Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 0200

 

   Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч  Б.Мөнхбаяр би,

          Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, 11 дүгээр байрны 16 тоотод оршин суух Харчин овгийн Гэлэгийн Орхонтуул /РД:ТГ73103001/-ын нэхэмжлэлтэй, 

   Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, 26 дугаар байрны 03 тоотод оршин суух Арвайн овгийн Дүнхээгийн Энхзаяа /РД:ТГ71090524/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1.575.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч Г.Орхонтуул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүнхээ овогтой Энхзаяа нь 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 400.000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 600.000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 300.000 төгрөгийг тус тус нийт 1.050.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй бичгээр гэрээ хийж зээлж авсан. 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж дуусгана гэсэн боловч одоо болтол төлөөгүй намайг хохироож байна. Иймд хариуцагч Д.Энхзаяагаас үндсэн зээл болох 1.050.000 төгрөг түүний хүү болох 525.000 төгрөг нийт 1.575.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

      Зохигчид хоорондоо:…Нэг талаас нэхэмжлэгч Г.Орхонтуул нөгөө талаас хариуцагч Д.Энхзаяа нар харилцан тохиролцож нэхэмжлэлийн анхны шаардлага болох 1.575.000 төгрөгийн шаардлагын зарим хэсэг болох 525.000 төгрөгөөс татгалзаж үндсэн төлбөр 1.050.000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Д.Энхзаяа нь 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 525.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 525.000 төгрөгөөр тус тус төлнө гэснийг нэхэмжлэгч Г.Орхонтуул хүлээн зөвшөөрч байх тул эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

    Нэхэмжлэгч Г.Орхонтуул нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч Д.Энхзаяагаас зээлийн гэрээний үүрэгт 1.575.000 төгрөгийг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид 1.050.000 төгрөгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцэж, хариуцагч нь 1.050.000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 525.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 525.000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тохиролцож талууд эвлэрлийн гэрээ байгуулжээ.

   Дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

     Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 2850 төгрөг илүү төлсөн байх ба зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 29.750 төгрөгийн 50 хувь болох 14.875 төгрөгийг хариуцагчаас, төрийн сангийн орлогоос үлдсэн  50 хувь болох  14.875  төгрөг болон илүү төлсөн 2850 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

    ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Нэхэмжлэгч Г.Орхонтуул, хариуцагч Д.Энхзаяа нар нэхэмжлэлийн шаардлагаас 1.050.000 /нэг сая тавин мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Д.Энхзаяа нь 1.050.000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 525.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 525.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43000 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжинд хариуцагч Д.Энхзаяагаас 14.875 төгрөг, төрийн сангийн орлогоос 17.725 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Орхонтуулд олгосугай.

    3. Хариуцагч нь тохирсон хугацаандаа үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д заасны дагуу захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч тал хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

    4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд  дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

              ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР