Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 36

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Я.Дина,

Шүүгдэгч: Г.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Г-гийн О-д холбогдох 1935000820040 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1962 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1 Увс аймгийн Улаангом сумын 1-р багийн 05-02 тоотод оршин суух, регистрийн дугаар ОИ62041511, Ш овогт Г-гийн О.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч Г.О нь согтуугаар Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хохирогч А.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Г.Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Г.О нь 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Улаангом сумын 9-р багийн нутаг дэвсгэрт хохирогч А.Б-ийг зодсон болох нь хохирогч А.Б-ийн “...2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 22 цаг өнгөрч байхад би Г.О ахын гэрт ороход О ах согтуу байталтай хажуудаа нэг танихгүй залуутай маргалдаад салаа амаа гаргаад хэрэлдээд барьцалдсан байдалтай байж байхаар би Г.О ах одоо боль, та залуу хүнтэй маргалдаад хэрэггүй гэж хэлээд тэр хоёр хүний дундуур ороод салгах гэж байтал Г.О ах намайг тэдний гэрт байсан төмөр сандал аваад миний толгой руу бас миний хамар луу 3-4 удаа цохьсон юм. Тэр үед миний толгой хамраас цус гараад би цусаа гоожуулаад гэртээ очсон. Манай гэрт миний эхнэр Д.Б, хүү Б.Ц нар байсан. Би орж Г.О ах намайг сандалаар цохьчихлоо гэж би хэлсэн юм. Тэгээд манай эхнэр хүүхэд цагдаа дуудсан. ...Одоо миний биед толгой өвдөж байна. Би Г.О-д одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 23-26 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Б.Ц-ний “Би 2019 оны 2 дугаар сарын 21-ний орой гэртээ байж байгаад 22 цагийн үед би аавын гэр лүү орсон чинь манай аав А.Б нь хүнээр зодуулсан байдалтай нүүр нь цус болсон хамраас нь цус гарсан байсан. Би та яасан юм бэ гэж ааваас асуухад манай дээд талд байдаг Орсоо гэдэг хөгшин намайг төмөр сандалаар толгой руу цохьчихлоо гэж хэлсэн юм...” /хх-ийн 31 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Ч.Аийн “2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Улаангом сумын 9-р багийн нутагт найз Эрдэнэтогтохын гэрт очиход тэднийд Г.О ах байсан. Өөр хүн байгаагүй. Тэгээд Г.О ах согтуу байсан. Надад нэг шил архи аваад өг гэхээр нь би гарч дэлгүүрээс нэг шил 0,33 граммын Их монгол гэдэг архи авч ирээд бид хоёр хувааж уусан. Тэгээд байж байтал гаднаас 22 цагийн үед А.Б гэдэг хүн бас архи уучихсан байдалтай тэдний гэрт орж ирсэн юм. Тэгээд Г.О ах, А.Б бид гурав архи уугаад дуусаж байтал Г.О ах намайг чи гарч зайл гэж хэлээд надтай маргалдсан. Тэгээд бид хоёр нэг нэг рүүгээ салаа гаргаад бид хоёр маргалдаж байтал нэг мэдэхэд Г.О ах тэдний гэрт галын доод талд байсан төмөр сандал аваад А.Бийн толгой руу цохьсон юм. Бас дахиад Г.О ах гараараа А.Бийн хамар луу нь нэг удаа цохьсон юм. Тэгээд би тэр хоёр хүнийг больцгоо гэж салгаж явуулсан юм...” /хх-ийн 32 тал/ гэх мэдүүлэг,

шүүгдэгч Г.Огийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгөн “Би одоо ганцаараа амьдардаг. Өөрийн төрсөн дүү Г.Эын гэрт амьдардаг юм. 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр би гадуур явж жаахан архи уучихаад Улаангом сумын 9-р багийн нутагт би хамтдаа амьдардаг төрсөн дүү Г.Эын гэрт ирсэн, би тэднийд байж байтал гаднаас Ч.А гэдэг залуу ирснийг би “ахдаа нэг шил архи авч ирээд өг” хэлсэн. Тэгээд Ч.А нь гадагшаа гарч дэлгүүрээс 0,33 грамын Их монгол гэдэг архи авч ирсэн. 22 цагийн үед А.Б гаднаас бага зэргийн архи уусан байдалтай орж ирсэн юм. Тэгээд бид нар архиа ууж дуусч байгаад Ч.А бид хоёр хоорондоо жаахан маргалдаж байсан. Би Ч.Аийг “чи дандаа хүнийг худал үнэн хэлж гүжирдэж байдаг, чи худал хэлдэгээ боль, архи уухаа боль” гээд би Ч.Аэд хэлээд бид хоёр маргалдаад Ч.А рүү май чи энэнийг ав гээд би салаагаа гаргасан юм. Тэгээд Ч.А бид хоёр маргалдаж байтал хажууд байсан А.Б нь Ч.А бид хоёрыг хоорондоо зодолдож магадгүй гээд салгах гэтэл би А.Бөд чи боль гээд миний уур хүрээд манай дүүгийн гэрт байсан тавцангүй төмөр сандал байсныг аваад хэд хэдэн удаа А.Бийн толгой руу цохьчихсон. Тухайн үед А.Б миний урдаас эсэргүүцэж намайг зодож цохиогүй юм. Тэгээд А.Б нь гэрлүүгээ гараад явсан юм. Удалгүй би дүүгийнхээ гэрт байж байтал цагдаа нар ирээд намайг авч явж цагдаагийн газар дээр эрүүлжүүлсэн юм. Би Улаангом сумын 1-р багт амьдардаг хаягтай боловч одоогоор өөрийн гэсэн гэр орон, эд хөрөнгө байхгүй, би ганцаараа төрсөн дүү Г.Эын гэрт Улаангом сумын 9-р багт амьдардаг юм. Миний эхнэр П.Д 2013 онд надаас салаад явсан. Түүнээс хойш миний хүүхдүүд бас намайг хаяад явсан. Одоо хүртэл холбоо байхгүй. Улаанбаатар хотод амьдардаг юм. Тухайн үед би Ч.А-ийг зодож цохьсон зүйл байхгүй. Ч.А намайг зодож цохьсон зүйл байхгүй би зөвхөн А.Бийг төмөр сандалаар зодсон. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 209 дугаар “А.Бийн биед гэмтэл учирсан байна. Хамар ясны хугарал, баруун нүдний дотно булан зовхинд цус хуралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэлүүд нь тогтоолд заасан хугацаанд үүссэн байх боломжтой. Шинээр үүссэн гэмтэлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

Шүүгдэгч Г.О нь 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хохирогч А.Бийн толгойн тус газар төмөр сандалаар цохисон үйлдлийн улмаас хохирогч А.Бийн биед хөнгөн зэргийн буюу хохирогчид хамар ясны хугарал, баруун нүдний дотно булан зовхинд цус хуралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл учирсан болох нь шинжээч эмчийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 209 дугаар дүгнэлт /хх-ийн 34 тал/-ээр тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинж хангагдсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй.

            Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул шүүгдэгч Г.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Г.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирогч А.Б нь “...Би Г.Од одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Г.Огоос гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 25 тал/

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон хэргийн 29, 30, 56, 57, 61 дэх талд авагдсан гэрч Г.Б, Ц.Б нарын мэдүүлэг, Автотээврийн төвийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 78 тоот албан бичиг, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 1/236 тоот албан бичиг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Г.О нь урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд гэр орон байхгүй, хувьдаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөгүй, орлогогүй, төрсөн дүү Г.Э-ын гэрт амьдардаг болох нь тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Г.О-гийн хувийн байдал, гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэж, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэхээр   шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Г.О шүүхээс оногдуулсан ялыг биелүүлэх үүрэгтэйг биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй. 

 

            Шүүгдэгч Г.О хохирогч А.Б-ийн толгойг цохисон гэх төмөр сандал 1 ширхэгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эд мөрийн баримтаар тооцсон байна.

 

            Уг төмөр сандалын эзэмшигч, иргэний нэхэмжлэгч Г.Э нь “...би уг сандалыг Улаангом сумын зах дээр хог дээр хаясан байсныг 2016 онд олж авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Уг сандал устгасан ч болно” гэж мэдүүлсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйл байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол устгах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Г.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтлоо.

             

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ш овогт Г-гийн О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овогт Г-гийн О-д 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            4. Шүүгдэгч Г.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр сандал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА