Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 35

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

Шүүгдэгч: Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Л-гийн Бт холбогдох 1935000920039 дүгээртэй эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, 2 хүүхдүүдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 4-р багийн 01-63 тоотод оршин суух, регистрийн дугаар ОД67092519, Ш овогт Л-гийн Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч Л.Б нь согтуугаар Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутагт 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Р.Л-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Л.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Л.Б нь 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Улаангом сумын 12-р багийн нутаг дэвсгэрт хохирогч О.Л-г зодсон болох нь хохирогч О.Лгийн “Би 2019 оны 3 дугаар сарын 08-ны 11 цагийн орчим Увс аймгийн Сагил сумын Боршоон гол гэх газарт байдаг хадам ээж Сайнжаргалын гэрт очихоор найз Л овогтой Бийн суудлын машинаар хадам эгч Эрдэнэцэцэгийн хамт явсан юм. Тэгээд Сагил сумын Боршоод байх хадам ээжтэйгээ уулзчихаад хариу наашаа 14 цаг өнгөрч байхад гараад замдаа Бийн машин дотор байсан хагас шил архинаас би 3 хундага татаад аймгийн төв орж ирээд эхлээд хадам эгч Эрдэнэцэцэгийг гэрт нь буулгаад манай ажил руу буюу Улаангом сумын 3 дугаар багт байх Жаран нэртэй дэлгүүр лүү явж байгаад дэлгүүртээ очилгүй нөгөө тал шил архиа уухаар урагшаа Гашууны голын тийшээ гараад нөгөө тал шил архиа уугаад дуусаж байтал Б машин дотор хамт сууж байгаад гэнэт миний хамар луу болон ам руу гараараа цохиод авсан. Тухайн үед миний хамраас цус гараад би Бийн машины урьд талын жолоочийн хажуугийн суудлын урд талын шалавчин дээр цусаа гоожуулсан ба намайг ямар шалтгаанаар зодсон талаар асуухад надад ямар шалтгаанаар намайг зодсон гэдгээ хэлээгүй. Тэгээд надаас уучлалт гуйгаад гэр хорооллын дэлгүүрээс 500 граммын Ерөөл нэртэй архи 1 шилийг мөн ундаа авсан ба түүнийгээ уухаар дахин урагшаа гараад нэг газар зогсож байгаад уусан. Тэр архийг бид хоёр хоёулаа хувааж уугаад намайг эмнэлэг дээр харанхуй болчихсон байхад авч ирээд өвчин намдаах эм хийлгэж өгөөд намайг гэрт авч ирсэн ба намайг гэр лүү оруулж өгөөд манай хүү Г-нд танай ээж миний машин дотор явж байгаад юм мөргөөд хамраа гэмтээчихлээ гэхэд манай хүү “та юу яриад байгаа юм, манай ээж над руу утсаар залгахад би утсыг нь аваад сонсоход та манай ээжийг зодож байсан ярианы бичлэг тань байна, худлаа битгий ярь гэхэд Б гараад явчихсан юм. Миний хамрыг Б гараараа зодож гэмтээсэн нь үнэн. Миний хамрын гэмтэл эдгэрч илааршиж байгаа одоо надад өвдөж зовиурлах зүйлгүй. Л.Б нь миний эмчилгээний зардал, хохиролд 60.000 төгрөг төлж барагдуулсан. Л.Бөөс нэхэмжлэх зүйлгүй, гомдол тэмцэл байхгүй” /хх-ийн 4-6 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

гэрч Б.Э-ийн “...Удалгүй 17 цагийн үед байх Л-гийн хүү Г манай ээж утсаар залгаад цаанаа нэг хүнтэй маргалдаад байх шиг байна, уйлаад байна хүнээр зодуулаад байх шиг байна гэхээр нь би Г-д ээж чинь хүнээр зодуулдаг хүн биш гэж хэлсэн. Тэгээд Л 18 цагийн орчим байх /цагийг нь сайн мэдэхгүй байна/ гэртээ Бтэй хамт ирсэн юм. Тухайн үед Л-гийн нүүрийг харахад хамар нь гэмтчихсэн хавдчихсан 2 нүд хөхөрсөн байсан тул цагдаад дуудлага өгсөн. Б Л хоёр надтай хамт машин дотор явж байхдаа маргалдаж зодолдоогүй мөн Боршоод очоод ямар нэгэн хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй. Л, Б хоёр орой Л-гийн гэрт ирэхэд хоёулаа архи уучихсан байсан юм” /хх-ийн 7-8 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

насанд хүрээгүй гэрч Г.Г-ний “...Орой 17 цагийн орчим байх би ээж рүүгээ утсаар залгахад манай ээжийн утас дуудаж байгаад ээж утсаа авсанаа мэдээгүй юм шиг байгаа юм, цаана нь ээж нэг эрэгтэй хүнтэй маргалдаад би ийм царайтай яаж айлд очдог юм гээд маргалдаад байхаар нь би тэр бичлэгийг нь өөрийнхөө S-5 маркийн утсан дээрээ бичээд авчихсан. Тэгээд ээжийг согтуу байх шиг байхаар нь гадуур хайгаад олоогүй. Би 19 цагийн орчим гэртээ ирээд байж байтал манай ээж хажуудаа зүс таних Б гэх ахтай хамт орж ирээд гадуур хувцасаа тайлж байхад нь би нүүрийг нь хартал хамар нь гэмтэж 2 нүд нь хөхөрсөн байсан. Тэгэхээр нь би Б ахад та яагаад манай ээжийг зодсон юм гэхэд Б ах ямар нэгэн зүйл надад хэлэлгүй гараад явчихсан юм. Манай ээж Л намайг 2019 оны 3 дугаар сарын 08-ны өглөө давталганд явж байхад нүүрэндээ ямар нэгэн гэмтэлгүй эрүүл зүгээр байсан ба орой ирэхдээ хамартаа гэмтэлтэй 2 нүд нь хөхөрсөн байсан юм...” /хх-ийн 7-8 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

шүүгдэгч Л.Бийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг сургуулийн хорооны 063 тоот хашаанд өөрийн 2 хүүгийн хамт амьдардаг юм. 2019 оны 3 дугаар сарын 08-ны өглөө манай найз болох Л над руу утсаар яриад Сагил сумын Боршоо гэх газар луу яваад ирье гэхээр нь би өөрийн 87-84 УВА улсын дугаартай суудлын машинаар Л-г дэлгүүр дээрээс нь очиж аваад тэндээсээ Л-гийн гэрт очиж хадам эгч Э-ийг аваад хойшоо гарсан юм. Бид нар аймгийн төвөөс 11 цагийн орчим гараад Боршоод 14 цагийн үед очсон. Боршоод бид нар Л-гийн ээжийн гэрт очоод хоол цай хийлгэж идээд архи дарс уулгүй шууд хариу Улаангом руу 15 цагийн орчим гарсан. Боршоогоос Улаангом руу явах замдаа Л миний машин дотор ууж байгаад орхисон архинаас 3 хундага уусан ба хажууд нь байсан Э болон би архинаас уугаагүй юм. Аймгийн төв орж ирээд Л-гийн гэрийн гадна Э-ийг буулгаад Л надтай хамт дэлгүүр дээр очихоор яваад дэлгүүрийнхээ үүдэн дээр очиход Л буугаагүй. Тэгээд бид Улаангом сумын 12 дугаар багийн нутаг гашууны голын орчим машин бариад явж байтал гэнэт миний машины руль дээр унаад ирэхээр нь гарынхаа араар нэг удаа цохичихсон. Тэгээд Лсүрэнгийн хамраас цус гараад цусыг нь цасаар угааж өгчихөөд тэр дороо уучлалт гуйгаад Буянт хороололд байх нэг дэлгүүрээс нэг шил архи авч өгөхөд тэр архинаас Лсүрэн ууж байгаад орхичихсон юм. Тэгээд эмнэлэг дээр очоод тайвшруулах тариа хийлгэж өгөөд орой харуй бүрий болж байхад гэрт нь аваачиж өгөөд оруулахад Лсүрэнгийн хүү намайг та яагаад ээжийг зодсон юм гээд дайраад байхаар нь би хурдан гэгч нь гараад явчихсан юм. Би Лсүрэнд учирсан хохирол гомдлыг бүрэн барагдуулж өгсөн бөгөөд надад гомдол тэмцэлгүй гэсэн бичиг хийж өгсөн. ...Манай эхнэр 2018 онд өвчний улмаас нас барсан бөгөөд 16-25 насны 2 залуугийн хамт өрх толгойлон амьдарч байна. Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд Улаангом сумын 5-р баг Гашууны голд 2.5 га жимс хүнсний ногооны зориулалтын талбайтай, сард 650.000 төгрөгний орлоготой, өөрийн 87-84 УВА улсын дугаартай цагаан өнгийн Импраза гэх машинтай. Бага хүү Б тэжээгчээ алдсаны тэтгэвэр болох сард 270.000 төгрөг авдаг. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 227 дугаар “О.Лгийн биед гэмтэл учирсан байна. Хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгарал, цус хуралт, 2 нүдний дотно булан, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт, нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Л.Б нь 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хохирогч О.Лгийн хамар тус газар гараараа цохисон үйлдлийн улмаас хохирогч О.Лгийн биед хөнгөн зэргийн буюу хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгарал, цус хуралт, 2 нүдний дотно булан, дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл учирсан болох нь шинжээч эмчийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 227 дугаар дүгнэлт /хх-ийн 16 тал/-ээр тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинж хангагдсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй.

            Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул шүүгдэгч Л.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Л.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч О.Л нь “...Л.Б надад хохиролд 60.000 төгрөг төлсөн. Би Бөөс нэхэмжлэх зүйлгүй, гомдол тэмцэл байхгүй...” гэж мэдүүлж, хүсэлт гаргасан тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Л.Бөөс гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 06, 42 тал/

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон хэргийн 10, 11, 30, 32, 33, 38 дахь талд авагдсан гэрч Б.Т, Б.Б нарын мэдүүлэг, Автотээврийн төвийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 77 тоот албан бичиг, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 1/235 тоот албан бичиг, Увс аймгийн Улаангом сумын 4-р багийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 215 дугаар тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Б нь урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг 01-63 тоотод ам бүл-3, 2 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа жимс жимсгэний аж ахуй эрхэлж амьдардаг болох нь тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан хохирол, хор уршиг арилсан гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

 

Иймд шүүгдэгч Л.Б хувийн байдал, хохирол, хор уршгийг арилгасан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор ...биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгч Л.Бт хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

            Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.      

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ш овогт Лгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овогт Лгийн Бт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

            4. Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн эд зүйлгүй, хохирогч О.Лд хохиролд 60.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Л.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА