Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00413

 

 

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00413

 

 

 

Д.А ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2023/04050 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.А ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х.А т холбогдох,

Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, бэлэглэлээр олгосон С ХХК-ийн хувьцааны 35 хувийг нэхэмжлэгчид буцаан олгохыг хариуцагчид даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагч Х.А , хариуцагчийн өмгөөлөгч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Миний бие С ХХК-ийг 100 хувийн хувьцааг эзэмшиж захирлаар ажиллаж байсан. К.Х нь халаагуур бойлерын үйлдвэрлэлийн төсөл дээр нь хамтарч ажиллах саналыг тавьж, өөрийн хүү Х.А ийн нэр дээр манай компанийн 35% хувьцааг бэлэглэлийн гэрээгээр авч, гүйцэтгэх захирлаар нь Х.А ийг томилуулсан.

Энэ цагаас хойш эцэг Н.Д гийн хариуцдаг Б ХХК-тай хамтарч, улмаар И ХК-аас 92,000,000 төгрөг, Хөгжлийн банкнаас 408,000,000 төгрөгийн зээлийг авсан. Дээрх 500,000,000 төгрөгийн санхүүжилт зөвхөн С ХХК-ийн харилцах банкны дансанд орсныг К.Х , Х.А нар захиран зарцуулахдаа зээлийн зориулалтын төслийн төлөвлөгөөний дагуу зарцуулаагүй. Төсвийн бараг талаас дээш хувийг К.Х өөрийн нэр дээр махны үйлдвэрийн өр, өөр бусад өр болон жуулчны баазад зарцуулсан. Жуулчны баазын ажилд намайг огт оролцуулдаггүй байсан бөгөөд ашиг орлого гэж өгч байгаагүй.

Мөн тэд дур мэдэн Чех улсаас жуулчны баазад 100,000 евро-гийн хөрөнгө оруулалт авч, 2020 оны сонгуульд К.Х нэр дэвшиж түүндээ зарцуулсан байсан. 2020 оны 1-р сарын үед К.Х нь Капитрон банкнаас зээл авах итгэмжлэл гаргах тухай хувьцаа эзэмшигчдийн бичиг дээр надаар хүчээр гарын үсэг зуруулсан. 2021 оны намар К.Х , Х.А нар манай байранд ирж С ХХК-ийн захирлаар К.Х өөрийгөө томилно, гарын үсэг зураадах гэж сүрдүүлсэн бөгөөд үүнээс хойш бидний дунд холбоо тасарсан.

Дээрх зээлээ эргүүлэн төлж чадахгүй болонгуутаа худал, хуурамч бичиг баримт бүрдүүлэн компанийн миний эзэмшлийн 65%-ийг авахаар хууль бус оролдлого хийж, удаа дараа зүй бус үйлдэл гаргаж, дураараа авирлаж, үндэслэлгүй гүтгэж, баримт бүрдүүлж нэхэмжлэл гаргасан.

Иймд Х.А т бэлэглэсэн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн бэлэглэлийн гэрээг бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон үндэслэлээр хүчингүй болгуулж, Х.А т бэлэглэлээр олгосон С компанийн 1 бүр нь 10,000 төгрөгийн үнэ бүхий хувьцааны 35%-ийг Д.А хувьцааг надад буцаан олгохыг Х.А т даалгаж өгнө үү.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Д.А ийн нэхэмжлэлдээ тодорхойлсон түүнийг гомдоосон гэх асуудлууд бүгд үндэслэлгүй бөгөөд би өөрөө дангаараа компанийн нэрийн өмнөөс шийдвэр гаргах эрхгүй. Хувьцаа эзэмшигчдийн тогтоолын дагуу гүйцэтгэх захирлын үүргээ гүйцэтгэсээр ирсэн.

Б ХХК нь С ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэрээний 3, 4-т заасны дагуу зээлийн санхүүжилтийг зарцуулсан. Зээлийн санхүүжилт зориулалтын дагуу зарцуулагдсан болох нь Б ХХК-д 200,934,000 төгрөг бэлнээр олгосон баримтууд, С ХХК-ийн хүү болон үндсэн зээлийн төлбөрт 53,000,000 төгрөг төлсөн баримт, тус компанийг түрээслэн ажиллуулсан гэх Дундад зуун ХХК-ийн үүсгэн хуримтлагдсан цахилгааны өр, газрын татвар, хогны мөнгө болох 10,000,000 төгрөг төлсөн баримтаар нотлогдоно. Д.А тус компанийн 65% эзэмшдэг, дангаар шийдвэр гаргах, захирлыг халах, солих болон банкны эрх нь түүнд бий.

Тэрэлжийн газрын асуудал ярьж байна. Тусгай хамгаалалтай газар нутагт газар ашиглаж байгаа компани нь түүнийг түрээслэх эрхгүй байдаг. Бид Дундад зуун ХХК-д түрээсэлсэн боловч газрын татвар болон цахилгаан, сахиулын цалингийн өрийг тэд үүсгэж, хэдэн гэр нь салхи шуурганд унаж, балгас болгосон байсныг 2018 оны зун сэргээн засварласан. 2019 оны зун Налайхын замын хийгдэж байснаас шалтгаалан орлого олоогүй, мөн 2020, 2021 онд ковидоос шалтгаалж үйл ажиллагаа зогсож, алдагдал хүлээсэн ба газрын татвар, ашиглах эрхийн хугацаа сунгуулах, зөвшөөрөл гаргуулах зэрэгт гарах бүх зардлыг зээлээр санхүүжүүлсэн.

Харин Хөгжлийн банкнаас авсан зээлийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн гэрээнд заасны дагуу Н.Д захиралтай Б ХХК төлөх байсан, уг компани Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар болон БОАЖЯ-аас зарласан цахилгаан халаагуур нийлүүлэх 3 удаагийн тендер дангаараа авч 1.5 гаруй тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэж, маш ашигтай ажилласан боловч хувьцааны 70%-ийг эзэмшдэг толгой компани болох С ХХК-д нэг ч төгрөгийн ашиг өгөөгүйгээс гадна, энэхүү 70%-ийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр Д.А ийн төрсөн эгч Д.Х ын нэр дээр аавын эзгүйд надаас гуйсаар байгаад шилжүүлэн авсан.

Үүнээс гадна энэхүү гэрээг зөрчиж С ХХК-д цахилгаан халаагуурын үйлдвэр байгуулж өгөөгүй, С ХХК-аар зээлийн хүүд 53,000,000 төгрөг төлүүлсэн, улмаар Хөгжлийн банкны зээлийн үлдэгдэл өр болох 66,000,000 төгрөгийг төлөхгүй байсаар эцэг К.Х ын амьжиргааны эх үүсвэр болсон махны үйлдвэрийг худалдан борлуулах шүүхийн шийдвэр гарсан байдаг.

Аавын махны үйлдвэрийг барьцаалсан хугацаандаа чөлөөлж өгөхгүй байсан учраас Д.А С ХХК-ний жуулчны баазыг барьцаалан хүссэн хэмжээгээр зээл авч, хувьдаа болон С ХХК-ийн үйл ажиллагаанд захиран зарцуулах, үйлдвэрийг чөлөөлөнгүүт худалдан борлуулж, уг зээлийг хаах тухай аавтай харилцан тохиролцсоны дагуу зээл авах шийдвэрийг тэд цуг гэрт бэлдэж, Д.А гарын үсгээ зурсан байсан.

Надад Д.А ийн бэлэглэсэн 35%-ийн хувьцааны эрх нь К.Х ын хийсэн ажил, хөдөлмөрөө үнэлүүлж, дээр нь амин зуулга болсон махны үйлдвэрээ барьцаалан Д.А , Н.Д нарт зээл авч өгсний төлөө хүртэх ёстой ажлын шагнал байсан бөгөөд аавын хүсэлтийн дагуу уг хувьцааг надад бэлэглэсэн юм.

Дээрх үйл баримтаас дүгнэхэд С ХХК-ийн эрх ашгийн төлөө миний бие өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн байх бөгөөд Д.А ийг ноцтой байдлаар гомдоосон, түүнээс нуусан аливаа үйлдэл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А ийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, С ХХК-ийн хувьцааны 35%-ийг Д.А т буцаан олгохыг Х.А т даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.А ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан 508,3 сая төгрөгийн зээлийг Бест Энержи Севинг ХХК-ийн үйл ажиллагаа, С ХХК-ийн жуулчны баазын засвар үйлчилгээнд зориулан авсан ч уг зээлийн 98 орчим хувийг Н.Д төлсөн эсэх талаарх санхүүгийн нотлох баримтууд, Хөгжлийн банкны зээлийн хувийн хэргийн материалыг банкнаас гаргуулах, К.Х ын нэр дээрх Ховд аймаг дахь махны үйлдвэрийг Х.А дур мэдэн хямд үнээр худалдсан талаарх нотлох баримт, Махны үйлдвэрийн талаарх үл хөдлөх эрхийн бүртгэлийн байгууллагын хувийн хэргийн материалыг гаргуулах, К.Х , Х.А нарт холбогдох Н.Д , Д.А нарын цагдаагийн газарт гаргасан гомдол, хэрэг нээсэн тогтоол зэргийг холбогдох газраас гаргуулах, нэхэмжлэгч, хариуцагч нараас шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг гаргуулсны эцэст хэргийг шийдвэрлүүлэх тайлбарыг харгалзан үзэхгүйгээр хэт нэг талыг барьж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хэдийгээр С ХХК-ийн 45 хувийн хувьцааг К.Х эзэмших эрхтэй талаарх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа боловч К.Х нь Д.А ийн гарын үсгийг зориуд хоосон цаасан дээр зуруулж авсан байснаа хожим уг 45 хувийг өөрийн нэр дээр шилжүүлэх компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр дээр ашигласан болохыг нотлохгүйгээр хувьцаа эзэмшигчдийн хурлын хүчин төгөлдөр бус шийдвэрийг үндэслэн шүүх шийдвэрлэсэн. Гэтэл энэ асуудлаар Н.Д , Д.А нар цагдаагийн газарт гомдол гаргаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

Шүүх уг маргааныг шийдвэрлэхдээ зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг нотлох баримтад тооцож, тухайн иргэний хэрэгт хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл гэх К.Х , Х.А нарын зохиосон Д.А ийн гарын үсэггүй тэмдэглэл, Иргэний хууль, Компанийн тухай хуульд заасан 45 хувийн хувьцааг К.Х ад шилжүүлэх ямар ч гэрээ, хэлцэл байхгүй зэрэг нь энэхүү иргэний хэргийн бэлэглэгчийн гомдоох үндэслэл болох талаарх нэхэмжлэгч талын тайлбарт ач холбогдол өгөөгүй нь хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлж, дүгнээгүйг илт харагдуулна.

Мөн бэлэг хүлээн авагч Х.А дур мэдэн С ХХК-ийн жуулчны баазыг Чех улсын иргэнд барьцаалж зээл авсан ба уг зээл одоо ч төлөгдөөгүй байгаа зэрэг нь бэлэглэгчийг гомдоосон үндэслэл болох талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болно.

Шүүх нь нэхэмжлэгч Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байтал Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно. Бэлэглэгчийг гомдоосон үйлдэл хийсэн нь заавал нотлогдсон байхыг шаардахгүйг анхаарч үзэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримт хэзээ гаргаж өгөх, хүсэлт хэзээ тавих талаар тусгайлан зааж өгсөн. Анхан шатны шүүх хуралдаан эхлэх үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримт шинээр гаргуулах тухай хүсэлт нэхэмжлэгч тал гаргаагүй. Нотлох баримтууд гаргуулах шаардлагатай байсан гэж давж заалдах гомдолдоо дурдсан байх боловч хуульд заасны дагуу өөрөө гаргаж өгөх боломжтой нотлох баримтууд байсан.

Бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл гаргасан нь зайлшгүй тогтоогдсон байх шаардлагатай. Нэхэмжлэгч талаас 6-7 үндэслэлээр мэтгэлцдэг боловч нотлогдоогүй. Ноцтой гомдоосноос хойш 1 жилийн дотор гомдол гаргах ёстой. Гэтэл тухайн үйл баримтуудыг хэзээ мэдсэн талаараа нотлоогүй.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд аливаа асуудлаар шүүхэд нөлөөлж хууль бусаар шийдвэр гаргуулсантай холбоотой эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Х.А т холбогдуулан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, бэлэглэлээр олгосон С ХХК-ийн хувьцааны 35 хувийг нэхэмжлэгчид буцаан олгохыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч Д.А нь С ХХК-ийн нийт хувьцааны 35 хувь буюу 1 бүрийн үнэ нь 10,000 төгрөгийн үнэ бүхий 35 ширхэг хувьцааг бэлэг хүлээн авагч Х.А т үнэ төлбөргүй шилжүүлж, холбогдох улсын бүртгэл хийгдсэн байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.

4. Нэхэмжлэгч нь ноцтой гомдсон, нэхэмжлэгчийн төрөл төрөгсдийн амь насыг хохироохыг завдсан гэх үндэслэлээр бэлэглэлээр шилжүүлсэн С ХХК-ийн нийт хувьцааны 35 хувийг хариуцагчаас буцаан шаарджээ.

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, 280.1.2-т бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан тохиолдолд бэлэглэгч нь бэлэглэлийг хүчингүй болгохоор шаардах эрхтэй ба уг үндэслэл нь баримтаар тогтоогдох ёстой.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээд бэлэглэлийг хүчингүй болгохоор шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

4.1. Д.А нь С ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 65 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд тус тус Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ,

2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр дэвшилтэт технологи бүхий эрчим хүчний хэмнэлттэй битүүмжлэгдсэн халаагуур ба MGL-T бойлуурын үйлдвэрийн ТЭЗҮ-г дэмжиж, охин компани Б ХХК-тай бүрэн дэмжиж, хамтарч ажиллахыг болон 500,000,000 төгрөгийг зээл авахыг гүйцэтгэх захирал К.Х ад зөвшөөрсөн, үүний дагуу С ХХК болон Б ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан /хх 33-35/,

2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор гүйцэтгэх захирал Х.А т Тэрэлжийн Сэртэнгийн аманд байрлаж буй тавилга бүхий 10 гэрийг барьцаалан шаардлагатай хэмжээний зээл авч, захиран зарцуулахыг зөвшөөрсөн байна /хх 49/.

Эдгээр хувьцаа эзэмшигчдийн хурлийн шийдвэр, тогтоол гарсны дараа С ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улсын Хөгжлийн банкнаас 408,371,688 төгрөгийн, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Чех улсын иргэн Физер Жанаас 100,000 ам.долларын, мөн И ХК-аас 92,000,000 төгрөгийн зээлийг авсан байна.

Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн дагуу С ХХК-ийн зээл авч, зээлийг компанийн хэрэгцээнд болон Б ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу зарцуулсан байх тул үүнийг бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэлд тооцохгүй.

Түүнчлэн компанийн гүйцэтгэх захирал нь бүрэн эрхээ зохих ёсоор хэрэгжүүлсэн эсэх, мөн зээлийн мөнгөн хөрөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан эсэх нь зохигчийн байгуулсан гэрээний дагуу хийгдсэн бэлэглэлийг хүчингүйд тооцох үндэслэлд хамаарахгүй.

 4.2. Нэхэмжлэгч нь бэлэг хүлээн авагч нь түүнийг дарамтласан, төрөл төрөгсдийн амь насыг хохироохыг завдсан гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Мөн К.Х нь энэ хэргийн оролцогч биш тул түүнд холбогдох маргааны асуудалд шүүх эрх зүйн дүгнэлт өгөөгүй нь зөв болжээ.

4.3. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2-т заасан бэлэглэлийг гэрээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул мөн хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

5. Нэхэмжлэгчийн гаргасан дараах давж заалдах гомдлыг хангахгүй.

5.1. С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, тухайн компанийн Б ХХК-тай болон Монгол улсын Хөгжлийн банктай байгуулсан гэрээний зохих дүгнэлтийг өгсний үндсэн дээр Д.А ийн эзэмшиж буй С ХХК-ийн 65 хувийн 45 хувийн хувьцааг К.Х ад шилжүүлж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2023/00756 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2023/00938 дугаар магадлал нь хуулийн хүчин төгөлдөр болсон /хх 54-57, 101-103/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон баримтыг дахин нотлохгүй.

Иймд дээрх шийдвэрт заасан хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр хүчинтэй эсэх, шийдвэрт нэхэмжлэгч гарын үсэг зурсан эсэх талаарх гомдлыг хангах үндэслэлгүй.

5.2. Хэрэгт авагдсан Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 231003961 дүгээр тогтоолоор Н.Д гийн Скайлэнд тур ХХК-ийн хувьцааны 35 хувийг Х.А т шилжүүлсэн боловч компанийн барьцаанд тавьсан гэх гомдлоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ /хх 165/.

Гэхдээ энэхүү хэрэг бүртгэлтийн хэрэг нь Д.А ийн нэхэмжлэлтэй Х.А т холбогдох бэлэглэлийн гэрээний маргаанд хамааралтай болох нь тогтоогдохгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хэрэг үүсээгүй байх тул эрүүгийн журмаар асуудлыг шалгагдаж буй гэх гомдлыг хангахгүй.

5.3. Анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шаардлагатай санхүүгийн болон бусад баримт цугларсны эцэст хэргийг шийдвэрлэх талаарх нэмэлт тайлбар гаргасныг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хүлээн аваагүйг буруутгах үндэслэлгүй.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох бүрдүүлэх талаар хүсэлт гаргах эрх нээлттэй байсан ба үүнийг шүүх хязгаарласан үйл баримт тогтоогдоогүй.

Иймд нотлох баримт бүрдүүлэх талаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2023/04050 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 Т.БАДРАХ