Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 34

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Дина,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө,

Шүүгдэгч: Л.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогтой Лгийн Ут холбогдох 1835004450010 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-2, эхнэрийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9-р багийн 17-06 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 154 дүгээртэй шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, РД:ОП86060111, Б ургийн овогтой Лгийн У.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Л.У нь 2018 оны 12 дугаар сарын 16-ны шөнө Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн хашаанаас хохирогч Л.Цгийн 1 тооны адуу /хар зүсмийн эмээл хазаартай/, адууны сээр хавс мах зэргийг хулгайлж 810.000 /найман зуун арван мянга/ төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгч Л.Уыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Л.У нь 2018 оны 12 дугаар сарын 16-наас 2018 оны 12 дугаар сарын 17-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 9-р багийн нутагт байрлах Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн хашаанд уяатай байсан хохирогч Л.Цгийн эзэмшлийн хар зүсмийн эмээл хазаартай 1 тооны морь болон адууны сээр хавс махыг гэртээ авч очсон болох нь хохирогч Л.Ц-гийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “...багийнхаа шинэ жилд Ахлах 6-р сургууль дээр очоод сургуулийн зааланд явагдаж байсан шинэ жилд оролцож байгаад 21 цаг өнгөрч байхад тараад гараад ирсэн чинь миний унаж байсан морь уясан газраа байхгүй байсан. Сургуулийн жижүүрээр хонож байсан нэг залуутай уулзаж хяналтын камер шүүлгэсэн. Миний морь уясан ойролцоо газраас нэг дэлтэй морь унаад хүн гарч явахаар нь сайн харсан чинь жанжин малгайтай миний таних Баба гэх залуу байхаар нь тэдний ээж Маамуу гэх айлд очиж Баба ирсэн талаар асуухад сая гэрлүүгээ явсан. Тэр багийн шинэ жил дээр өөрийнхөө хээр морьтойгоо очсон гэж хэлэхээр нь Бабатай ярьсан чинь би гэртээ ирлээ, сая багийн шинэ жил дээр морьтойгоо очсон чинь багийн дарга хувцасаа солиод ир гэхээр нь ээжийнд ирээд хувцасаа солиод морио тавьж явуулсан талаар хэлсэн. Тэр зүйлийг тодруулчихаад дахиж камер шүүхээр охин Оийн хамт сургууль дээр очиж камер шүүж үзсэн чинь гадна уяатай байсан хар зүсмийн морийг нэг гэрэл ойлгогчтой хувцастай өндөр хүн хөтлөөд гарч байх нь харагдсан. Тэр талаараа цагдаад утсаар хэлсэн чинь эргүүлийн цагдаа нар ирээд тэр хүнийг эрж хайсан ба камер дээрх хүнийг танихгүй байсан тул 9 дүгээр багийн Засаг даргын гэрт нь очиж зургийн үзүүлэхэд багийн Засаг дарга С тэр хүнийг танисан ба би гэрийн мэднэ гэж хэлээд гэрт нь яваад очсон. Тэр хүний гэрт очиход камер дээрх өндөр бор залуу мөн байсан ба эргүүлийн цагдаа миний унаж явсан хар зүсмийн морийг тэр залуугаас асуусан чинь би тавиад хөөсөн гэж хэлсэн. Хаана тавьсан бэ ул мөрийг үзье гээд дагуулаад гарсан чинь тэдний хашаанаас нэг эгнээ доош 2 дахь хашаан дээр очсон чинь миний морийг айлын хашаан дотор хашаан банзнаас уясан байсан ба эмээлгүй байсан. Тэр хашаанд нэг айл байсан ба морь аваад гарч байхад гэрэл тусгаад нэг хүн гарч ирээд хариу буцаад орсон. Тэр өндөр залуугаас эмээл нь хаана байна гэж асуусан чинь энд байгаа гэж хэлээд хашаа руугаа орсон ба нэг амбаар дотроос эмээлийг гаргаад ирсэн. Миний хар зүсмийн морь дээр байсан эмээл бол хуучин цэрэг эмээл байсан юм. Тэр миний эмээлийг боогоод амбаар дотор хийсэн ба дотор талын тохом байхгүй байхаар нь тэр залуугаас цагдаа асуусан чинь хариу буцаж амбаар луугаа ороод аваад гараад ирсэн. Би морио эмээлж аваад цагдаа дээр ирээд мэдүүлэг өгөөд шөнө 04 цаг болж байтал гэртээ очсон. Тэр залуугаас морь эмээлээ авч байхад бэр эгч С-гийн өгсөн адууны сээр хавс тортой мах байхгүй байсан. Би угаасаа 2 дугаар анги төгссөн өөрийгөө бүрэн дунд боловсролтой хүн гэж боддог юм. Тэр өдөр байцаагч надаас асуухаар нь би тэгж хэлсэн. Надад гомдол тэмцэл байхгүй. Хохирлоо барагдуулж авсан” /хх-ийн 24-27 тал/ гэх мэдүүлэг,

гэрч У.Ц-ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...Тэр орой 20 цаг өнгөрч байхад би гэртээ ганцаараа байж байтал манай нөхөр У нь согтуу манай хашааны дээд талын нарийн гудамжнаас “Ц хашааны хаалгаа онгойлго” гэж дуудсан юм. Тэгээд би гэрээс гартал У ганцаараа согтуу хар зүсмийн морь уначихсан нарийн гудамжаар өнцөг тойроод ирж явсан. Тэгээд би гэрээсээ гараад хашааны хаалга онгойлгоод Уыг хашаа руу оруулсан. Би Уаас энэ ямар учиртай морь уначихсан яваа юм бэ гэж асуухад У надад “энэ манай найзын морь, би мэдэж байна” гэж хэлсэн. У гартаа гялгар ууттай мах авч орж ирээд “хоол идмээр байна, чаначих” гэж хэлээд галын урд талд тавьсан. Тэгээд би босоод Уын авч ирсэн махыг аваад хартал жижиг адууны сээр, хавс, умс кита байсан юм. Уг махыг Уыг аавынхаа гэрээс авч ирсэн байх гэж бодоод гал дээр тогоогоо тавиад уг адууны сээр хавсыг чанасан юм. ...Шөнө 00:00 цаг өнгөрч байхад манайд цагдаа хажуудаа нэг эмэгтэй болон настай нэг ахын хамт ирсэн. Тэгээд ирсэн цагдаа Уаас морь авсан уу гэж асуусан, тэгтэл хажуу хүүхэн нь морь аваад явсан байна шүү дээ гэж асуусан Тэгтэл У орноос босоод цагдаад тэгсэн тэгсэн гэж хэлээд гэрээс гараад манай хашааны доод талын өнцгөөс У морь хөтөлж авч ирсэн. Тэгчихээд У нь амбаараас морины эмээлийг нь гаргаж өгсөн юм. ...Би Уаас хэрэг болсоны дараа нь ямар учиртай хүүхэн ирсэн юм бэ? хэний ямар морь унаад ирсэн юм бэ гэж асуухад танихгүй хүний морь юм, би тэр хүмүүсийг танихгүй гэж надад хэлсэн юм. Тэгээд би Уаас чи найзынхаа морь унаж ирсэн гэж хэлсэн биз дээ гэж асуухад надад ямар нэгэн зүйл хэлээгүй юм...” /хх-ийн 28-29 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Ц.Оийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Тухайн камерын бичлэгийг 2 удаа шүүж үзсэн ба эхний шүүлтээр нь аав Л.Ц морио уясан гэх газрын ойролцоогоос нэг хүн морь унаад явахаар сайн харсан чинь бидний танидаг Б гэх залуу байсан ба тэр хүнийг аваад явсан байна гэж бодоод түүний ээж дээр нь очиж Б-г асуусан. Би өөртөө нь утсаар ярьсан чинь би өөрийнхөө хээр зүсмийн морь унаж очсон талаараа хэлэхээр нь дахиж очиж хяналтын камер шүүж үзэхэд нэг өндөр нуруутай цэнхэр өнгийн ажлын куртик /ар нуруундаа гэрэл ойлгогчтой/ согтуу байрын залуу аавын морийг сургуулийг хашаанаас хөтлөөд гарч байх нь харагдсан. Тэр талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” /хх-ийн 30-31 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Д.Э-ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ахлах 6-р сургуульд жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдөр манай сургууль дээр Улаангом сумын 9 дүгээр багийн шинэ жилийн үйл ажиллагаа 15 цагаас 21 цаг 30 минут хүртэл зохион явагдсан юм. Тухайн өдөр багийн шинэ жил тарсаны дараа 22 цаг 30 минутын үед нэг ногоон дээлтэй настай хүн ирээд би морь унаж ирээд танай сургуулийн үүдний саравчнаас уясан байсан ба тэр морь байхгүй байна гэж хэлсэн. Тухайн үед тэр морь алдсан гэж ирсэн хүн согтууруулах ундаа хэрэглэсэн халамцуу байдалтай байсан. Би тэр хүнд камерын бичлэг шүүж өгөөд тухайн газар байсан морийг авч явсан хүний дүрсийг үзүүлээд явуулсан ба 23 цаг 50 минут болж байтал нөгөө ногоон дээлтэй хүн хажуудаа 2-3 хүн дээр очоод ирлээ. Тэр хүн өөрөө морьтойгоо морио аваад явсан байна, би андуурч харсан байна гэж хэлээд ирэхээр нь би дахин гадна камерийн бичлэгийг шүүж үзүүлэхэд 18 цаг 30 минутын үед сургуулийн үүдээр шинэ жилд орж ирсэн өндөр нуруутай, бор царайтай бараан өмд, цагаан ултай гуталтай улаан хүрэн өнгийн малгайтай цацруулагч /гэрэл ойлгогчтой/ куртиктэй залуу согтуу орж ирээд цаг орчим болоод 19 цаг 34 минутанд сургуулиас гарсан ба сургуулийн өөдөөс харсан камерт харагдахгүй хэсгээс морь хөтлөөд гарч явсан байсан. Би тэр хүмүүст та нар энэ бичлэгийг цагдаад үзүүлээд морио олж аваарай гээд явуулсан...” /хх-ийн 32-33 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Д.А-ын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “Би Улаангом сумын 12 дугаар багт эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг юм. 2018 оны 12 дугаар сарын 16-ны шөнө 22 цагийн үед байх би гэр бүлийн хүмүүсийн хамт гэрт хэвтэж байтал манай гэрийн хойд талд цас дугараад хүн мал байх шиг дуу гарахаар нь гарч харсан чинь хазаартай хар зүсмийн эмээлгүй тохом морь сул явж байсан. Би тэр морийг барьж аваад гэрийнхээ баруун талын хашаанд уячаад гэрт орсон ба түүнээс хойш 2 цаг орчмын дараа кино үзэж байтал манай доод талын хашааны Уугаа гэх залуу хажуудаа нэг дээлтэй хүнтэй нэг цагдаатай орж ирж морийг аваад гараад явсан. Би тэр хүмүүсийн хажууд очоод дээлтэй хүнээс танай морь юм уу гэж асуусан чинь тийм гэж хэлээд аваад явсан. Тэр шөнө У хажуудаа 2 хүнтэй орж ирээд надад юу ч хэлэлгүй морийг аваад явсныг бодвол тэр морь Уын хашаанд байж байгаад алдагдаж манай хашааанд орсон байх. Намайг тэр морийг уяж байхыг У харсан байх гэж бодож байна” /хх-ийн 34-35 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Э.С-гийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би Улаангом сумын 9 дүгээр багийн засаг даргаар ажилладаг. 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 16 цагаас 21 цагийн хооронд манай багийн шинэ жилийн арга хэмжээ Ерөнхий боловсролын 6-р сургуулийн урлаг зааланд зохион байгуулагдсан юм. Тэр өдрийн шөнө 00:00 цагийн үед манайд манай багийн иргэн Ц ах, охин О болон хажуудаа нэг цагдаагийн хамт ирсэн. Тэгээд Ц ах надад “өнөөдөр багийн шинэ жил дээр морь алга болчихсон байна, сургуулийн хяналтын камерын бичлэг дээр нэг залуу миний морийг унаад явж байна, чи энэ залууг таних уу” гэж хэлээд надад гар утсан дээрээсээ зураг үзүүлсэн. Би уг зургийг хартал өндөр бор царайтай залуу байсан бөгөөд би ойртоод сайн хартал манай багийн Л овогтой У гэдэг залуу байсан юм. Тэгээд би тэр хүмүүст Уын гэрийг нь зааж өгөөд явуулсан юм. Л.Уын гэр нь Улаангом сумын 9-р багийн 17-06 тоотод байдаг юм...”/хх-ийн 37-40 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Д.С-гийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 17 цагийн үед гэртээ ганцаараа байж байтал манайд манай талийгаач нөхрийн дүү Ц өөрийн хар зүсмийн морьтойгоо ганцаараа ирсэн. Тухайн үед Ц нь надад “би багийн шинэ жилд орох гээд явж байна” гэж хэлсэн. Тэгэхэд манайд хөдөөнөөс үхрийн хүзүү сээр болон адууны сээр хавс зэрэг мах ирсэн байсан бөгөөд би Цд чи мах эвдээд янзлаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд Ц нь манай гэрт байсан үхэр адууны махыг эвдэж 18 цаг 30 минутын үед байх манай гэрээс гарахад би тухайн үед Цд мах эвдэж өгсөн учраас 1 ширхэг адууны сээр хавсыг гялгар уутанд хийж өгөөд явуулсан. Ц нь манайхаас шууд ерөнхий боловсролын 6-р сургууль руу явсан бөгөөд өөрийнхөө хар зүсмийн морио унаад явсан юм”/хх-ийн 39 тал/ гэх мэдүүлэг,

шүүгдэгч Л.Уын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 16-ны шөнө ахлах 6 дугаар сургуулийн зааланд болж байсан шинэ жилийн баяраас гарч явж байхдаа уяатай байсан хүний морь авч яваад гэртээ очоод эмээл хазаарыг авч хашаан дотроо орхисон байсан. Мөн морины эмээл дээр байсан адууны сээр хавсыг нь би гэртээ оруулж чанаж идсэн байсан. Би адууны сээр хавсны үнэ төлбөрийг хохирогчид барагдуулж өгсөн. ...Би гэртээ ирээд морины эмээлийг нь амбаарт хийгээд морийг хашаан дотроо сул орхисон юм. Морь манай хашааны хаалгаар гараад явчихсан байсан. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Архи ууж согтуу явж байгаад ийм асуудал гаргасан байна” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, морь байсан гэх хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, морьд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэгэ эстимэйт ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн УВ/01/621 тоот “Бод малын зах зээлийн үнийн тодорхойлолт”, Увс финанс-Аудит ХХК-ний 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 14 тоот хазаар үнэлсэн тухай тайлан /хх-ийн 3-19, 44, 48 тал/ бүхий хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд бусдын малыг хулгайлсан бол “Мал хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд тус зүйлийн тайлбар хэсэгт: “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэж заасан тул шүүгдэгч Л.Уын 2018 оны 12 дугаар сарын 16-ны шөнө хохирогч Л.Цгийн эзэмшлийн хар зүсмийн эмээл хазаартай 1 тооны морь болон тус морины эмээлд ганзаглаатай байсан адууны сээр хавс махыг эзэнд нь мэдэгдэхгүйгээр авч явсан үйлдэл мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

Иймд шүүгдэгч Л.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

“Гэрэгэ Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн УВ/01/621 тоот “Бод малын зах зээлийн үнэлгээний тодорхойлолт”, Увс финанс-Аудит ХХК-ний 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 14 тоот “Хазаар үнэлсэн тухай тайлан” /хх-ийн 44, 48 тал/-г үндэслэн тооцоход энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Цд нийт 810.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн морь, эмээл, хазаарыг буцаан өгч, адууны сээр хавс махны үнэд 45.000 төгрөг төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болно.

Иймд шүүгдэгч Л.Уаас гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.У нь шүүхийн хэлэлцүүлэгт “хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргахгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэж мэдүүлж оролцсон болохыг дурдах нь зүйтэй.

2. Шүүгдэгч Л.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Л.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон бөгөөд тэрээр хэрэг хариуцах чадвартай, тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.У нь Улаангом сумын 9-р багт эхнэрийн хамт оршин суудаг, 409-өөс доош оноотой буюу амьжиргааны түвшингээс доогуур орлоготой, хувьдаа Улаангом сумын Буянт хороолол 17-06 тоот хаягт 1786 мкв хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газартай, урьд ял шийтгүүлж байсан болох нь түүний хувийн байдлын талаарх гэрч Э.С, М.Л, О.О, Х.Д нарын мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцож, 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан талаар Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 154 тоот шийтгэх тогтоол, Увс аймгийн Улаангом сумын 9-р багийн Засаг даргын 78 тоот тодорхойлолт, Увс аймаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 65 тоот албан бичиг, Увс аймаг Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 1/106 тоот албан бичиг, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, согтуурал шалгасан магадлагаа, саатуулсан тухай тэмдэглэл, Увс аймгийн Автотээврийн төвийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 32 тоот албан бичиг гэсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 38, 40, 41, 42, 64, 67-70, 73, 76, 81-83, 95-97, 104 тал/

Шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргаж өгсөн Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 1/145 дугаар албан бичгээр Л.Уын өмнө үйлдсэн эрүүгийн хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан болох нь тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Л.Уын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг нь хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

Иймд шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй байдал, хохирол нөхөн төлсөн байдал болон түүний хувийн зан байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан гэмт зан үйлийг ухамсарлуулж ойлгуулах зорилгоор 400 цаг нийтэд ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Л.Ут шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг хуулсан СД 1 ширхэг нь тухайн хэргийн үйл баримтыг тогтоосон баримт тул хэргийн хамт хадгалах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.У нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан тул шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогтой Лгийн Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ут 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.У шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг хуулсан CД 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

5. Шүүгдэгч Л.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ут өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА