Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2016/0157

 

Иргэн Н.Дулмаагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, О.Зандраа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч Н.Дулмаа, түүний өмгөөлөгч П.Алтанчимэг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 851 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 117 дугаар магадлалтай, Н.Дулмаагийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Н.Дулмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2004 онд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчаар анх ажилд орж, 2013 онд  сэлгэн ажиллуулах тушаалаар Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст, 2014 оны 04 дүгээр сараас Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст тус тус ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа төсвийн орлогын төлөвлөгөөг байнга давуулан биелүүлж, үр бүтээлтэй ажиллаж ирсэн ба өргөмжлөл, жуух бичгээр шагнагдаж байсан. Гэтэл намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан, ёс зүйн зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/260 дугаар тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Би байнгын эмнэлгийн хяналтад байдаг бөгөөд эмэгтэйчүүдийн хавдрын хүнд хагалгаанд орж байсан, цусны даралт ихэсдэг тул 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 25-ыг дуустал хэвтэн эмчлүүлж байхад ажлаас халсан байна. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудын үзэл бодолд нийцээгүйн улмаас Ёс зүйн хорооны дүгнэлт гарган, Татварын ерөнхий газарт хүргүүлж, намайг ажлаас халуулах ажлыг зохион байгуулсан бөгөөд эрх мэдэл, албан тушаалаар сүрдүүлэн, хүний ажил, хөдөлмөр хувь заяаг шийдэж, өвчтэй байх хугацаанд ажлаас халсанд гомдолтой байна. Татварын ерөнхий газрын даргын 2015 оны  05 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/260 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Татварын ерөнхий газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Н.Дулмаа нь Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 229 дүгээр тушаалаар Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчаар томилогдсон ба үүнээс хойш 3 сарын хугацаанд ажлын 44 хоногоос 20 хоног ажил тасалж, 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр тус хэлтсийн Ёс зүйн Салбар хорооны хурлаар оруулсан боловч сахилгын арга хэмжээ аваагүй сануулаад өнгөрсөн. Тэрээр үе үе ажлын чөлөө хүсэх, эмнэлгийн хуудас ирүүлэх, ажиллаж байх хугацаандаа ажлын цаг ашиглалт хангалтгүй зэргээр төрийн албаны хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байсан. 2014 оны 05 дугаар сарын 5-аас 9-ний өдрийг хүртэл 5 өдөр, 15-аас 19-ний өдрийг хүртэл 3 өдөр, 23-нд 1 өдөр, 6 дугаар сарын 3-20 хүртэл 14 өдөр, 30-нд 1 өдөр, 7 дугаар сарын 8-аас 16-ыг хүртэл 4 өдөр, 21-ээс 25-ыг хүртэл 5 өдөр, 9 дүгээр сарын 8-аас 12-ныг хүртэл 5 өдөр, 30-аас 10 дугаар сарын 21-нийг хүртэл 17 өдөр тус тус ажил тасалсан тул түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт, Татварын ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 9.4.14-т заасантай нийцсэн болно. Н.Дулмаа нь 2015 оны 01 дүгээр сард 2 өдөр тасалж, 42 минут хоцорсон, 02 дугаар сард 35 минут хоцорсон, 5 өдөр өвчтэй, 3 дугаар сард 3 өдөр тасалж, 46 минут хоцорсон, 4 дүгээр сард 3 өдөр тасалж, 1 өдөр чөлөөтэй, 58 минут хоцорсон, 5 дугаар сард 3 өдөр тасалсан байдаг. Иймд, Н.Дулмаагийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 851 дүгээр шийдвэрээр 1. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/260 дугаар “Ажлаас халах тухай” тушаал хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон, Н.Дулмааг урьд эрхэлж байсан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, 4,388,195 төгрөгийн цалин гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. 2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор тогтоожээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 117 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон байна.

Хариуцагч Татварын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Шүүх Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” бол “төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас хална” гэж заасан. “Албан үүргээ биелүүлээгүй” гэдгийг Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолоор “хууль тогтоомжид болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй байхыг хэлнэ” гэж тайлбарласан байна. Үүнээс үзвэл “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэдгийг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй байхыг ойлгохоос гадна хууль тогтоомжид заасан төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахих үүргээ биелүүлээгүй байхыг ойлгохоор байна. Татварын ерөнхий газрын даргын 2014 оны А/200 дугаар тушаалаар батлагдсан “Ёс зүйн хорооны ажиллах журмын 4 дүгээр зүйлийн 4.3.5-д “Салбар хорооны дүгнэлтээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.3, 73.2.4, 73.2.5-д заасан хариуцлага ногдуулахаар гаргасан шийдвэрт холбогдох этгээдийн гаргасан гомдлыг ТЕГ-ын дэргэдэх Ёс зүйн хороо авч хэлэлцэнэ” гэж заасан. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “Татварын ерөнхий газрын Ёс зүйн хороогоор хэлэлцүүлээгүй, нэхэмжлэгчид гаргасан гэх зөрчилтэй холбогдуулан баримт тайлбар гаргах эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах бололцоо олгоогүй нь Үндэсний татварын албаны ёс зүйн хорооны ажиллах журмыг зөрчсөн” гэжээ. Ёс зүйн хорооны ажиллах журамд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан хариуцлага хүлээлгэх тохиолдолд Татварын ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн хороогоор хэлэлцүүлэх тухай заагаагүй юм. Мөн Н.Дулмаа Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Ёс зүйн салбар хорооны 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шийдвэр гарсанаас хойш өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, холбогдох баримтыг ТЕГ-ын дотоод хяналт хариуцсан ажилтанд өгөх боломжтой байсан. Түүний хувьд ажлын цаг ашиглалт муу байгаа нь төрийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байна. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/260 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Дулмааг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан ёс зүйн зөрчил гаргасан” гэж Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг үндэслэн төрийн албанаас халж, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгожээ.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална: 25.1.1. Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж заасны “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэдэгт төрийн албан хаагч ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хугацаа, чанар, тоо хэмжээний хувьд хангалтгүй биелүүлсэн эсхүл зохих ёсоор биелүүлээгүй нөхцөл байдлыг ойлгох ба “ажил тасалсан, ажлын цаг ашиглалт муу” гэх зөрчил нь үүнд хамаарахгүй.

Н.Дулмаа 2015 оны 01 дүгээр сарын 12-13-ны, 02 дугаар сарын 02-06-ны, 3 дугаар сарын 19-20-ны, 5 дугаар сарын 15-22-ны өдрүүдэд тус тус эрүүл мэндийн улмаас буюу эмнэлгийн магадлагаагаар ажлаас чөлөөлөгдсөн, харин 02 дугаар сард 35 минут, 3 дугаар сард 81 минут, 4 дүгээр сард 18 минут тус тус хоцорч, 3 өдөр ажил тасалсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх бөгөөд  нэхэмжлэгчийн гаргасан уг зөрчилд хариуцлага ногдуулахдаа хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг үндэслэн түүнийг төрийн албанаас халсан нь  буруу болжээ.

Шүүхүүд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчилгүй хэргийг шийдвэрлэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Н.Дулмаагийн ажлын цаг ашиглалт муу, ажил тасалж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг зөрчсөн үйлдлийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзнэ” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 851 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 117 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                                   Х.БАТСҮРЭН