гэсэн утгатай юм хэлсэн. Хамраас нь цус гараад шалбараад хавдсан байсан бөгөөд мөн зүүн хацар нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 47дахь тал/.

Гэрч С.М-ны “...хажууд зогсож байсан залуу тэр хаалга онгойлгосон залуугаас “хүүхэд зодоод байгаа юм биш биздээ” гэхэд нөгөө залуу чамд хамаагүй гэхэд өөдөөс нь “хүүхэд уйлаад байна шүү дээ” гэхэд чам шиг бацаанд хамаагүй гээд тэр залууг мангастсан, тэгтэл тэр залуу өөдөөс нь түлхсэн бөгөөд тэр хоёр хоорондоо ноцолдож эхэлсэн. Г нь Б-ыг цохих гээд гараа саваад араас нь хөөгөөд байсан бөгөөд Б ч гэсэн өөдөөс нь хамгаалаад гараа савалцаад байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 81-82 дахь тал/.

Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...орцонд хохирогч Р.Г, шүүгдэгч Б.Б руу дайрч толгойн тус газар нь хоёр удаа цохиж байгаа, мөн Б.Б нь бултаад зөрүүлж цохиж буй байдлыг, мөн Р.Г нь Б.Б-ны толгой руу гараараа 2 удаа түлхэхэд Б.Б нь зөрүүлээд түүний толгойг 3 удаа түлхэж, нүүрэн тус газар нь баруун гараараа 1 удаа цохиж буй байдлыг харуулсан...” гэж тусгагдсан /хэргийн 75-76 дахь тал/ зэрэг баримтуудаар хохирогч Р.Г нь эхэлж биед халдсан болох нь насанд хүрээгүй гэрч Г.А-ийн “...аав тэр хүнтэй хэрэлдээд гар орчимд нь нэг удаа цохисон...” гэх, байрны харуул ажилтай С.М-ны “...чамд хамаагүй гээд нүүр рүү нь түлхсэн /мангастсан/...” гэх мэдүүлгүүдээр тогтоогдсон боловч дээрх довтолгоо төгссөний дараа шүүгдэгч Б.Б нь хохирогчийн нүүрэн тус газарт 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь давхар тогтоогдож байна.

Мөн давж заалдах шатны шүүх үйл баримтын мөн чанар, хохирогчийн биед учирсан гэмтлээс хойших цаг хугацааны үйл баримт, агуулга зэргийг шууд үнэлж шүүгдэгч Б.Б-ны үйлдлийг аргагүй хамгаалалтын шинжтэй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Р.Г, Б.Б нарын хооронд ”...хүүхдээ зодож уйлууллаа...” гэх шалтгаанаас үүдэлтэй маргаан нь нэгнийгээ цохих, түлхэх, харилцан бие биедээ халдах, өөр газарт шилжин очиж маргаан, тэмцлийг үргэлжлүүлэх зэрэг давтамжит үйлдэл нь тодорхой хугацаанд үргэлжилсэн байх тул үүнийг довтолгооны үргэлжилсэн шинж гэж үзэхгүй ба энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “Аргагүй хамгаалалт” гэх ойлголт нь эрүүгийн эрх зүйн онолын хувьд аюул заналхийлсэн довтолгоон бодитой хийгдэж эхэлсэн бөгөөд дуусаагүй байх үндсэн шинжийг агуулдаг бөгөөд аргагүй хамгаалалт хийж буй этгээдийн санаа сэдэл, тухайн үеийн нөхцөл байдал зэргийг хэргийн үйл баримтад нарийвчлан тодорхойлох нь түүнээс үүдэн гарах нийгмийн аюулын шинж чанарыг үгүйсгэж, гэмт хэрэгт тооцох эсэх үр дагавартайгаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн гэмт хэргүүдээс объектив талын шинжээр ялгагдах учиртай тул аргагүй хамгаалалтын хувьд объектив болон субъектив шинжийн зохицол болоод хоорондын уялдаа холбоог анхааран үзэх шаардлагатай юм.

Гэтэл давж заалдах шатны шүүх гэмт хэрэг гарахад дан ганц хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, энэ нь шүүгдэгчийг хариу үйлдэл үзүүлэх хэмжээнд хүргэсэн гэх дүгнэлт хийж, гэмт хэрэг эхэлж, дуусах хүртэл үргэлжилсэн хугацаа, үйл явдал болж өрнөсөн нөхцөл зэргийг бүрэн харгалзан үзэлгүйгээр Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ДШМ/177 дугаартай магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Цагаатгагдсан этгээд Б.Б шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Хэрэг анх мөрдөн байцаалтын шатнаас нэг талыг баримталсан хохирогч согтуу байсан намайг хөөж шатаар гүйхдээ ч юм уу өөр байдлаар гэмтсэн байхыг үгүйсгэхгүй. Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэг гэрч нарын мэдүүлгээр нотлогдохгүй байна гэж хоёр ч удаа прокурор руу хэрэгсэхгүй болгох тухай бичиг явсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх буруу шийдвэр гаргаж намайг гэм буруутайд тооцсон. Би иргэн хүнийхээ хувьд тэр залууд учирсан гэмтлийнх нь эмчилгээний зардал болох 190,000 төгрөгийг шүүх хурал дээр төлсөн. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Б нь хохирогчтой маргах болсон шалтгаан нь хүүхдээ зодож уйлууллаа, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байх магадлалтай гэсэн үүднээс энэ хэрэг гарсан байдаг. Шүүгдэгч хохирогчийг зодоогүй гэж мэдүүлж байгаа боловч шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй холбоотой гэж гарсан. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж дүгнэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч, хохирогч хоёр харилцан ноцолдож, нэг нэгийгээ цохисны улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан. Энэ маргаан болон ноцолдож бие биенээ цохисон нь тодорхой хугацаанд үргэлжилсэн байх тул довтолгооны үргэлжилсэн шинж гэж үзэх үндэслэл байхгүй. Аргагүй хамгаалалт гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 1, 13 дахь хэсгүүдэд заасан амьд явах, халдашгүй байх эрхээ эдлэх, үүнд халдсан довтолгоог няцаах, түүнээс хамгаалахад аргагүй хамгаалалт нь чухал ач холбогдолтой хууль цаазын хэрэгсэл тул хүн бүрийн уг заяамал эрхээ хэрэгжүүлсэн явдлыг Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт тооцохгүй байхаар хуульчлан тогтоожээ.

Хүч хэрэглэсэн довтолгоон эхэлж буй нь хэн бүхэнд илэрхий болсон, аюултай шинжтэй, хариу хамгаалалт хийхгүй л бол эргэж буцашгүй, шууд аюул учрах нөхцөл байдалд аргагүй хамгаалалт хийгддэг бол ийм бодит аюул тулгараагүй тохиолдолд гэмт хэргийг үгүйсгэх энэхүү нөхцөл байдал үүсэхгүй билээ.

Тодруулбал, гэмт халдлага нэгэнт эхэлсэн, аюул занал бодитой болж, хамгаалалтыг хойшлуулж болохгүй болсон буюу аргагүйдсэн тэр үед л аргагүй хамгаалалт хийгдсэн бол гэмт хэрэгт тооцдоггүй болно.

Учир нь аргагүй хамгаалалтын нөхцөлд халдагчийн эхлүүлсэн довтолгооныг няцаах, таслан зогсоох явцад түүнд гэм хор учруулдаг бөгөөд энэхүү шинж тогтоогдоогүй тохиолдолд аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх боломжгүй юм.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан давж заалдах шатны шүүх нь 2020 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Б.Б, Р.Г нарын хооронд болсон үйл баримтыг сэргээн тогтоож, Р.Г-ын хүч хэрэглэн халдсан үйлдлээс өөрийгөө хамгаалах явцад Б.Б нь түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг гэмт хэргийг үгүйсгэх буюу аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд хийгдсэн гэж дүгнэж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатган шийдвэрлэсэн нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Өөрөөр хэлбэл, өөрт учирсан бодит аюул, заналхийллийн эсрэг Б.Б нь хариу үйлдэл хийж Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан заяамал эрхээ хэрэгжүүлэн бусдад гэм хор учруулсныг гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй талаар давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх нь Б.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул магадлалыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 177 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэлийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН