Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/55

 

 

 

                                 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Нарийн бичгийн дарга  Б.Нарантуяа

Улсын яллагч Т.Өсөхболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг

Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Э.*******д холбогдох эрүүгийн 1936000200039 дугаартай, 178/2019/0044/Э/ индекстэй хэргийг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт  оршин суух, ******* овогт *******ын *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Э.******* нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн ******* сумын Сэнхэр багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.*******г болгоомжгүй үйлдлийн улмаас түлхэн унагааж, иргэн Ц.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Э.Гантулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирол төлбөрөө төлсөн гэх мэдүүлэг,

Хохирогч ******* овогт *******ийн *******гийн / 57 настай эрэгтэй, бага боловсролтой, малчин / мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Тэгээд архиа уугаад сууж байтал Э.******* хоёр манай гэрт хоорондоо маргалдаж зодолдоод байхаар нь би “ та нар гэрээс гарч гадаа зодолд” гэж гаргаад араас нь гараад “ та нар боль” гэхэд “ та байж бай “ гээд миний зүүн мөр лүү түлхсэн. Тэгэхээр нь Э.Гантулгыг очоод “ одоо болиоч ээ” гэж хэлээд дээлний захаас нь татахад Э.******* эргэж хараад намайг түлхэж унагаасан.Би унахдаа гэрийнхээ хаяанд байсан чулуун дээр унасан...гэх мэдүүлэг /хх-15-16-р хуудас/

Гэрч Б.Идэрцоожийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр би хөдөө малаас ирээд согтуу хэвтэж байсан Р.Гантөмөрийг гэрт нь хүргэж өгчихөөд буцаад ирэхэд Э.Гантулгын нүүрэн хэсэг нь цусархаг улаан өнгийн зүйлээр будагдсан байдалтай байсан бөгөөд хажууд нь манай хадам аав Ц.******* бие өвдөөд гээд сууж байсан. Тэгээд эмч ирж үзэхэд аавын хавирга хугарсныг мэдсэн... гэх мэдүүлэг /хх-27-28-р хуудас/

Гэрч Н.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...манай гэрт Э.******* манай аав хоёр согтуу байсан ба Э.Гантулгын нүүрэн хэсэг цусархаг зүйлээр будагдсан байсан.Харин аав бие өвдөөд байна гээд зүүн талын ор түшээд сууж байгаад тэр чигтээ унтсан байсан.Тэгээд би багийн эмч дуудаж үзүүлээд өвчин намдаах тариа хийлгээд унтуулсан... гэх мэдүүлэг /хх-29-31-р хуудас/

Гэрч С.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 12 дугаар сарын 12-ний шөнө Ц.*******гийн охин Н.******* над руу залгаад аавд тариа хийгээд өгөөч гэсэн. Тэгээд гэрт нь очоод Ц.*******гийн биед үзлэг хийхэд 7,8,9-р хавирга хугарсан байдалтай байсныг скоч наагаад өвчин намдаах тариа хийгээд явсан... гэх мэдүүлэг / хх-39-40-р хуудас/

Гэрч Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Ц.******* ах Э.******* бид хоёрын дундуур орж ирэхээр нь би “ та хойшоо байж бай “ гээд нэг удаа мөр лүү нь түлхсэн. Тэгтэл Э.******* Ц.******* ахыг “чамд ямар хамаатай юм бэ” гээд түлхэхэд Ц.******* газарт унасан. Тэгээд би Ц.******* ахыг аваад гэрт нь оруулсан... гэх мэдүүлэг / хх-43-44-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэнд... Ц.*******гийн биед зүүн 5,6,7,8,9,10,11,12-р хавирганы хугаралууд, цээжний хөндийн шингэн болон хий хуралдалт, цээжинд цус хуралт,зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэх / хх-66-67-р хуудас/

Шүүгдэгч Э.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Н. бид хоёр маргалдаад зодолдоход Ц.******* ах “ та хоёр гэрээс гарч зодолд” гэхээр нь бид хоёр гэрээс гараад ноцолдож байхад Ц.******* гарч ирээд “ та хоёр яагаад зодолдоод байгаа юм бэ” гээд миний дээлнээс татахаар нь би “танд хамаагүй” гэж хэлээд Ц.******* ахыг түлхэхэд Ц.******* ах гэрийн даруулганы чулуун дээр зүүн талаараа унасан. Н. бид хоёр учир зүйгээр олоод Ц.******* ахыг аваад гэрт нь орсон ... гэх мэдүүлэг зэрэг баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.*******д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4-д заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч Э.******* нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн ******* сумын Сэнхэр багийн нутаг дэвсгэрт иргэн Н.тай харилцан маргалдах явцад Ц.*******г болгоомжгүйгээр түлхсэний улмаас Ц.******* нь чулуун дээр унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан болох нь  хохирогч Ц.*******гийн мэдүүлэг, гэрч Н.*******, С.*******, Н., Б.Идэрцоож нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ...Ц.*******гийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан.. гэх дүгнэлт, шүүгдэгч Э.Гантулгын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.*******  Н. нар согтуугаар хоорондоо маргалдаж ноцолдож байх явцдаа Э.******* Ц.*******г дээлнийх нь захнаас барьсныг тавиулж холдуулах зорилгоор түлхсэнээс нь Ц.******* чулуун дээр унаж биед нь гэмтэл учирсныг Э.******* урьдчилсан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч үйлдэлдээ хайхрамжгүй хандсан байдал нь гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзэж байна.  

Шүүгдэгч Э.Гантулгын болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Ц.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь тогтоогдож байх тул  шүүгдэгч Э.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-77/, бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч Ц.*******гийн... Э.******* надад учирсан хохирол болох эмчилгээний зардал, замын зардал зэрэг 4 сая төгрөгний хохирлыг бүрэн барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй ... гэх хүсэлт /хх-159/,ХААН банкны мөнгөний баримт /хх-136/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч Э.Гантулгын хувийн байдлын талаар гэрч Э.Эрдэнэхишигийн өгсөн ...Э.******* миний төрсөн дүү. Бид нар эцэг эхээс 10-уулаа.Дүү маань зан ааш сайтай, хүнтэй харьцах харьцаа сайн, найз нөхөд олонтой, тэдэндээ нэр хүндтэй хүн. Мал сайн малладаг, бас хурдан морь уядаг сум орон нутагтаа нэр хүндтэй хүн юм....”  гэх мэдүүлэг / хх- 61-62-р хуудас/

Гэрч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э.******* бид нар багын найзууд. Э.******* одоо ******* суманд эхнэр хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг.8 дугаар анги төгсөөд мал дээр гарсан.Архи хааяа бага зэрэг хэрэглэдэг, архи уусан үедээ зан ааш нь өөрчлөгдөж байхыг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-63-64-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Э.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан хохирогчид хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс:  “шүүгдэгч Э.******* нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан.Э.******* нь гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, сум орон нутагтаа нэр хүндтэй, төлөв төвшин хүн. Тиймээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү ” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Э.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгч Э.*******  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн 64-49 улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашин  битүүмжилсэн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 5/30 дугаартай Прокурорын тогтоолыг цуцлах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,17.5 дугаар зүйлийн 1,  36.2, 36.6-36.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын Гантулгыг хорих ял оногдуулахгүйгээр  10 / арав/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Э.*******д мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн 64-49 улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашин  битүүмжилсэн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 5/30 дугаартай Прокурорын тогтоолыг цуцалсугай.

5.Шүүгдэгч Э.*******д тэнссэн хугацаанд хяналт тавихыг  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Э.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын ялл агч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Б.ГАНТӨГС

Top of Form