Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2024/00539

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 18 өдөр Дуга 210/МА2024/00539

 

 

Х.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2023/05041 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х.Сийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Мт холбогдох,

 

Ажлын хөлс 8,055,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, илүү төлсөн 3,283,800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.С, хариуцагч Д.М, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Чанцал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.12023 оны 01 дүгээр сард миний бие зарын дагуу Д.Мтай барилгын дотоод заслын ажил хийхээр анх очиж уулзсан.

1.2. Ажлын хөлсөө 1 өдрийн 80,000 төгрөг байхаар тохиролцон, 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 07 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ажиллахаар болсон.

1.3. Ингээд Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд байрлах Зэндмэнэ-Эрдэнэ хотхон болон Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах Актив гарден хотхоны дотоод заслын ажлыг хийхдээ 6 сар буюу 180 хоногоос сард 5 удаа амарсан гэж тооцоход 150 хоног ажилласан байна.

1.4. Миний бие 150 хоногийн цалинд 12,000,000 төгрөг авахаас 4,445,000 төгрөгийг авсан ба хариуцагч үлдэгдэл цалин 7,555,000 төгрөгийг өгөөгүй. Мөн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 9 айлын цагаан замаскийг 3,000,000 төгрөгт хийгээд өгөөч гэсний дагуу 6 айлын цагаан замаск буюу 2,000,000 төгрөгийн ажил хийсэн боловч 1,500,000 төгрөгийг төлж, үлдэх 500,000 төгрөгийг өгөөгүй. Иймд нийт үлдэгдэл 8,055,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлттэй байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Манай Ш ХХК нь бусад байгууллагатай гэрээ хийж, барилгын заслын ажлын туслан гүйцэтгэгчээр ажилладаг. 2023 оны 01 сард анх зарын дагуу ажиллахаар ирж байсан. Х.Стэй анх ярилцаж тохиролцохдоо хийж гүйцэтгэсэн ажлын үнэлгээгээр ажлын хөлс бодож өгөхөөр тохиролцсон бөгөөд өдрөөр тооцож ажлын хөлс өгөх талаар яриагүй.

2.2. Х.С нь тохиролцсоны дагуу хийхээр тохиролцсон ажлаа дуусгаагүй орхиод явсан тул үлдсэн ажлыг нь өөр хүмүүст ажлын хөлс өгч хийлгэсэн.

2.3. Миний бие Х.Сд ажлын хөлсийг нь гуйсных дагуу тухай бүр урьдчилаад өгч байсан ба харин ч хийсэн ажлаас нь илүү мөнгө өгсөн. Энэ хугацаанд Х.Сийн болон түүний хэлсэн хүмүүсийнх нь данс руу нэхэмжлэгчид нийт 15,283,800 төгрөгийг өгсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. Нэхэмжлэгч нь тохиролцсоны дагуу хийж гүйцэтгэсэн ажлаа дуусгаагүй, хийсэн ажлаа хүлээлгэж өгөөгүйгээс алдагдалд орсон. Иймд нэхэмжлэгчид өгсөн 15,283,800 төгрөгөөс илүү төлсөн 3,283,800 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэл гаргасан татгалзал, хариу тайлбарын агуулга:

4.1. Хариуцагчаас миний дансанд орж ирсэн мөнгө нь 7,000,000 гаран төгрөг байгаа. Би хариуцагчаас 15,283,800 төгрөгийг аваагүй. Ажилтнуудын цалинд өгсөн гэх 4,400,000 төгрөгийг энэ мөнгө дээрээ нэмж оруулаад байна.

4.2. Би хийгээгүй ажлын мөнгөө хариуцагчаас нэхээгүй тул сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан Д.Мт холбогдох 8,055,000 төгрөг гаргуулах тухай Х.Сийн нэхэмжлэлийг, Х.Сд холбогдох 3,283,000 төгрөг гаргуулах тухай Д.Мын сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан нэхэмжлэгчээс төлсөн 145,830 төгрөг, хариуцагчаас төлсөн 67,500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Хариуцагч Д.Мтай хөлсөөр ажиллах гэрээгээр ажилласан бөгөөд ажлын хөлс 8,055,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсныг шүүх хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэнгүй.

Би ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаагүй, ямар нэгэн үр дүнг хүлээлгэж өгөх үүрэг хүлээгээгүй, хариуцагчийн захиалагчаасаа авсан барилгын дотор заслын ажил, үйлчилгээг өдрийн 80,000 төгрөгөөр гүйцэтгэхээр хөлсөөр ажилласан юм.

6.2. Шүүхээс миний ажилласан өдрийг 132, 8 өдөр гэж тогтоосноос үзвэл 132 өдрийн ажлын хөлс 10,560,000 төгрөг болж байх ба үүнээс би 3,997,500 төгрөгийн 2,837,500 төгрөгийг хариуцагч Д.Мын ажлыг хийсэн өдрийн ажилчиддаа өөрийн данснаас шилжүүлэн өгсөн, үүнийг шүүх анхаарсангүй, үүнийгээ нотлохоор Банкны харилцах дансны хуулга гаргаж өгсөн. Иймээс бусад ажилчдад өгсөн 2,837,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.

Өөрөөр хэлбэл, бусад ажилчдын өдрийн цалинг хариуцагч Д.М нь над руу шилжүүлсэн бөгөөд өөрийн дансаараа авч түүнийг нь би тэдгээр ажилчдад шилжүүлэн өгснийг шүүх миний ажлын хөлс гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, буруу дүгнэжээ.

6.3. Д.Мын данс руу 1,160,000 төгрөгийг би буцаан явуулсан ба энэ шүүхэд гаргаж өгсөн дансны хуулгаар нотлогдоно. Харин шүүх 4,057,500 төгрөгийн ажлыг минь нотлогдоогүй гэж дүгнэсэн, нэхэмжлэлийн энэ хэсгийг хариуцагчаас гаргуулахгүй байж болно.

Иймд миний үлдэгдэл 3,997,500 төгрөг/2,837,500+1,160,000/-ийг хариуцагч Д.Мгаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа өдрөөр ажиллаж байсан, 150 өдөр ажилласан гэж тайлбарладаг. 150 өдрийн цалингаас 4,000,000 гаруй төгрөгийг өгөөд, үлдэгдлийг нь өгөхгүй байна гэж нэхэмжлэл гаргасан.

5.2. Хэрэгт Д.Мын данснаас Х.Сийн данс руу 15,000,000 гаруй төгрөг шилжүүлсэн талаарх баримт байгаа. Х.С өөрөө явуулсан мөнгөө буцааж нэхэмжлэх үндэслэлгүй. Анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Х.С нь хариуцагч Д.Мт холбогдуулан ажлын хөлс 8,055,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, илүү төлсөн 3,283,800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Х.С нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зэндмэнэ Эрдэнэ хотхон болон Актив гарден хотхоны барилгын дотоод заслын ажлыг гүйцэтгэх, Д.М нь өдрийн хөлс 80,000 төгрөг болон тодорхой ажлын гүйцэтгэлээр хөлс төлөхөөр аман хэлбэрээр харилцан тохиролцсон байна.

 

Д.М нь Х.Сийн хувийн ур чадварт тулгуурлан дотоод заслын ажил гүйцэтгүүлэхээр ажиллуулаагүй ба хэрэгт цугларсан баримтаар Х.С нь 9 айлын дотоод засал /замаск татах/-ын ажлыг гүйцэтгэхээр тохиролцож, улмаар ажилтан ажиллуулж, цалинжуулж байсан тул зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсээгүй байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

4. Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зэндмэнэ Эрдэнэ хотхон болон Актив гарден барилгын дотоод заслын үлдэгдэл хөлсийг 150 хоногийн хөлс 12,000,000 төгрөгөөс 4,550,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 7,555,000 төгрөг, 9 айлын замаск татах ажлын хөлсний үлдэгдэл 500,000 төгрөг, нийт 8,055,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлийг, хариуцагч нь Х.Сд ажлын гүйцэтгэлээр хөлс төлөхөөр тохиролцсон ба өдрөөр хөлс төлөхөөр тохиролцоогүй. Тохиролцсон ажлаа гүйцэтгээгүй орхиж явсан тул төлөх хөлс байхгүй. Мөн Х.С болон түүний нэрлэн хэлсэн хүмүүсийн дансруу нийт 15,283,800 төгрөг шилжүүлсэн тул төлөх төлбөргүй гэж татгалзлын үндэслэлийг тус тус тайлбарласан.

 

Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлхэд Х.Сийн нэг өдрийн ажлын хөлсийг 80,000 төгрөгөөр тохиролцсон үйл баримт тогтоогдож байх ба харин уг хөлсөнд хоол, унааны зардал орсон эсэх нь тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас Х.Сийн Хаан банк дахь 5077524452 тоот дансанд шилжүүлсэн 9,614,000 төгрөг, мөн эцэг, эхийнх нь дансанд шилжүүлсэн 1,010,000 төгрөг, нийт 10,624,000 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн авсан талаар үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгч Х.Сийн ажлын хөлс 8,055,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

5. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс уг хэсгийг дүгнэхгүй.

6. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчийн 4,057,500 төгрөг гаргуулах тухай давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Зохигч талуудын дансны хуулга болон тэдний хоорондын харилцсан мөнгөн гүйлгээний баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь бусад ажилчдад Д.Мын өмнөөс эсхүл өөрийн нэрийн өмнөөс мөнгө шилжүүлсэн эсэх нь тогтоогдохгүй байна.

 

Мөн, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэгч Х.Сийн ажлын хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Гэтэл, нэхэмжлэгчийн Д.Мд буцаан шилжүүлсэн 1,160,000 төгрөг болон бусад ажилчдад олгосон цалин 2,837,500 төгрөгийг гаргуулах агуулгатай гомдол нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй, мөн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлагаас хальж, өөр шаардлага бүхий гомдлыг хэлэлцэх боломжгүй юм.

 

7. Анхан шатны шүүхий шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2023/05041 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР