Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2017/01057

 

Д.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 358 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 98 дугаар магадлалтай,

Д.О-ын нэхэмжлэлтэй,

Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

1418.210 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбасүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбасүрэн, өмгөөлөгч Д.Отгонбат, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Д.О- гаргасан нэхэмжлэлдээ: Миний өмчлөлийн 4-23-36 тоот 2 өрөө орон сууцыг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дуудлага худалдаанд оруулахад "ЭМПИПИ" ХЗХ ялагч болсон. Тухайн үед уг сууц Орхон аймаг дахь ХААН банкны барьцаанд байсан бөгөөд орон сууцны үнээс төлбөр авагч нарт хуваагаад Орхон аймаг Дахь ХААН банкны салбарт төлөх учиртай байсан. Шийдвэр гүйцэтгэгч Эрдэнэхүү нь 32.500.000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд авч үлдсэн байсан. ХААН банкны нэхэмжлэлтэй шүүх хурал болж Д.О- банктай 32.500.000 төгрөг дээр эвлэрээд тус албаны дансанд байршигдсан 32.500.000 төгрөгийг банкинд төлж орон сууцаа чөлөөлүүлж авах гэтэл 2.300.000 төгрөгийг байхгүй болгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас хууль бусаар авсан мөнгийг би хариуцах ёсгүй. Иймд Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2.300.000 төгрөг гаргуулан Д.О- надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд гаргасан тайлбартаа:Сум дундын 14 дүгээр шүүхийн шүүгчийн захирамжуудаар төлбөр төлөгч Д.О-аас 58.183.875 төгрөг гаргуулж А.Саруултуяад, 6.432.210 төгрөг гаргуулж  Даваанямд, 3.005.800 төгрөг гаргуулж Т.Туяад 10.175.000 төгрөгийг Батжаргалд тус тус олгохоор шийдвэрлэгдсэн. Төлбөр төлөгч Д.О-ын өмчлөлийн ХААН банкны барьцаанд байсан Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-23-36 тоот орон сууцыг 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хураан авсан. Хураан авсан эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж 72.500.000 төгрөгөөр худалдан борлогдсон. Төлбөр авагч Давааням, Батжаргал, Туяа, Саруултуяа нарт 2015 оны 11-р сарын 18-ны өдөр 42.200.000 төгрөгийг шилжүүлсэн байна.Төлбөр төлөгчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх албаны дансанд байршсан үлдэгдэл 30.300.000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ХААН банкинд шилжүүлсэн. Төлбөр төлөгч Д.О- нь А.Саруултуяад төлөх 11.883.875 төгрөг, Т.Туяад төлөх 905.800 төгрөгийн төлбөрийн материалд шийдвэр гүйцэтгэх явуулж байгаа болно гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 358 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай 34 дүгээр зүйлийн 34.3-д заасныг баримтлан Д.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 51.750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 98 дугаармагадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 358 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтанд “...шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2, 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 1.418.210 төгрөг гаргуулж Д.О-т олгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтанд “...үлдээсүгэй” гэснийг “... үлдээж” гэж “...хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас улсын тэмдэгтийн хураамжинд 53.641 төгрөг гаргуулж, 51.750 төгрөгийг нэхэмжлэгч Д.О-т олгож, зөрүү 1.891 төгрөгийг төрийн санд олгосугай” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Д.О-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.650 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбасүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Сум дундын 14 дүгээр шүүхийн шүүгчийн захирамжийг шийдвэрүүдийг биелүүлэх Зорилгоор Отгонбаярын өмчлөлийн ХААН банкны барьцаанд байсан 4-23-36 тоот Орон сууцыг банкнаас зөвшөөрөл авч албадан дуудлага худалдаанд оруулж төлбөр авагч нарт орлогыг хуваарилан олгохдоо тухайн үеийн ажил хариуцаж байсан шийдвэр гүйцэтгэгч нь техникийн алдаа гаргаж иргэн Даваанямд 4.700.000 төгрөгийг шилжүүлэх байтал иргэн 6.900.000 Даваанямд илүү мөнгө гаргаж, ХААН очих төлбөрөөс дутаасан байдаг.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалагч ХААН банк болон албадан дуудлага худалдааны ялагч болсон “Эм Пи Пи” ХЗХ-ны эрх ашиг хөндөгдөж байхад Д.О-ын эрх ашиг хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй. Эрх ашиг нь хөндөгдөөгүй этгээд нэхэмжлэл гаргасан, шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан албан тушаалаа ашиглан мөнгийг үрэгдүүлсэн байдал тогтоогдоогүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид тухайн үедээ гомдол гаргаагүй байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 2 дах заалтыг 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр хассан байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд өөр өөрөөр тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 358 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 1.418.210 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг “...барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнээс тэргүүн ээлжинд төлөх төлбөрийг төлөөгүйгээс ХААН банкинд төлөх төлбөр бүрэн төлөгдөөгүй, хохирол учирсан”  гэж тодорхойлжээ.

Д.О- нь ХААН банкинд 32.500.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч,  нэхэмжлэгчтэй эвлэрсэн, Орхон аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 00891 дүгээр захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэжээ /хэргийн 6-9 дүгээр тал/.

Дээрх шүүгчийн захирамж гаргахаас өмнө Д.О- нь шүүхийн шийдвэрээр А.Саруултуяад 58.183.875 төгрөг, Л.Даваанямд 6.432.210 төгрөг, Т.Туяад 3.005.800 төгрөг, Батжаргалд 10.175.000 төгрөг төлөх төлбөртэй байсныг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

Д.О-аас 58.183.875 төгрөг гаргуулж А.Саруултуяад олгох 133 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу Орхон аймгийн Шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, тус аймгийн Баян-өндөр сумын Хүрэн-булаг багийн 4-23-26 тоот 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хураан авч, улмаар 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн, “Эм Пи Пи” ХЗХ 72.500.000 төгрөгөөр худалдан авчээ. Шийдвэр гүйцэтгэгч нь уг төлбөрөөс Л.Давааням, Батжаргал нарт тус бүр 6.900.000 төгрөг, Т.Туяад 2.100.000 А.Саруултуяад 26.300.000 төгрөг шилжүүлсэн ба үлдэх 30.300.000 төгрөгийг ХААН банкинд 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Өөрөөр хэлбэл, бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх зохицуулалт тухайн маргааны нөхцөлд хамааралгүй байгааг анхаараагүй байна.

Давж заалдах шатны шүүх “...барьцаалагч тэргүүн ээлжинд хохирлоо арилгуулах эрхтэй”, “...шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчөөс гаргуулсан эд хөрөнгө, мөнгө нь хэд хэдэн төлбөр авагчийн шаардлагыг нэгэн зэрэг хангахад хүрэлцэхгүй бол төлбөр авагч нэг бүрийн авах төлбөрийн хэмжээгээр хувь тэнцүүлэн мөнгийг олгоогүй” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлийн 118.4-т нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Д.О- шүүхэд гаргасан тайлбартаа “...тухайн үед уг орон сууц ХААН банкны барьцаанд байсан, шийдвэр гүйцэтгэгч нь 32.500.000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд авч үлдсэн байсан, ХААН банкны нэхэмжлэлтэй шүүх хурал болж тус албаны дансанд байршсан 32.500.000 төгрөгийг банкинд төлж орон сууцаа чөлөөлүүлж авах гэтэл 2.300.000 төгрөг байхгүй болсон, шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас хууль бусаар авсан мөнгийг хариуцахгүй...” гэсэн тайлбар гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Д.О-аас ХААН банкинд төлбөр төлөх шийдвэр албадан дуудлага худалдаа явагдсанаас хойш 8 сарын дараа гарчээ. ХААН банк нь Д.О-т холбогдуулан хэдийд нэхэмжлэл гаргасан, энэхүү нэхэмжлэлтэй холбоотойгоор шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ авсан эсэх нь тодорхой бус байна.

Түүнчлэн албадан дуудлага худалдаагаар худалдсан орон сууц ХААН банкны зээлийн барьцааны зүйл мөн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан.

Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа албан үүргээ зөрчсөн гэм буруутай ямар үйлдэл, эс үйлдэхүй гаргасан, үүнээс нэхэмжлэгчид ямар гэм хор учирсан тэдгээрийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэх талаар шүүх дүгнэлт хийх шаардлагатай болно.

Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэгч албан үүргээ биелүүлсэн эсвэл үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх эсэх талаар дүгнэлт хийснээр нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжтой болно.

Дээр дурдсанаар хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, энэ тохиолдолд хоёр шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг хяналтын шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд залруулах боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 358 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 98 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ