Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00412

 

 

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00412

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2024/00166 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: О ХХК, Э ХХК-д тус тус холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Т ХХК болон О ХХК-ийн хооронд 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Т ХХК нь гэрээний үүргийг биелүүлж барилга угсралтын ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7-д зааснаар төлбөрийг бэлэн мөнгө, бартер буюу О ХХК-ийн барьж буй хотхоны орон сууцны 3 дугаар давхрын худалдааны талбай, авто зогсоолоор төлөхөөр тохиролцсон.

О ХХК нь 274,2 м.кв үйлчилгээний талбайгаас 200 м.кв талбайг шилжүүлж, 74,2 м.кв талбайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг манай компанид гаргаж өгөөгүй. Уг талбайг шилжүүлээгүй үндэслэлээ гэрээнд огт хамааралгүй буюу гуравдагч этгээдийн хууль бус шаардлагын улмаас гэрээний үүргээ биелүүлэхгүй гэдгээ илэрхийлсэн.

Тодруулбал, манай компани нь Э ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээтэй холбоотой маргаан үргэлжилж Э ХХК нь О ХХК-д хандаж зээлийн маргаанд 74,2 м.кв талбайг барьцаанд авах, өмчлөх эрхийг шилжүүлэх албан бичиг хүргүүлснийг үндэслэн өмчлөлийг Э ХХК-д шилжүүлсэн байдаг. Энэ нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний эрх, эрх чөлөөний зарчмыг шууд зөрчсөн хууль бус үйлдэл. Уг зээлийн маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилж шүүхийн шийдвэр гараагүй.

Хариуцагч Э ХХК барьцааны гэрээний дагуу өмчлөлийг шилжүүлж авсан гэж байгаа боловч барьцааны гэрээнд энэ талаар тодорхой заагаагүй, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй.

Иймд О хотхон орон сууцны барилгын 3 давхрын үйлчилгээний талбайн 74,2 м.кв талбайн өмчлөгчөөр Т ХХК-ийг тогтоож, талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч О ХХК, Э ХХК-д даалгаж өгнө үү.

 2. Хариуцагч О ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

Гэрээт ажлын явцад Т ХХК мөнгөний хувьд дэмжлэг хүсч О ХХК-ийн ерөнхий захирал М.Н 300 хүртэл сая төгрөгийн зээл олгож байсан бөгөөд ажлын хөлсөнд өгөхөөр тохирсон үйлчилгээний талбайг Т ХХК барьцаалан Э ХХК-аас зээл авахад нь татгалзалгүй дэмжин оролцсон.

Гэтэл Т ХХК зээлээ хугацаанд барагдуулалгүй их хэмжээний өглөг үүсгэсэн тул Э ХХК гэрээгээр барьцаалсан барьцааны зүйлийг шилжүүлэхийг манай компанид мэдэгдсэн. Үүний дагуу нэхэмжлэгчийн зээлийн төлбөрт тооцож 74,2 м.кв үйлчилгээний талбайг Э ХХК-нд шилжүүлж, бичиг баримтын бүрдлийг зохих журмын дагуу холбогдох байгууллагад хүргүүлсэн. Тийм учир Т ХХК-ийн ажлын гүйцэтгэлийн төлбөр болон Т ХХК-аас Э ХХК-нд төлөх зээлийн төлбөрөөс 74,2 м.кв талбай хасагдаж тооцогдсон. Тухайн гэрээнүүд байгуулагдаж байх үед барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй байсан тул барьцаа гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Хариуцагч Э ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

Т ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээгээр 400,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн үйлчилгээний талбайн болзолт захиалгын гэрээ байгуулж Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо зүүн 4 замын зүүн хойд талд баригдаж буй О хотхон үйлчилгээтэй орон сууцны барилгын 3 дугаар давхрын 400 м.кв талбайг барьцаалсан. Талбайн хэмжээнд маргаж буй 74,2 м.кв талбай орж байгаа.

Т ХХК зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, барьцаалсан 400 м.кв талбайгаас 274,2 м.кв талбайг Б.А, Л.Э нарт 548,400,000 төгрөгөөр худалдсан байсан. Иймд О ХХК-аас бусдад шилжүүлээгүй 3 давхрын 304 тоот хаягт байрлах үлдсэн 74,2 м.кв үйлчилгээний талбайг барьцааны гэрээг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг манай компанид гаргаж өгөхийг шаардсны дагуу О ХХК-аас 74,2 м.кв талбайг 118,720,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 2019 оны 01 дүгээр саын 11-ний өдөр уг талбайн өмчлөх эрхийн гэрчилгээ Э ХХК-ийн нэр дээр гарсан.

Мөн Т ХХК нь С ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт С ХХК-аас авах 247,003,136 төгрөгийг Э ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний төлбөрт төлөх үүргийг С ХХК хүлээж 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээний төлбөр шилжүүлэх тухай гэрээ байгуулагдсан. 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төлбөр авагч С ХХК, Б ХХК, Э ХХК, төлбөр төлөгч Т ХХК нар харилцан тохиролцож зээлийн гэрээ болон ажил гүйцэтгэх гэрээнүүдийн төлбөрийн үлдэгдлийг барагдуулахаар хэлцэл байгуулсан. Үүгээр төлбөр төлөгч Т ХХК нийт 1,336,532,400 төгрөгийг төлөхөөр тохирч уг гэрээтэй холбоотой маргаан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байна. Т ХХК-тай байгуулсан барьцааны гэрээг үндэслэн барьцаа хөрөнгө 74,2 м.кв талбайг шилжүүлэн авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

 4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 109 дүгээр зүйлийн 109.1-т зааснаар хариуцагч О ХХК, Э ХХК-нд холбогдох Барилгын ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд авсан О хотхон орон сууцны барилгын 3 давхарын үйлчилгээний талбайн 74,2 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга

5.1. Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, шүүхэд хандан маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн. Шүүх Т ХХК-ийн гаргасан О юнстракшн ХХК-тай байгуулсан 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Барилга угсралтын ажил хийж гүйцэтгэх гэрээ-ний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгөлгүйгээр өөр төрлийн харилцаа болох зээлийн гэрээний харилцаанд дүгнэлт өгч шийдвэрээ гаргасан нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Т ХХК болон Э ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, түүний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар талууд маргаж байгаа бөгөөд энэ нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс мөн шүүх хуралдаанд төлбөр төлөгч Т ХХК-ийн төлөхөөр зөвшөөрсөн 1,336,532,400 төгрөгийн гэрээтэй холбоотой маргаан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байна гэж тусдаа маргаан үүссэн талаар хүлээн зөвшөөрсөн байдаг.

Дээрх үзэхэд анхан шатны шүүх нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг тухайн гэрээнд хамааралгүй, гэрээний оролцогч биш этгээдийн тайлбар, түүний гаргаж өгсөн зээлийн гэрээний үүрэгт дүгнэлт өгч Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 153.3-т заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Т ХХК болон Э ХХК-ийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Үүнээс үзэхэд анхан шатны шүүх нь хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн дүгнэлтээ гаргасан.

5.2. Анхан шатны шүүх нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байдлаар үнэлж чадаагүй.

Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг маргаан бүхий үйлчилгээний талбайн өмчлөгч нь Э ХХК болохыг мэдсэн даруйд хамтран хариуцагчаар татсан. Иймд анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлд зааснаар гомдол гаргаагүй гэж үзэж буй нь үндэслэлгүй.

Дээрх бүгдээс нэгтгэн үзэхэд анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийсэн, нотлох баримтыг хэрэгт хамааралтай байдлаар үнэлж чадаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Э ХХК болон Т ХХК-ийн хооронд 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан. Тухайн гэрээ, түүний үүргийн гүйцэтгэл, баталгаатай холбоотой 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээний төлбөрүүдийг барагдуулах хэлцэл байгуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн гэрээг хүчин төгөлдөр бус гэх агуулгаар тайлбар, татгалзал гаргаагүй. Тухайн гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул тухайн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар О ХХК-д хүсэлт гаргаж, түүний дагуу шилжүүлэн авч, төлбөр барагдуулах гэрээний санхүүгийн тооцооноос хасуулсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч О ХХК-аас оролцоогүй, гомдолд бичгээр тайлбар гаргаагүй.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Э ХХК, О ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч О ХХК нь Т ХХК-ийн төлөх зээлийн төлбөрт тооцон 74.2 м.кв талбайн өмчлөлийг Э ХХК-д шилжүүлсэн гэж, хариуцагч Э ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлсэн мөнгөн хөрөнгөөс хасч тооцсон гэж тус тус маргажээ.

3. 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр Т ХХК нь Баянзүрх дүүрэг 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр зүүн 4 зам К зочид буудлын зүүн талд байрлах 3,968 м.кв талбай бүхий газар үйлчилгээтэй орон сууцны барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр, О ХХК нь 3,468,241,144 төгрөгийн хөлс төлөхөөс 35 хувийг бэлэн мөнгөөр, 65 хувийг тухайн компанийн барьж буй барилгаас орон сууц, авто зогсоол болон үйлчилгээний талбайг төлбөрт тооцон шилжүүлэхээр тохиролцжээ /хх 15-32/.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 3.1. Мөн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Т ХХК нь Э ХХК-тай зээлийн гэрээ, үйлчилгээний талбайн болзолт захиалгын гэрээг тус тус байгуулж, 400,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар хүлээн авчээ.

Эдгээр гэрээнд зааснаар зээлийн гэрээний үндсэн хугацаа дуусгавар болоход зээлийн эргэн төлөлт 70 хувиас бага байх тохиолдолд үйлчилгээний талбайн болзолт захиалгын гэрээний дагуу нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Зүүн 4 замын хойд талд баригдаж буй О хотхон үйлчилгээтэй орон сууцны барилгын 3 дугаар давхрын зүүн талын 400 м.кв үйлчилгээний талбайг Э ХХК-нд шилжүүлж өгөхөөр талууд харилцан тохиролцжээ /хх 115-117, 145-146/.

4. Нэхэмжлэгчийн бусад этгээдтэй байгуулсан гэрээ, гэрээний хэрэгжилтийн үр дагаварт анхан шатны шүүх алдаатай эрх зүйн дүгнэлт өгсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.

 4.1. Т ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүрэг болох Баянзүрх дүүрэг 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр зүүн 4 зам К зочид буудлын зүүн талд байрлах 3,968 м.кв талбай бүхий газар үйлчилгээтэй орон сууцны барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн үйл баримтад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиалагч О ХХК маргаагүй.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж ** байр, 3 давхар, **** тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-220409**** дугаартай, 74.2 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч О ХХК-аас шаардах эрхтэй.

 4.2. О ХХК нь 74.2 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Э ХХК-ний өмчлөлд 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлснээр ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг ажил гүйцэтгэгчид хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн байна /хх 138-139/.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөх ёстой.

Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээний хөлс болох 74.2 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авах эрхийг Т ХХК нь Э ХХК-д шилжүүлээгүй, түүнчлэн О ХХК нь уг үл хөдлөх эд хөрөнгийг Э ХХК-ийн шаардсанаар өмчлөлд нь шилжүүлж байгаа болохыг Т ХХК-д мэдэгдээгүй.

4.3. Э ХХК нь Т ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үйлчилгээний талбайн болзолт захиалгын гэрээ байгуулсан атлаа гэрээний үүргийг биелүүлэхийг гэрээний оролцогч биш О ХХК-аас шаардсан нь Т ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний хөлсөө захиалагчаас шаардах эрхийг зөрчсөн.

Учир нь Э ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан үйлчилгээний талбайн болзолт захиалгын гэрээ болон зээлийн гэрээний үүргийг зөвхөн Т ХХК-аас шаардах эрхтэй. Хэрэгт авагдсан баримтаар ийнхүү шаардсан үйл баримт тогтоогдоогүй, түүнчлэн О ХХК-аас тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөр үүргийн харилцааны үндсэн дээр хүлээн авсан болохоо хариуцагч Э ХХК нотлоогүй.

Э ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан үйлчилгээний талбайн болзолт захиалгын гэрээний үндсэн дээр маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө аваагүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 153.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь барьцааны зүйлийг өмчлөлдөө шилжүүлж авсан нь үндэслэлтэй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн хэргийн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй байна.

Иймд Э ХХК нь үүргийн болон өмчийн эрх зүйн хүрээнд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж ** байр, 3 давхар, **** тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-220409**** дугаартай, 74.2 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө хүлээн авсан гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.

 4.4. Нийт өгсөн дүгнэлтийн хүрээнд О ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, Т ХХК-ийг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж ** байр, 3 давхар, **** тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-220409**** дугаартай, 74.2 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт,

үүнтэй холбоотойгоор тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Т ХХК-ийн нэр дээр шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг Э ХХК-д даалгах нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт тус тус нийцнэ.

4.5. Ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр нэхэмжлэгчийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон, мөн Э ХХК-ийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үйлчилгээний талбайн болзолт захиалгын гэрээний үндсэн дээр маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө аваагүй гэж дүгнэсэн тул Т ХХК болон Э ХХК-ийн байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ, үйлчилгээний талбайн болзолт захиалгын гэрээ, Э ХХК болон Саруул сайхан ХХК-ийн байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний төлбөр шилжүүлэх тухай гэрээ, С ХХК, Б ХХК, Э ХХК, Т ХХК болон иргэн Ц.Б ын хооронд байгуулсан 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хэлцэлд шүүх эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

Энэ талаар маргах эрх тухайн гэрээний оролцогчдод нээлттэй.

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2024/00166 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж ** байр, 3 давхар, **** тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-220409**** дугаартай, 74.2 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Т ХХК-ийг тогтоож, тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Т ХХК-ийн нэр дээр шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг Э ХХК-д даалгасугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О ХХК-аас 70,200 төгрөг, хариуцагч Э ХХК-аас 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 Т.БАДРАХ