Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 574

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

Төв аймгийн Заамар сумын 3 дугаар баг Хайлааст Алтандорнод 1 дүгээр гудамж 11 тоотод оршин суух /НН73090963/ регистрийн дугаартай Мангир овогт Сандагсүрэнгийн Сүнжидмаагийн хүсэлттэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Сүнжидмаа, нарийн бичгийн дарга Г.Сугармаа нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч С.Сүнжидмаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Лхагвын Эрдэнэсүхтэй 2000 оноос хойш хамт амьдарсан ба бидний дундаас охин Э.Марал-Эрдэнэ 2003 оны 06 сарын 30-ны өдөр төрсөн. Өнгөрсөн хугацаанд бид гэрлэлтээ бүртгүүлж амжаагүй байтал нөхөр Л.Эрдэнэсүх нь 2016 оны 05 сарын 09-нд өвчний улмаас нас барсан. Одоо охин Э.Марал-Эрдэнэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл талийгаач Л.Эрдэнэсүх бид хоёр гэрлэлтийн баталгаагүй учраас шүүхээр хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 2003 оны 06 сарын 30-ны өдөр төрсөн охин Э.Марал-Эрдэний эцэг нь Л.Эрдэнэсүх мөн болохыг, бидний хамтын амьдралтай байсныг миний хэрэгт цуглуулан өгсөн нотлох баримтанд үндэслэн тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Мангир овогт Сандагсүрэнгийн Сүнжидмаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй бөгөөд эрх зүйн маргаангүй үйл явдлыг буюу агсан Л.Эрдэнэсүхтэй хамтын амьдралтай байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтыг ирүүлсэн байна. Үүнд:

-Улсын бүртгэлийн 2016 оны 05 сарын 10-ны өдрийн №0000159839 Г-15 тоот Нас барсны бүртгэлийн гэрчилгээнд “Монгол улсын иргэн РД:МТ76012114, Тугчин овогт Лхагвын Эрдэнэсүх нь 2016 оны 05 сарын 09-нд нас барсныг, 2016 оны 05 сарын 10-нд нас барсны бүртгэлийн 15 дугаарт нас барсныг бүртгэж гэрчилгээ олгов” гэсэн баримт,

-”Эрдэнэсүхийн Марал-Эрдэнэ 2003 оны 06 сарын 30-ны өдөр Улаанбаатар хот Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд төрснийг бүртгэлд 2003 оны 07 сарын 29-ний өдөр бүртгэж Гэрчилгээ олгов” гэсэн №0239884-59/48 тоот төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Төв аймгийн Заамар сумын 3 дугаар багийн засаг даргын 2016 оны 05 сарын 24-ний өдрийн 10/301 тоот албан бичигт: “Тус багийн иргэн Сандагсүрэнгийн Сүнжидмаа нь охин Э.Марал-Эрдэний хамт тус багийн Алтандорнод 1 дүгээр гудамж 11 тоотод оршин суудаг” гэх тодорхойлолт,

           -Гэрч Л.Пунсалдуламын “Талийгаач дүү Л.Эрдэнэсүх, С.Сүнжидмаа нар 2000 онд гэр бүл болж хамт амьдарсан. 2003 оны 06 сарын 30-нд охин Эрдэнэсүхийн Марал-Эрдэнэ төрсөн. Хүүхдэд нь тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох шаардлагатай болж шүүхэд хандсан. Би талийгаач дүүтэйгээ нэг суманд хамт амьдардаг байсан учраас сайн мэднэ. Манай дүү энэ оны 05 сард өвчний учир нас барсан” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд байна.

Хүсэлт гаргагч С.Сүнжидмаа нь Лхагвын Эрдэнэсүхтэй хамтын амьдралтай байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон нас барсны гэрчилгээ, охин Э.Марал-Эрдэний төрсний гэрчилгээний хуулбар, Төв аймгийн Заамар сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

 

Иймд С.Сүнжидмаагийн хүсэлтийг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчаас ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг үнэлж, талийгаач Лхагвын Эрдэнэсүхтэй хамтын амьдралтай байсныг болон охин Э.Марал-Эрдэний эцэг нь Л.Эрдэнэсүх болохыг тогтоож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2.14-т заасныг баримтлан НН73090963 регистрийн дугаартай Мангир овогт Сандагсүрэнгийн Сүнжидмаа нь МТ73012114 регистрийн дугаартай Лхагвын Эрдэнэсүхтэй 2000 оноос 2016 оны 05 сарын 09-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг сэргээж, 2003 оны 06 сарын 30-ны өдөр төрсөн охин Э.Марал-Эрдэний эцэг нь Л.Эрдэнэсүх болохыг тус тус тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Сүнжидмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   Л.ОЮУНЦЭЦЭГ