| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 183/2023/03149/И |
| Дугаар | 210/МА2024/00540 |
| Огноо | 2024-03-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2024/00540
2024 оны 03 сарын 18 өдөр Дуга 210/МА2024/00540
Ч.Тийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/03719 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ч.Тийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: М.Гт холбогдох,
Хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ганбаяр, Г.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Миний аав Ч.Ч нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 17041, Туул гол, 87-р байр 42 тоот орон сууцыг миний өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Гэтэл, Ч.Т миний өмчлөлийн орон сууцанд М.Г гэх хүн амьдарч, байрнаас гарахгүй байгаа нь миний өмчлөх эрхийг зөрчиж байна.
Иймд М.Гыг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 17041, Туул гол 87 байр 42 тоот орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
2.1. Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр /17041/, Туул гол, 87-р байр, 42 тоот маргаан бүхий байрны тухайд тухайн маргаан бүхий байрны жинхэнэ өмчлөгч нь миний төрсөн эгч Мгийн Б юм.
2.2. М.Б нь нэхэмжлэгч Ч.Тийн эцэг, талийгаач Ч.Чын ХББСБ ХХК-аас 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 87-р байр, 42 тоот хаягт байрлах, 80 м.кв, 3 өрөө, Ү-2206023315 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаалж, 88,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар зээл авсан.
2.3. 2016 онд М.Бы ажил бизнес доголдсоноор тухайн зээлийг төлөх боломжгүй талаараа ХББСБ ХХК-ийн захирал талийгаач Ч.Чад мэдэгдсэн. Үүний дараа байруудыг ХББСБ ХХК-д шилжүүлэн авч 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Ү-2206023515 үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг худалдах гэрээ, Ү-2206023312 үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг худалдах гэрээнүүдийг тус тус байгуулсан.
Улмаар 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр М.Бы нэр дээр байсан маргаан бүхий байрыг ХББСБ ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр бусдад буюу талийгаач Ч.Ч өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсаныг мэдсэн.
Ингээд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан ба маргааныг хянан шийдвэрлэгдэж байх үед хариуцагч Ч.Ч нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нас барсан юм.
2.4. Ч.Т нь өөрийн эцэг, талийгаач Ч.Чаас 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 6034 бүртгэлийн дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-гээр шилжүүлэн авсан ба манай талыг талийгаачид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах үед охиндоо бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байдаг.
Дээр дурдсанаар зээлийн барьцаанд байсан байрыг нэхэмжлэгч Ч.Т нь эд хөрөнгийг шударгаар олж авсан гэж үзэж үндэслэлгүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрх үүсээгүй.
2.5. Түүнчлэн нэхэмжлэгч Ч.Т болон түүний талийгаач эцэг Ч.Ч нарын хооронд хийгдсэн Бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байгаа тул Ч.Т нь хариуцагч нараас тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шаардах эрхгүй байна.
Иймд дээрх татгалзлын үндэслэлүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар хариуцагч М.Гын эзэмшлээс Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр /17041/, Туул гол, 87 байр, 42 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206023312 дугаартай орон сууцыг албадан чөлөөлүүлж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Гаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Тид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Тухайн маргаан бүхий байрны жинхэнэ өмчлөгч нь М.Гын төрсөн эгч М.Б юм. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан өмчлөгч гэх ойлголт нь тухайн эд хөрөнгийг өмчлөгч нь шударгаар олж авсан байх тухай ойлголт юм. Иймээс эд хөрөнгийн өмчлөх эрхийн үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх гэж байгаа буюу талийгаач Ч.Ч, М.Б нарын 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ байгуулсныг үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээ гэж үзэх боломжгүй.
Шүүх миний тайлбарыг үл хэрэгсэж, тухайн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр эсэхийг дүгнэлгүйгээр дээрх шийдвэрийг гаргасан нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж үзэж болохоор байна.
4.2. Тус шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр 17041, Туул гол, 87-р байр, 42 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206023312 дугаартай орон сууцыг өмнө М.Б эзэмшдэг байсан. М.Б нь ХББСБ ХХК-аас 80,000,000 төгрөгийн зээл авсан ба зээлийн барьцаанд дээрх орон сууцыг барьцаалсан, тус орон сууц нь хариуцагч М.Гын эзэмшилд байгаа талаар талууд маргаагүй гэсэн байна.
4.3. Гэхдээ шүүх нэг зүйлийг орхигдуулсан байгаа нь М.Б нь тухайн нэхэмжлэлийг дүүгээсээ итгэмжлэл хийж гардаж авсан байдаг бөгөөд, тухайн итгэмжлэл дээр энэхүү маргаан бүхий байр дээр М.Б эзэмшиж, ашиглаж байгааг нь шууд харж болохоор байгаа юм. М.Гын хувьд тухайн байранд амьдардаггүй, эзэмшдэггүй гэдгээ илэрхийлээд байхад шүүх энэ талаар тодруулаагүй, хэргийн нөхцөл байдлыг тодорхойлолгүй шийдвэрлэсэн нь шүүх хэргийг бодит байдалд тулгуурлалгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагчийг энэ байрыг эзэмшиж байгаа гэсэн ямар ч нотлох баримт хэргийн материалд байхгүй байхад ийм шийдвэр гаргажээ. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байна гэх шаардлагыг хангахгүй байна.
Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/03719 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иргэний хуулийн 106, 114 дүгээр зүйлд заасныг буруу хэрэглэсэн гэж гомдол гаргасан. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар хууль ёсны өмчлөгч гэдэг нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдоно.
Анхан шатны шүүхийн шийдвэр болон хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Улсын бүртгэлийн тухай хууль болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар өмчлөх эрх шилжүүлэх гэрээ болон өмчлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг гаргаснаар Ч.Тийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан.
5.2. Хариуцагч талаас М.Г амьдраагүй, М.Быг амьдарч байгааг харгалзаж үзээгүй гэж гомдолдоо дурдсан байна. М.Быг тус байранд амьдарч байгаа талаарх нотлох баримтыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй.
Нэхэмжлэгчийн зүгээс тус хорооны Засаг даргаас хэн амьдарч байгаа талаар тодруулахад М.Гыг тус байранд амьдарч байгаа гэх тайлбарыг өгдөг тул уг нөхцөл байдлыг үндэслэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч М.Гт холбогдуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 17041, Туул гол, 87-р байр, 42 тоотод байрлах 80 м.кв талбайтай орон сууцыг М.Гын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасныг хариуцагч ... нэхэмжлэгч нь шаардах эрхгүй, мөн уг байранд оршин суудаггүй ... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 35-36/
3. Нэхэмжлэгч Ч.Т нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 17041, Туул гол, 87-р байр, 42 тоотод байрлах 80 м.кв талбайтай орон сууцыг хууль ёсны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан 001059399 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр зэргээр нотлогдож байна. /хх 4/
4. Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд амьдардаггүй гэж маргах боловч уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.
Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, улмаар хариуцагч М.Гт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ч.Тийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв.
5. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 17041, Туул гол, 87-р байр, 42 тоотод байрлах 80 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлийг хууль зөрчсөн болохыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй тохиолдолд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл үнэн зөв гэж үзнэ. Хариуцагчийн Ч.Тд үл хөдлөх эд хөрөнгө хууль бусаар шилжсэн тул шаардах эрхгүй талаар гаргасан гомдол үндэслэлгүй.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/03719 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
С.ЭНХБАЯР