Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00515

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 15 210/МА2024/00515

 

 

Г.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2023/03720 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Г.Б

Хариуцагч: И ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц. , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. , хариуцагчийн өмгөөлөгч Р. , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний бие Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ирүүлсэн албан бичигтэй холбоотой 2023 оны 01 дүгээр сараас А бөглөсөн. Намайг ажлаас чөлөөлсөн гүйцэтгэх захирлын тушаалд Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХГ5/595 дугаар албан бичиг, Авлигатай тэмцэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 05786 тоот албан бичиг, хөдөлмөрийн дотоод журмын 2.3-д заасныг тус тус үндэслэсэн.

1.2 Засгийн газрын хэрэг эрхлэх газрын шүүр ажиллагаа, Авлигатай тэмцэх газрын албан бичиг зэргийг эрх бүхий байгууллага шаардсан гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх заалт нь тодорхой тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэх ажилтнуудад хамаардаг. Харин миний хувьд компанийн эрх бүхий албан тушаалтан биш, компанийг төлөөлж ямар нэгэн шийдвэр гаргахад оролцдоггүй. Байгууллагын дүрэмд зааснаар эрх бүхий албан тушаалтан гэдэгт Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасныг ойлгоно гэсэн байгаа нь хэт ерөнхий ойлголт бөгөөд үүнд чанарын хэлтсийн хяналтын албаны дарга хамааралгүй. Иймд би хувийн ашиг сонирхлын мэдүүлэг хөтлөх үүрэгтэй этгээд биш.

1.3 Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.4.1-д зааснаар банкны эдийн засагч байхдаа бусдад давуу байдал олгосон гэдгээр авлига, албан тушаалын гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, торгуулийн ял шийтгүүлж байсан нь үнэн, энэ торгуулийг төлөөд барагдуулсан. Хариуцагчийн ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй.

Иймд намайг урьд эрхэлж байсан И ХХК-ийн Чанар борлуулалтын газрын Чанарын хяналтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 И ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй. Учир нь, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаар яаралтай чиглэл хүргүүлэх тухай албан бичгийн дагуу гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/96 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулан, дээрх албан бичгийг эрх бүхий албан тушаалтнуудын дунд хэрэгжүүлж ажилласан. Нэхэмжлэгч Г.Б нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон бөгөөд манай байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасан эрх бүхий албан тушаалтанд хамаардаг. Улмаар ажлын хэсэг хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг буюу А-ийн хөтлөлтийг шалгахад 25 албан хаагч хөтлөөгүй зөрчил илэрсэн. Иймд тухайн ажилчдыг 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/521 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.

2.2 Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын журмыг зөрчин томилогдсон этгээдүүдийг чөлөөлсний дараа дахин эрх бүхий албан тушаалтнуудыг томилох зарыг компанийн вэб хуудсанд тавьж, 25 албан хаагч сонгон шалгаруулалтад нэр дэвшихээр бүртгүүлсэн байсан. Сонгон шалгаруулалт журмын дагуу явагдаад тэнцсэн албан хаагчдын нэрсийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн боловч 23 албан хаагчийн нэрс ирсэн, үүн дотор нэхэмжлэгч Г.Бын нэр байгаагүй. Авлигатай тэмцэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Г.Бын А-ийг хянасан тухай албан бичиг ирсэн байсан. Уг албан бичигт нэр дэвшигч Г.Быг 2020 онд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4.1 дэх хэсэгт зааснаар авлига албан тушаалын гэмт хэрэгт буруутайд тооцогдож ял шийтгүүлснийг дурдсан байсан. Тиймээс нэхэмжлэгч Г.Б нь эрх бүхий албан тушаалтны хувьд А хөтлөөгүй буруутай, мөн өмнө нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Быг хариуцагч И ХХК-ийн Чанар, борлуулалтын газрын Чанарын хяналтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч И ХХК-иас 48,355,349 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон төлөх, нэхэмжлэгч Г.Бын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч И ХХК-нд үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Б нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч И ХХК-иас 399,727 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Шүүх нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан зорилт, чиг үүргийг Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хариуцагчийн гаргасан тушаалын үндэслэх хэсэгтэй холбож авч үзээгүй. Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар зорилтын 2-т заасан гүйцэтгэх чиг үүрэгт Алба хэлтсүүдээс ирүүлэх техникийн тодорхойлолт боловсруулалтад хяналт хийх гэж тодорхой заасан байхад шүүх ...Г.Быг гэрээ хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээд болох нь баримтаар тогтоогдсонгүй гэж үзсэн. Гэтэл нэхэмжлэгч нь худалдан авах гэрээний хавсралт болох техникийн тодорхойлолт боловсруулах шатанд хяналт тавьдаг, 2023 оны компанийн хэмжээний бүх худалдан авалтын техникийн тодорхойлолтыг боловсруулахад өөрийн биеэр хяналт тавьж оролцсон этгээд. Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар зорилтын 2-т тусгагдсан чиг үүрэг нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт заасан этгээдэд хамаарч байна.

4.2 Нэхэмжлэгч нь А-ийг өөрийн эрхээр нэвтэрч, аливаа хэлбэрийн дарамт шахалтгүйгээр хийсэн. Нэхэмжлэгч өөрөө А-ийг эрх бүхий байгууллагад зориулан мэдүүлж буй нь өөрийгөө Компанийн тухай хуулийн 84.1 дэх хэсэгт заасан эрх бүхий этгээд болохыг зөвшөөрсөн үйлдэл. Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтын 3 дугаар зүйлийн 1-6 дугаарт заагдсан 6 чиг үүрэг, 4 дүгээр зорилтын 1-6 хүртэлх мөн 6 чиг үүргийг тус тус тухайн хариуцсан ажлын хүрээнд хянаж, шийдвэрлэх чиг үүрэгтэйгээр оролцдог. Түүнчлэн 4.5-д заасан чиг үүргийн хүрээнд иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэж, гадагш чиглэсэн хариу хүргүүлж буй нь Компанийн тухай хуулийн 84.1 дэх хэсэгт заасан шийдвэр гаргахад шууд болон шууд бусаар оролцдог эрх бүхий албан тушаалтан мөн болохыг нотолж байна. Нэхэмжлэгчийн Ажлын байрны тодорхойлолт, нэгжийн үндсэн чиг үүрэгт тухайн хүнийг удирдах албан тушаалтан болохыг гүйцэтгэх чиг үүргийн хүрээнд тодорхойлсон. Г.Б нь урд онуудад буюу 2022 оны 01 дүгээр сарын 16, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрүүдэд А өгч байсан, өөрийгөө ХАМХОМ мэдүүлэх үүрэг бүхий этгээд гэдгээ мэдэж байсан, түүнчлэн Засгийн Газрын ХЭГ/595 дугаартай Чиглэл хүргүүлэх тухай албан бичгийг үндэслэн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/521 дугаартай тушаалаар чөлөөлөгдөж, 2023 оны 04 дүгэр сарын 18-ны өдрийн тушаалаар туршилтаар томилоход хувийн зүгээс тайлбар, гомдол, хүсэлт илэрхийлээгүй бөгөөд өөрийгөө эрх бүхий этгээд болохыг ойлгож байсан.

4.3 Шүүхээс компани дүрэмдээ 84.2 дахь хэсэгт заасны дагуу жагсаалт үйлдэж оруулаагүй шалтгаанаар эрх бүхий албан тушаалтан биш гэж үзсэн нь үндэслэлгүй. Хариуцагч И ХХК өөрийн онцлогт тохируулан 84.2 дахь хэсэгт заасны дагуу жагсаалтаар оруулах шаардлагагүй гэж үзсэн.

4.4 Нэхэмжлэгч нь Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1 заалтад заасан үндэслэлээр ял шийтгүүлсэн хариуцагч тал эрх бүхий албан тушаалтан болох Г.Быг эрх бүхий байгууллагын албан бичиг, шаардлагыг үндэслэн Авлигын эсрэг тухай хууль, Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Шүүх бичгээр гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү. Хариуцагчийн өмгөөлөгч гомдолд дурдаагүй асуудлаар шүүхэд буруу ойлголт төрүүлж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй.

Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжид хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан тохиолдолд бичгээр гаргасан хөдөлмөрийн гэрээний хугацааг харах, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэж үзэхгүй талаар заасан. Нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоогүй гэдгийг дурдах нь зүйтэй.

5.2 Хариуцагч нь ажлын байрны тодорхойлолт, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт заасан 2 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Компанийн дүрэмд эрх бүхий албан тушаалтныг тодорхойлсон бөгөөд тус эрх бүхий албан тушаалтанд Г.Б хамаарахгүй. Шүүгч нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Г.Б нь ямар нэгэн үнэлгээний хороо, худалдан авах ажиллагаанд орсон талаарх үйл баримт байгаа эсэхийг тодруулахад, байхгүй талаар тайлбарласан. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Эрх бүхий албан тушаалтан гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар чиг үүргийг худалдан авалт хийх агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Ажлын байрны тодорхойлолтоор эрх бүхий албан тушаалтан мөн эсэхийг тодорхойлдоггүй, Компанийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу тодорхойлно. Иймд хуулийг буруу тайлбарласан гэх гомдол нь үндэслэлгүй.

5.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасны дагуу хөдөлмөр эрхлэх харилцааг дуусгавар болгосон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газрын албан бичгийг үндэслэж, хөдөлмөр эрхлэх харилцааг дуусгавар болгосон. 03 дугаар сарын 17-ны өдрийн албан бичгийн хүрээнд 04 дүгээр сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлсөн. 04 дүгээр сарын 06-ны өдөр сонгон шалгаруулалт зарлаж, Г.Б сонгон шалгаруулалтад тэнцсэн. Авлигатай тэмцэх газар луу албан бичиг явуулж, авлигатай тэмцэх газраас 04 дүгээр сарын 07-ны өдөр албан бичиг ирсэн. Тус албан бичигт томилж, чөлөөлөх эсэх асуудлыг дотооддоо шийдвэрлэх талаар тусгасан байдаг. Иймд үүнийг эрх бүхий байгууллагын шаардлага гэж үзэхгүй. Хуульд хуулиар тогтоосон эрх олгосон байхыг шаарддаг. Авлигатай тэмцэх газар нь хуульд зааснаар албан шаардлага эсхүл шийдвэр хүргүүлдэг. 04 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичиг нь шийдвэр, албан шаардлага биш юм. Томилох агуулгатай албан бичгийг чөлөөлөх агуулгатай албан бичиг гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шүүр ажиллагаа захиргааны хэм хэмжээний акт биш.

Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч И ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан И ХХК-ийн Чанар борлуулалтын газрын Чанарын хяналтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

2.1 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг ...нэхэмжлэгч нь хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хөтлөөгүй буруутай. Мөн өмнө нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан учир Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаар албан бичиг, Авлигатай тэмцэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 05/5786 дугаар албан бичгийг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэх агуулгаар эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна.

3.1 Ажил олгогч И ХХК болон ажилтан Г.Б нарын хооронд 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 516 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр ажилтан Г.Б нь И ХХК-ийн Чанарын хяналтын хэлтсийн даргын ажил, албан тушаалыг гүйцэтгэхээр талууд харилцан тохиролцсон. /1хх 239-242/

3.2 И ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/521 дугаар тушаалаар Чанарын хяналтын хэлтсийн дарга ажилтай Г.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. /1хх 22, 78/

3.3 Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай албан бичгийн 4-т Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, түүнчлэн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын дүрмээр тогтоосон журмын дагуу томилогдоогүй, ажил үүргийн тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил чадварын болон бусад шаардлагыг хангаагүй томилогдсон, 6-д нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилогдсон, хөрөнгө орлогоо мэдүүлэх үүргээ биелүүлээгүй, 10-т авлига албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн албан тушаалтныг хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлөхийг И ХХК-д чиглэл болгосон. /1хх 41/

3.4 Дээрх чиглэлийн хүрээнд И ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/96 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулсан. /1хх 219/

3.5 И ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01/384 дугаар албан бичгээр тус компанийн нэр бүхий 24 удирдах албан тушаалуудад нэр дэвшигчдийн хувийн ашиг, сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгуулах хүсэлтийг нэрсийн жагсаалтын хамт Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн. /1хх 246-247/ Үүнд Чанарын хэлтсийн дарга Г.Бын нэр жагсаалтад багтсан.

3.6 Авлигатай тэмцэх газраас 2023 оны 04 дугаар сарын 07-ны өдрийн 05/5786 дугаар албан бичгийг И ХХК-д хүргүүлсэн. Тухайн албан бичигт ...Г.Б нь 2020 онд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар 22.4.1-д зааснаар авлига албан тушаалын гэмт хэрэгт буруутайд тооцогдож ял шийтгүүлж байсан бүртгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор 2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж улмаар авлигатай тэмцэх шүгэл, шүүр, шувуу, шилжүүлэн авах, шил үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. Дээрх тогтоол, шийдвэр болон Шүүр ажиллагааны хүрээнд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хэг/595 дугаар Чиглэл хүргүүлэх тухай хугацаатай үүрэг, чиглэлийг хэрэгжүүлж нэр дэвшигчийг томилох эсэхийг шийдвэрлэхийг үүгээр зөвлөж байна гэсэн. /1хх 42, 1хх 248/

3.7 И ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/657 дугаар тушаалаар Г.Быг гүйцэтгэх захирлын ээлжийн амралт дуусгавар болох хүртэл хугацаанд Чанарын хяналтын хэлтсийн даргын албан тушаалд туршилтын хугацаагаар томилсон. /1хх 43/

3.8 И ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/827 дугаар тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай албан бичиг, Авлигатай тэмцэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 05/5786 дугаар албан бичиг, Хөдөлмөрийн дотоод журмын 2.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Чанар, борлуулалтын газрын Чанарын хяналтын хэлтсийн дарга Г.Бын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгосон. /1хх 9, 79/

4. Дээрх тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар талууд маргасан, анхан шатны шүүх маргааны зүйлийг зөв тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогч И ХХК нь ажилтан Г.Бтай байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаар болон Авлигатай тэмцэх газрын 2023 оны 04 дугаар сарын 07-ны өдрийн 05/5786 дугаар албан бичгийг тус тус үндэслэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасныг хэрэглэсэн байна.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т зааснаар эрх бүхий байгууллага шаардсанаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож болно. Тус зүйлд заасан эрх бүхий байгууллага шаардсанаар гэдэгт ажилтны хөдөлмөрийн гэрээний үйлчлэлийг гүйцэтгэж буй ажил, албан тушаалын чиг үүрэгтэй нь шууд хамаатуулан эрх бүхий байгууллагын шийдвэрээр дуусгавар болгохыг шаардсан байхыг ойлгоно.

5.1 И ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/827 дугаар тушаалын үндэслэл болсон Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай чиглэл өгөх тухай албан бичиг, Авлигатай тэмцэх газрын 2023 оны 04 дугаар сарын 07-ны өдрийн 05/5786 дугаар албан бичиг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан шинжийг агуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн дээрх тушаал нь эрх зүйн үр дагавар агуулах актын хувьд Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байхыг шаардана. Гэтэл ажил олгогчийн зүгээс ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үйл баримт нь тушаалын хууль зүйн үндэслэлтэй тохироогүй байна. Иймд анхан шатны шүүх ажил олгогчийн дээрх тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасанд нийцээгүй талаар хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Г.Быг эрх бүхий байгууллагын албан бичиг, шаардлагыг үндэслэн ...хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.2 Түүнчлэн, И ХХК-ийн дүрэм болон ажлын байрны тодорхойлолтод өмнө нь ял шийтгүүлсэн этгээд Чанарын хяналтын хэлтсийн даргаар ажиллаж болохгүй талаар хориглосон зохицуулалт байхгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэгч нь ...ял шийтгүүлсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

5.3 Нэхэмжлэгч нь И ХХК-ийн шийдвэр гаргахад шууд болон шууд бусаар оролцдог эрх бүхий этгээд мөн эсэх нь маргаанд буюу И ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/827 дугаар тушаалын үндэслэлд хамааралгүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх үндэслэл нь тушаалын үндэслэл болоогүй байх тул тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасанд нийцсэн гэж үзэхгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хангахгүй.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт хариуцагчаас 48,355,349 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт нийцсэн байна.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2023/03720 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 399,727 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

М.БАЯСГАЛАН