| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2019/0024/э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2019-03-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Э.Ууганзаяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,
Шүүгдэгч: Т.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Тийн Пд холбогдох 1935000000022 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, стандарт авто засварын газарт засварчин ажилтай, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 6-р багийн 04-27 тоотод оршин суух, регистрийн дугаар ОЭ77022210, Ш овогт Тийн П.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч Т.П нь 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутагт хохирогч А.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Т.Пг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:
Шүүгдэгч Т.П нь 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Улаангом сумын 6-р багийн нутаг дэвсгэрт хохирогч А.Бг зодсон болох нь хохирогч А.Бгийн “Би М засварын газар яваад очиход Б хажуудаа Э гэх залуутай хамт машиныхаа янданг тайлж, ...гарч гагнуулна гээд зогсож байтал гаднаас М ах гэсэн залуу орж ирээд шууд над руу ирээд чи тэр моторны мөнгөө өгөлдөө гээд намайг заамдаж аваад миний хамар луу 2-3 удаа гараараа зодож гэмтээсэн ба тухайн үед миний хамар гэмтэж цус гараад би гражны гадна гараад цусаа цэвэрлэж байтал Б, Э, Мөнхөө нар М машинаар намайг гэрт хүргэж өгсөн юм. П миний хохирол гомдлыг барагдуулж өгсөн. Бид хоёр хоорондоо эвлэрсэн тул нэхэмжлэх зүйл байхгүй хохирол гомдолгүй” /хх-ийн 3-5 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
гэрч Б.Б “...Би Б, П хоёрыг салгах гээд Пг цамцнаас нь татаад бариад автал П хойшоо ухраад цамцаа мултлаад цээж нүцгэн Б рүү дайраад очоод цохичихсон. Тэгтэл Бгийн хамраас цус гараад хойш ухраад тонгойтол хамарнаас нь цус газар дусаж байсан. Бгээс П мөнгө нэхээд маргаад байсан...” /хх-ийн 6-7 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
гэрч Ц.Б “...Гараж дотор зүс таних Б, Б, Э нар байсан. Тэгээд тэр гаражид байж байтал П ах Б гэх залуутай моторны мөнгөнөөс болж маргалдаад эхэлсэн. Би П ахыг өмөөрөөд Бтэй маргалдаж байгаад ...толгойгоороо Бгийн ам руу нь хальт мөргөсөн. Тэгж байтал намайг Б ирээд салгаад гаражаас гаргасан юм. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна” /хх-ийн 9-11 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
гэрч С.Ц “...П ах согтуу Б гэх хүнтэй маргалдаад барилцаад байж байсан. Тэгтэл хажууд нь байсан Б ах П ахтай маргалдаж байгаа хүн рүү дайраад манай ах дээр томордог хэн бэ гээд дайрч давшлаад машин гараараа цохиод байхаар нь Б ах Быг гаражаас аваад гарсан. ...Тэгээд Б гэх хүнээс П ахыг Б бид хоёр салгаад холдуултал гэнэт П ах өмсөж байсан цамцаа тайлж хаяад шууд Б рүү дайрч очоод баруун гараараа Бгийн хамар тус газар нэг удаа цохиж Бгийн хамрыг гэмтээгээд Б гэх хүний хамраас цус гараад бид нар салгасан юм...” /хх-ийн 12-13 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
гэрч Н.Э “2019 оны 2 дугаар сарын 13-ны орой Б машины янданг Б, Б, бид гурав Бийн засварын газар очиж зассан. Тэгтэл П гэх залуу орж ирээд надаас мөнгө нэхсэн. Би Б рүү заагаад тэр хүнтэй уулз гэж хэлэхэд Б рүү яваад өгсөн. Би тэр хооронд гаражаас гараад үүдэн дээр тамхи татаад Б, П нарыг харж байтал П Бгээс моторны мөнгө гээд нэхээд байсан. Яг ямар учиртай мөнгө болохыг нь би ойлгоогүй. ...Гэнэт П цээжин хэсгийн хувцасаа тайлаад Бг нэг гараараа саваад хамар тус газар нь нэг удаа цохиод автал Бгийн хамраас цус гараад Б, П нарыг Б нөгөө галч залуу 2 салгаад хоёр тийшээ болгосон...” /хх-ийн 14-15 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
шүүгдэгч Т.Пгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгөн “ 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр би хамт засварчин хийдэг Б, У нартай хамт стандарт засварын газрын хашаанд байсан нүүрснээс ачаад өөрийн хашаанд буулгачихаад түүгээрээ Бын гэрт очиход Б 750 гр 1 шил архи задлаад тэр архийг Б, У бид нар хувааж уугаад тэндээсээ Угийн гэрт очоод 500 гр 1 шил архи ууж байгаад дуусгалгүй манай засварын газар ирсэн юм. Тэгээд Б бид хоёр гаражны гадна байж байгаад дунд талын гараж руу ороход Б гээд манай дүү Бөөс машины мотор аваад түүнийхээ мөнгийг өгөөгүй залуу зогссон юм. Тэгэхээр нь би Б дээр очоод түүнд хандаж чи яахаараа манай дүүгээс авсан моторныхоо мөнгийг өгдөггүй юм, би тэр мөнгөнөөс чинь засвар хийсэн мөнгөө авах ёстой байсан юм гээд маргалдахад хажууд байсан хүмүүс салгачихсан юм. Тэгтэл Б миний хажууд байж байгаад Бтэй намайг өмөөрч маргалдаад эхэлсэн ба намайг гаражаас хүмүүс аваад гарчихсан. Гадаа жаахан зогсож байгаад хариу эргээд ороод иртэл Б түүнтэй хамт явсан Б, гаражийн галч хийдэг Ц нар байхаар нь би дахин мөнгө нэхээд Бтэй маргалдаж эхэлсэн юм. Тэгж байгаад бид хоёр барьцалдаж автал Б, Ц хоёр Б бид хоёрыг салгаад хоёр тийш болгосон ба тэр хооронд Б над руу хандаж мөнгийг чинь өгөхгүй гэсэн утгатай нэг үг хэлэхээр нь гэнэт миний уур хүрээд намайг салгаж байсан Б хойш түлхээд Бг зодохоор дайрахад Б миний цамцнаас татахаар нь би цамцаа тайлж хаячихаад шууд Бгийн хамар хэсэг рүү гараараа 1 удаа цохиход Бгийн хамраас цус гараад гэмтчихсан юм. ...Би тухайн үед архи уучихсан, бага насны хүүхдээ алдаад сэтгэл санааны хувьд тогтворгүй болчихсон байснаас ийм зүйл боллоо, Бгээс уучлалт гуйж байна. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Бд учирсан хохирол, гомдлыг бүрэн барагдуулж өгсөн” гэх мэдүүлэг,
Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 157 дугаар “А.Бгийн биед хамар ясны хугарал, хамрын таславчны муруйлт гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт, нотлох баримтуудаар шүүгдэгч Т.П нь 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хохирогч А.Б-гийн хамар тус газар гараараа цохисон үйлдлийн улмаас хохирогч А.Б-гийн биед хөнгөн гэмтэл учирсан үйл баримт нотлогдож тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Т.П хохирогч А.Б-гийн хамар тус газар гараараа цохисон үйлдлийн улмаас хохирогчид хамар ясны хугарал, хамрын таславчны муруйлт гэмтэл учирсан болох нь шинжээч эмчийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 157 дугаар дүгнэлт /хх-ийн 25 тал/-ээр тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинж хангагдсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул шүүгдэгч Т.Пг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Т.П нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хохирогч А.Б нь “...Т.П нь миний хохирлыг бүрэн гүйцэт барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол тэмцэлгүй” гэж мэдүүлж, хүсэлт гаргасан байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Т.Пгээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 05, 53 тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон хэргийн 16, 17, 38, 42, 44-46, 49 дэх талд авагдсан гэрч С.Е, С.С нарын мэдүүлэг, Увс аймгийн Улаангом сумын 6-р багийн Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 139 дугаар тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Автотээврийн төвийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 56 тоот албан бичиг, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 1/173 тоот албан бичиг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.П нь урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг 4-27 тоотод ам бүл-5, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, хувьдаа Hyundai Sonota-2 маркийн 08-18 УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй, Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 04-22 тоот Г-1520001196 тоот бүртэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газартай байна.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан хохирол, хор уршиг арилсан гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Т.Пгийн хувийн байдал, хохирол, хор уршгийг арилгасан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгч Т.Пд хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.
Шүүгдэгч Т.П нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Тийн Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овогт Тийн Пд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Т.П нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн эд зүйлгүй, хохирогч А.Б гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Пд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА