| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2018/0170/э |
| Дугаар | 22 |
| Огноо | 2019-03-01 |
| Зүйл хэсэг | 28.10.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шїїх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,
Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,
Шүүгдэгч: Д.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Увс аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Д-гийн Жд холбогдох эрүүгийн 1835003200194 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 2 дугаар сарын 27-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 15-14/б тоотод оршин суудаг, РД:ОО93022731, Г овогт Дгийн Ж.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Д.Ж нь Увс аймгийн Малчин сумын нутаг “Харганатай далан” гэх газарт 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 61-21 УВХ улсын дугаартай Тоёота Ланд Крузер загварын авто машин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 21.8 а дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч П.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Р.Ц, Ч.Н нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Д.Жыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Ж нь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Малчин сумын нутаг Харганатай далан гэх газарт 61-21 УВХ улсын дугаартай Тоёота Ланд Крузер загварын авто машин жолоодож яваад зам тээврийн осол гаргасан байх ба уг ослын улмаас хохирогч П.Д-гийн биед хүндэвтэр, Р.Ц, Ч.Н нарын биед хөнгөн хохирол тус тус учирсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:
Хохирогч П.Д-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Тэс сумын Шар хөдөө гэх газар гэртээ байж байгаад Увс аймгийн Улаангом сум руу орох шаардлага гарсан. Манай гэр Улаангом сумын хооронд 90 км орчим шороон замтай болохоор явуулын машинд дайгдаж явдаг. Тухайн өдөр 18 цагийн орчим өөрийн гэрийн орчимоос марк дугаарыг нь сайн санахгүй байна. Орой болж байсан болохоор өнгийг нь ч сайн анзаарахгүй том оврын жип машинд суухад надаас гадна 5 хүн байсан. Тэгээд аймгийн төв рүү явж байхад Наранбулаг сумын Харгантай далан гэх газар ус тогтчихсон байсан. Миний бодлоор тэр усыг тойрч гарах гэж байгаад машинтайгаа 1-2 удаа бүтэн эргээд зогсох шиг болсон. Би машинаас буух гэхэд миний зүүн хөл даагдахгүй гэмтсэн байсан. Би суухдаа жолоочийн эсрэг талын хойд хаалга буюу машины зүүн хойд хаалга талд 1 хүний дараа суусан. Осолдсон машины жолооч болох Ж нь утсаар эхнэр лүүгээ яриад эхнэр нь дуудлага өгөөд эмнэлэгийн машин их хурдан ирсэн. Намайг 18 цагт гэрийн гаднаас машинд суухад гэрэлтэй байсан. Осолд орох үед 20 цаг өнгөрч байхад гадаа таг харанхуй бус бага зэргийн гэрэлтэй бүрэнхий болсон байсан. Замын байдал овон товон буюу донсолгоо мэдрэгдэхээр зүйл байхгүй байсан. Осол болсон шалтгаан нь миний бодлоор Харангатайн далан гэх газар урьд өдрийн бороо орсноос ус тогтсон байсныг хурдтай тойрч гарах гэж байгаад осолд өртсөн болов уу гэж бодож байна. Тухайн үед зүүн хөл хугарсан, толгойн дагз хэсгээр өвдөж байсан. Одоо зүүн хөл хадуулсан, оёдол хийлгэсэн. Толгой дагз орчмоор, хамарны нармай орчим, баруун нүдний доод хэсгээр өвдөж зовиурлаж байна. Уг ослоос болж гарсан эмчилгээний зардлыг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-29 тал/,
хохирогч Р.Ц-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр надад аймаг явах ажил гараад сумын төвийн аймаг явдаг машины зогсоол дээр ирэхэд Ланд Крузер нэртэй машин байсан тул би аймаг явна шүү намайг гэрээс ирээд авчихаарай гэж хэлчихээд гэр лүүгээ очиж ачаагаа янзлаад байхад машин ирж намайг дуудсан. Би машинд суугаад аймгийн төв рүү гарсан, намайг суухад машинд нийт 6 хүн байсан. Жолооч замаас Шар хөдөө гэдэг нэртэй газраас нэг хүн авна гэж ярьж байсан. Тэгээд бид хэд 17 цагийн үед сумын төвөөс гарч явсан. Шар хөдөө дээр очиж нэг хүнээ суулгаж цааш явж байхад Харганатай далан гэдэг нэртэй газрын зүүн талд машин дотор сууж явсан нэг хүүхдийг машинаас буулгаж бөөлжүүлсэн, цааш хөдөлж явж байгаад замын голд тогтоолсон ус байсан голоор нь гаталж гараад машин мушгиран унасан, би арын суудал дээр сууж байсан. Би нэг мэдэхэд урд талын суудал руу унасан байсан. Бие их өвдөж байсан жолооч ирж намайг татаж гаргах гэхэд "Би өөрөө гарна" гэж хэлээд өөрөө машинаас гарсан. Жолооч утсаар ярьж эмнэлгийн байгууллага дуудсан. Тухайн үед машин нэг их хурдтай яваагүй. Дунд зэргийн хурдтай явж байсан. Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Одоогоор миний нуруу өвдөж байна. Хүнд юм өргөж ажил хийж чадахгүй байна. Тэс суманд очоод физик эмчилгээ хийлгэсэн. Ойр зуурын эм тариа хувиасаа авч хэрэглэсэн тул эмчилгээний төлбөрийг нэхэмжилж байна. Ослын улмаас тухайн үед миний биед баруун бугалга, мөрний орчимд хөхөрсөн, тархи доргисон, нуруу орчимоор өвдөж байсан. Одоо ч шилэн хүзүү, нуруугаар хөшиж өвдөж байна. Уг ослын улмаас 350000 төгрөгний хохирол учирсан. Уг төлбөрийг Д.Ж нь надад нөхөн төлж барагдуулсан. Д.Ж-аас нэхэмжлэх зүйл байхгүй. Надад хохиролтой холбоотой баримт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,
хохирогч Ч.Н-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Тэс сумын төвөөс замын унаанд дайгдаж Улаангом сум орохоор 15.00 цаг орчимд Ж гэх танил залуугийн Ланд Крузер 80 маркийн машинд сууж хөдөлсөн юм. Тухайн үед машиныг Ж жолоодож явсан бөгөөд надаас гадна 6 хүн нийт 7-уулаа явсан. Хамгийн сүүлд Шар хөдөө гэх газраас Д гэх эгч суусан бусад хүмүүсийг танихгүй. Бид явж байгаад замдаа нэг удаа зогсож хүүхэд бөөлжүүлээд цаашаа хөдлөөд яваад удаагүй байтал машин гэнэт замаас гарч өнхөрөөд тогтсон юм. Намайг сэхээ авахад машин бүтэн эргээд дугуйн дээрээ зогссон байсан бөгөөд жолооч бид нарыг буулгасан. Тухайн үед миний зүүн ташаа орчимд хөхөрсөн, баруун гарын бугалга орчимд өвдөж байсан зүүн хацар хавдсөн байсан. Д эгчийн хөл нь хугарсан байсан. Бусад хүмүүс харьцангуй гайгүй байсан. Араас нэг машин ирсэн тул би тэр машинд суугаад Улаангом явчихсан. Ж, Д нар 2 хүний хамт үлдсэн. Ж согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би машины урд жолоочийн хажуугийн суудалд сууж явсан юм. Арын суудалд 5 хүн зэрэгцэж суусан байсан. Машин зогсож хөдлөөд удаагүй хурд багатай явсан. Тухайн үед зам ховилоор ус урссан бороо орсны дараах үе тул шавар шалбааг ихтэй байсан түүнд машин гулсаж замаас гарсан байх. Ослын улмаас миний биед хөнгөн хохирол учирсан. Миний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/,
гэрч Б.Л-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Бид замдаа Шар хөдөө гэх газарт зогсож хүлээж байтал мотоцикльтой хүн нэг эмэгтэйг сундалж ирж суулгасан. Бид тэндээс хөдлөөд ...удаагүй явж байтал гэнэт машин замаас гараад бүтэн өнхрөөд дугуйн дээрээ тогтсон. Биднийг машин дотроо байтал жолооч хаалга онгойлгоод биднээс гэмтсэн хүн байна уу гэж биеийн байдлыг асуугаад буулгасан. Тухайн үед сүүлд замаас суусан эгчийн хөл өвдөж байна, хугарсан бололтой гэж ярьцгааж байсан. ...Арын суудалд нийт 5 хүн сууж байсан. Би тэдгээр хүмүүсийг танихгүй, нэрийг нь мэдэхгүй байна. Автомашин их хурдтай яваагүй. 40-50 км/ц хурдтай явсан байх...” гэх мэдүүлэг / хх-ийн 35-36 тал/,
гэрч Б.Б-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Хөдлөөд удаагүй байтал машин гэнэт замын баруун тал руу эргэж замаас гараад нэг бүтэн өнхрөөд дугуйн дээрээ зогссон юм. Би их сандарсан бөгөөд сэхээ ороход жолооч хаалга онгойлгоод биднийг машинаас буулгасан юм. Тухайн үед машинаас буугаад харахад машин өнхөрч энд тэнд хонхойсон байсан. Миний толгой өвдөж байгаад сүүлд хэвийн болсон өөр гэмтэл учраагүй. Араас машин ирэхэд эгч бид хоёр нэг эгчийн хамт 3-уулаа сууж Улаангомд ирсэн. Автомашиныг Ж гэх залуу жолоодож явсан. Жолоочийн хажууд нэг залуу эмэгтэй сууж байсан. Арын суудалд баруун захад би, миний зүүн талд сүүлд Лхамаа, түүний цаана хөл нь хугарсан эмэгтэй, түүний цаана бас нэг ахимаг насны эмэгтэй тэгээд зүүн захад залуу эмэгтэй сууж байсан. Би тэдгээр хүмүүсийг танихгүй тул нэрийг нь мэдэхгүй байна. Шулуун хөдөөний ховилтой шороон зам байсан бөгөөд замын ховилоор бага зэрэг ус урсаж тогтоолсон байсан. Цаг агаар хэвийн бороо, шуургагүй, харанхуй болоогүй орчны байдал харагдахаар гэгээтэй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,
гэрч С.Н-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2018 оны 9 дүгээр сарын 10-ны орой 19, 20 цагийн орчимд танихгүй дугаараас дуудлага орж ирсэн бөгөөд авахад миний нөхөр Ж ярьсан. Тэс сумаас ирж байгаад Харганатай далан гэх газарт зам тээврийн осолд орчихлоо нэг хүний хөл хугарсан юм шиг байна бусад хүмүүс нь гайгүй хэвийн байх шиг байна. Чи эмнэлэгт дуудлага өгөөрэй гэж хэлсэн тул би тэр даруй эмнэлэгийн байгууллага болон цагдаагийн байгууллага руу дуудлага өгсөн юм. Тэгээд эмнэлгийн түргэн тусламжийн машинаар уг газарт очсон. Биднийг очиход 2 хүнийг замын машинаар явуулсан байсан бөгөөд машин унасан газарт миний нөхөр, хөл нь хугарсан эмэгтэй, бас нэг охин, настай эгч зэрэг хүмүүс байсан. Машин замын хажууд 4 дугуйн дээрээ байсан энд тэнд хонхойсон салхины шил нь цуурсан байдалтай байсан. Түргэн тусламжийн машинд тэр хүмүүсийг суулгахад би багтаагүй тул нөхрийн хамт машины хажууд үлдсэн. Удалгүй Улаангомоос цагдаа нар ирсэн юм. Уг автомашиныг миний нөхөр Ж нь 2018 оны 08-р сарын сүүлчээр Тэс сумын иргэн Т- гэх хүнээс 13,5 сая төгрөгөөр худалдан авсан бөгөөд албан ёсоор нэр дээрээ шилжүүлж авч амжаагүй байсан юм. Тэгшжаргал нь хөдөө байдаг малчин хүн тул аймгийн төвд орж ирж шилжүүлэг хийж амжаагүй байсан юм. Ж тухайн үед зам дээр байсан шалбааг дайрч өнгөртөл машин хөндөлдөөд явсан түүнээс хойш юу болсныг мэдэхгүй. Нэг их хурдтай яваагүй гэж хэлж байсан. Бид гэр бүл болоод 3 жил болж байгаа ба 2 настай охины хамт ам бүл 3-уулаа амьдардаг. Нөхөр маань ар гэртээ анхаарал халамж сайн тавьдаг, согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй, хааяа эцэг эх дээрээ очиж мал ахуйд нь тусалдаг. Газар зохион байгуулалтын мэргэжилтэй боловч мэргэжлийн ажил олдохгүй байна. Нөхөр мааань хүний хэлсэн үгийг хүлээж авдаг дуулгавартай, хөдөлмөрч, элдэв муу зуршилгүй хүн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/,
гэрч С.Д-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Манай Тэс сум нь Увс аймгийн төвөөс 150 орчим км зайтай байдаг ба сумаас гараад 100 гаруй км газар туулаад Харгантай далан гэдэг нэртэй газрын ойролцоо очиход орой 20 цаг орчим болж байсан. Өдөр нь бороо орчихсон газар нойтон шалбаагтай байсан юм. Гэтэл машин шалбааг дээгүүр явж байгаад гэнэт л хальтраад унах шиг болсон юм. Ямар ч байсан машин 1 бүтэн эргээд буцаж 4 дугуйн дээрээ зогссон юм. Тухайн үед машиныг Д.Ж гэдэг хүн өөрөө жолоодож явсан, харин урд талын суудал дээр Навчаа гээд охин сууж байсан. Миний хувьд машины зүүн хойд талын хаалганд хажуу, миний баруун талд энэ ослын улмаас хөлөө хугалсан үл таних эгч, түүний цаад талд мөн үл таних 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүн ингээд нийт 7 хүн явж байсан юм. Машинд сууж явсан хүмүүс болон жолооч нь ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, бүгд эрүүл байсан ба осол гарах үед хүмүүс бүгдээрээ л хоорондоо юм яриад сэрүүн явж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/,
гэрч Д.Т-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Д.Ж нь миний төрсөн ахын хүүхэд юм. Би өөрийн эзэмшлийн Тоёота Ланд Крузер 80 загварын 61-21 УВХ улсын дугаартай жийп автомашиныг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Ж-д зарсан юм. Ж надад автомашины үнэ 13.5 сая төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Бичиг баримтын шилжүүлэг хийж амжаагүй миний нэр дээр байдаг юм ” гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/,
шинжээч Б.Д-ын мөрдөн байцаалтийн шатанд өгсөн “Тухайн үед осолд орсон автомашин нь Тоёота Ланд Крузер 80 маркийн автомашин байсан. Уг автомашины техникийн тодорхойлолтоор суудлын тоо зөвшөөрөгдөх хэмжээ нь 5 байдаг. Жолооч Ж нь өөрөөсөө гадна 6 зорчигч тээвэрлэж явсан. Нийтдээ 7 хүн уг автомашинд зорчиж явсан байсан. Тиймээс уг дүгнэлтэнд тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэсэн гэж дүгнэлт гаргасан. Мөн жолооч замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байсан. Д.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын жолоочийн үнэмлэхтэй бөгөөд тухайн үед хүчинтэй байсан. Уг дүгнэлтийг цагдаагийн байгууллагын нэгдсэн сангийн жолоочийн лавлагаа хэсгээс лавлагаа авч түүнийг үндэслэн гаргасан. Уг лавлагаанд жолоочийн овог нэр, регистрийн дугаар жолооны үнэмлэхний дугаар, ангилал арга хэмжээ авагдсан зүйл заалт, он сар өдөр, оноо, хүчинтэй эсэх зэрэг мэдээллүүд бүгд гардаг юм. Монгол Улсын хэмжээнд замын цагдаагийн эрх бүхий алба хаагч нар уг цагдаагийн байгууллагын нэгдсэн сангийн жолоочийн лавлагаа хэсгийг ашиглан үйл ажиллагаа явуулдаг” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 5 тал/,
шүүгдэгч Д.Ж-ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт шатанд өгсөн “Би тухайн өдөр үдээс хойш 15.00 цаг болж байхад хөдөө байдаг аавынхаа гэрээс Улаангом суманд байдаг гэр лүүгээ явахаар болж Тэс сумын төвөөс 3 хүн аваад тэндээсээ яваад Хар үзүүр гэх газраас 2 хүн авч явсан юм. Тэдгээр хүмүүс нь хөлс төлж явах байсан бөгөөд сумын төвөөс суусан Ц гэх эмэгтэй Шар хөдөө гэх газраас дүүгээ авч Улаангом сум орно гэж хэлсэн. Уг айлд очиход дүү нь өөр машинд суугаад явчихсан байсан. Тэгтэл нэг мотоцикльтой хүн ирээд нэг хүн явуулъя түр хүлээж байгаач би аваад ирье гэж хэлсэн ба би зөвшөөрч хүлээж байгаад нэг эмэгтэйг суулгаад Улаангом сумын зүгт хөдөлсөн юм. Би тухайн үед хүнээс худалдаж аваад удаагүй байсан Тоёота Ланд Крузер 80 маркийн 6121УВХ улсын дугаартай жийп машиныг жолоодож явсан. Бид замдаа Харганатай далан гэх газарт явж байтал Батхүү дотор муухайрч байна гэсэн тул зогсож түүний буулгаж бөөлжүүлээд хөдөлсөн юм. Тэр орчимд бороо орсон бололтой замын суваг шуудуу дагаж ус урсаж тогтоолсон байсан тул шавар цацраад урд салхины шилийг бохирдуулаад шил арчигч ажиллуулаад нэмэргүй байсан тул зогсож урд шилээ арчиж цэвэрлээд цаашаа хөдлөөд 200 м орчим явтал зам дээр ус шавар тогтоолсон байсан тул хурдаа хасаад шавраар дайрч өнгөртөл машины бөгс зүүн гар тал руу шарваад машин хөндөлсөж гулсаад машин замаас гараад өнхөрсөн. ...Автомашин хажуугаараа нэг бүтэн өнхөрсөн тул кабин хонхойж гажсан, салхины шил, их гэрэл, 4 хаалга, копуд, буфер, хамгаалалт кабин зэргүүд бүхэлдээ хонхойж гажсан байсан. Би хохирогч Ц-г нэгдсэн эмнэлэгт болон хувийн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж шинжилгээ хийлгүүлсэн. Тэс суманд очсон хойно нь сумын эмч нарт хэлж ярьж физик эмчилгээнд хамруулсан. Надаас ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлээгүй. Хохирогч Н-г мөн шинжилгээнд хамруулсан бөгөөд ойр зуурын эм тариа, сорвины тос авч өгсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлсэн. Хохирогч Д-гийн хөл шилбэ орчимоороо хугарсан байсан тиймээс нэгдсэн эмнэлэгт хэвтүүлээд шинжилгээнд хамруулсан. Аймгийн төвд хөлийг нь хадуулах гэхэд өөрөө Улаанбаатар хот руу явж хадуулна гэж хэлсэн тул онгоцны билетийг бичүүлж явуулсан. Мөн тосож авах болон гаргаж өгөх 103 машины төлбөр мөнгийг төлж хүргүүлсэн. Очсоны дараа эмчилгээнд нэмэрлэ гэж 500.000 төгрөг өгсөн. Нийтдээ Д-д 900.000 төгрөгний зардал төлсөн. ...Мөн шүүх хуралдаанаас өмнө Д-д 300.000 төгрөг төлсөн. Хохирогч Ц-д 350.000 төгрөг, хохирогч Ц.Н-д ойролцоогоор 100.000 төгрөгийн эм, эмчилгээний зардал төлсөн. Осол зам дээр байсан шавраас болж гарсан, гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Цаашид хуулийн дагуу тогтоосон төлбөрийг барагдуулна” гэх мэдүүлэг,
зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтуурал шалгасан тухай тэмдэглэл, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн тухай санал, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 11-22 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 626 дугаар “Иргэн Д.Ж-ын биед тухайн үед ...тархины доргилт, толгойн оройн хэсгийн хуйханд зулгаралт зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Уг гэмтэл эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 52 тал/,
Шинжээч эмчийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 625 дугаар “Иргэн Р.Ц-гийн биед ...тархины доргилт, баруун бугалга, мөрний орчимд хар хөхөрсөн, нурууны хэсэгт эмзэглэлтэй зөөлөн эдийн няцралт гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Уг гэмтэл эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 55 тал/,
Шинжээч эмчийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 624 дүгээр “Иргэн П.Д-гийн биед тухайн үед гэмтэл учирсан байна. Зүүн хөлийн шилбэний 2 яс битүү хугарсан, тархины доргилт, хамар ясны хугарал, баруун нүдний зовхи, хамар, зүүн шилбэний булчинд хар хөхөрсөн, зүүн өгзөгний булчин хаван хавдар ихтэй зөөлөн эдийн няцралт гэмтлүүд үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Уг гэмтэл эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт удаан хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 69 тал/,
Шинжээч эмчийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 628 дугаар “Үзүүлэгч Ч.Н-гийн биед гэмтэл учирсан байна. Дух, баруун хацар, эрүүний баруун талд, зүүн бугалга, зүүн ташаа, баруун өгзөг, баруун гуя, баруун, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун далны доод талд, зүүн ташаанд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүү талбайг хамарсан байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 78 тал/,
Шинжээч Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Д-ын 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар “Жолооч Д.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангилалын эрхтэй. 914901 дугаартай жолооны үнэмлэхтэй байна. Жолооч Д.Ж нь замын хөдөлгөөнд оролцсон байна. 61-21 УВХ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 80 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Ж нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй сонгож явна. 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 21.8а тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоос тогтоосон тооноос олон хүн тээвэрлэж явсан гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 21.8а дахь заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шууд шалтгаан болж байна” гэх дүгнэлт /хх-ийн 72 тал/,
Увс Финанс Аудит ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 103 дугаар “Автомашины хохирол үнэлсэн тухай тайлан”, автотээврийн хэрэгслийн техникийн байдал, эвдрэлийн талаарх “Гэмтлийн акт” /хх-ийн 76, 83 тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, техникийн тодорхойлолт /2-р хх-ийн 1-2 тал/ бүхий нотлох баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтоож шийдвэрлэлээ.
Зам тээврийн осол гарсан гэх Увс аймгийн Малчин сумын “Харганатай далан” гэх газрын зам нь шороон зам бөгөөд тухайн үед бороо орчихсон, шавартай, ус тогтоолсон нойтон байсан болох нь гэрч нарын мэдүүлэг, замын бүдүүвч зураг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон ба шүүгдэгч буюу жолооч Д.Ж нь уг замаар гарах гэж яваад шарваж онхолдон зам тээврийн осол гаргасан байна.
Шүүгдэгч Д.Ж Увс аймгийн Тэс сумаас Улаангом сум руу өөрийн Тоёота Ланд Крузер 80 загварын автомашинд хүн тээвэрлэж авч явахдаа замын байдал нойтон, халтиргаа, гулгаатай байгааг мэдсээр байж зохих арга хэмжээ аваагүй, мөн автомашины техникийн тодорхойлолтоор зөвшөөрөгдсөн 5 хүний суудлын тоо /2-р хх-ийн 2 тал/-ноос их 7 хүнтэй явсан байсан болох нь хэрэгт авагдсан хохирогч П.Д, Р.Ц, Ч.Н, гэрч Б.Л, Б.Б, С.Д, шинжээч Б.Д нарын мэдүүлгээр нотлогдсон.
Прокуророос шүүгдэгчийн дээрх үйлдэлд ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.
Жолооч Д.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 21.8а “тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоос тогтоосон тооноос олон хүн тээвэрлэж явахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн явдал нь тухайн зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шууд шалтгаан болсон гэж дүгнэсэн шинжээчийн 28 дугаар дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй тул шүүгдэгч Д.Жыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан “Замын хөдөлгөөний дүрмийг сахих” үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Мөн энэ зам тээврийн ослын улмаас хохирогч П.Дгийн биед “зүүн хөлийн шилбэний 2 яс битүү хугарсан, тархины доргилт, хамар ясны хугарал, баруун нүдний зовхи, хамар, зүүн шилбэний булчинд хар хөхөрсөн, зүүн өгзөгний булчин хаван хавдар ихтэй зөөлөн эдийн няцралт” гэмтэл тогтоогдсон, эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт удаан хугацаанд нөлөөлөх гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 624 дүгээртэй шинжээчийн дүгнэлт, хохирогчийн өвчний түүх /хх-ийн 69, 108-129 тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн уг гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Нгийн биед “дух, баруун хацар, эрүүний баруун талд, зүүн бугалга, зүүн ташаа, баруун өгзөг, баруун гуя, баруун, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, баруун далны доод талд, зүүн ташаанд зулгаралт” гэмтэл тогтоогдсон, энэ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 628 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 78 тал/-ээр, хохирогч Р.Цгийн биед тархины доргилт, баруун бугалга, мөрний орчимд хар хөхөрсөн, нурууны хэсэгт эмзэглэлтэй зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдсон, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 625 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55 тал/-ээр тус тус тогтоогдсон байна.
Иймд шүүх шүүгдэгч Д.Жыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хэргийн үйл баримтаар уг гэмт хэргийн улмаас хохирогч Р.Ц, Ч.Н нарын эрүүл мэндэд хөнгөн, П.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан болох нь нотлогдож тогтоогдсон.
Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Хохирогч Р.Ц нь хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ “...Уг ослын улмаас 350000 төгрөгний хохирол учирсан. Уг төлбөрийг Д.Ж нь надад нөхөн төлж барагдуулсан. Д.Жаас нэхэмжлэх зүйл байхгүй. Надад хохиролтой холбоотой баримт байхгүй” /1-р хх-ийн 31-32 тал/ гэж, хохирогч Ч.Н нь хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ “...Ослын улмаас миний биед тухайн үед хөндүүрлэж өвдөөд хавдаад өнгөрсөн хөнгөн хохирол учирсан. Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” /1-р хх-ийн 34 тал/ гэж, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь “...Р.Цд 350.000 төгрөг, Ч.Нд 100.000 төгрөгийн хохирол төлсөн...” гэж тус тус мэдүүлсэн тул хохирогч Р.Ц, Ч.Н нарт шүүгдэгч Д.Жаас гаргуулж олгох хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч П.Д нь “...Уг ослоос болж гарсан эмчилгээний зардлыг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг өгч, үүнтэй холбоотой хохирлын баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гаргаж өгсөн байна. /1-р хх-ийн 28-29, 133-138 тал, 2-р хх-ийн 34-35 тал/
Дээрх нотлох баримтуудад шүүх дүгнэлт хийж, хэргийн 134-135 дахь талд авагдсан 3, 4, 6, 7, 8, 10, 11, 13, 14, 16, 17, 18, 20, 21, 23, 24, 35, 36, 37, 38, 40, 41, 42, 43 дугаараар гараар дугаарласан НӨАТ-ын:
Түүнчлэн, хохирогчийн унаа, шатахууны зардалтай холбоотойгоор гаргаж өгсөн хэргийн 137 дахь талд авагдсан /25, 34 дугаараар дугаарласан баримтын он сар тодорхойгүй тул үнэлээгүй/ баримтаас 1, 5, 27, 39 дугаартай 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 40000 төгрөгийн, 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 20.000 төгрөгийн, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 40000 төгрөгийн, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 40000 төгрөгийн, шүүх хуралдаанд ирүүлсэн /43.000 төгрөгний баримт Нарантуул, 40000, 10000 төгрөгний 51, 52 дугаартай баримт Шарын гол гэсэн байх тул хэрэгтэй хамааралгүй гэж үзэж үнэлээгүй/ баримтаас 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 19850 төгрөгийн, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 25000 төгрөгийн бүгд 184.850 төгрөгийн шатахууны баримт болон нэгдсэн эмнэлгээс нисэх хүртэлх хүргэсэн унааны зардал 15000 төгрөг, онгоцоор УБ хот явсан тийзны зардал 171100 төгрөг, бүгд 370.950 төгрөгийн нотлох баримтуудыг шүүх унааны зардалд тооцох нь зөв гэж дүгнэсэн болно. Учир нь тухайн гэмт хэргийн улмаас хохирогч П.Дгийн хөл хугарч гэмтсэн ба дээрх баримтууд нь хэрэг гарснаас хойшхи түүний эмчилгээ үйлчилгээ авсан цаг хугацаатай тохирч байх тул нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй байна.
Харин хохирогч П.Д-гийн шүүхэд гаргаж өгсөн хэргийн 136 дахь талд авагдсан 2, 9, 12, 15, 19, 22, 26, 28, 29, 30, 31, 32, 33 дугаараар дугаарласан 87.130 төгрөгийн, 2-р хх-ийн 34 талд авагдсан 1-7, 9, 10, 12, 14-29, 31- 34, 36, 38-40, 42, 43, 45 46, 49, 53, дугаараар дугаарласан 931.969 төгрөгийн нотлох баримтууд нь сола, пицца, зайрмаг, боов, талх, сойз, ариун цэврийн хэрэгсэл, бэлгэвч, гоо сайханы бүтээгдэхүүн, сүлжээний нэмэлт бүтээгдэхүүн, хүүхдийн тос, хүрэм гэх мэт хүнсний болон ахуйн хэрэглээ, хувцас авахад зарцуулсан, зарим нь юунд зарцуулсан нь тодорхойгүй тухайн гэмт хэрэгтэй хамааралгүй, зайлшгүй гарах зардал биш байна.
Иймд хохирогч П.Дгийн гаргаж өгсөн хохиролтой холбоотой нотлох баримтуудад шүүх дээрх байдлаар дүгнэлт хийж, 1.169.299 /87.130+931.969+93.000+57200/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогчид эм, эмчилгээний зардалд 1.243.763 төгрөг, унаа, шатахууны зардалд 370.950 төгрөг, нийт 1.614.713 төгрөгийн бодит хохирол, хор уршиг учирсан байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Ж нь нийт 1.200.000 төгрөгийн хохирлыг хохирогч П.Дд төлж барагдуулсан болох нь /1-р хх-ийн 92, 175-178, 2-р хх-ийн 36 тал/ хэрэгт авагдсан хохирол төлсөн баримт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн “Хохиролд 500.000, 300.000 төгрөгийг 2 удаа дансаар нь шилжүүлсэн, мөн бэлэн мөнгөөр Увс аймагт хийлгэсэн эмчилгээний зардал, Улаанбаатар явах онгоцны тийз, нисэх хүртэлх замын зардал, шинжилгээний баримтын төлбөр төлж, нийт 1200.000 төгрөгийн хохирлыг өнөөдрийн байдлаар төлсөн. Цаашид нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг төлж барагдуулна” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн үлдэх 414.713 /1.614.713-1.200.000/ төгрөгийг шүүгдэгч Д.Жаас гаргуулж, хохирогч П.Дд олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Мөн хохирогч П.Дгийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл учирсан, хохирогч нь сэтгэл санааны хохиролтой, биеийн байдал бүрэн эдгээгүй гэж мэдүүлсэн байх тул хохирогч П.Д нь энэ гэмт хэргийн улмаас цаашид хохирол учирсан гэж үзвэл холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.
2. Шүүгдэгч Д.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Жыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч С.Н, М.С нарын мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2014 дүгээр тодорхойлолт, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/931 тоот албан бичиг, Увс аймгийн Автотээврийн төвийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 266 тоот албан бичиг, Увс аймгийн Мөнхбишрэлт өрхийн эрүүл мэндийн төвийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 6 тоот албан бичиг, Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 268 тоот тодорхойлолт, Увс аймаг дахь Нефть хангамжийн салбарын 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 19 тоот албан бичиг, /1-р хх-ийн 39-40, 43, 96, 97, 98, 99, 101, 103, 248, 249, 250, тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ж нь Увс аймаг дахь Нефть хангамжийн салбарт агуулахын харуул ажилтай, эхнэр С.Ны, хүүхдийн хамт ам бүл 3-уулаа Улаангом сумын 10 баг, эрчим 1806 тоотод оршин суудаг, хувьдаа 102 тооны малтай, 61-21 УВХ улсын дугаартай Ланд круйзер 80 маркийн болон 82-76 УВХ улсын дугаартай Хондай сивик маркийн тээврийн хэрэгсэлтэй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон болох нь тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Д.Жд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.
Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн, хохирогч нарт хохирол барагдуулах арга хэмжээ авсан болон тухайн осолд өөрөө өртөж эрүүл мэнд нь хөнгөн хохирол учирсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан ялаас торгох ялаар шийтгэх нь зохистой гэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгчид хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.
Шүүгдэгч Д.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн 914901 дугаартай “В” ангилалын жолооны үнэмлэхийг эзэмшигч Д.Жд буцаан олгож, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Дгийн Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г овогт Дгийн Жт 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ж-аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлөгдөөгүй үлдсэн 414.713 /дөрвөн зуун арван дөрвөн мянга долоон зуун арван гурав/ төгрөгийг гаргуулж хохирогч П.Д-д олгож, 1.169.299 /нэг сая нэг зуун жаран есөн мянга хоёр зуун ерэн ес/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч П.Д энэ гэмт хэргийн улмаас өөрт цаашид хохирол учирсан гэж үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.Н, Р.Ц нар гаргуулах хохирол байхгүй, гомдолгүй гэснийг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 914901 дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч буюу эзэмшигч Д.Жд буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА