Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 1438

 

“Ремикон” ХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Оюунцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2016/00148 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ремикон” ХК-ийн

Хариуцагч “Тэнгэрлэг бүтээмж” ХХК-д холбогдох

           

Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 23 220 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

 

Хариуцагч “Тэнгэрлэг бүтээмж” ХХК-ийн гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Эрдэнэ-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь "Тэнгэрлэг бүтээмж" ХХК-тай 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээний дагуу манай компаниас 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд бетон зуурмаг хүлээн авсан. "Тэнгэрлэг бүтээмж" ХХК нь хүлээн авсан бүтээгдэхүүний төлбөрийг төлөлгүй өнөөдрийн байдлаар 15 480 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд үлдэгдэл төлбөр 15 480 000 төгрөг, алданги 7 740 000 төгрөг, нийт 23 220 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Тэнгэрлэг бүтээж” ХХК-ийн төлөөлөгч Б.Нямдорж шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь "Ремикон" ХК-тай огт гэрээ байгуулж байгаагүй. Б.Нямдорж миний бие "Тэнгэрлэг бүтээмж" ХХК-ийг 2008 онд үүсгэн байгуулсан цагаас хойш захирлаар ажиллаж байгаа. Л.Энхтүвшин гэдэг хүн хэзээ ч "Тэнгэрлэг бүтээмж" ХХК-ийн захирал байгаагүй. Нэхэмжлэгч нь 2012 оноос хойш бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ гэх гэрээ, төлбөр тооцоотой холбоотой асуудлыг нэг ч удаа тавьж байгаагүй, манай компаниас нэг ч удаа төлбөр шаардаж байгаагүй байж, гэнэт шүүхэд өгсөнд гайхаж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Тэнгэрлэг бүтээмж" ХХК-иас 23 220 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Ремикон" ХК-д олгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч "Ремикон" ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274 050 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Тэнгэрлэг бүтээмж" ХХК-иас тэмдэгтийн хураамжид 274 050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Ремикон" ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Тэнгэрлэг бүтээж” ХХК-ийн төлөөлөгч Б.Нямдорж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн дүгнээгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчид илт давуу байдал үүсгэж, буруу тайлбарласан зүйлийг нь засч чиглүүлэн, талуудыг шүүх хуралдааны явцад тэгш мэтгэлцэх боломжоор хангаагүй, миний гаргасан хэрэгт ач холбогдол бүхий хүсэлтүүдийг хүлээн авахгүй гэх мэт үйлдэл гаргаж байсанд гомдолтой байна.

1. "Ремикон" ХК нь "Тэнгэрлэг бүтээмж" ХХК-тай 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж гэрээний дагуу манай компаниас 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд бетон зуурмаг хүлээн авсан гэж мэдүүлсэн байдаг бөгөөд энэ өдрөөс хойш "бетон зуурмаг нийлүүлсэн мөнгөө авья" гэж "Тэнгэрлэг бүтээмж" ХХК-д мэдэгдэж байсан баримт хэрэгт байдаггүй. Мөн нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул бид цагдаад гомдол гаргасан ба 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дүүргийн 2 дугаар прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол гарсан. Энэ үеэс "Тэнгэрлэг бүтээмж" ХХК-тай байгуулсан гэрээний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхэлсэн гэж тайлбарласан боловч хэрэгт "эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол" нь байдаггүй. Тиймээс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг зөрчиж иргэний хэрэг үүсгэсэн.

2. "Тэнгэрлэг бүтээмж" ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд удирдах албан тушаалтан нь Б.Нямдорж миний бие ганцаараа байдаг үүнийгээ нотолж компаний хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэргийг хэрэгт хавсаргасан. Гэтэл шийдвэрийн үндэслэх хэсэгт “Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт “хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно" гэж заасан байх ба удирдах байгууллагын бүрэн эрхийг гэрчлэх зүйл нь тухайн компаний тамга байна гэж тайлбарласан бөгөөд ...би уг тамгыг хэрхэн яаж дарсан болохыг нотлуулахаар байгууллагын тамга ашиглаж гэрээнд гарын үсэг зурсан Л.Энхтүвшинг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан ч ач холбогдол бүхий хүсэлтийг хэрэгт хамааралгүй гэсэн үндэслэлээр хүлээн аваагүй байж миний эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргасан.

3. Шүүхийн үндэслэл болгож шийдвэрлэсэн төлбөр төлөлтийг гэрчлэх баримт бичгүүдэд "Тэнгэрлэг бүтээмж" ХХК-ийг төлөөлж хэн гарын үсэг зурсан нь тодорхойгүй, зарим баримт нь "Жинст заан" ХХК гэх мэт тайлбар байсан. Зөвхөн нэхэмжлэгч талын нягтлангийн гаргаж өгсөн санхүүгийн тооцоонд үндэслэсэн. Миний бие нэхэмжлэгч талын дансны хуулгыг тулгаж үзэх хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй бөгөөд харилцагчийн дансны хуулгын баримтыг авснаар манай компаний данснаас нэхэмжлэгчийн данс руу мөнгө шилжүүлж байгаагүй болохыг нотлох ач холбогдолтой байсан.

4. Тухайн гэрээнд "Тэнгэрлэг бүтээмж" ХХК-ийн захирал гарын үсэг зураагүй. Тамга тэмдэг нь хэтэрхий бүдэг тул манай компаний тамга мөн эсэхийг мэдэх боломжгүй байна гэдэг тайлбарыг шүүх хуралдааны явцад хэлж байсан боловч шүүх ач холбогдол өгч үнэлэлт өгөөгүй. Мөн хүчин төгөлдөр бус гэрээ гэж удаа дараа тайлбар өгсөн. Гэтэл миний тайлбарыг харгалзан үзээгүй. Л.Энхтүвшинг байгууллагын удирдлага гэдэг ойлголтыг төрүүлсэн хариуцагчийн буруу гэж дүгнэлт өгснийг ойлгоогүй. Учир нь хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд би Л.Энхтүвшин гэх хүн манай компаний эрх бүхий хүн мөн юм шүү гэж ямар нэг байдлаар нэхэмжлэгчтэй харьцсан зүйл байхгүй байгаа. Гэтэл шүүх уг тайлбарыг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгож дүгнэлт өгсөн. Тиймээс шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Ремикон” ХК нь хариуцагч “Тэнгэрлэг бүтээмж” ХХК-иас бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 23 220 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан гэж маргажээ.

 

“Ремикон” ХК, болон “Тэнгэрлэг бүтээмж” ХХК-ийн  хооронд байгуулагдсан гэх 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” /хх-7-10/-нд худалдан авагч тал буюу “Тэнгэрлэг бүтээмж” ХХК-ийг төлөөлж  Л.Энхтүвшин гарын үсэг зурж, тус компанийн тамга дарагдсан байна. 

 

Компанийн гүйцэтгэх удирдлагаас өөр этгээд компанийг төлөөлж гэрээ байгуулах тохиолдолд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2 дахь хэсэгт зааснаар итгэмжлэл олгогдсон байхыг шаардах ба удирдах байгууллагын бүрэн эрхийг компанийн тамга гэрчилнэ гэх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болоогүй байна.

 

Анхан шатны шүүх гэрчээр Л.Энхтүвшинг оролцуулах хариуцагчийн хүсэлтийг хангаагүй атлаа Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар дүгнэлт хийсэн нь нотлох баримтад үндэслэгдээгүй.

 

Хариуцагч “Тэнгэрлэг бүтээмж” ХХК-иас 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр Л.Энхтүвшинг асуулгах, хариуцагч нь бетон зуурмагийн үнэ төлсөн гэх “Ремикон” ХК-ийн дансны дэлгэрэнгүй хуулга, төлбөрийн баримтуудын хуулбарыг тухайн банкнаас  гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн бөгөөд нотлох баримт бүрдүүлэх талаар хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Түүнчлэн хэрэгт авагдсан хариуцагч “Тэнгэрлэг бүтээмж” ХХК-ийн нэр дээр бичигдсэн санхүүгийн анхан шатны баримтууд дээр зурагдсан гарын үсэг тухайн худалдан авагчийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурсан эсэх асуудал тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу.

 

Иймд анхан шатны шүүх нотлох баримт дутуу бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2016/00148 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

          2.  Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Тэнгэрлэг бүтээмж” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274 050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Н.БАТЗОРИГ

 

                                        ШҮҮГЧИД                                              Ч.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                                       Д.БАЙГАЛМАА