Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2024/00480

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2024/00480

 

 

М.Н ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/04489 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.Н ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: О.И , Г.Ү , Б.Б нарт холбогдох,

127,700,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

55,104,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, хариуцагч О.И гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, өмгөөлөгч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. О.И тай 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дулаахан хотхоны 44 дүгээр байрны 10 давхарын 57 тоот хаягт байрлах, 43.31 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 77,958,800 төгрөгөөр тооцож хүлээлгэн өгөх, О.И нь орон сууцны төлбөр 77,958,000 төгрөгийг 100 хувь усны тоолуураар бартердаж төлөхөөр харилцан тохиролцож орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ байгуулсан.

О.И нь дээрх орон сууцны үнэ 77,958,000 төгрөгийн төлбөрт бартераар өгөх усны тоолуурыг өөрийн Ж ХХК-аас М.Н ын Т ХХК-д нийлүүлэхээр тохиролцсон бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тооцоо нийлсэн актаар О.И нь захиалгаар авах 57 тоот орон сууцны төлбөрт 32,339,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 45,619,000 төгрөгийг 2019 онд багтаан тоолуураар төлж дуусгахаар харилцан тохиролцож баталгаажуулсан. О.И гийн орон сууцны үнийн үлдэгдэл 45,619,000 төгрөгөөс Ц.Э ын 2019 оны 12 дугаар сарын 06, 07-ны өдөр төлсөн 25,619,000 төгрөгийг хасч тооцон үлдэгдэл 20,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

1.2. Мөн М.Н нь 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 62,700,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 45,000,000 төгрөг, нийт 107,700,000 төгрөгийг О.И д зээлдүүлсэн. О.И нь дээрх зээлсэн мөнгийг төлнө гэдэг боловч төлбөр хийгдэхгүй байсан тул О.И тай уулзаж 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр тооцоо нийлсэн актаар 107,700,000 төгрөгийг 2019 онд багтаан төлж барагдуулахаар тохиролцож, хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэвч О.И бэлнээр зээлсэн мөнгөө эргүүлэн усны тоолуураар төлсөн мэт тайлбарласан тул усны тоолуурыг зээлийн төлбөрт тооцох юм бол хариуцагч Г.Ү д холбогдох орон сууцны төлбөр 72,538,000 төгрөгийг гаргуулах, Б.Б ийн орон сууцны төлбөр 27,012,000 төгрөгийг гаргуулахаар хамтран хариуцагчаар татсан.

Иймд зээлийн гэрээний үүрэгт 107,700,000 төгрөгийг нэхэмжилж байна.

1.3. Хариуцагч О.И гийн гаргасан сөрөг нэхэмжлэл 25,615,000 төгрөгийг М.Н нь төлөх үндэслэлгүй. Уг төлбөрийг орон сууцны төлбөрөөс хасаж тооцон нэхэмжилсэн. Мөн 137,885,000 төгрөг нь орон сууцны төлбөрт тооцогдсон болохоос зээлийн төлбөрт тооцогдоогүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй.

2. Хариуцагч О.И гийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, хариу тайлбарын агуулга:

2.1. Орон сууцны төлбөрийг тоолуур бартердаж болон бэлэн мөнгөөр төлж дуусгасан. О.И уг орон сууцны төлбөрийг М.Н ад хэсэгчлэн төлсөн болох нь дансны хуулга, тооцоо нийлсэн актаар нотлогдоно.

О.И гийн Ж ХХК нь усны тоолуур нийлүүлдэг хуулийн этгээд бөгөөд М.Н ын Т ХХК-тай усны тоолуурын бизнест хамтран ажиллахаар болсны дагуу 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч нь хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Хөрөнгө оруулалт хийгдсэн болохоос 107,700,000 төгрөгийг зээлсэн зүйл байхгүй. 2016 онд 3 өрөө байрны тооцоо дуусаж худалдан авагчид гэрчилгээг шилжүүлсэн. Түүний дараагаар 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хамтран ажиллах хөрөнгө оруулалтын харилцаа үүссэн. Тооцоо нийлэхдээ М.Н нь иргэний хувиар тооцоо нийлсэн боловч хэргийн маргаан Ж ХХК болон Т ХХК хамтран ажилласантай холбоотой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй.

2.2. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр орон сууц захиалах гэрээг байгуулж, төлбөрт усны тоолуур нийлүүлэхээр тохиролцож, 77,000,00 төгрөгийг бүрэн төлсөн. Гэтэл М.Н нь О.И гийн Ц.Э аас худалдсан байрныхаа төлбөрт авах ёстой байсан 25,619,000 төгрөгийг авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Мөн 107,700,000 төгрөг шилжүүлсэн байхад 137,185,000 төгрөгийг төлсөн болох нь тооцоо нийлсэн актаар тогтоогдож байгаа. Иймд илүү төлсөн 29,485,000 төгрөгийн хамт нийт 55,104,000 төгрөгийг М.Н аас нэхэмжилж байна.

3. Хариуцагч Г.Ү , Б.Б нарын татгалзал, тайлбарын агуулга:

Орон сууцны төлбөрийг төлсөн байхад үндэслэлгүй шаардлага гаргаж байна.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч О.И гаас зээлийн гэрээний үүрэгт 45,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Н ад олгож, нэхэмжлэгч М.Н аас 25,619,000 төгрөг гаргуулж, хариуцагч О.И д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас Г.Ү , Б.Б нарт холбогдох хэсэг болон О.И гаас 82,700,000 төгрөг гаргуулах хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 30,185,000 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 958,950 төгрөг, хариуцагч О.И гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 675,920 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээн, хариуцагч О.И гаас улсын тэмдэгтийн хураамжид 382,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 286,045 төгрөг гаргуулж, хариуцагч О.И д олгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шүүх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

М.Н болон Ж ХХК-ийн хооронд, мөн Ж ХХК-ийн худалдан авсан байрыг О.И , Г.Ү , Б.Б нарын нэр дээр худалдан авахаар тохиролцсон ямар ч нотлох баримт байхгүй байхад шүүхийн шийдвэрт нотлох буруу дүгнэлт хийсэн. М.Н болон О.И нар дээрх орон сууцны төлбөр тооцоог тооцоо нийлсэн актаар баталгаажуулж тооцсон. М.Н нь Ж ХХК-тай байгуулсан арилжааны гэрээ байгуулж байгаагүй болно.

Харин О.И тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, О.И нь М.Н ад 20,000,000 төгрөгийг үндэслэлтэй болох нь гэрээ, тооцоо нийлсэн акт, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа.

5.2. М.Н нь О.И гийн банк дахь данс руу 107,700,000 төгрөгийг шилжүүлэн өгч зээлдүүлсэн болох тооцоо нийлсэн акт, дансны хуулга зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад 62,700,000 төгрөгийг зээлдүүлсэн гэж дүгнэж байгаа нь нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнээгүй байна.

Мөн М.Н О.И гийн худалдаж авсан 57 тоот орон сууцны үлдэгдэл төлбөрийг Ц.Э аас хүлээж авсан байхад 25,619,000 төгрөгийг О.И д олгохоор шийдвэрлэсэн нь нотлох баримтанд үндэслээгүй.

Иймд О.И гаас 57 тоот орон сууцны үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөг, зээлийн төлбөрт 62,700,000 төгрөг, нийт 82,700,000 төгрөгийг гаргуулан олгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч О.И гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн. Энэхүү хэрэг маргаан нь хуулийн этгээдүүдийн хооронд үүссэн харилцаа юм. Хэрэгт хоёр хуулийн этгээдийн хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ авагдсан. Тоолуур худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн тооцоог орон сууцаар хийх хэлбэрээр байгуулсан. Талууд 2019 оны 05 дугаар сард тооцоо нийлсэн акт үйлдсэн.

Т ХХК, Ж ХХК-ийн хооронд хамтран ажиллах хэлбэрээр буюу банкны дансаар хөрөнгө оруулалт гэх утгаар 107,000,000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байдаг.

6.2. М.Н нь О.И гаас орон сууц худалдаж авсан Ц.Э гэх хүнээс гэрчилгээг нь гаргаж өгөхгүй байлгасаар 25,000,000 төгрөгийг гаргуулж авсан. Энэ нь гэрчийн мэдүүлэг, мөнгө хүлээн авсан баримтаар нотлогддог.

Хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байсан хэдий ч тусад нь хуулийн этгээдүүдийн хооронд үүсэх маргаан дээр нотлох баримтуудаа гаргаж, тайлбарлаж, үгүйсгэх байдлаар оролцоно.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахаас татгалзаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч О.И , Г.Ү , Б.Б нарт холбогдуулан орон сууц захиалгаар барих гэрээний үлдэгдэл төлбөрт 20,000,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 107,700,000 төгрөг, нийт 127,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч О.И нь 55,104,000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас зохигчийн хооронд үүргийн болон үүргийн бус харилцаа үүссэн эсэх талаар алдаатай дүгнэсэн, үйл баримтыг буруу тогтоосон байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

3. Шүүхээс  М.Н нь орон сууцаа бусдад худалдахдаа Ж ХХК-тай арилжааны гэрээ байгуулсан гэж үүргийн харилцаа болон оролцогчийн талаар алдаатай дүгнэлт өгчээ.

Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 44 дүгээр байрны 57 тоот хаягт байршилтай 43.31 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг анх 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр орон сууцны барилга захиалгаар барих гэрээний дагуу М.Н нь О.И д худалдаж, О.И нь орон сууцны үнэд 77,958,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон /1хх 54-56/.

Орон сууцны үнийг бүхэлд нь тодорхой хөрөнгө өмчлөлд шилжүүлж төлөөгүй, зарим хэсэг нь мөнгөн хэлбэрээр төлөгдсөн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

3.1. Хэрэгт Т ХХК-ийг төлөөлж захирал М.Н , Ж ХХК-ийг төлөөлж захирал О.И нарын байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тоолуур худалдах, худалдан авах гэрээ авагдсан /1хх 57-58/.

Уг гэрээний 4.1-д гэрээний төлбөрийг 43.31 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцаар төлөхөөр талууд тохиролцсоныг М.Н болон О.И нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэхгүй.

Учир нь тоолуур худалдах, худалдан авах гэрээний талууд хуулийн этгээд бөгөөд гэрээний төлбөрт маргаан бүхий орон сууцыг хүлээлцэхдээ гүйцэтгэх удирдлагуудын нэр дээр гэрээ хийх талаар гэрээнд заагаагүй, энэ нөхцөл байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй.

Харин М.Н ын Улсын бүртгэлийн газарт гаргасан хүсэлтийг үндэслэн О.И нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 44 дүгээр байрны 57 тоот хаягт байршилтай 43.31 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байх тул тэдгээрийн хооронд Т ХХК болон Ж ХХК-ийн байгуулсан гэрээний харилцаанаас тусдаа орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв. /1хх 59, 169/.

3.2. Т ХХК болон Ж ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тоолуур худалдах, худалдан авах гэрээний хүрээнд тооцоо нийлэхдээ Ж ХХК-аас нийлүүлсэн тоолуур, шилжүүлсэн мөнгөн хөрөнгө нийт 137,885,000 төгрөгөөс 32,339,000 төгрөгийг О.И гийн худалдан авч буй орон сууцны төлбөрт тооцон суутгаж, уг орон сууцны үлдэлдэл төлбөр 45,619,000 төгрөг болохыг харилцан тохиролцож баталгаажуулжээ.

Хэдийгээр Т ХХК болон Ж ХХК-ийн хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй ч иргэд хооронд байгуулсан гэрээний төлбөрийг ийнхүү тохиролцож төлсөн нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсгийн хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч нь О.И гийн худалдан авсан орон сууцны төлбөрт Ц.Э 25,619,000 төгрөг төлснийг хүлээн авсан болохоо тайлбарласан.

Иймд орон сууцны үнэ 77,958,000 төгрөгөөс төлөгдөөгүй үлдэж буй 20,000,000 төгрөгийг хариуцагч О.И гаас гаргуулж нэхэмжлэгч М.Н ад олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцнэ.

3.3. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарах үед орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн гэж хариуцагч О.И маргасан. Хэдийгээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гарсан байх боловч энэ нь гэрээний үнэ төлөгдсөн үйл баримтыг нотлохгүй.

Хариуцагч нь төлбөрийн үлдэгдэл 20,000,000 төгрөгийн төлсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

3.4. Хариуцагч Г.Ү , Б.Б нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч гомдол гаргаагүй учир талуудын зарчимд нийцүүлэн энэ шийдэлд давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

4. М.Н болон О.И нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч уг гэрээний үнийн дүнд хамаарах үйл баримтыг буруу тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосныг дараах байдлаар залруулна.

4.1. 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгчээс шилжүүлсэн 45,000,000 төгрөгийн зээлийг төлөгдөөгүй гэж дүгнэн үүнд холбогдох нэхэмжлэлийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй.

4.2. Харин 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчээс хариуцагч руу хөрөнгө оруулалт утгаар шилжүүлсэн 62,700,000 төгрөгийг зээлийн гэрээний харилцаанд хамаарахгүй, Ж ХХК руу хөрөнгө оруулалт оруулсан гэж шүүх дүгнэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй.

М.Н болон О.И нар нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээний нийт үлдэгдэл 107,700,000 төгрөг байгаа болохыг баталгаажуулсан /1хх 4/.

Энэ өдөр мөн Т ХХК болон Ж ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тоолуур худалдах, худалдан авах гэрээний хүрээнд тооцоо нийлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, М.Н болон О.И нар нь иргэний хувьд болон дурдагдаж буй хуулийн этгээдүүдийн гүйцэтгэх удирдлагын хувьд тооцоо нийлэхдээ 107,700,000 төгрөг нь иргэд хооронд үүссэн зээлийн гэрээний үлдэгдэл болохыг баталгаажуулжээ.

М.Н нь зээлийн мөнгөн хөрөнгийг О.И гийн дансанд шилжүүлсэн, мөн нэхэмжлэгчийг Ж ХХК-нд хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон гэх баримт хэрэгт авагдаагүй, энэ талаарх хариуцагчийн татгалзал баримтаар нотлогдоогүй. Түүнчлэн Т ХХК болон Ж ХХК хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг үндэслэн М.Н хөрөнгө оруулалт хийсэн гэж дүгнэхгүй.

4.3. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.И гаас зээлийн гэрээний үүрэгт 107,700,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шүүхийн шийдвэрт өөрчлөлд оруулна.

5. Хариуцагч О.И гийн гаргасан сөрөг нэхэмжлэлээс илүү төлсөн гэж нэхэмжилсэн 30,185,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу энэ талаар давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт өгөхгүй болно.

Харин анхан шатны шүүх 25,619,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүйг залруулна.

5.1. Хариуцагч О.И нь Баянгол дүүрэг 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Дулаахан хотхон, 44 дүгээр байр, 57 тоот орон сууцыг Ц.Э ад 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр 80,600,000 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулсан /1хх 60/.

Улмаар Ц.Э нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 25,619,000 төгрөгийг орон сууцны төлбөрт М.Н ад төлснийг нэхэмжлэгч нь О.И гийн төлбөрт суутган тооцож нэхэмжлэл гаргасан болохыг тайлбарласан.

Хэдийгээр О.И нь Ц.Э тай гэрээ байгуулсан боловч Ц.Э ын бусдад төлсөн төлбөрийг шаардах эрх түүнд үүсэхгүй. Ц.Э аас түүнд шаардах эрхээ шилжүүлсэн баримт хэрэгт авагдаагүй.

Иймээс хариуцагчийн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шаардсан 25,619,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцэж байна.

6. Үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжид өөрчлөлт оруулна. Мөн шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлд тооцогдох тэмдэгтийн хураамжийг буруу тооцоолж, илүү төлөгдсөн тэмдэгтийн хураамжийг буцаан олгоогүйг залруулах нь зүйтэй.

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/04489 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч О.И гаас 127,700,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Н -д олгож,

нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Г.Ү , Б.Б нарт холбогдох хэсэг болон хариуцагч О.И гийн нэхэмжлэгч М.Н ад холбогдуулан гаргасан 55,104,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид  нэхэмжлэгчээс төлсөн 958,950 төгрөг, хариуцагч О.И гаас төлсөн 675,920 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,

хариуцагч О.И гаас тэмдэгтийн хураамжид 796,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, улсын орлогоос илүү төлсөн тэмдэгтийн хураамжид 180,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 157,950 төгрөг гаргуулан хариуцагч О.И д тус тус олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 857,495 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

Т.БАДРАХ