Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 48

 

Ч.Гэрэлмаагийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Долгормаа даргалж, шүүгч Н.Насанжаргал, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 143/ШШ2016/00202 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ч.Гэрэлмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Эрдэнэбат, Х.Цогтбаатар, Ц.Агаань, Я.Нямгэрэл нарт хариуцагдах

“7.800.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны  05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.           

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Гэрэлмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

нарийн бичгийн дарга Н.Гарьдхүү нар оролцов.

            Нэхэмжлэгч Ч.Гэрэлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:  А.Эрдэнэбат нь өөрийн бригадын хүмүүс болох Х.Цогтбаатар, Ц.Агаань, Ц.Нямгэрэл нартайгаа манай Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг Дэнжийн 8-р хороо 8-р гудамжны 305 тоот хашаанд үйлчилгээний болон сууцны зориулалттай 2 өрөө 64 мкв хувийн сууцыг ярилцаж тохиролцсоны үндсэн дээр барьж гүйцэтгээд ажлын хөлс өртөгөө биднээс авсан. 2008.10.30-ны өдөр Балжинням, Дашнямтай сайн өдөр уг байрандаа орохоор очтол ханын эмульс нь урссан нэлээдгүй газар байсныг тухайн өдрөө Эрдэнэбатад манай нөхөр Уламбаяр утасдаж хэлсэн. Ингээд байшиндаа 5,6 хоног хоносон боловч барилгын зарим газраар нар харагдаж, цан цохиод хүйтэн байсан учир амьдрах боломжгүй болсон. Иймд Мандал-Овоо сумандаа өвөлжиж, хаваржаад зун нь 2009 оны 08 сард эргээд очтол дээврийн хар цаас нь хуурч, борооны дусаал гоожиж дотор нь байсан ком диван кресль, оёдлын машин, хятадын бага оврын зуух, дэвсгэр дрож норж хөгцрөн зэвэрч цаашид ашиглагдах ямар ч боломжгүй болсон. Дахиад Уламбаяр бригадын ахлагч Эрдэнэбатад энэ талаар хэлж яаралтай ирж янзлуулах, янзлахгүй бол нурах аюултай байна гэдгийг анхааруулж хэлсэн. 2009 оны 09 сард жижиг өрөөний хучилт, үнс, цемент, нуруу мод дотогшоо нурсан ба тухайн үеийнх нь зургийг хүү Мөнх-Учралаар авахуулан Өмнөговь аймаг руу мэйл хаягаар явуулж Б.Мөнхбат гэдэг залуугаар А.Эрдэнэбатыг гэрээс нь пургон машинаар авахуулж, Б.Уламбаатарынх гэдэг айлд авчирч үзүүлж байсан, мөн Уламбаяр хэлж сануулж байсан, 2011 оны 07 сард Эрдэнэбатыг Өмнөговь аймгийн эмнэлэгт төрөхийн өмнөх байр бариулж байхад нь Гэрэлмаа би өөрийн биеэр очиж янзалж өгөхийг гуйсан, 2011 оны 08-р сард Эрдэнэбатыг Өмнөговь аймгийн 1-р сургуулийн дотуур байрны барилгын засварын ажил хийж байхад нь би очиж уулзаж шаардсан, ингэхдээ Мөнхбат гэх залуутай хамт очсон, 2012 оны 05-р сард аймагт ирээд уулзахаар ирэхэд байгаагүй, Булган суманд барилга барьж байна, завгүй гээд утсаар ярьсан, 2012 оны 09-р сард Эрдэнэбатыг Хан-Уулын 6-13 тоот хашаанд нь орой 22 цагийн үед Э.Энхбархас гэдэг хүнтэй жип машинаар очиж уулзаад янзалж өгөхгүй бол шүүхэд өгөх талаар хэлсэн боловч өөр хүнээр барилгаа засуул гэсэн, 2013 оны 05-р сард Мандал -Овоо сумын Соёлын төвийн барилгын ажил гүйцэтгэхээр очиход нь Уламбаяр очиж уулзаад засаж янзалж өгөхийг шаардаж хэлсэн боловч олигтой хариу өгөөгүй ба энэ хооронд олон удаа утасдаж хэлж сануулж байсан байна. Арга хэмжээ авахгүй байсаар байтал нөгөө өрөө нь бороо орж гоожсоор 2010 оны 07 сард нурсан. Дахиад л энэ талаар утсаар хэлэхэд Эрдэнэбат завгүй байна гэсэн. Одоо барилгын хэдэн хананаас өөр ашиглах боломжгүй, бусад хэсэг нь нурж ойчсон, нурсан балгас шиг хэвээр байна. Бригадын ахлагч А.Эрдэнэбатад эд хөрөнгөө жил дараалан нурж сүйдэж байгааг хэлж, ирж сануулсаар байхад ямар ч арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Байнга л гуйж байна. Иймд А.Эрдэнэбат нар нь чанар муутай барилга барьснаас болж иргэн Гэрэлмаа би эд хөрөнгөөрөө хохироод байгаа тул хариуцагч А.Эрдэнэбат, Я.Нямгэрэл, Ц.Агаань, Х.Цогтбаатар нараас байшин дотор байсан эд хөрөнгө болох ком кресльны үнэ 1.500.000 төгрөг, оёдлын машины үнэ 300.000 төгрөг, дэвсгэр дрожны үнэ 1.000.000 төгрөг, барилгын дээд дээвэр болон нурснаас болж эвдэрсэн барилгын бусад холбогдох материалын зардал 5.000.000 төгрөг буюу нийт 7.800.000 төгрөгийг гаргуулан өгч хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ч.Гэрэлмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа би 2015.12.17-ны өдөр тус шүүхэд гаргасан А.Эрдэнэбат нарт хариуцагдах 7800000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт дараахь шаардлагыг нэмэгдүүлэн нэхэмжлэл гаргаж байна. Өөрөөр хэлбэл А.Эрдэнэбат нараас нэхэмжлэгч Ч.Гэрэлмаа нь удаа дараалан цаг алдалгүй хуулийн хугацаанд гомдлын шаардлага тавьсаар өнөөдрийг хүрсэн байдаг эдгээр гомдлын шаардлага хэрхэн яаж хэдий хугацаанд тавьж байсан талаарх байдлыг гэрч асуулгаж тодруулуулах тул Ч. Гэрэлмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа миний нэхэмжлэлтэй А.Эрдэнэбат нарт хариуцагдах иргэний хэрэгт гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй болохыг тогтоож өгнө үү  гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Гэрэлмаа анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2008 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс хариуцагч нартай барилга бариулах аман гэрээ хийж 21 хоногийн хугацаанд барилгыг барьж дуусган хүлээлгэн өгөхөөр тохиролцож Улаанбаатар хотод барилга бариулсан. Энэ хүмүүс 21 хоногийн хугацаанд барилга барьж дуусган хүлээлгэж өгөх ёстой байсан боловч 2 сарын хугацаанд барилга барьж 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдөр барилгыг барьж дуусган хүлээлгэн өгсөн. Манай нөхөр хариуцагч нарыг Өмнөговь аймагт хүргэж өгсөн. 2008.10.30-ны өдрийн Дашням, Балжиннямтай өдөр байшиндаа ах дүү нартайгаа цай уухаар очиход ханын эмульс нь урссан байсан. Тухайн өдөр манай нөхөр А.Эрдэнэбатын утас руу залгаж тухайн нөхцөл байдлыг хэлсэн. Хүүхдээ сургуульд суулгахаар Улаанбаатар хотод тэр үед очсон байсан. Гэтэл манай хүүхэд тэрхүү байшинд амьдрах ямар ч боломжгүй, цан цохиод байсан. Тэгэхээр нь хүүхдээ Улаанбаатар хотоос шилжүүлж Өмнөговь аймгийн 10 жилийн сургуульд оруулсан. Бид байшиндаа тэр өвөл өвөлжиж чадаагүй, Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд ирж өвөлжиж, хаваржсан. 2009 оны 07 сар манай нөхөр Улаанбаатар хотод очиж байшиндаа очиход байшингийн хар цаас нь хуурсан байсан. Манай нөхөр А.Эрдэнэбат руу дахин утасдаж, барилгын хар цаас нь хуурч бороо гоожоод барилга нурах аюултай байна. Та нар барилгын мэргэжилтэй хүмүүс учраас ирээд засч янзлаад өг. Дотор нь байсан тавилга дээр дусаал гоожоод эвдэрсэн байна. Ирээд засч янзлаад өг гэж удаа дараа утасдаж байсан. Энэ хүмүүс барилгыг засч өгөхгүй байснаас болоод жижиг өрөөний дээвэр нь нурсан. Энэ талаар олон удаа А.Эрдэнэбатад хэлсэн боловч барилгыг ирж засахгүй байсан учир би өөрөө Мандал-Овоо сумаас 2, 3 удаа А.Эрдэнэбаттай уулзахаар аймагт ирж байсан. 2009 оны 09 дүгээр сард манай хүүхэд байшингийн зургийг авч А.Эрдэнэбатын гэрт нь очиж үзүүлж байсан. Тэгэхэд Я.Нямгэрэл Улаанбаатар хотод байгаа. Ямар учраас барилга нурсан байна гэдгийг Я.Нямгэрэлээр үзүүлье гэж хэлж байсан. Түүнээс хойш А.Эрдэнэбат нарт удаа дараа барилгыг янзлаад өг гэж хэлж, гуйж байсан. Тэр цагаас хойш янзалж өгөхгүй байсаар байгаад барилга нурж дууссан. Энэ хүмүүсээс одоо байшин дотор байсан эд хөрөнгө болох ком кресльны үнэ 1.500.000 төгрөг, оёдлын машины үнэ 300.000 төгрөг, дэвсгэр дрожны үнэ 1.000.000 төгрөг, барилгын дээд дээвэр болон нурснаас болж эвдэрсэн барилгын бусад холбогдох материалын зардал 5.000.000 төгрөг буюу нийт 7.800.000 нэхэмжилж байгаа. Уг барилгад 6 тонн үнс, 24 уут цемент 187.200 төгрөг, 15 метр гялгар цаас 51.000 төгрөг, 15 боодол хар цаас 450.000 төгрөг, хар тос 1.760.000 төгрөг, 4 метр урт, 25 см өргөнтэй 100 ширхэг банз 550.000 төгрөг, 50 ширхэг 4 метр приус мод 360.000 төгрөг, 2 тонн элс 240.000 төгрөг, 40 ширхэг палк 1.400.000 төгрөг, 10 кг хадаас 40.000 төгрөг зэргийг нэмэхэд 5.038.000 төгрөг болж байгаа. Энэ мөнгөө би 5.000.000 төгрөгөөр бодож нэхэмжилж байгаа. Хариуцагч нараас нийт 7.800.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа анхан шатны шүүх хуралдаанд тайлбартаа: Хариуцагч нарын шүүх хуралдаан дээр гаргаж байгаа тайлбарыг сонслоо. Хариуцагч нар өмнө нь гарсан шүүхийн шийдвэр талаар ярьж байна. Өмгөөлөгчийн хувьд хариуцагч нарын тайлбарыг үгүйсгэж байна. Өнөөдрийн хэрэг нэхэмжлэлд дурдагдсан нэхэмжлэлийн үйл баримтын хувьд хэрэг хянан хэлэлцэгдэнэ. Өмнө нь Ч.Гэрэлмаа хариуцагч нараас зөвхөн ажлын хөлс нэхэмжилсэн байсан. 2015.8.5-ны өдрийн 271 дугаартай шүүхийн шийдвэр дээр гомдлын шаардлага гаргах хугацааг 2008.10.30-ны өдөр байшиндаа орсон, гомдлын шаардлага гаргах хугацаагаа нотлоогүй гэсэн хөөн хэлэлцэх хугацааг авч хэлэлцсэн. Өнөөдрийн бидний нэхэмжлэл ажлын хөлс, байшин барилгыг янзлах гэдэгтэй хамааралгүй юм. Хөөн хэлэлцэх хугацаа гэдгийг тодотгож хэлмээр байна. Барилгын дээвэр бүрэн нурсан байдаг, нурсан хугацаа, байшингийн ажлын үр дүнгийн доголдол гэдгийг ярих шаардлагагүй. 2009 оны 09 дүгээр сард тухайн байшингийн жижиг өрөөний нуруу тэр чигтээ нурж унасан. Бид 2009 оны 09 дүгээр сараас эхлэн гэм хор учирсан гэдгийг ярьж нэхэмжилж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид нэхэмжлэлийн шаардлагаа эхлээд 7.800.000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болохыг дурдаж хэлмээр байна. 2016.2.25-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа тасалдалгүй болохыг тогтоож өгөөч гэсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдалгүй болохыг ямар үндэслэлээр тооцож үзэх гээд байгаа вэ? Гэвэл Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.1 дэх хэсэгт “Зохих ёсоор арчилж хамгаалаагүй, гэмтэл согогтой байснаас бусад тохиолдолд байшин барилга бүтэн буюу хэсэгчлэн нурсны улмаас учирсан гэм хорыг тухайн барилгыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна.” Бусад тохиолдолд барилга гэмтэл согогтой байсан байна. Тухайн барилга байшинг барьсан хүмүүс хариуцна гэсэн зүйл байдаг. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах 510.1.Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэсэн 2 зүйл заалтыг бид үндэслэж байгаа. Бид байшинд 2009 оны 09 дүгээр сард гэм хор учирсан гэдэг цаг хугацааг авч үзэж байгаа. Бид энэ хэргийн хүрээнд 3 гэрч асуулгахаас гадна тухайн байшингийн зургийг авч баримтжуулсан. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байгаа. Хүчин төгөлдөр шийдвэр хэвээрээ байгаа гэж хэлж байна. Гэхдээ энэ хүмүүсийг би хүн чанар гаргаасай гэж хүсч байна. Миний үйлчлүүлэгчид ямар хэмжээний хохирол учирсан гэдгийг мэдэж байгаа байж сэтгэлээсээ эвлэрчих боломж байгаа. 7.800.000 төгрөг дээр эвлэрэх боломжгүй юм бол энэ мөнгөнөөс наагуур хэдэн төгрөг дээр эвлэрэх боломж байгаа юм бэ? Хөөн хэлэлцэх хугацааг нэн тэргүүнд ярихгүйгээр эвлэрэх тал дээр ярилцаач гэж хүсч байна. Дараагийн дугаарт чанаргүй барилгын материалаар байшин бариулсан, тиймээс бидэнд хамааралгүй гэсэн зүйл ярьж байна. Барилга барихдаа барилгын материалыг та бүхэн хамт явж сонгосон байж өнөөдөр яагаад чанаргүй барилгын материалаар барилга барьсан гэж яриад байгаа юм бэ? Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хэргийн зохигчид эвлэрэх боломжтой байдаг. Энэ тал дээр ярилцвал баярлах байна гэж өмгөөлөгчийн хувьд хэлэх байна гэжээ.

Хариуцагч А.Эрдэнэбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат, хариуцагч Х.Цогтбаатар, Ц.Агаань, Я.Нямгэрэл нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ч.Гэрэлмаагийн нэхэмжлэлтэй танилцаад тухайн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь: Тус нэхэмжлэлийг агуулгын хувьд тоймлож үзвэл: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Дэнжийн 8 дугаар хороо 8 дугаар гудамж, 305 тоот хашаанд үйлчилгээ болон орон сууцны барилга бариулахаар хариуцагч нартай тохиролцсон тухай,  2008.10.30-ны өдөр шинээр баригдаад байсан барилгыг хүлээн авахад чанарын шаардлага хангахгүй байсан тухай, Барилгыг ахин засварлуулахаар хариуцагч нарт удаа дараа мэдэгдсэн тухай, Барилгын чанар муудаж нурснаас үүдэн нэр бүхий эд зүйл материалууд ахин ашиглах боломжгүй болсон тул тухайн эдийн үнийг нэхэмжилж байгаа талаар бичсэн байна. Урьд өмнө нь Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2015.8.5-ны өдрийн 271 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Ч.Гэрэлмаагиин хариуцагч нараас барилгын ажлын хөлсийг буцаан шаардсан нэхэмжлэлтэи хэргииг хянан шийдвэрлэсэн байдаг. Маргааны зүйл болсон барилга нь дээрх нэхэмжлэлд бичигдсэн “Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, Дэнжийн 8 дугаар хороо 8 дугаар гудамж, 305 тоот хашаанд үйлчилгээ болон орон сууцны барилга”

Тус шүүхийн 2015 оны 271 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрээс үзэхэд хэдийгээр нэхэмжлэгч тал барилгын ажил доголдолтой байсан гэх боловч ажлыг хүлээн авснаас хойш энэ талаарх гомдлын шаардлагаа гаргалгүй явсаар 3 жил өнгерснөөр Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан байна гэжээ. Талуудын хооронд барилгын ажил гүйцэтгэх гэрээ баигуулагдсан эсэх талаар ямар нэгэн маргах зүйлгүй. Барилгын чанар муу байсан тул гүйцэтгэгч буюу иргэний хэргийн хариуцагч нараар ахин засвар хийлгэхээр удаа дараа мэдэгдэж байсан эсэх нь тодорхойгүй байгаа талаар 2015 оны 271 дугаартай хүчин төгөлдөр  шүүхийн шийдвэрт нэгэнт   тусгагдаж энэ талаар шийдвэрлэсэн тул ахин хянан шийдвэрлэх ажиллагаагаар шалгах нь илүүц зүйл гэж үзэж байна. Түүнчлэн уг шийдвэрээр барилгын чанарын талаар нэхэмжлэгч тал гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэх дүгнэлтэд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэгэнт захиалагч тал шаардлага гаргах  эрхээ алдсан тул барилгын ажил доголдолтой байсан эсэхэд шүүх дүгнэлт өгөөгүй. Цаашид ч энэ талаар маргах нь ач холбогдолгүй юм. Нэхэмжлэлд “... Иймд Эрдэнэбат нар чанар муутай барилга барьснаас болж иргэн Гэрэлмаа би эд хөрөнгөөрөө хохироод байгаа тул хариуцагч нараас байшин дотор байсан эд хөрөнгө болох ком кресльний үнэ 1.500.000 төгрөг, оёдлын машины үнэ 300.000 төгрөг, дэвсгэр дрожны үнэ 1.000.000 төгрөг, барилгын дээвэр болон нурснаас болж эвдэрсэн барилгын бусад холбогдох материалын зардал 5.000.000 төгрөг буюу нийт 7.800.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү” гэжээ. Хариуцагч нар чанар муутай барилга барьснаас үүссэн хохирол гэж үзэж байгаа нь нэхэмжлэлийн хэсгээс тодорхой харагдаж байна. Барилгын ажил доголдолтой байсан эсэх, хэрвээ доголдолтой байсан гэж үзвэл үүнд ажил гүйцэтгэгч болон захиалагч талуудын хэн нь буруутай болохыг тогтоолгүйгээр дээрх хохирлыг А.Эрдэнэбат нар хариуцах үүрэгтэй юу үгүй юу гэдгийг тогтоох боломжгүй. Гэтэл уг хохирлуудыг шалтгаан болсон гэх барилгын ажил чанаргүй хийгдсэн эсэхийг тогтоох боломжгүй талаар урьд гарсан шүүхийн шийдвэрт тусгагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар урьд өмнө нь гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг шүүх ахин шалгаж үнэлдэггүй. Өөрөөр хэлбэл тухай хэргийн тохиолдолд барилгын ажлын гүйцэтгэлийн талаар дүгнэлт өгөх боломжгүй. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж шүүх үзсэн тул ахин энэ талаар хэлэлцэх боломжгүй юм гэжээ.   

Хариуцагч А.Эрдэнэбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат, хариуцагч Х.Цогтбаатар, Ц.Агаань, Я.Нямгэрэл нар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаагийн хүсэлтийг энэ өдөр хүлээн авч танилцлаа. Миний бие уг хэргийн нэхэмжлэлд хариу тайлбар өгч байсан. Тэр хариу тайлбартаа шүүх урьд өмнө нь шийдвэрлэсэн үйл баримтыг ахин тухайн шатны шүүх шийдвэрлэдэггүй талаар тодорхой тайлбарласан. Хэдийгээр нэхэмжлэгч хариуцагч нартай уулзаж байсан гэх боловч гомдлын шаардлага гаргасан гэдэг нь тогтоогддоггүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан нь нэхэмжлэгчийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаангүй. Иймд хөөн хэлэлцэх хугацаа сэргээх үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогч эсрэг ашиг сонирхолтой талаараа ямар нэгэн үйлдэл хийлгэх, эсхүл хийлгэхгүй            байхыг           үүрэг болгох,           эд зүйл, мөнгө төлбөр зэргийг шаардахыг нэхэмжпэл, түүний шаардлага гэж            үздэг. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэл зоригоо нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нэрээр хариуцагч нарт хандан гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацаа сэргээх эсэхийг шийдвэрлэдэг субьект биш. Агуулгын хувьд авч үзвэл шүүхэд хандан хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэхээр шүүхэд гаргаж байгаа хүсэлт гэж үзэх үндэслэлтэй. Нэгэнт шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх нь тухайн хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой талаараа нэхэмжлэгч тал тайлбарлаагүй байх тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм гэжээ.

Хариуцагч А.Эрдэнэбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ урьд нь хэлсэн. Өмнө нь нэхэмжлэгч Ч.Гэрэлмаа хариуцагч нарт холбогдуулж 2015.5.6-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг юм. Уг нэхэмжлэлдээ ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс болох 3.500.000 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. 2015.8.5-ны өдрийн 271 дугаартай шүүхийн шийдвэрээр гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн, ажил гүйцэтгэх гэрээнээс үүдэлтэй маргаан юм байна, ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь барилгын ажил учраас хуульд заасан гомдол гаргах хугацаа 3 жил юм байна, нэхэмжлэгч Ч.Гэрэлмаа 3 жилийн дотор гомдол гаргасан болох нь тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа. Гэтэл энэ асуудлыг дахин яриад байгаа нь бид ойлгохгүй байна. Нэхэмжлэгч Ч.Гэрэлмаа шүүхийн шийдвэрээр гомдлын шаардлага гаргах хугацаагаа алдсан гэдгийг тогтоогоод байхад дахин дахин нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Тиймээс нэхэмжлэгчийн 7.800.000 төгрөг нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1, 352.2.2 дахь хэсэгт зааснаар бүх зүйл тодорхой байна. Би энэ хуулийн заалтыг яагаад ярьж байна гэвэл өмнөх шүүхийн шийдвэр болон зохигчдын тайлбараар маргааны гол зүйл нь барилгын ажил гүйцэтгэх гэрээ болох нь харагдаж байна. Иргэний хуулийн 352.2.2-т “доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх” гэж заасан. Гомдлын шаардлагыг хугацаандаа гаргасан гэж үзсэн ч нэхэмжлэгч Ч.Гэрэлмаа 8 жилийн хугацаанд ямар нэгэн засвар хийгээгүй талаараа хэлж байна. Ямар ч засвар хийгээгүй, элэгдэл хорогдлыг нь засч сайжруулаагүй байж одоо нэхэмжлэл гаргаад яваад байгааг ойлгохгүй байна. Хэрвээ тухайн барилгад гологдол байсан бол түүнийгээ засуулж, зах зээлийн ханш,, хэвийн ашиглахад шаардагдах засварын мөнгөө тооцож байгаад нэхэмжлэх ёстой байсан. Уг барилга нурж байхгүй болсон нь барилга барьсан ажилчдаас болсон уу? байгалийн давагдашгүй хүчин зүйлсээр болсон уу? ашиглаж байсан хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болсон уу? гэдэг нь тогтоогдохгүй байхад энэ хүмүүсээс 7.800.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний зүгээс эвлэрэх хүсэлгүй байна. Энэ хэргийг гэм хор гэж үзээд байх шиг байна. Гэм хор учирсан гэж үзэж хохирлоо барагдуулах гэж байгаа бол эхний ээлжинд хариуцагч талаас гэм буруутай үйлдэл гарсан, үүний улмаас нэхэмжлэгч Ч.Гэрэлмаад гэм хор учирсан гэдгийг нотлох ёстой. Нэхэмжлэгч тал хавтас хэргийн материалд байгаа Эрдэнэтогтох, Уламбаяр, Энхманлай гэх хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээ зэрэг баримтаар гэм хор учирсан гэдгээ нотлохыг оролдож байна. Гэрч Эрдэнэтогтох, Уламбаяр, Энхманлай нар нь барилгын мэргэжилтэй хүмүүс биш. Энэ хүмүүс барилгыг доголдолтой барьсан, барилгыг стандартын дагуу хийгдсэн, хийгдээгүйг мэддэг хүмүүс биш. Хариуцагч нарын буруутай үйл ажиллагаанаас болж барилга нурсан гэж хувийн үзэл бодлоор тайлбарлаж байгаа. Мэргэжлийн хүмүүс дүгнэлт гаргасан зүйл огт байхгүй. Хөрөнгийн үнэлгээний тайлан нь тухайн үед барилгын материал ямар үнэтэй байсан гэдгийг нотолж байгаа болохоос хариуцагч нарын буруутай үйл ажиллагаанаас гэм хор учирсан гэдгийг нотолж байгаа зүйл биш юм. Зохигчдын тайлбар, ажлын үзүүлэлтээс харахад энэ асуудал бол ажил гүйцэтгэх гэрээ юм. Гэрээтэй холбоотой ажлын доголдлыг яагаад заавал гэм хор гэж үзэж шийдвэрлүүлэх гээд байгааг ойлгохгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээнээс үүдэлтэй доголдол гэж үзэн шаардах эрхтэй гэв.

Хариуцагч Х.Цогтбаатар анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барилгыг 21 хоногийн хугацаанд барих ёстой байсан гэж ярьж байна. Бидэнд байшин бариулах талаараа хэлэхдээ жижиг байшин барина гэж хэлж байсан боловч биднийг очиход байшингаа томруулж бариулсан  гэв.

Хариуцагч Я.Нямгэрэл анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид өгсөн материалаар нь барилга барьсан. Чанарын шаардлага хангахгүй материал авч өгсөн. Барилгын материал чинь болохгүй байна гэдгийг хэлэхэд энэ материалаараа барилгаа барь гэсэн гэв.

     Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар Ч.Гэрэлмаагийн нэхэмжлэлтэй А.Эрдэнэбат, Ц.Агаань, Х.Цогтбаатар, Ц.Нямгэрэл нарт холбогдох 7.800.000 төгрөг гаргуулах, хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Гэрэлмаагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 209.950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

     Нэхэмжлэгч Ч.Гэрэлмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо болон хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:  Анхан шатны шүүхийн шийдвэр нь ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас зөрүүтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймээс 2016.4.27-ны өдрийн 00202 тоот шийдвэрийн 1 болон 2 дахь хэсэгт заасан заалтуудыг өөрчилж, хариуцагч нараас нэхэмжлэгч Ч.Гэрэлмаа надад нэхэмжилсэн 7.800.000 төгрөгийг гаргуулан өөрчлөлт оруулж өгнө үү. Давж заалдах гомдлоо дараахь байдлаар тайлбарлаж бичихэд:  Нэхэмжлэгч Ч.Гэрэлмаа би анх шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш болон анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжиж тайлбарлахад хариуцагч нар нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй, хүлээн зөвшөөрөхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн шалтгаан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэдгийг тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрдөггүй юм. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг тайлбарыг хариуцагч нар хэлдэг ба хавтаст хэрэгт нэхэмжлэгч миний гаргасан нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримтыг аль нь ч гаргаж өгөөгүй, барилга нурсан, барилгаа бариулах, хохиролоо төлүүлэхээр удаа дараа шаардсаар өдийг хүрсэн зэрэгт огт маргаддагүй юм. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотолж чадаагүй гэдэг үндэслэл, дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл би нэхэмжлэлтэйгээ холбогдуулж гэрч асуулгах, нурсан барилгын материал үнэ өртөгтэй болох байшин дотор байсан тавилга эд зүйлсдээ эрх бүхий байгууллагаар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн, мөн тухайн барилгын зургийг авч гаргасан, өөрийн биеэр шүүх хуралдаандаа оролцож нэхэмжлэлээ тайлбарласан. Хөрөнгийн үнэлгээний тайланг хариуцагч нар ямар нэгэн няцаасан, гомдол гаргасан, үгүйсгэсэн баримтыг мөн шүүхэд гаргаж өгөөгүй, үнэлсэн үнэлгээнд ямар нэгэн байдлаар үнэтэй үнэлэгдсэн байна, тухайн нэхэмжилсэн барилгын материал уг бариулсан барилгад орохгүй, хэт их хэмжээгээр нэхэмжилж байна гэж огт үгүйсгээгүй, өөрийн нэхэмжлэлийн шаардпагаа нотолсон баримтыг гаргаж өгсөөр байхад шүүх нотлох баримтгүй байна гэж үнэлсэн нь ойлгомжгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг яагаад нотлох баримтад тооцоогүй нь мөн ойлгомжгүйгээр дүгнэж шийдвэрлэсэн тул дээрх нөхцөл байдпыг давж заалдах шатны шүүгч та бүхэн дахин хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нараас нэхэмжилсэн 7.800.000 төгрөгийг гаргуулан өгч иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ч.Гэрэлмаа нь А.Эрдэнэбат, Х.Цогтбаатар, Ц.Агаань, Я.Нямгэрэл нарт хариуцуулан “Гэм хорын хохирол, барилгын материалын зардалд 7.800.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Гэрэлмаа давж заалдсан гомдолдоо “шүүх нотлох баримт гаргаж өгсөөр байхад үнэлээгүй ... шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгөхийг хүссэн” үндэслэл  гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу үнэлэлт дүгнэлт хийгээгүй, хэргийн бодит нөхцөл байдал бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэснийг зөвтгөх боломжгүй байна.

Хэргийн нотлох баримтаас дүгнэхэд маргааны гол зүйлийг нэхэмжлэгч тал  Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг Дэнжийн 8-р хороо 8-р гудамжны 305 тоот хашаанд үйлчилгээний болон сууцны зориулалттай 2 өрөө 64 мкв хувийн орон сууцыг барьж гүйцэтгэсэн ажлын чанараас  үүдэлтэй гэм хор, хохирол гэж,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат “...Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1, 352.2.2 дахь хэсэгт зааснаар бүх зүйл тодорхой байна. ...өмнөх шүүхийн шийдвэр болон зохигчдын тайлбараар маргааны гол зүйл нь барилгын ажил гүйцэтгэх гэрээ. Иргэний хуулийн 352.2.2-т “доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх” гэж заасан. Гомдлын шаардлагыг хугацаандаа гаргасан гэж үзсэн ч нэхэмжлэгч Ч.Гэрэлмаа 8 жилийн хугацаанд ямар нэгэн засвар хийгээгүй ...барилга нурж байхгүй болсон нь барилга барьсан ажилчдаас болсон уу? байгалийн давагдашгүй хүчин зүйлсээр болсон уу? ашиглаж байсан хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болсон уу? гэдэг нь тогтоогдохгүй байхад энэ хүмүүсээс 7.800.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Зохигчдын тайлбар, ажлын үзүүлэлтээс харахад энэ асуудал бол ажил гүйцэтгэх гэрээ юм. Гэрээтэй холбоотой ажлын доголдлыг яагаад заавал гэм хор гэж үзэж шийдвэрлүүлэх гээд байгааг ойлгохгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээнээс үүдэлтэй доголдол гэж үзэн шаардах эрхтэй” гэж,

Хариуцагч Х.Цогтбаатарын тайлбарт “...Бидэнд байшин бариулах талаараа хэлэхдээ жижиг байшин барина гэж хэлж байсан боловч биднийг очиход байшингаа томруулж бариулсан”,

Хариуцагч Я.Нямгэрэлийн тайлбарт “Бид өгсөн материалаар нь барилга барьсан. Чанарын шаардлага хангахгүй материал авч өгсөн. Барилгын материал чинь болохгүй байна гэдгийг хэлэхэд энэ материалаараа барилгаа барь” гэх мэтээр  хэрэгт цугларсан нотлох баримт нь зөрүүтэй, маргааны үйл баримт, хэргийн бодит нөхцөл бүрэн гүйцэд тогтоогдоогүй байна гэж үзэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “зохигч шүүх хуралдаанд  биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад  тэгш эрхтэй оролцоно.” гэсэн, 25 дугаар зүйлийн 25.1.2-т “хэргийг шүүх хуралдаанаар  хэлэлцүүлэх тухай шүүгчийн  захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, тэдгээрт тайлбар өгөх” гэсэн журмыг зөрчсөн байна. Тухайлбал: хариуцагч Ц.Агааньд хэргийн материалыг танилцуулаагүй, 2016.1.6 нд эрх, үүргийг танилцуулсан, 2016.3.9 нд нэмэгдүүлсэн шаардлага гардуулснаас өөрөөр түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах,  мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх ажиллагаа хийгдээгүй, хэргийн 118 дугаар талд авагдсан хариуцагч нарын  анхан шатны  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцуулахгүй тухай хүсэлтэд Ц.Агааний гарын үсэг зурагдаагүй байхад, түүний хүсэлт  гэж үзсэн зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзнэ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 143/ШШ2016/00202 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр  буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн  үзсэн болно.

Нэхэмжлэгч Ч.Гэрэлмаагийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэл, маргааны үйл баримтад хэргийг эцэслэн шийдвэрлээгүй  тул дүгнэлт хийх боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 143/ШШ2016/00202 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр  буцаасугай.

2.Нэхэмжлэгч Ч.Гэрэлмаа давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.ДОЛГОРМАА

                                 ШҮҮГЧИД                                             Н.НАСАНЖАРГАЛ    

                                                                                     Ц.ОТГОНЦЭЦЭГ