Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2024/00481

 

 

 

 

 

 

 

 

2024 03 11 210/МА2024/00481

 

 

У ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч даргалж М.Баясгалан, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/05466 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: У ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э ХХК-д холбогдох,

2,550,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

1,500 ширхэг сэтгүүлийг дахин хэвлүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Т.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. "Э " ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төлбөр тооцооны үлдэгдэл болох 2,000,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2 хувааж төлөхөөр тохиролцсон.

Үүнээс 300,000 төгрөг төлөгдсөн ба 1,700,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Талуудын байгуулсан гэрээнд зааснаар хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон тул 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 900 хоногийн алдангид 850,000 төгрөгийг нэхэмжилнэ.

Иймд 1,700,000 төгрөг, алданги 850,000 төгрөг, нийт 2,550,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

1.2. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд хариуцагчид тухайн сэтгүүлийг доголдолгүй бүрэн хэвлэж хүлээлгэж өгсөн. Хариуцагч нь хэвлүүлсэн сэтгүүлийг доголдолтой гэж байгаа боловч тухайн үед нэхэмжлэгчид энэ тухай албан ёсоор мэдэгдээгүй, доголдолтой бараа бүтээгдэхүүнийг ирүүлээгүйгээс үзэхэд доголдолтой байсан гэж үзэх боломжгүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хэзээ гэрээ хий, 2,000,000 төгрөгийн төлбөр хэзээ үүссэн гэдгийг тодорхой бичээгүй байна. Манай компани 2019 онд бас сэтгүүл хэвлүүлж байсан бөгөөд 2019 оны үлдэгдэлд төлбөр барагдуулахаар гэрээ байгуулсан гэжээ. Гэвч нэхэмжилж буй төлбөр нь 2018 он, эсхүл 2020 оны төлбөрийн аль нь болох нь тодорхой бус байна.

Тухайн үед сэтгүүл чанарын шаардлага хангахааргүй байсан тул манай байгууллага сэтгүүлийг борлуулж чадаагүй, алдагдалд орсон. Иймд манай байгууллагын зүгээс сэтгүүлийг дахин чанарын шаардлага хангасан байдлаар хэвлэж өгвөл үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзахгүй.

Алдангийн тохиролцоо нь хуульд заасан шаардлагыг хангахгүй, тухайн хэлцэл анхнаасаа Иргэний хуулийн 43.4-т заасан нөхцөл байдал хангаагүй, 2016 оны 10 дугаар сараас гэрээний харилцаа үүссэн гэж үзвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

2.2. Хэвлүүлсэн сэтгүүл нь хэвлэлтээс гарахад бүгд чанарын шаардлага хангахааргүй, хэт бүдэг зэрэг хэвлэлийн алдаатай байсан тул нэхэмжлэгч "У " ХХК-д Э ийг 1,500 ширхэгийг дахин хэвлүүлэхийг даалгаж өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 352 дугаар зүйлийн 352.2.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Э ХХК-аас 2,550,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У ХХК-д олгож, хариуцагч Э ХХК-ийн гаргасан нэхэмжлэгч У ХХК-д холбогдох 1,500 ширхэг сэтгүүлийг дахин хэвлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,750 төгрөг, хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 55,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга

4.1. Төлбөр барагдуулах гэрээнд хэзээ үүссэн төлбөрийн үлдэгдэл эсэх талаар огт дурдаагүй байхад Э ийн үлдэгдэл төлбөр тооцоо мөн байсан гэж дүгнэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг хангалттай нотлоогүй байхад нэг талыг барьсан шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй.

Хэрэгт тухайн сэтгүүл авагдсан бөгөөд хэвлэлт нь хэт бүдэг хүний хараа тогтож уншихад бэрхшээлтэй байгаа нь харагдаж байна. Тэр дундаа нүдний эрүүл мэндийн сэтгүүл атал хэт бүдэг байна. Гэтэл шүүхээс илэрхий баримтыг хариуцагчаар дахин нотлуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

Энэ талаар сэтгүүлийг хэвлэлтээс авсан цагаасаа хойш шаардлага тавьж байсан байхад сэтгүүл хэвлүүлснээс хойш 6 сар, эсхүл 1 жилийн дотор гомдлын шаардлага гаргаагүй гэж үзсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна.

Иймд хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Төлбөр барагдуулах гэрээнд нэхэмжлэлийн үндэслэл тодорхой тусгагдсан байдаг. Тухайн үед Б.Б ыг тус гэрээнд хүчээр гарын үсэг зуруулаагүй. Доголдол арилгуулах талаар албан бичгийг хэзээ У ХХК-д өгсөн гэдэг нь тодорхойгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн хариуцагчийн гаргасан гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч "У " ХХК нь хариуцагч "Э " ХХК-д холбогдуулан гэрээний үндсэн үүрэгт 1,700,000 төгрөг, алданги 850,000 төгрөг, нийт 2,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 1,500 ширхэг сэтгүүлийг дахин хэвлүүлэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Таван богд менежмент ХХК-ийн оноосон нэр У ХХК гэж өөрчлөгдсөн, Э хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь хуулийн этгээдийн хэлбэрээ өөрчилсөн бүртгэлийн баримтууд хэрэгт авагдсан /хх 11, 97/.

3. Зохигч нь амаар харилцан тохиролцож, У ХХК нь захиалгаар сэтгүүл хэвлэж хүлээлгэн өгдөг, "Э " ХХК нь ажлын үр дүнг хүлээн авч хөлсийг төлж заншсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

3.1. Ажил гүйцтгэх гэрээний үргэлжилсэн харилцааны явцад талууд 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тооцоо нийлж 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны гүйцэтгэсэн ажлын хөлсөнд хариуцагч нь 2,000,000 төгрөг үүрэгтэйг баталгаажуулжээ /хх 8/.

Уг тооцоо нийлсэн актад үндэслэн мөн өдөр байгуулсан төлбөр барагдуулах гэрээгээр Э ХХК нь сэтгүүл хэвлүүлсний ажлын хөлсөнд 1,000,000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор, 1,000,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор, нийт 2,000,000 төгрөг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна /хх 5/.

3.2. Хариуцагч нь дээрх төлбөрөөс 300,000 төгрөгийг төлж, үлдэх 1,700,000 төгрөгийг төлөөгүй.

Иймд анхан шатны шүүх хариуцагчаас 1,700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцэж байна.

3.3. Төлбөр барагдуулах гэрээний 2.2-т гэрээнд заасан хугацааны дотор төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоногт төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолтод, нэхэмжлэгч алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар хязгаарлаж 850,000 төгрөг шаардсан нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн.

Хариуцагч нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг төлөх үүргээ гүйцэтгэлгүй хугацаа хэтрүүлсэн тул алданги 850,000 гаргуулах шаардлагыг анхан шатны шүүх хангасан нь үндэслэлтэй.

3.4. Түүнчлэн төлбөр барагдуулах гэрээний дагуу хариуцагч нь төлбөрийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээсэн ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг тоолбол 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дуусахаар байна.

Нэхэмжлэгч нь 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор хамаарна гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

4. Э ХХК нь нэхэмжлэгчээр хэвлүүлсэн 1,500 ширхэг сэтгүүл бүдэг хэвлэгдсэнээс болж хохирол учирсан, чанарын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр 1,500 ширхэг сэтгүүлийг дахин хэвлүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

4.1. Нэхэмжлэгч байгууллагаар хэвлүүлсэн 1,500 ширхэг сэтгүүл нь доголдолтой болохыг, мөн энэ талаарх гомдлын шаардлагаа Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар сэтгүүлийг хэвлэлтээс хүлээн авснаас хойш 6 сарын хугацаанд гаргаж байснаа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

Хэрэгт авагдсан хариуцагчийн огноо, дугааргүй албан бичиг болон Эрүүл мэнд лавлах сэтгүүлийн 2018 оны 04/48, 2019 оны 3-4/52-53 дугаарууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх нотлох баримтыг үнэлэх шаардлагыг хангахгүй.

Иймд анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/05466 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Т.БАДРАХ