Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 475

 

 

 

 

 

 

 

 

    2019       03          28                                   475

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан, 

Шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Тд холбогдох эрүүгийн 1906 00374 0333 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г.Т,

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Т нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Колонкийн автобусны буудлын орчим байрлах ТҮЦ-нд иргэн Б.Наранзул ажиллаж байхад Ай фонэ-7 плас, Самсунг Эс-7 маркийн гар утаснуудыг нь янзалж өгнө гэж хуурч мэхлэн авч залилан, бусдад 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.                        

                                                                                     /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 00374 0333 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судалхад шүүгдэгч Г.Т нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Б.Наранзулын мөрдөн байцаалтанд өгсөн:

2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ТҮЦ-нд сууж байтал гаднаас манай урьд өмнө ТҮЦ-нд сууж ажилладаг байсан н.Батцэцэгийн танил гэх зүс таних залуу орж ирсэн. Би түүнд гар утсаа гаргаж ирээд гар утасны тохиргоо хийгээд өгөөч гээд утасныхаа кодыг гаргаад Санмсунг эс-7, Ай фон-7 плас загварын гар утсаа гаргаж өгсөн. Нөгөө залуу утсыг маань оролдож байгаад гэнэт гараад гүйгээд явсан. Би ард нь хөөе гээд хашгираад үлдсэн. Түүнээс хойш зүс таних Түвшөө гэх залуу манай дэлгүүрээр орж ирээгүй.

Би 2 гар утасаа бүрэн бүтэн хүлээн авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 54/,

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Мөнх-Очийн мөрдөн байцаалтанд өгсөн:

...Миний түрээслэн ажлуулдаг Лоло лобарданданд төрсөн ах Ц.Мөнх-Од сууж ажилладаг юм. Ингээд ах маань ломбарданд сууж байхдаа 2018 оны 12 сарын 30-ны орой үл таних хүүхэд орж ирээд бичиг баримт байхгүй аавтайгаа хамт явж байсан гээд Ай фонь 7 маркийн гар утсыг 7 хоногийн хугацаатай 750.000 төгрөгөөр барьцаанд авсан байсан. Тухайн барьцаанд гар утас тавьсан хүүхдийг нэрийг Ганбатын Түвшинбаяр гэж бүртгэж авсан байсан. 750.000 төгрөгөө нэхэмжилж авмаар байна гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

 

Гэрч Ц.Мөнх-Одын мөрдөн байцаалтанд өгсөн:

2018 оны 12 сарын 30-ны өглөө миний ажилладаг Баянгол дүүргийн 2 дугаар хороо 25 эмийн сангийн орчим байрладаг Лоло ломбарданд үл таних 18-20 орчим насны эрэгтэй хүүхэд ганцаараа орж ирээд гар утас барьцаанд авах уу Ай фонь 7 плас гэхээр нь гар утсыг нь үзэхэд тэр хүүхэд утсан дотор өөрөө симээ хийсэн байсан. ...тэр хүүхэд бичиг баримтаа орхисон байна, аавтай хамт яваа, аавын жолооны үнэмлэх болох уу гэхээр нь болно гэхэд гараад 57 орчим насны эрэгтэй хүн дагуулаад орж ирсэн. Хархад хоорондоо адилхан байхаар нь итгээд, өөрөө ирж авна гэхээр нь зургийг нь дараад баталгаа болгоод үлдсэн.  Ингээд Ганбатын Түвшинбаяр гэх залууд 750.000 төгрөг 7 хоногийн хугацаатай барьцаанд Ай фон 7 плас маркийн гар утас авч үлдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

 

Гэрч Г.Батсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2018 оны 12 сарын 30-ны шөнө 23:00 цагийн үед Сансарын тунел дээр таксинд явж байхад үл таних 20 орчим насны залуу сууж онгорхой ломбард байвал гар утас тавиад би чамд таксины мөнгө өгнө. 25 дугаар эмийн санруу явъя гэхээр нь явсан. ... ломбард ажиллахгүй байтал Түвшинжаргал гэх залуу буцаад сансар явъя гээд замдаа чи намайг онгорхой ПС тоглоомын газарт буулгачих. Тэгээд надад 10.000 төгрөг өгчих би чамд Самсунг Эс7 маркийн гар утсыг барьцаанд үлдээе. Гар утас манай эгчийнх би гар утас эгчээсээ нууцаар аваад гарч ирсэн 140.000 төгрөгөөр гар утсыг зарна гэж хэлсэн. Тэгээд би өөрт байсан 5.000 төгрөгөө өгөөд түүнийг МУИС-ийн 2 орчим байх тоглоомын газарт буулгаад гар утсыг нь авахад гар утас нь кодтой байсан. Маргааш нь Түвшинжаргал надруу миний утасны дугаараар фэйсбүүк хаягыг олоод "сайнуу нөгөө утсаа авах гэсэн юм. Би өчигдөрийн такси барисан залуу байна" гэж хэлэхээр нь би чат бичиж байгаад Г.Т надад гар утсаа 140.000 төгрөгөөр зарахаар болж 12 сарын 30-ны орой түүнтэй буулгасан ПС-ны гадаа уулзаад би түүнд бэлнээр 40.000 төгрөг өгөөд гар утасны кодыг гаргуулах гэтэл тэр гар утасны кодыг мэдэхгүй гэхээр нь би Теди төв дээр гар утасны кодыг гаргуулсан. Би болсон үйл явдлын он cap хугацааг зөрүүлсэн байж магадгүй. Мөнгө өгсөн өдрийн дараа маргааш нь намайг Түвшинжаргал цагдаа дээр байна гээд гар утас хулгайн гар утас талаар хэлсэн. Би цагдаа дээр ирээд уулзсан. Тухайн үед надад гар утас байгаагүй. Би 2-3 хоног бариад танил нутгийн залуу н.Буджавт гар утсыг 160.000 төгрөгөөр зарсан. н.Буджавт би таксинд явж байгаад хүнээс гар утас авсан чи гар утас авах уу гэж асууж байгаад зарсан. Би Г.Тд гар утасны үлдсэн мөнгө 100.000 төгрөгийг өгөөгүй. Гэхдээ би таксины 20.000 төгрөг хасаад 80.000 төгрөг өгөх ёстой байсан. н.Буджавт гар утсыг зараад Г.Тд үлдсэн 80.000 төгрөгийг нь өгөх гэтэл би өөрөө мөнгөний хэрэгцээ гараад мөнгийг өөр зүйлд хэрэглэсэн байсан. Би Г.Тд өгсөн 45.000 төгрөгөө нэхэмжилж авахгүй. Надад гомдол байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч болон иргэний нэхэмжлэгчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3, 8, 14/,

-Эд зүйл хураан авсан ““... имей кодтой ай фонь 7 плас маркийн гар утас 1 ширхэгийг Ц.Мөнх-Одоос, ... имей кодтой самсунг эс-7 маркийн голд өнгийн гар утас 1 ширхэгийг Ц.Буджаваас хураан авч...” гэх тэмдэглэл гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 31-33/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн “... имей кодтой ай фонь 7 плас маркийн гар утас 1 ширхэг, ... имей кодтой самсунг эс-7 маркийн голд өнгийн гар утас 1 ширхэгийг Б.Наранзулд хүлээлгэн өгч...” гэх тэмдэглэл /хх-ийн 34-35/,

-мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 74/,

 

Хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ны 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б32-19-Н-002 дугаартай:

2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар Iphone 7 plus маркийн гар утас нь 750.000 төгрөг, самсунг эс-7 маркийн гар утас нь 270.000 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээний тайлан /хх-ийн 56-57/,

           

Шүүгдэгч Г.Тын мөрдөн байцаалтанд өгсөн:

2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сансарын Колонкийн автобусны буудлын орчим байрлах ТҮЦ-нд иргэн Б.Наранзул ажиллаж байхад нь Ай фоне 7 плас, Самсунг Эс-7 маркийн гар утаснуудыг нь янзалж өгнө гэж авч зогсож байгаад зугатааж авч явж тухайн шөнө н.Батсүх гэх таксины жолоочид таксины мөнгөний барьцаанд Самсунг Эс7 маркийн гар утсыг үлдээгээд маргааш өдөр нь н.Батсүхэд гар утсыг 150.000 төгрөгөөр захараар болж түүнтэй уулзахад тэр надад 40.000 төгрөг байна гээд өгсөн үлдсэн мөнгийг нь дараа авахаар тохирсон юм би уг залууд гар утсыг эгчийн утас байгаа юм гэж хэлсэн. Би тэр залуугаас үлдсэн мөнгийг аваагүй байгаа. Ингээд 2018.12.30-ны өдөр 25 дугаар эмийн сангийн ойролцоох Лоло нэртэй ломбарданд Ай фоне 7плас маркийн гар утсыг 750.000 төгрөгний барьцаанд тавьсан. Би уг ломбарданд дагулж орсон таксины жолоочийг огт танихгуй машиных нь дугаарыг мэдэхгүй, тэр хүнд хамт ломбардруу орсон гээд ямар ч мөнгө төгрөг өгөөгүй таксины мөнгийг нь л өгсөн байгаа тэгээд би гар утас барьцаанд тавьсан мөнгөөрөө өөртөө хэрэглээд хувцас аваад өмсөөд дуусгасан. Надад мөнгө хэрэгтэй байсан юм.  би Улаанбаатар хотод оршин суух хаяггүй, компьютер тоглоомын газруудаар хонодог. Улаанбаатар хотод Хөдөө аж ахуй, сансар орчмоор явж биеэ үнэлэгч нарт хүн олж өгч дундаас нь мөнгө авч хоол унд авч идэж байсан. Би хэрэг үйлдсэндээ шүүхээр орох байсан учраас айгаад зугатаасан юм би гадуур зугатааж явж байхдаа, бөхийн өргөөний орчим 10 хоног компьютер тоглоомын газарт хонож явсан, дараа нь хороололд байх Гэми арина тоглоомын газарт 10 гаруй хоносон мөн өөрийн танил Сэвжээ ахын гэрт 9 хоноод явж байсан би саппоро дээр шөнө архи уугаад явж байсан. намайг цагдаагаас хайж байсан талаар мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Г.Тын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Г.Т нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Колонкийн автобусны буудлын орчим байрлах ТҮЦ-нд иргэн Б.Наранзул ажиллаж байхад Ай фонэ-7 плас, Самсунг Эс-7 маркийн гар утаснуудыг нь янзалж өгнө гэж хуурч мэхлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Г.Т нь хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Шүүгдэгч Г.Тыг Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, үнэ төлбөргүйгээр хууль бусаар бүрмөсөн эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог. 

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Наранзулд өөрийн нь эзэмшлийн гар утаснуудыг холбогдох ажиллагааны дагуу буцаан өгсөн. Тэрээр хохирол, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн. Иргэний нэхэмжлэгчид учруулсан 750.000 төгрөгийн хохиролыг төлж барагдуулсан талаар нотлох баримт шүүхэд ирсэн байх тул тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн арилсан. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүх шүүгдэгч Г.Тд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг төлж барагдуулсан байдал, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Тд 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсэн байх ба түүний цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Г.Тыг хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тыг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тын цагдан хоригдсон арван гурав хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож нийт 104 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний эдлэх ялаас хасч тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тыг шүүх хуралдааны танхимаас сулалсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Тд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Тд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ