Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
Хэргийн индекс | 151/2016/0650/И |
Дугаар | 603 |
Огноо | 2016-06-20 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 603
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,
Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар баг Хонхорын 1-14 тоотод оршин суух НМ63012001 регистрийн дугаартай “Боржигин” овогт Чанцалын Баасанжавын нэхэмжлэлтэй эрх олгосон бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Баасанжав, нарийн бичгийн дарга Г.Сугармаа нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Баасанжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1963 онд төрсөн. Би Төв аймгийн Жаргалант сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл миний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн овог зөрүүтэйгээс эрх ашиг зөрчигдөж шүүхэд хандаж байна. Би багадаа ээж дээрээ өссөн ба анх ажилд ороход боловсон хүчин хөдөлмөрийн дэвтэрт миний овгийг хойд аав н.Батжаргалаар овоглож нээсэн байна. Миний бүх бичиг баримт ээж Чанцалаар овоглосон байдаг. Иймд намайг Сум дундын нэгдсэн эмнэлгээс 1987 оны 11 сарын 02-ны өдөр Батжаргалын Баасанжавт нээж олгосон №072274 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Чанцалын Баасанжав мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт бичгээр ирүүлсэн нотлох баримтуудыг шинэчлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Боржигин овогт Чанцалын Баасанжав нь эрх олгосон бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.6-д эрх олгосон бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-д “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй...” гэж тус тус зааснаар шаардах эрхтэй байна.
Ч.Баасанжавт эрх олгосон №072274 дугаартай хөдөлмөрийн дэвтрийг 1987 оны 11 сарын 02-ны өдөр нээхдээ түүний овгийг н.Батжаргал гэж буруу бичигдсэн болох нь шүүх хуралдаанаар шинэчлэн хэлэлцсэн хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт бичгээр ирүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: Улсын бүртгэлийн ерөнхий газар, Иргэний баримтын архивын хэлтсийн 2016 оны 04 сарын 12-ны өдрийн №103/003813 дугаартай лавлагаанд ... Чанцалын Баасанжав 1963 оны 01 сарын 20-ны өдөр төрж 1966 оны 10 сарын 08-нд Архангай аймгийн Жаргалант сумын 68 дугаарт бүртгэсэн байдал, Боржигин овогт Чанцалын Баасанжавын иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч Б.Оросоогийн “Ч.Баасанжавт анх хөдөлмөрийн дэвтрийг нээж олгохдоо өвөө Батжаргалаар овоглосон байна. Ч.Баасанжавын бүх бичиг баримт эмээ Чанцалаар овоглосон байдаг юм” гэсэн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчаас ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг хууль зүйн талаас нь харьцуулан үзэж
хүсэлт гаргагч Ч.Баасажавыг №072274 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.7, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Төв аймгийн Жаргалант сум дахь Сум дундын нэгдсэн эмнэлгээс Батжаргалын Баасанжавт 1987 оны 11 сарын 02-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь НМ63012001 регистрийн дугаартай Чанцалын Баасанжав мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар хүсэлт гаргагч Ч.Баасанжав улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ