Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 243

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Э-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн албаны Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч С.О-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “2017 оны 02 дугаар  сарын 10-ны өдрийн 173 дугаар Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэвэр, 310000617086385 дугаар торгох шийтгэврийг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцээд 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Д.Энь 2017 оны 02 дугаар сарын 04-өөс 2017 оны 02 дугаар сарын 05-ныг шилжих шөнийн 02.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо, Т-н урд зам дээр өөрийн эзэмшлийн **** УБ* н маркийн машинаа барьж яваад согтууруулах ундаа /согтуурлын зэрэг 1.11%-тай/ хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн үндэслэлээр Замын цагдаагийн албаны Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч С.О-н тэмдэглэл үйлдсэн, Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.О-н зөвшөөрснөөр 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах тухай шийтгэвэр”-ээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар “2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 06 сарын хугацаагаар эрх хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний /480,000 төгрөгөөр/ торгох шийтгэл оногдуулсан.

Мөн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 20:54 цагт 310000617086385 дугаартай Шийтгэврийн хуудсаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27.1-ийг зөрчсөн тул 480,000 төгрөгөөр торгуулсан юм. Хэдийгээр дээрх торгуулийн 480,000 төгрөгийг төлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 6 сарын хугацаагаар хасуулсан боловч Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Д-д хандан 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргаж, дээрх зөрчилд ногдуулсан захиргааны шийтгэлийг 2 үндэслэлээр хууль зүйн үүднээс нягтлан шалгаж хариу өгөхийг хүссэн болно.

Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Д-с 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 8/773 тоот албан бичгээр гомдолд хариу ирүүлсэн бөгөөд энэхүү хариу өгсөн шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасны дагуу тус шүүхэд гомдол гаргаж байна. 

1. 3амын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өөрчлөлт оруулах тухай хуулийг батлан гаргаж “энэ хуульд заасан захиргааны шийтгэл оногдуулна” гэснийг “шүүгч, эсхүл цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан хуульд заасан шийтгэл оногдуулна” гэж өөрчилсөн байна. Энэхүү Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хуулийг дагаж мөрдөх хугацааг тусгайлан заагаагүй бөгөөд Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно гэж заасан. 

Өөрөөр хэлбэл Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Төрийн мэдээлэл” эмхтгэлд нийтлэгдсэн бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн улс даяар хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн гэж үзэж байна. Энэ нь уг хуульд заасан зөрчил гаргасан этгээдэд шийтгэл оногдуулах субъект тодорхойгүй буюу эрх зүйн хийдэлтэй байсныг нотолж байна.

2. Мөн Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлан гаргасан бөгөөд уг хуулиар Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийн “Энэ хуульд” гэснийг “Хуульд" гэж өөрчилсөн. Энэ нь захиргааны хариуцлагын тухай хуульд заасан тохиолдолд л захиргааны шийтгэл ногдуулах хуулийн заалтыг өргөжүүлж, хамрах хүрээг ихэсгэсэн байгаагаар давхар нотлогдож байгаа юм.

3. Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн албаны даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 8/773 тоот албан бичгээр ирүүлсэн хариуд "... Дээрх хуулиудаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгүүдэд өөрчлөлт оруулсан бөгөөд энэ нь Цагдаагийн эрх бүхий ажилтан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан захиргааны шийтгэл оногдуулсан шийдвэрт хамаарахгүй юм” гэж дурьдсан нь логикийн хувьд ойлгомжгүй, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт хуулийн 27 дугаар зүйлд хамаарахгүй гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах тухай шийтгэвэрт “... хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний /480,000 төгрөгөөр/ торгож” гэж торгох шийтгэлийг эрх хасах шийтгэлтэй хамтад нь үндсэн шийтгэлийн хэлбэрээр давхардуулан хэрэглэсэн нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг зөрчсөн байна. Хууль тогтоогчоос Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заахдаа эхлээд торгох шийтгэлийг үндсэн шийтгэлийн хэлбэрээр, харин эрх хасах шийтгэлийг нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр хамтад нь оногдуулж хэрэглэхээр хуульчилсан байна. Иймд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах тухай шийтгэвэр болон торгох шийтгэврийг тус тус хянан үзэж, хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа: “...Цагдаагийн ахлах дэслэгч С.О би 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэн Д.Э-т холбогдох 173 дугаартай, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон талаарх зөрчлийн материалыг хүлээн авч шаардлагатай нотлох баримтыг цуглуулах хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан болно. Иргэн Д.Э нь 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02:00 цагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан болох нь а/х Г.Н-н тэмдэглэл, “Д" маркын согтуурал шалгах багажны заалт, зөрчил гаргагчийн өөрийн тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4, мөн хуулийн 25 дугаар зүйл, Хууль зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/186 дугаар тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам”-ыг тус тус баримтлан, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу 480,000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан болно.

Миний дээрх гаргасан шийдвэр нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй бөгөөд нэхэмжпэлийн шаардлагад дурьдагдсан Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад заасан зохицуулалтад хамаарахгүй, тухайн шийдвэр гаргах хугацаанд цагдаагийн эрх бүхий ажилтан хуулиар харъяалуулсан зөрчилд захиргааны шийтгэл оногдуулах бүрэн эрхтэй байсан гэж үзэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах тухай 2017 оны 02 дугаар  сарын 10-ны өдрийн 173 дугаар шийтгэвэр, 310000617086385 дугаар торгох шийтгэврийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарт тулгуурлан хууль тайлбарлан хэрэглэж дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

Д.Э нь 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02.28 цагт Сүхбаатар дүүргийн * дүгээр хорооны нутаг Т-н урд замд Н маркийн **** УБ* улсын дугаартай автомашиныг жолоодож явсныг Замын цагдаагийн албаны Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Н зогсоон “д” багажаар жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж, 1.11 хувийн үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон тул энэ талаар тэмдэглэл үйлдэн жолоочийн үнэмлэх, бичиг баримтыг түр хураан, тээврийн хэрэгслийг саатуулан мөн тэмдэглэл үйлджээ. Замын цагдаагийн албаны Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Н-с зөрчлийн материалыг шилжүүлсний дагуу  тус хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч С.О захиргааны зөрчлийг шалгаж, зөрчлийн тухай тэмдэглэл үйлдэн, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 173 дугаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах тухай” шийтгэврээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сарын хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний /480,000 төгрөгөөр/ торгох шийтгэл ногдуулжээ. Торгох шийтгэлийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 20:54 цагт 310000617086385 дугаартай шийтгэврийн хуудсаар бичсэн нь төлөгдсөн байна. 

Нэхэмжлэгч Д.Э “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан шийтгэлийг ногдуулах эрхгүй этгээд шийтгэл ногдуулсан, эрх хасах шийтгэлийг торгох шийтгэлтэй хамт үндсэн шийтгэлийн хэлбэрээр давхардуулан хэрэглэсэн нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн” гэсэн үндэслэлээр маргаж, хариуцагч “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4, 25 дугаар зүйл болон 18 дугаар зүйлийн 18.4-т зааснаар Хууль зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/186 дугаар тушаалаар батлагдсан Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгслийн эрхийг сэргээх журмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэвэр ногдуулах эрх замын цагдаагийн эрх бүхий зохицуулагчид олгогдсон” гэж тайлбарлажээ.  

Д.Э захиргааны зөрчил гаргасан эсэхэд маргаагүй бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон захиргааны зөрчил гаргасан нь түүний 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өгсөн “... пиво уусан ... миний согтолтын хэмжээг д багажаар шалгахад 1.11 хувь гарсан нь үнэн” гэх тайлбар, зөрчлийн тухай тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл зэргээр тогтоогддог, зөрчилд хариуцлага ногдуулах нь гарцаагүй, ийнхүү хуульд заасан шийтгэл ногдуулсан нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүйн дээр Захиргааны хариуцлагын тухай хууль болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн “Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослоос үүдэн гарах хор уршиг, хохирлыг багасгах, захиргааны зөрчил гаргасан этгээдэд захиргааны хариуцлага хүлээлгэж захиргааны зөрчил, гэмт үйлдлээс урьдчилан сэргийлж, нийгмийн хэв журмыг сахиулах” зорилгод нийцэж байна. 

Нэхэмжлэгчээс маргаж байгаачлан 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр батлагдан 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хуульд заасан захиргааны шийтгэл оногдуулна” гэж заасан нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл ...” –ийг хэн ногдуулах нь зохицуулалтгүй эрх зүйн хийдэлтэй байсан гэх хэдий ч Захиргааны хариуцлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3, 10 дугаар зүйлийн 3-т зааснаар цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан буюу замын цагдаагийн байцаагч захиргааны зөрчил гаргасан этгээдэд шийтгэл ногдуулах эрх хэмжээтэй байна. 

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр болон тухайн нутаг дэвсгэрт дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журмыг санаатай болон болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг захиргааны зөрчил” гэж үзэх бөгөөд энэ хуулиар захиргааны шийтгэлийн төрөл хэмжээ, захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх журам, захиргааны шийтгэл ногдуулах эрх бүхий этгээд, зөрчлийг хянан шийдвэрлэх харьяалал зэрэг суурь харилцааг зохицуулдаг, салбарын бусад хуулиудаар захиргааны зөрчилд тооцох үйлдэл эс үйлдэхүйг, түүнд ногдуулах хариуцлагын талаар зохицуулдаг, тухайлбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар бүлэгт замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн ямар үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэж үзэх, түүнд ногдуулах хариуцлагыг тодорхойлсон байна.

Түүнчлэн Захиргааны хариуцлагын тухай хуулийн 2 дугаар зүйлд “Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.” гэж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль, захиргааны хэм хэмжээний актаас бүрдэнэ.” гэж тус тус зааснаас үзвэл эдгээр хуулиуд зохицуулалтын хувьд уялдаатай, Захиргааны хариуцлагын тухай хуулиар захиргааны зөрчилд хариуцлага, шийтгэл ногдуулах эрх олгогдсон этгээдэд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан зөрчилд хариуцлага, шийтгэл ногдуулах эрх олгогдсон байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хууль 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхтгэлд нийтлэгдсэн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 3-т зааснаар ийнхүү нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа буюу 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн, энэ хуулиар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт орсон “энэ хуульд заасан захиргааны шийтгэл оногдуулна” гэснийг “шүүгч, эсхүл цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан хуульд заасан шийтгэл оногдуулна” гэсэн өөрчлөлт нь уг хуульд заасан зөрчил гаргасан этгээдэд шийтгэл оногдуулах субъектийг тодорхой болгож, эрх зүйн хийдлийг арилгасан гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй ч дээр дүгнэсэнлэн Захиргааны хариуцлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3, 10 дугаар зүйлийн 3-т зааснаар захиргааны хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтанд цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан хамаарч байна.

Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж заасны дагуу Хууль зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/186 дугаар тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хасах эрх нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын замын цагдаагийн зохицуулагч, ахлах зохицуулагчид олгогдсон байна.  

Эдгээрээс дүгнэхэд Замын цагдаагийн албаны Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч С.О-д Замын хөдөлгөөний аюулгүй байлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдэд хариуцлага хүлээлгэх эрх олгогджээ. 

Эрх хасах шийтгэлийг торгох шийтгэлтэй хамт үндсэн шийтгэлийн хэлбэрээр давхардуулан хэрэглэсэн нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд:

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Торгох, баривчлах шийтгэлийг үндсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийг үндсэн болон нэмэгдэл, хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хураах, албадан сургалтад хамруулах шийтгэлийг нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр хэрэглэнэ.” гэж хуульчилсан, өөрөөр хэлбэл торгох шийтгэл үндсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл үндсэн болон нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр хэрэглэгдэнэ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “... нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.” гэж зааснаар торгох шийтгэл нь үндсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл нь үндсэн ба нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр хэрэглэгдэхээр байна. 

Замын цагдаагийн албаны Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах тухай” 173 дугаар шийтгэврээр “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сарын хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 480,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, үндсэн шийтгэлийг нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр бичиж бичиглэлийн алдаа гаргасан байх хэдий ч энэ нь шийтгэврийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Иймд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 1, 2, 3 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийн 2, 7 дугаар зүйлийн 3, 10 дугаар зүйлийн 3, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 8 дугаар зүйлийн 8.2.4, 18 дугаар зүйлийн 18.4,  25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Д.Э-с Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн албаны Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч С.О-д холбогдуулан гаргасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах тухай 2017 оны 02 дугаар  сарын 10-ны өдрийн 173 дугаар шийтгэвэр, 310000617086385 дугаар торгох шийтгэврийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ХАЛИУНА