Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
Хэргийн индекс | 151/2016/0571/И |
Дугаар | 621 |
Огноо | 2016-06-22 |
Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 621
Зохигч эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр баг Шувуут гэх газар оршин суух Хар дархад овогт Нэргүйн Батхүү /РД:РВ83042311, утас:99498595, 98388555/-гийн нэхэмжлэлтэй,
Төв аймгийн Жаргалант сумын 4 дүгээр баг Шар чулуут гэх газар оршин суух Бөө овогт Бямбын Бүрэнбадрах /РД:РВ78081714, утас:88309305, 88859305/-д холбогдох
Мал малласан ажлын хөлс 1 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Батхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Хөвсгөл аймагт эхнэр хүүхдийн хамт малаа маллаж амьдардаг. 2013 оны 8 дугаар сард Б.Бүрэнбадрах намайг Төв аймгийн Жаргалант суманд ирж манай малыг маллах, 3 жилийн хугацаатай сарын 300 000 төгрөгийн цалин өгье гэж тохиролцсон. Би Б.Бүрэнбадрахын малыг 2013 оны 09 сараас эхлэн малласан ба надад тохирсон ёсоор цалинг өгөөгүй. Харин 2013 оны 12 сард идэшний үхэр 300 000 үнэлж, банкны зээлэнд 500 000 төгрөгийг өгсөн. Би Б.Бүрэнбадрахын малыг 2014 оны 06 сарыг хүртэл маллахдаа 2 700 000 төгрөгийг авах байсан. Үүнээс 800 000 төгрөгийг хасаад 1 900 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсан. Бид харилцан ярилцсаны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2 тугалны үнэ буюу 340 000 төгрөгийг авахаар тохиролцож эвлэрч байна гэжээ.
Хариуцагч Б.Бүрэнбадрах шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Батхүүгээр өөрийн малаа сарын 300 000 төгрөгийн цалин хөлс төлж маллуулахаар харилцан тохиролцсон байсан. Манай малыг 2013 оны 9 сараас 2014 оны 6 сарыг хүртэл 9 сар малласан ба би цалин хөлсийг нь өгч баримтжуулж байсан. Бид харилцан ярилцсаны үндсэн дээр 2 тугал буюу 340 000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрч, эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Батхүү нь Б.Бүрэнбадрахын малыг малласан ажлын хөлс нийт 1 900 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Батхүү нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2 тугал буюу 340 000 төгрөгийг нэхэмжилж байгааг хариуцагч Б.Бүрэнбадрах хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрч, шүүхэд бичгээр тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д заасан “... хариуцагч хүлээн зөвшөөрч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрч болно. Гэрээний агуулгыг талууд бичгээр гарган хоёр тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно, талууд Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байна” гэсэн хуулийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 45 350 төгрөг төлсөн ба 340 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад төлвөл зохих улсын тэмдэгтийн хураамж 10 850 төгрөгийн тал хувь болох 5 425 төгрөгийг улсын орлогоос, 5 425 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Батхүүгийн нэхэмжилсэн 340 000 /гурван зуун дөчин мянган/ төгрөгийг хариуцагч Б.Бүрэнбадрах төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 5 425 төгрөгийг улсын орлогоос, 5 425 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ