Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 244

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.Х-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар,

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар,

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлд холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ХЭГ/1285 дугаар албан бичгийн 6 дахь хэсгийг, Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын орон тоонд сонгон шалгаруулалт зарласныг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч А.Т, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын болон хариуцагч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын, хариуцагч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “…Миний бие Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоол болон Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтын дагуу томилогдон ажиллаж байгаад 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэнэт халагдсан. Улмаар Иргэний хэргийн шүүхийн 2014 оны 2739/с дугаартай шийдвэрээр намайг хууль бусаар халагдсан болохыг тогтоож, уг албан тушаалд эгүүлэн томилохыг Засгийн газарт даалгаж шийдвэрлэсэн юм.

Гэвч өнөөг хүртэл хугацаанд Засгийн газрын зүгээс эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй өнөөдрийг хүрээд байгаа билээ. Шүүхийн шийдвэрийг биелүүлж иргэн намайг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилох асуудлаар Төрийн албаны зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас удаа дараа албан бичиг, шаардлагуудыг хүргүүлсэн. Хамгийн сүүлд Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 780 дугаартай албан бичгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.М-н нэр дээр 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 5/1471 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байдаг.

Ийнхүү Монгол Улсын хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр дээрх ажил, албан тушаалд иргэн намайг эгүүлэн томилохыг даалгасан шийдвэр гарсан, шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллах ёстой байхад 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр нэр бүхий яамдын Төрийн нарийн бичгийн даргын орон тоонд сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс зарлахдаа Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын орон тоонд сонгон шалгаруулалт зарлажээ.

Дээрх нөхцөл байдалтай байхад Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 8 дугаар сарын12-ны өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан нь захиргааны байгууллагын илт хууль бус үйлдэл юм.

Иймд Төрийн албаны зөвлөлийн зүгээс 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр нэр бүхий яамдын Төрийн нарийн бичгийн даргын орон тоонд зарласан сонгон шалгаруулалтын Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын орон тоонд сонгон шалгаруулалт зарласныг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Нэхэмжлэгч талаас хожим хариуцагч тал болох Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн баримтыг судлан үзсэний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ХЭГ/1285 тоот албан бичгээр ирүүлсэн яамдуудын Төрийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулах тухай захиалгын 6 дахь хэсэг буюу “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд" сонгон шалгаруулалт зарлах захиалгыг хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: “Бодит байдалд Засгийн газраас Төрийн албаны зөвлөлд ямар ч захиалга ирүүлээгүй байна. Харин Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ХЭГ/1285 тоот захиалга хүргүүлэх тухай албан бичгээр Яамдуудын төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлжээ. Ийнхүү Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас дээрх албан бичгээр төрийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулах захиалга ирүүлсэн нь өөрт олгоогүй эрх хэмжээг эдэлсэн буюу Засгийн газарт хуулиар олгосон эрхийг эдэлсэн гэж үзэх үндэстэй байна. Учир нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт яамны төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 351 дүгээр зүйлд заасны дагуу төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө гэжээ. Эндээс харахад төрийн нарийн бичгийн даргыг томилж, чөлөөлөх эрх хэмжээ Засгийн газарт хуулиар олгогдсон байна. Энэхүү эрхээ хэрэгжүүлэх хэлбэр нь Засгийн газар өөрөө хуульд нийцсэн тодорхой эрхийн актаар сонгон шалгаруулалтыг зарлах захиалгыг хүргүүлэх учиртай. Гэтэл Засгийн газраас дээрх харилцаатай холбоотойгоор зөвхөн өмнөх төрийн нарийн бичгийн дарга нарыг чөлөөлсөн 2016 оны 17 дугаар тогтоолыг гаргасан болох нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болсон бөгөөд төрийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулах захиалга хүргүүлэх асуудлаар ямар нэгэн акт гаргаагүй байх бөгөөд эрх бүхий этгээд хүсэл зоригоо хууль зүйн хувьд илэрхийлээгүй байна. Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газар өөрт олгогдоогүй эрх эдэлж 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ХЭГ/1285 тоот захиалга хүргүүлэх тухай албан бичгээр Яамдуудын төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах захиалгыг хүргүүлж уг албан бичгээр Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулах захиалгыг хүргүүлсэн нь илт хууль бус байна. 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.7 дахь хэсэгт Монгол Улсын Ерөнхий Сайд дотоод, гадаад харилцаанд Засгийн газрыг төлөөлнө гэж тодорхой заажээ. Өөрөөр хэлбэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Засгийн газарт хуулиар тусгайлан олгосон эрхийг эдлэх болон Засгийн газрыг төлөөлөх эрх хэмжээгүй байна. Мөн хуулийн 182 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын ажлын алба мөн, 2 дахь хэсэгт Хэрэг эрхлэх газрыг Засгийн газрын гишүүн тэргүүлнэ, улмаар мөн хуулийн 33 дугаар зүйлд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын эрх хэмжээг тодорхой заасны дотор төрийн нарийн бичгийн даргын захиалгыг хүргүүлэх асуудал тусгагдаагүй байна. Түүнчлэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг Засгийн газрын нэг гишүүн сайд тэргүүлдэг тэгвэл мөн хуулийн 24.6 дахь хэсэгт Засгийн газрын гишүүн хууль тогтоомжоор эрх олгоогүй, түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй буюу хэлэлцсэн боловч олонхийн дэмжлэг аваагүй асуудлаар Засгийн газрыг төлөөлөх эрхгүй гэж мөн л тодорхой заажээ.

Засгийн газрыг дотоод, гадаадад ерөнхий сайд төлөөлдөг. Тэгэхээр ерөнхий сайдын гарын үсэгтэй тодорхой эрхийн акт гарах ёстой гэж нэхэмжлэгч талаас үзэж байгаа.  Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт хамтын удирдлагатай захиргааны байгууллагын шийдвэрийг нэг гишүүн дангаар, цөөнхөөр, эсхүл эрх олгогдоогүй этгээд гаргахгүй гэж заасан. Тиймээс төлөөлөх эрхийг нь хэнд олгосон бэ гэх асуудал хөндөгдөнө. Хэрэг эрхлэх газрын дарга Ж.М-д Засгийн газрыг төлөөлөх эрх хэмжээ нь олгогдоогүй. 

Яамны бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөн гэдэг тайлбарыг хариуцагч дурддаг боловч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж заасны дагуу ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа тохиолдолд үргэлжлүүлэн ажиллах зохицуулалттай. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан сул орон тоо гараагүй гэж үзэж байна. Уг албан тушаалын чиг үүрэг нь хэвээр байгаатай хариуцагч тал ч мөн маргахгүй байх, хариу тайлбарт ч мөн энэ талаар байгаагүй. Шүүхээс зөрчигдсөн болохыг нь тогтоосон эрх өнөөдрийг хүртэл сэргээгүй байхад дахин сонгон шалгаруулалт зарладаг. 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Төрийн албаны зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар шүүхийн шийдвэрийг биелүүлж, дахин томилно уу гэсэн байхад Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн хариу тайлбар, хурлын тэмдэглэл зэрэг дээр тус асуудал огт дурдагдаагүй байдаг. 

Ж.Х-г чөлөөлөөд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын орон тоонд сонгон шалгаруулалт зарлалгүйгээр н.Э гэдэг хүнийг шууд томилосон. Яамыг хуулиар татан буулгаж шинээр байгуулсан тул сонгон шалгаруулалт зарлана гэж хариуцагчид тайлбарлаж байгаа хэдий ч Эрүүл мэндийн яам Эрүүл мэнд, спортын яам болоход тус яамны төрийн нарийн бичгийн даргаар н.Э-г шууд үргэлжлүүлэн томилж ажиллуулж байсныг анхаарахыг хүсье. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү.” гэв.

Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2739/с дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Ж.Х-г Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасны дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тогтоох, өөрчлөх эрх нь Үндсэн хуулиар олгогдсон Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах асуудал юм. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хууль болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг хэлэлцэн шийдвэрлэхдээ Засгийн газрын бүтцийг шинэчилж, 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр баталсан Засгийн газрын бүтцийн тухай хууль болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг хүчингүй болсонд тооцсон.

Ийнхүү Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсантай холбогдуулан зарим төрийн захиргааны төв байгууллагыг нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, бэрхшээл, саадыг даван туулахад тохирсон шинэ бүтэц, зохион байгуулалтад оруулж, ажиллуулах шаардлага бий болсон. Энэхүү шаардлагыг харгалзан Засгийн газраас 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр яамдын зохион байгуулалтын бүтцийг, мөн оны 12 дугаар сарын 30-ны өдөр яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг тус тус шинэчлэн баталсан.

Улсын Их Хурлаас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсантай холбогдуулан Эрүүл мэндийн яам (хуучин нэрээр), улмаар мөн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын орон тоо хасагдаж, нийтийн биеийн тамир, спортын салбарын хөгжлийн асуудал, тус салбарын үйл ажиллагаанд баримтлах бодлого зэрэг шинээр нэмэгдсэн чиг үүргийг хариуцсан Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын орон тоог шинээр бий болгосон.

Нэхэмжлэгч Ж.Х нь Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 73 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдсон бөгөөд Улсын Их Хурлаас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталснаар 2014 онд эмхлэн байгуулагдсан Засгийн газрын бүтцэд ийм нэртэй яам, мөн ийм нэртэй яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал байхгүй болсон болно.

Өөрөөр хэлбэл, дээрх хуульд заасны дагуу Засгийн газрын бүтцэд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга гэсэн албан тушаал байхгүй болж, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга гэсэн албан тушаал шинээр бий болсон тул Ж.Х-г Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга гэсэн байхгүй албан тушаалд томилох боломжгүй байсан болно.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх (хуучин нэрээр)-ийн 2014 оны 2739/с шийдвэр дээр дурдсан хууль тогтоомжой зөрчилдсөнөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 -д зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй бөгөөд мөн хуулийн 116.2-т заасны дагуу шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын яамыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хэлэлцэн хуулиар байгуулж, татан буулгана” гэж, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Засгийн газрын үйл ажиллагааны ерөнхий чиг үүрэг болон салбарын чиг үүргийг зохистой хуваарилах үндсэн дээр яамыг Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэг, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 18.3 дахь хэсэгт зааснаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хуулиар байгуулж, өөрчлөн байгуулж, татан буулгана гэж заасны дагуу Улсын Их Хурлаас 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдөр баталсан Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудаар Эрүүл мэндийн яам татан буугдаж, шинээр Эрүүл мэнд, спортын яам үүсгэн байгуулагдсан.

Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “хуулийн этгээдийн хөрөнгийг өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллага, түүнчлэн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийг хуульд заасан журмын дагуу нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болно” гэж заасан. Хуулийн этгээдийг нийлүүлэх, нэгтгэх гэсэн 2 ойлголтын тухайд аль, аль нь хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах гэсэн хууль зүйн ойлголтод хамаарах бөгөөд өөрчлөн байгуулах замаар шинээр үүссэн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагаа дуусгавар болохтой холбогдох харилцааг зохицуулж байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 2003 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн 21 дүгээр зүйлд энэ тухай тодорхой дурдсан байдаг. Тухайлбал уг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “шинээр үүссэн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх ажиллагаа дуусгавар болсонд, харин нийлсэн хуулийн этгээд тус бүрийн хувьд тэдгээрийн үйл ажиллагаа зогссонд тооцно” гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “нэгдэж байгаа хуулийн этгээд тус бүрийн хамгийн сүүлчийн хуулийн этгээдийн үйл ажиллагаа зогссон тухай улсын бүртгэлийн жагсаалтад бичилт хийснээр нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх ажиллагаа дуусгавар болсонд тооцно гэж хуульчилсан.

Мөн яам нь чиг үүргийн ялгаатай. Ажлын байрны тодорхойлолтын “Б. Чиг үүрэг” гэсэн хэсгийн “1.Ажлын байрны зорилго”-д “Яамны зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх ажпыг мэргэжлийн үндсэн дээр удирдан зохион байгуулж, сайдыг өндөр мэргэшлийн цаг үеэ олсон эцсийн шатны зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр шуурхай хангах замаар яамны үр нөлөөтэй, үр ашигтай, тасралтгүй, хэвийн, жигд ажиллагааг баталгаатай хангах орчныг бүрдүүлэх” гэж заасан байна.

Яамны үйл ажиллагааны эрхэм зорилго, яамны үйл ажиллагааны стратегийн зорилт нь өөрөөр тодорхойлогдож, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратегийг шинээр гаргасан. Өмнө нь буюу 2012 онд байгуулагдсан Эрүүл мэндийн яам нь 4 газар 9 хэлтэстэйгээр ажиллаж байсан бол 2014 онд байгуулагдсан Эрүүл мэнд, спортын яам нь 5 газар, 4 хэлтэстэй, Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газартай болсон бөгөөд энэ газар нь өмнөх яаманд байгаагүй. Харин 2016 онд байгуулагдсан Эрүүл мэндийн яам нь 6 газар, 6 хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс үзэхэд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хууль болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг хэлэлцэн шийдвэрлэхдээ Засгийн газрын бүтцийг шинэчилж, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр баталсан Засгийн газрын бүтцийн тухай хууль болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг хүчингүй болсонд тооцсон.

Ийнхүү Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсантай холбогдуулан Засгийн газраас 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр яамдын зохион байгуулалтын бүтцийг, мөн оны 09 дүгээр сарын 07-ны өдөр яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг тус тус шинэчлэн баталсан.

Улсын Их Хурлаас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсантай холбогдуулан Эрүүл мэнд, спортын яам (хуучин нэрээр), улмаар мөн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын орон тоо хасагдаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын орон тоог шинээр бий болгосон.

Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал шинээр бий болсон тул Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилсон болно.

Энэ нь Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэгт “Яамны төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 351 дугаар зүйлд заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө” гэж, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн нарийн бичгийн даргыг Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэгт заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө” гэж тус тус заасны дагуу авсан арга хэмжээ юм.

Иймд дээр дурдсан үндэслэл шаардлагын дагуу шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газрын ажлын алба бөгөөд мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт 1 зааснаар Засгийн газрын шийдвэр боловсруулах, хэрэгжүүлэх, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын харилцан ажиллагааг зохицуулахад туслах, хүний нөөцийн удирдлага, нийтлэг үйлчилгээний удирдлагаар хангах асуудлыг эрхлэн гүйцэтгэдэг болно.

Засгийн газрын тухай хуулийн 182 дугаар зүйлийн 182.2 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг Засгийн газрын гишүүн тэргүүлэх бөгөөд мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсгийн 2-т зааснаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Засгийн газрын шийдвэрийн биелэлт, Засгийн газрын дотоод мэдээлэл, Засгийн газраас Улсын Их Хуралтай харилцах асуудал, төрийн албаны хүний нөөцийн асуудал, орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого, орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлага, Засаг даргын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах асуудал, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үзүүлэх мэргэжил, арга зүйн туслалцаа, агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудлыг эрхлэхээр хуульчилсан байна.

Түүнчлэн Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт “Хэрэг эрхлэх газрын дүрэм, бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар батална" гэж заасны дагуу Засгийн газрын 2006 оны 310 дугаар тогтоолоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дүрмийг баталсан бөгөөд уг дүрмийн 6.3-т “Хэрэг эрхлэх газрын дарга Засгийн газраас томилж, чөлөөлөх албан тушаалтны асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ” гэж заасан байна.

Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулах захиалгыг "Захиалга хүргүүлэх тухай” Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ХЭГ/1285 тоот албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн явдал нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад дээр дурдсан хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд авсан арга хэмжээ болно.

Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагын дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Төрийн албаны зөвлөлөөс холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулан Ж.Х-г уг албан тушаалд ажиллуулахаар нэр дэвшүүлсний дагуу Ж.Х-г Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 73 дугаар тогтоолоор томилсон боловч Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 233 дугаар тогтоолоор Ж.Х-г Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн нь Засгийн газрын хамтын удирдлагын буюу танхимын шийдвэр байсан.

Ж.Х-г эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн томилж, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх нь Засгийн газрын эрхэд хамаарна гэж үзээд Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 07 дугаар сард шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллахыг Засгийн газарт зөвлөсөн болно.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтын талаар захиалагч байгууллага нь Засгийн газар тул нэхэмжлэлийн талаар захиалагч байгууллагад нь хандах нь зүйтэй гэсэн тайлбарыг гаргаж байна.” гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч өмгөөлөлдөө: Төрийн албаны зөвлөл нь төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн зохион байгуулагдсан, төрийн албан хаагчийн ажлын байрны сул орон тоо бий болсон тохиолдолд хууль, түүнийг үндэслэж гаргасан дүрэм журмын хүрээнд сонгон шалгаруулалтыг явуулах эрх үүрэгтэй. Өөрт ноогдсон эрх, үүргийнхээ хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйл, Улсын Их Хурлаас баталсан 2003 оны 13 дугаар тогтоол, Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд сонгон шалгаруулах журамд тус тус үндэслэж сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Үндэслэл нь төрийн байгууллага татан буугдсан. Төрийн албаны тухай хуулийг тайлбарласан Монгол Улсын дээд шүүхийн тайлбарт төрийн байгууллага татан буугдсан гэсэн үндэслэлээр төрийн албаны шалгалт зарлан явуулах ёстой байдаг. 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар шинээр байгуулагдсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын орон тоон дээр сонгон шалгаруулалт зарласан. Тус сонгон шалгаруулалт нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн, сул орон тоон дээр зарлагдсан гэж үзэж байгаа. Сул орон тоо гарсан гэдэг нь эрх олгогдсон байгууллагаас захиалга ирсэн, Төрийн албаны зөвлөлөөс тухайн төрийн байгууллага татан буугдсан гэснийг тус тус үндэслэл болгож сонгон шалгаруулалтыг явуулсан байгаа. 2014 оны 12 дугаар сарын 19-ний шүүхийн шийдвэрээр буцаан томилогдсон байхад сонгон шалгаруулалт зарласан байгаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн гэж тайлбарлаж байгаа хэдий ч тухайн үед гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь гаргасан цаг хугацаанаас хойш Эрүүл мэндийн яам 2014 онд Эрүүл мэнд, спортын яам болж өөрчлөн байгуулагдсан. Иргэний хуульд заасны дагуу тухайн байгууллагыг үүсгэн байгуулсан эрх бүхий байгууллагын шийдвэрээр хууль гаргаж татан буугдсан байна. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т Монгол Улсын яамыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хэлэлцэн хуулиар байгуулж, татан буулгана гэж заасны дагуу 2012 онд Эрүүл мэндийн яам, 2014 онд Эрүүл мэнд, спортын яам, 2016 онд Эрүүл мэндийн яам болсон. Төрийн байгууллага татан буугдсан тохиолдолд албан тушаал хэвээр хадгалагдсан гэж үзэх боломжгүй. 

Тус сонгон шалгаруулалтанд Ж.Х оролцох бүрэн боломжтой, эрх нь нээлттэй байсан. Сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарласан учраас сонгон шалгаруулалт зарласан нь хууль бус гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлд холбогдуулан 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын орон тоонд сонгон шалгаруулалт зарласныг хүчингүй болгуулахаар анх 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд сонгон шалгаруулалт явагдсантай холбогдуулан, түүнчлэн сонгон шалгаруулалт явуулах захиалга өгсөн шийдвэртэй холбогдуулан “Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ХЭГ/1285 дугаар албан бичгийн 6 дахь хэсгийг, Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын орон тоонд сонгон шалгаруулалт зарласныг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлж тодорхойлсон байна. 

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж Монгол Улсын Засгийн газраас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын орон тоонд сонгон шалгаруулалт зарлуулахаар захиалга хүргүүлснийг болон Төрийн албаны зөвлөлөөс Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын орон тоонд сонгон шалгаруулалт зарласныг тус тус хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Нэг. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулахаар захиалга хүргүүлсэн Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ХЭГ/1285 дугаар албан бичгийн 6 дахь хэсгийг хууль бус байсан болохыг тогтоосон үндэслэл.

Нэхэмжлэгч Ж.Х нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон, уг орон тоонд зарласан удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцэн Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлснээр 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 73 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдож ажиллаж байгаад 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 233 дугаар тогтоолоор төрийн албанаас чөлөөлөгдсөн ба Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2739/С дүгээр шийдвэрээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоогджээ. 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай” 2018 дугаар захирамж гарч, 216 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраар уламжлуулан Монгол Улсын Засгийн газарт, Төрийн албаны зөвлөлд шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар хандсан байх хэдий ч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна.

Ийнхүү Ж.Х-г Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг эрх бүхий этгээд явуулж байхад Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 17 дугаар тогтоолоор яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг чөлөөлж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ХЭГ/1285 дугаар албан бичгээр зарим яамдын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулж дүгнэлт гаргуулахаар Төрийн албаны зөвлөлд захиалга хүргүүлсний дотор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал багтжээ. 

Хариуцагч Монгол Улсын Засгийн газар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын орон тоог “сул орон тоо” гэж үзэн сонгон шалгаруулалт явуулах захиалга өгсөн үндэслэлээ “Ж.Х нь шүүхийн шийдвэрээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоогдсон ба Засгийн газрын бүтцэд 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт орж тус яам Эрүүл мэнд, спортын яам болсноор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын орон тоо хасагдсан, харин спортын салбарын шинэ чиг үүрэг нэмэгдэн Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын орон тоо шинээр бий болсон, өөрөөр хэлбэл түүнийг эгүүлэн тогтоосон албан тушаал байхгүй болсон, улмаар 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар Засгийн газрын бүтцэд мөн өөрчлөлт орж, Эрүүл мэндийн яам байгуулагдсанаар Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын орон тоо хасагдаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын орон тоог шинээр бий болгосон” хэмээн тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна. 

Учир нь хуулиар Засгийн газрын бүтцийг шинэчлэн батлах бүрт яамдыг татан буулгаж, шинээр байгуулсан гэж үзэхгүй, зарим яамдыг нэгтгэх, тусгаарлах байдлаар өөрчлөн зохион байгуулдаг, тухайлбал, Засгийн газрын бүтцийн тухай 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар Эрүүл мэндийн яаманд спортын салбарын чиг үүргийг нэгтгэж Эрүүл мэнд, спортын яамыг, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар Эрүүл мэндийн яамнаас спортын салбарын чиг үүргийг тусгаарлаж Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд нэгтгэж Эрүүл мэндийн яам болжээ. Өөрөөр хэлбэл спортын салбарын чиг үүрэг нэгтгэгдэж, тусгаарлагдсан ч эрүүл мэндийн салбарын бодлого, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах чиг үүрэг нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Эрүүл мэндийн яаманд хэвээр хадгалагдсан, яамны үйл ажиллагаа зогсоогүй юм.

Эрүүл мэндийн яаманд спортын салбарын чиг үүрэг нэмэгдсэнээр тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын орон тоо хасагдаагүй, тухайн албан тушаалын орон тоо, чиг үүрэг хэвээр байна. Үүнтэй адил Эрүүл мэнд, спортын яамны спортын салбарын чиг үүргийг тусгаарлан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд нэгтгэснээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын орон тоо мөн хасагдаагүй, тухайн албан тушаалын орон тоо, чиг үүрэг хэвээр байна. Тодруулбал, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2013 оны 1 дүгээр сард болон 2016 оны 8 дугаар сард баталсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтуудад заасан албан тушаалын чиг үүрэг, ажлын байрны зорилго хэвээр байна. 

“Төрийн байгууллага татан буугдсан” гэж үйл ажиллагаа нь зогсож, хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хасагдахыг ойлгох ба Засгийн газрын бүтцийг шинэчлэн батлах бүрт яамдыг татан буулгаж, шинээр байгуулсан гэж хуулийг тайлбарлаж хэрэглэх нь төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчимд нийцэхгүйн дээр төрд алба хашиж буй төрийн мэргэшсэн жинхэнэ албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийг зөрчих, төрөөс үйлчилгээ авч буй иргэдийн эрх ашгийг хөндөх, төрийн албаны залгамж чанар алдагдахад хүргэж буйг тэмдэглэх нь зүйтэй.

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д зааснаар яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал нь төрийн захиргааны буюу төрийн жинхэнэ албан тушаал, уг албан тушаалыг хашиж буй этгээд нь төрийн жинхэнэ албан хаагч, түүний эрх зүйн байдлыг буюу төрд алба хашихтай холбоотой хөдөлмөрийн нарийвчилсан харилцааг Төрийн албаны тухай хуулиар, Төрийн албаны тухай хуулиар нарийвчлан зохицуулаагүй хөдөлмөрийн суурь харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар “шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” төдийгүй  нэхэмжлэгч Ж.Х-г Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор Монгол Улсын Засгийн газар Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар түүнийг урьд эрхэлж байсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй байх тул Эрүүл мэнд, спортын яам Эрүүл мэндийн яам болсноор Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан “ ... сул орон тоо гарсан ...” гэж үзэхгүй, сонгон шалгаруулалтын захиалга хүргүүлсэн нь үндэслэлгүй болжээ. 

Хоёр. Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын орон тоонд сонгон шалгаруулалт зарласныг хууль бус байсан болохыг тогтоосон үндэслэл.

Төрийн албаны зөвлөл нь төрийн захиргааны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаархи дүгнэлтээ томилох эрх бүхий байгууллагад гаргах эрх хэмжээтэйн сацуу төрийн албаны хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлэх, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн албан хаагчийн тоо бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох, төрийн алба, төрийн албан хаагчтай холбогдолтой шаардлагатай мэдээллээр Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, бусад сонирхогч этгээдийг хангах, төрийн жинхэнэ албаны боловсон хүчний хэрэгцээг төлөвлөх, хангалтыг зохион байгуулах зэрэг төрийн албаны стандарт удирдлагыг хэрэгжүүлэх бүрэн эрхээ /чиг үүргээ/ хэрэгжүүлэх учиртай. 

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, 351 дугаар зүйлийн 351.1.4-т зааснаар яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын сул орон тоонд захиалгын дагуу сонгон шалгаруулалт зарлаж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, нэр дэвшигчийн талаарх дүгнэлтээ томилох эрх бүхий этгээд болох Засгийн газарт хүргүүлэх нь Төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээний асуудал хэдий ч мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-д зааснаар төрийн жинхэнэ албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол Төрийн албаны зөвлөл өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй байна.

Дээр дүгнэсэнчлэн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд сул орон тоо гарсан гэж үзэхгүй, түүнчлэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар “шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” бөгөөд Ж.Х-г Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж түүнийг өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 780 тоот албан бичгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандаж байсан атлаа түүнээс хэдхэн хоногийн дараа уг албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан нь хуульд нийцэхгүй байх ба нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Өөрөөр хэлбэл төрийн албаны стандарт удирдлагыг хэрэгжүүлж байгаагийн хувьд төрийн албаны хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлэх, төрийн албанд хууль дээдлэх зарчмыг хангуулах, мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн албан хаагчтай холбогдолтой шаардлагатай мэдээллээр Засгийн газрыг хангах үүргээ биелүүлээгүйгээс ийнхүү сонгон шалгаруулалт зарласан нь хууль бус болжээ.

Иймд Монгол Улсын Засгийн газраас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын орон тоонд сонгон шалгаруулалт зарлуулахаар захиалга хүргүүлснийг болон Төрийн албаны зөвлөлөөс Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын орон тоонд сонгон шалгаруулалт зарласныг тус тус хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Гурав. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хуулиар өөрт олгогдоогүй эрх эдэлж сонгон шалгаруулалтын захиалга хүргүүлсэн нь илт хууль бус гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд: 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар яамны Төрийн нарийн бичгийн даргыг Засгийн газар томилж, чөлөөлөх ба ийнхүү томилох эрх бүхий этгээдийн хувьд тухайн албан тушаалын орон тоонд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлд өгөхөөр байна. 

Гэвч Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д зааснаар “Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын ажлын алба” бөгөөд мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар Хэрэг эрхлэх газар нь “Засгийн газрын шийдвэр боловсруулах, хэрэгжүүлэх, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын харилцан ажиллагааг зохицуулахад туслах, хүний нөөцийн удирдлага, нийтлэг үйлчилгээний удирдлагаар хангах асуудлыг эрхлэн гүйцэтгэх”-ээр, 182.2-т “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг Засгийн газрын гишүүн тэргүүлэх”-ээр, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсгийн 2-т Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга “...төрийн албаны хүний нөөцийн асуудал ... ”-ыг эрхлэхээр тус тус хуульчилсан байна. 

Мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Хэрэг эрхлэх газрын дүрмийг Засгийн газар батална" гэж заасны дагуу Засгийн газрын 2006 оны 310 дугаар тогтоолоор батлагдсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дүрмийн 6.3-т “Хэрэг эрхлэх газрын дарга Засгийн газраас томилж, чөлөөлөх албан тушаалтны асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ” гэж заажээ. 

Хуулийн дээрх зохицуулалтаас дүгнэхэд яамдын Төрийн нарийн бичгийн даргын орон тоонд сонгон шалгаруулах захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйлдлийг сонгон шалгаруулалт зарлуулахаар захиалга өгөх Засгийн газрын бүрэн эрхэд халдсан гэж үзэхээргүй, харин Засгийн газрын ажлын албаны хувьд чиг үүргийг эрхлэн гүйцэтгэсэн байх тул “хуулиар өөрт олгогдоогүй эрх эдэлсэн” гэж үзэхгүй.  

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 351 дугаар зүйлийн 351.1.4, 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ХЭГ/1285 дугаар албан бичгийн 6 дахь хэсэг буюу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын орон тоонд сонгон шалгаруулалт зарлуулахаар захиалга хүргүүлснийг, Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын орон тоонд сонгон шалгаруулалт зарласныг тус тус хууль бус байсан болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол Улсын Засгийн газраас 35100 (гучин таван мянга нэг зуу), хариуцагч Төрийн албаны салбар зөвлөлөөс газраас 35100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ХАЛИУНА