Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2017/ДШМ/002

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

Нарийн бичгийн дарга Л.Хаш-Эрдэнэ нарыг оролцуулан:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбатын гаргасан 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын өмгөөлөгч Ц.Баярмаагийн гомдлоор *******т холбогдох эрүүгийн 201605000193 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, ............ багт оршин суух, хэрэгт холбогдох үедээ . даргаар ажиллаж байсан, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шаг............налгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар /*******/

******* нь ....................даргаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын төвд байрлах тус сумын Эрүүл мэндийн төвд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар очсон бага насны хүүхэд болох 6 настай *******ид эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүйн улмаас бага насны хүүхэд болох 6 настай ******* нь 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагийн орчим нас барсан, ******* нь өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Өмгөөлөгч Ц.Баярмаагаас гаргасан хүсэлтийг хангах боломжгүй байна. Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын шатанд *******, *******, *******, нарыг тухайн хэрэгт гэрчээр тооцож, тэдэнд хууль сануулж мэдүүлэг авсан, гэрчүүд нь тухайн хэргийн талаар өөрийн мэдэх зүйлээ мэдүүлж ярьсан, өөр хэлж ярих зүйл байхгүй талаараа мэдүүлсэн байна.

Иймд дээрх нэр бүхий гэрч нарыг шүүх хуралдаанд гэрчээр дахин оролцуулах шаардлагагүй гэж үзэн өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч *******т холбогдох хэргийг хянан хэлэлцэх анхан шатны шүүх хуралд зарим гэрчүүдийг оролцуулах хүсэлтийг бичгээр гаргасан билээ. Гэвч “гэрчүүдэд хууль сануулж мэдүүлэг авсан, гэрчүүд тухайн хэргийн талаар өөрийн мэдэх зүйлээ мэдүүлж ярьсан байх тул шүүх хуралд дахин гэрчээр оролцуулах шаардлагагүй” гэж үзэж хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Өмгөөлөгчийн зүгээс мөрдөн байцаалтын явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоолгохоор хүсэлтүүдийг гаргаж байсан ч түүнийг хангахаас татгалзаж байсан. Шинжээч томилсон тогтоолтой танилцаж холбогдох асуултыг тавьсан ч мөрдөн байцаагч тогтоолд өөрчлөлт оруулаагүйн улмаас тавьсан асуултад хариулт ирээгүй. Энэ нь нөгөө талдаа мөрдөн байцаагч ажиллагаа явуулахдаа хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоогоогүйтэй холбоотой гэж өмгөөлөгч үздэг юм. Тийм ч учраас шүүх хуралд холбогдох гэрчүүдийг оролцуулж зарим нөхцөл байдлыг нэмж тодруулах нь зүйтэй гэж үзсэн. Гэвч шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.3-т заасан “...шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй...”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “...шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй...” гэж заасныг тус тус зөрчиж урьдчилсан дүгнэлт хийсэн тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дүгээр шүүгчийн захирамж нь шүүгдэгч *******ын өмгөөлөгч Ц.Баярмаагийн гэрч *******, *******, *******, нарыг шүүх хуралдаанд оролцуулахаар гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 10 дугаар зүйлд “...Хүн бүрт тулгасан аливаа эрүүгийн ял болон эрх үүргээ тодорхойлуулахдаа хараат бус тал хардаггүй шүүхээр бүрэн адил тэгш үндсэн дээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй...”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3-ын (e) “...өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгч байгаа гэрчийг байцаалгах буюу байцаалгуулах, эсрэг гэрчтэй адил нөхцлөөр өөрийн өмнөөс гэрч оролцуулах болон шалгуулах...”, Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д “...Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна...”, мөн “...өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, ...шүүх ажиллагаанд биеэр оролцох...” эрхтэй гэж тус тус заажээ.

Эдгээр Монгол Улсын нэгдэн орсон, дагаж биелүүлэх олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийг баталгаажуулан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “...Шүүх шүүн таслан ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно...”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3-т “...өөрийгөө өмгөөлөх, энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу өмгөөлөгч авах...”, 41 дүгээр зүйлийн 41.1-т “...өмгөөлөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалж, хууль зүйн туслалцаа үзүүлэх...”, 41.3.4-т “...тухайн ажиллагаанд оролцож байгаа гэрч, шинжээч, бусад этгээдэд аль ч үед асуулт тавих...” хэмээн хуульчилжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн танилцуулга, үзэл баримтлалаас үзвэл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөх, хэрэв өмгөөлөгчтэй бол түүгээрээ дамжуулан байцаан шийтгэх ажиллагааны аль ч үед өөрийн хүсэл зоригийг илэрхийлэх, эрх бүхий байгууллага нь хүний эрхийг дээдлэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хууль заасан бүх арга хэмжээг авч яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүргийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхэд олгосон бөгөөд харин Олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулиар олгогдсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийг хязгаарласан зүйл байхгүй болно.     

Дээрх нөхцөл байдлууд болон хавтаст хэрэгт авагдсан ******* /хх-ийн 54-55/, ******* /хх-ийн 59-60/, ******* /хх-ийн 61-62/, /хх-ийн 65-66/ нарын мэдүүлгүүд тодорхой бус эргэлзээтэй байхад уг байдлыг тодруулахгүйгээр *******ын өмгөөлөгч Ц.Баярмаагийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Дээрх эргэлзээтэй байдал нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “...хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх...” гэсэн шүүхийн эрхэм зорилго, мөн хуулийн 7 дугаар зүйлд заасан шүүх хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах зарчимд нийцэхгүй юм.

Иймд шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж өмгөөлөгч Ц.Баярмаагийн гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар

зүйлийн 315.1.4, 113 дугаар зүйлийн 113.6.1-т тус тус

заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дүгээр шүүгчийн захирамжийн Тодорхойлох хэсэгт энэ магадлалын Хянавал хэсэгт зааснаар өөрчлөлт оруулж, Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...хангахаас татгалзсугай...” гэснийг “...хангасугай...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Магадлалд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА    

                                     ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                                  Т.ДАВААСҮРЭН