Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2017/ДШМ/001

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Ялтан *******                           

Ялтны өмгөөлөгч *******, *******

Нарийн бичгийн дарга Л.Хаш-Эрдэнэ нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж шүүгч Н.Баасанбат, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар *******т холбогдох эрүүгийн 201505000362 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, 1992 оны 2 дугаар сарын 17-нд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, зенит атлерчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 26 дугаар хороо, 63/б тоотод оршин суудаг, хэрэгт холбогдох үедээ Зэвсэгт хүчний 326 дугаар ангид салаан захирагч ажилтай байсан, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /*******/

******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын тоотод 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 12-нд шилжих шөнө *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар *******ын толгой, нүүр хэсэгт төмрөөр цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: ******* овогт *******гийн *******ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар *******т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмрийг устгаж, хохирогч *******ын толгойн томографын 5 ширхэг зургийг хохирогчид буцаан олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн *******ын эзэмшлийн 3 толгой сарлагын үхэрийг түүнд буцаан олгож, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хохирогч өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар *******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж түүний эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

Ялтан ******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс хүлээн зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн орой хохирогч *******тай хэрүүл маргаан хийж, харилцан бие биенээ зодож гэмтээгээд байхаар нь өөрийнхөө биеийг хамгаалах зорилгоор энэ хэргийг хийсэндээ маш ихээр гэмшиж байна. Хохирогч эмчилгээ хийлгэсэн зардлыг баримтын хүрээнд төлж барагдуулсан. Мөн хохирогч нь надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй харилцан уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн байсныг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй хэт өндөр ял оногдуулсанд гомдолтой байна.

Энэ хэргийг шалгах явцад би ч гэсэн биедээ гэмтэл авч, хохирогч байсан. Гэтэл хэтэрхий нэг талыг барьж ял тулган яллаж байгааг ойлгохгүй байна. Адилхан аавын хүү учраас өөр өөрийнхөө үйлдэлд дүгнэлт хийж, гэм нь урдаа гэмших нь хойноо гэдэг нь болж байна. Миний ар амьдралын хувьд 2010 онд ээжийгээ алдаад одоо 80 шахсан настай, даралт өндөртэй, байнгын эмчийн хяналтанд эмчилгээ хийлгэдэг, хөдөө гэртээ ганцаараа хэдэн малтай бусдын асаргаа, хараа хяналт зайлшгүй шаардлагатай аавыгаа зовоож байгаад туйлын их харамсаж байна. Улаанбаатар хотод эхнэр, хүүхэд хоёрыгоо өнчрүүлээд ийм зүйлд орооцолдсондоо үнэхээр гэмшиж байна. Нас өндөр аавынхаа амьд сэрүүн дээр шорон гэдэг энэ зүйлээс гарах юмсан гэж бодож байна. Эрхэм шүүгч та бүхэн хүний амьдрал алдаа оноог дэнсэлж нинжин сайхан сэтгэл, уужуу алсын ухаанаар энэ асуудлыг тунгаан шийдэж өгөхийг хүсч байна.

Би 2014 онд Батлан хамгаалахын их сургууль төгсөөд ажил амьдралаа эхлүүлж, эд хийж бүтээх насандаа төмөр торны цаана олон жил болно гэдэг бол үнэхээр давахгүй даваа мэт санагдаж байна. Хүү минь аавыгаа санаж, ээжийгээ хоргоон зовоож байгаа нь миний зүрхийг шимшрүүлж байна. Манай улсын төрийн хууль их хатуу юм байна гэдгийг мэдэрсэн, хохирогч гомдол саналгүй гэж байхад нэг удаа өршөөж, хорихоос өөр төрлийн хөнгөн ял хариуцлагыг оногдуулах боломж бололцоо байдаггүй, юм болов уу. Амьдрал гарын алга мэт эргэдэг юм байна. Иймд та бүхэндээ хандаж байгааг хүлээн авч, миний хэргийг дахин нэг хянан шалгаж, ял зэмлэлийг хөнгөлж өгөхийг чин сэтгэлээсээ хүсч байна. Хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь юу байсан байна вэ? гэдгийг адил тэнцүү шалган тогтоож, үнэн зөв дүгнэлт хийж, миний хэргийг дахин нэг хянаж өгнө үү, мөн миний болон хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдэд эргэлзэж байгаа гэв.

Ялтан *******ын өмгөөлөгч ******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Гэмт хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаар маргах, мэтгэлцэх зүйлгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон хохирлыг бүрэн барагдуулж одоогийн гэм хорыг арилгасан, цаашид гарах гэм хор, хохирлыг барагдуулах ажлыг ялтан ******* өөрийн ажил хөдөлмөр, олсон орлого, хөрөнгөөр төлж барагдуулах шаардлагатай тул түүний хувийн болон ар гэрийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн зохих заалтыг баримтлан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү гэв.

Ялтан *******ын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг хэрэгт *******ыг хохирогчоор байцаахдаа ямар хэрэгт хохирогчоор тогтоосон талаар танилцуулалгүй байцаалт авсан мөн бичиг баримтын стандартын шаардлага зөрчсөн, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

Оролцсон прокуророос: *******т холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих зүйлийг бүгдийг шалган хэргийг зөв зүйлчилсэн, анхан шатны шүүхээс оногдуулсан ял түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг ******* болон түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор болон 2016 оны 8 дугаар сарын 2, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрүүдийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгөн “...миний баруун нүд юм харахгүй байгаа..., ...нүд Монголд эмчилгээ байхгүй гэсэн, Солонгос руу бичиг явуулж хариу авсан, хараа орно гэдгийг баттай хэлээгүй, эмчилгээний явцад мэдэгдэнэ гэсэн..., ...зовхи хаалттай байгаа учраас нээгдсэн үед нь нүдэнд хагалгаа хийх боломжтой гэсэн..., ...нүдний хараа орж магадгүй гэж эмч нар хэлж байгаа, нөгөө эрүүл нүдэндээ нөлөөлөөд загтнаад байгаа, баруун нүд огт харахгүй байгаа..., ...зүүн нүдэнд нөлөөлөх учраас салгуулах хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн...” гэж мэдүүлсэн, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн өвчний түүхэнд “...баруун нүдний хүүхэн хараа өргөссөн ДS: нүдний алимны хөдөлгөөн чөлөөтэй баруун нүд птозтой..., ...нүдний эмчийн зөвлөгөө...” гэсэн байхад /хх-ийн 1-р хавтас 182, 214, 2-р хавтас шүүх хуралдааны тэмдэглэл 33, 37-р тал, 65, 132, 133-р тал/ Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 596 тоот дүгнэлт, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01 тоот нэмэлтээр гаргасан шинжээчийн дүгнэлтүүдэд /хх-ийн 1–р хавтас 52, 61-р тал/ *******ын нүдний хараанд өөрчлөлт орсон эсхүл хараагүй болсон эсэх талаар тусгагдаагүй, өөрөөр хэлбэл дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь илт эргэлзээтэй, дутуу байх тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу дахин шинжилгээ хийлгэх нь зүйтэй байна.    

Дээрх нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тодруулснаар ******* нь цаашид гэм буруутай этгээдээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэх болон ял шийтгэлийг шүүхээс оногдуулахад ач холбогдолтой болохыг анхаарвал зохионо.  

Мөн *******ын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн 3 удаагийн дүгнэлтүүд хоорондоо эрс зөрүүтэй, *******т учирсан гэмтлүүд нь анх учрах үедээ ямар шинж байдалтай байсан, уг байдлаараа гэмтлийн ямар зэрэгт хамаарч байсан зэрэг дээрх шинжээчийн дүгнэлтүүдийн зөрүүг арилгасны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Түүнчлэн прокуророос 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 30 тоот тогтоолоор *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, уг тогтоолыг хохирогч болон бусад этгээд 7 хоногийн дотор гомдол гаргаж болохоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.5-т хуульчилсан байхад хэргийн оролцогчийн уг эрхийг нь эдлүүлэхгүйгээр хязгаарлан 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр буюу 3 хоногийн дараа хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн зөрчил гэж үзнэ.

Иймд дээр дурдсан зөрчлүүдийг арилгахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан гэж үзэх боломжгүй байх тул магадлалд заасан үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар ******* болон түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй байгааг болон *******ын үйлдсэн гэмт хэргийн ангиллыг харгалзан түүнд анхан шатны шүүхээс хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэсэн болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар

зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 318 дугаар

зүйлийн 318.1, 318.2.1, 322 дугаар зүйлийн 322.1-т

тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, *******т холбогдох эрүүгийн 201505000362 тоот хэрэгт магадлалд заасан үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5-д зааснаар хэргийг прокурорт очтол *******т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА    

                                     ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                                  Т.ДАВААСҮРЭН