| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1621/Э |
| Дугаар | 379 |
| Огноо | 2019-03-19 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 379
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Н.Анармаа,
улсын яллагч Б.Мөнгөншагай,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Батзориг,
иргэний нэхэмжлэгч Д.Мөнхжаргал, Б.Өлзийбаяр,
шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Л.Данзанноров нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Д-д холбогдох эрүүгийн 1817000400233А дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ц.Д, 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Ногоон төгөл хотхон 107С-103 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/ЗЮ91120114/,
Шүүгдэгч Ц.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн оройн 19 цаг 05 минутын орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нэгдүгээр баг, Төмөр замын 650 дугаар километрийн 5 дугаар зуутын 19 үеийн гарам дээр Гранд марк-2 маркийн 81-38 ДУА улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-д заасан “Жолооч төмөр замыг зөвхөн гарамтай хэсгээр нэвтэрнэ. Ингэхдээ ойртон ирсэн галт тэрэг /зүтгүүр/-ийг урьдчилан өнгөрүүлбэл зохино”, мөн 14.2-д заасан “Жолооч төмөр замын гарамд ойртон очихдоо аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан, дуут буюу гэрэлт дохио, тэмдэг, тэмдэглэлийн заалт, хаалтын байрлал, гармын жижүүрийн заалтыг удирдлага болгоно”, 14.3-д заасан “Төмөр замын гармын хаалт хаалттай буюу хаагдаж эхэлж байвал, мөн анивчсан улаан гэрэл ассан, эсвэл дуут дохио ажиллаж байхад, түүнчлэн гармын жижүүр хориглосон дохио өгөх үед гарам руу орохыг хориглоно”, мөн 2.7-ийн а/-д заасан “согтууруулах ундааны зүйл хэрэглэх, г-д заасан “гарны оролцоогүйгээр ашиглах боломжгүй телефон утсыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед хэрэглэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас А.Чулуунбаатарын жолоодож явсан 2ТЭ116УМ029 дугаартай ачааны галт тэрэгтэй мөргөлдөж, автомашинд сууж явсан зорчигч Д.Мөнхдаваа, 4 настай Б.Болор-Уянга нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Ц.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн. Цаашид гарах хохирол төлбөрийг нөхөн төлнө. Гэм буруугийн тал дээр маргахгүй” гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Батзориг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2018 оны 2 сард гэмт хэрэг гарсан. Чойрын гарам дээр авто осолд орсон. Манай эхнэрийн толгой тархи гэмтсэн. Охины эгэм, нурууны яс хугарсан байсан. Содномдорж шокийн байдалтай байсан. Тухайн өдөр бүх эмчилгээг Д төлсөн. Хэрэг гарсанаас хойш энэ хүн холбоо бариагүй. 12 сард эхний шүүх хуралдаан дээр гэмшсэн гэсэн мөртлөө өнөөдөр эмчилгээний зардал одоо өгөх гэж ирсэн байна. Энэ хүнийг харахад яаж бага ял авах уу, бага хохирол төлөх үү гэсэн байдалтай хандаад байна гэж ойлгож байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Одоогийн байдлаар гарсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн” гэв.
Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байгууллагад учирсан 1.712.711 төгрөгийг шүүгдэгч нь нөхөн төлсөн. Энэ талаараа бидэнд хэлсэн өнөөдрийн шүүх хуралдаанд нөхөн төлсөн банкны баримтыг харсан. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Иргэний нэхэмжлэгч Өлзийбаяр шүүхэд мэдүүлэхдээ: Осолд орсноос хойш 1 сарын хугацаанд ажилгүй байсан. Энэ хугацааны цалинг нэхэмжлэх хүсэлтэй байна” гэв.
Хохирогч Д.Мөнхдаваа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Ингээд Оюундалай ахынд очоод бууз жигнүүлж идээд ойролцоогоор 30 минутын дараа л хөдөлсөн. 17 цагийн үед Чойрт орж ирсэн бөгөөд төмөр замын гармаар гарах үед урд талын цонх руу харахад галт тэрэг явж байсан, жолоочид хэлэх гэхэд галт тэрэг Содномдаш, Өлзийбаяр эгчийн талаас мөргөчихсөн. Миний хувьд нүд харанхуйлаад ухаан балартсан бөгөөд ямар ч байсан машин савлаад, галт тэрэг чирээд л яваад байсан, энэ үед машины шил хагарч бидний дээрээс унаж байсан. Галт тэрэг зогссоны дараа Содномдаш хурдан буугаарай гэж хэлсэн, Мөнхжаргал ах буугаад би араас нь мөлхөж буусан, буусныхаа дараа хөл дээрээ босох гээд оролдсон боловч чадахгүй байсан. Содномдаш урд талын суудал дээр охинтойгоо сууж явсан эгчийгээ машинаас буулгасан, тэрээр нилээд гэмтсэн бололтой цус гарч байсан. Д нь машинаасаа бууж ирэхгүй ухаан алдсан юм шиг байхад нь Содномдаш, Д ахаа буугаарай гэж хэлээд хаалгыг нь онгойлгох үед тэрээ машинаас буусан. Миний хувьд өөрийн төрсөн эгч рүүгээ холбогдож , осолд орсон талаараа хэлсэн. Удалгүй эмч ирээд биднийг Говьсүмбэр аймгийн эмнэлэгт авч ирж анхны тусламж үзүүлсэн. Ц.Д- нь машинаасаа буугаад л куртикээ өмсөөд л, төмөр зам дээр зогсож байгаад машинаа хараад л тэр хавиар яваад байсан. Эмнэлгийн машинд суугаагүй, бидний ардаас эмнэлэг дээр ирсэн... Тормоз нь хэвийн ажиллаж байсан. Машинд ямар нэгэн эвдрэл байгаагүй. Ц.Д нь замын туршид их хурдтай явж байсан бөгөөд Мөнхжаргал ахын зүгээс зөөлөн яваарай, би ээж дээрээ очиж золгох гэж байгаа хүн шүү гэж хэлж байсан. Мөнхжаргал ах ерөнхийдөө архи уучихсан байсан болохоор унтаад л яваад байсан мөртлөө машин хурдан яваад байгааг мэдэж байсан” гэх мэдүүүлэг /1хх 63-68/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Батзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Миний бие Ганбат овогтой Батзориг нь Болор-Уянгын аав бөгөөд миний охин 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймагт зам тээврийн осолд орсон. Миний охин Б.Болор-Уянга нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ээж Өлзийбаярын хамт Дундговь аймгийн Баянжаргалын сумаас Улаанбаатар хот руу явсан юм. Тэдний сууж явсан 81-38 ДУА улсын дугаартай марк-2 маркийн автомашины жолооч нь Говьсүмбэр аймгийн Чойр өртөөний гарам дээр галт тэрэгний урдуур орж мөргүүлсэн. Уг ослын улмаас миний охин Б.Болор-Уянгын баруун эгэм яс болон баруун 2 дугаар хавирга нь хугарсан. Тухайн үед охин маанв их бөөлждөг, толгой нь их өвддөг байсан бөгөөд одоо зовиур нь харьцангуй багасч байгаа” гэх мэдүүлэг /1хх 94-97/,
Гэрч А.Чулуунбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 17 цаг 26 минутанд Чойр өртөөний 1 дүгээр замаас Чойроос Сайншанд чиглэлийн 2752 дугаар галт тэргийг жолоодож хөдөлсөн. Туслах машинчаар Б.Эрдэнбилэг хамт явсан. 1 илчит тэрэг /2 толгой/ 70 вагон чирч хөдөлсөн. Нийт жин 4921 тонн байсан. Тэгээд зүтгүүр хөдлөөд 40 орчим км/цаг хурдтай явж байсан. 650 километрийн 5 дугаар зуутын гарам орох гэж байтал илчит тэрэгний зүүн талаас төмөр замтай хөндлөн огтолцдог замаар цагаан өнгийн Марк-2 маркийн машин төмөр зам хөндлөн гарахаар явж байгаа харагдсан тэр машин хурдаа хасаад зогсох байгаа юм шиг харагдсан. Тэр машин гэнэт хурдаа нэмээд гарам руу орохоор нь зогсоох арга хэмжээ аваад ачаалалт салгаад яаралтай зогсоох бүх арга хэмжээг авсан. Би гарам руу орохоос өмнө дуут дохиог байнга өгч байсан. Тэр машиныг мөргөөд төмөр зам дээгүүрээ түрээд явсан. Гарамнаас урагшаа 200 гаран метр газар түрж явсан байх. Тэгээд илчит тэргээ зогсоогоод буугаад очсон чинь ар талаас нэг хүн, мөн жолооч нь бууж ирээд газар хэвтээд өгсөн. Би туслах машинч Эрдэнэбилэгийн хамт машинаас үлдсэн хүмүүсийг гаргасан. Машинд нийт жолоочтойгоо нийлээд 5 том хүн, нэг хүүхэд байсан. Би өртөөний жижүүр рүү мэдэгдээд цагдээ, эмнэлэг дуудуулсан. Жолоон дээрээс бууж ирсэн залуугаас архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг /1хх 26/,
Гэрч Б.Эрдэнэбилэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2018 оны 02 дугаар сарын 18-ны өглөө би машинч А.Чулуунбатаарын хамт ачааны гарт тэргийг Сайншандаас Чойрт 08 цагийн үед хүргэж ирсэн. Тэгээд Чойрт амарч байгаад 17 цаг 26 минутанд машинч А.Чулуунбаатарын хамт 2ТЭ116УМ-029 маркийн илчит тэргээр 70 вагонтой 4921 тонны ачаатай Чойроос Сайншанд чиглэлд 1 дүгээр замаас ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа хөдөлсөн. ... Тэгсэн төмөр замын гарам дээгүүр автомашины замаар цагаан өнгийн суудлын автомашин ертөнцийн зүгээр баруун талаасаа зүүн тийш орж ирсэн. Тэгээд суудлын автомашиныг мөргөж түрээд 200 гаруй метр зам туулж зогссон. Автомашин гарч ирэнгүүт машинч Чулуунбаатар зогсоох арга хэмжээ авсан. Тэгээд галт тэрэг зогссон дараа би буугаад очиход 1 залуу автомашины цаад талд хүүхэд хажуудаа хөтөлчихсөн зогсож байсан, нэг дээлтэй ах замын хажууд дээшээ хараад хэвтэж байсан, бас нэг залуу цаанаа доошоо харчихсан хэвтэж байсан, жолооч залуу түүний хажууд үогсож байсан. Автомашины урд суудал дээр нэг эмэгтэй сууж байсан. Уг автомашинд жолоочтойгоо нийлээд 5 том хүн, 1 хүүхэд зорчиж явсан. Тэгээд машинч Чулуунбаатар Чойр өртөө рүү ослын талаар мэдэгдсэн. Өртөөнөөс цагдаа, эмнэлэг дуудсан байхаа...” гэх мэдүүлэг /1хх 27-28/,
Гэрч Б.Өлзийбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Д миний таньдаг Оюундалай гэдэг хүн намайг уриад байна, тэр айлаар ороод шинэлээд гарах уу гэж асуухаар нь би “тэгье хүлээж байя” гэсэн. Тэгээд удалгүй Оюундалай гэдэг айлын гадаа очоод би хүүхэдтэйгээ үлдээд бусад хүмүүс нь тэр айлд орсон. Тэгээд 30 минутын орчим болоод гарч ирээд явсан. Гэтэл магай жолооч Д гэдэг хүн нилээд хурдан давхиад байсан. Тэгээд Чойрын баруун талаас төмөр замын гарам дөхөж байхад жолооч Д гар утсаараа яриад “нэг хүнтэй яръя гээд” байсан. Би тухайн үед хүүхдээ өвөр дээрээ унтуулж байгаад нэг хартал галт тэрэг миний сууж явсан машины зүүн гар талаас мөргөсөн байх би сайн санахгүй байна... жолооч Д, Б.Содномдаш, Б.Өлзийбаяр, Мөнхжаргал, Мөнхдаваа зэрэг 5 том хүн, миний охин Болор-Уянга нар явж байсан. Д жолоо барьж явсан, би хүүхдээ тэврээд урд талын суудал дээр, бусад хүмүүс ар талын суудал дээр сууж байсан. Галт тэрэгтэй мөргөлдөх үед Д гар утсаараа ярьж байсан. Утсаараа яриад анхаарал нь нилээд сарнисан байсан гэж бодож байна. Миний толгойны зүүн хэсгээр хагарч цус гарсан, мөн зүүн хөл эвгүй өвдөөд байна. Бас миний охин Болор-Уянгын баруун мөр их өвдөж байна. Өөр учирсан гэмтэл бэртэл байхгүй. Би жолооч Д-ыг олон хүний амь нас хариуцаж явж байгаа хүн гар утсаараа ярьж, хайхрамжгүй явж байсанд би харамсаж байна...Чойрт 17 цаг өнгөрч байхад ирсэн. Галт тэрэгний гарам харагдаад гарам дээр дөхөөд очих үе хүртэл миний хувьд болж байгаа үйл явдлыг сайн санаж байна. Говьсүмбэр аймгийн эмнэлгийн гадна очоод эмнэлгийн машинаас буух үедээ би ухаан орсон. Ухаан ороод галт тэргэнд мөргүүлсэн гэдгээ мэдсэн. Эмнэлэгт ирээд үзлэг оношлогоонд бүгд орсон бөгөөд 2018.01.19-ний үүрээр 07 цагийн үед Улаанбаатар хотод ирсэн. Гаднаас нь харахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж ажиглагдаагүй. Говьсүмбэр дээр ирэхэд цагдаагийн ажилтнууд түүний согтуурлын зэргийг хэмжиж үзэхэд тодорхой хэмжээгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан байна гэж ярьж байсан. Баянжаргалан сумаас хөдлөөд Чойр руу ирэх хүртэлх 80 км-ийн зайд дундаж хурдтайгаар явахад 2-3 цаг явдаг. Гэтэл Ц.Д нь 1 цагийн хугацаанд маш хурдтайгаар жолоодож явсан. Арын суудалд сууж явсан Мөнхжаргал нь Д.-дби 80 гарсан ээжтэйгээ золгох гээд явж байна, амьд очих нь уу гэж түүнд хандан хэлэхэд Давааням нь өөдөөс нь эмэргүүцсэн үг хэлж байсан...Галт тэрэгний дуу л сонсогдсон, харин галт тэрэг харагдаагүй. Миний хувьд хэдийгээр урд сууж явсан боловч хүүхэддээ анхаарал тавьж байсан учраас галт тэрэг ирж байхыг анзаараагүй. Учир нь машин их хурдтай явж байсан болохоор охин маань бөөлжих гээд байсан гэсэн учраас аль болох бөөлжүүлэхгүй унтуулах санаатай явж байсан юм...” гэх мэдүүлэг /1хх 29-30, 48-53/,
Гэрч Б.Мөнхжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 02 дугаар сарын Баянжаргалан сумаас Улаанбаатар хот орохоор манай суманд хэсгийн төлөөлөгч байсан Д-тай хамт түүний гранд марк-2 маркийн машинтай Содномдаш, Өлзийбаяр, Болор-Уянга, Жаргал /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ бид нар хамт гарцгаасан. Баянжаргалан сумаас гараад замаараа нэг хөдөөний айлаар орсон. Тэгээд тэр айлаас гараад шууд Чойр руу явсан. Тэгээд 17 цагийн үед Говьсүмбэр аймгийн баруун урд байдаг төмөр замын гармаар орох гээд явж байтал гэнэт хойноос урагшаа чиглэлд галт тэрэг ороод ирсэн. Миний сууж явсан машин урдуур нь ороод галт тэргэнд мөргүүлээд төмөр зам дээр галт тэргэнд түрүүлээд нэлээн явсан. Би бодохдоо зогсдоггүй юм байхдаа гэж бодож байсан. Нэг мэдсэн найз Содномдаш цаашаа буугаарай гэж байсан. Машинаас бууж ирээд харахад галт тэргэнд мөргүүлсэн байсан. Машинаас бууж ирээд газар суугаад эргээд босох гэсэн аарцагаар өвдөөд босч чадахгүй байсан...Удалгүй эмнэлгийн машин ирээд үзсэн. Намайг дамнуурга дээр хэвтүүлээд эмнэлэгт авч ирсэн. Миний аарцаг яс хугарсан байна гэж эмч хэлсэн. машин дотор хөгжим тавьсан явж байсан болохоор би гарамын дуут дохиог сонсоогүй. Гэрэл дохиог анзаарч хараагүй...Замд айлд ороход машин барьж яваа гээд архи уухгүй байсан. Урд уусан үгүйг мэдэхгүй байна. Харахад эрүүл байсан. Миний биед ослын улмаас аарцаг яс хугарсан, духны гол хэсэгт хавдсан байна. Өөр одоогоор мэдэгдэх зүйл байхгүй байна...Миний хувьд найз Батсайханынд мөн Оюундалагийнд архи уусан болохоор замын турш унтаж явсан юм. Нарийн зүйлүүдийг сайн санахгүй байна, нэг мэдэхэд түг хийх чимээ гарсан, мэртэл хажууд сууж явсан хүүхэд Мөнхөө ах машинаас буугаарай хаалга онгойлгоорой гэж хэлж байсан. Гадна талаас Содномдаш хаалгаа онгойлгосон санагдаж байна. Машинаас буух гэсэн чадахгүй амьсгаа авахад хүндрэлтэй босч чадахгүй байсан учраам машинаас өнхөрч буусан. Галт тэргэнд мөргүүлчихлээ гэдгийг хамт сууж явсан хүмүүсинйхээ ярианаас л мэдсэн. Эмч нар ирээд намайг машинд суулгах үед харахад галт тэрэг харагдаж байсан, машин ямархуу болсон байсныг би хараагүй. Босч чадахгүй дээшээ хараад хэвтэж байсан учраас ойр орчмын зүйлийг харж амжаагүй. Миний санаж байгаагаар Оюундалайгийнд архи уугаагүй, хоол л идэж байгаа харагдсан...Машинд ямра нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй, замд гараагүй. Харин Ц.Д нь их хурдтай явж байсан, би хэдийгээр согтууруулах ундааны зүйл хэрэглээд унтаж явж байсан хэдий ч түүний хурдтай явж байгааг нь мэдэж байсан, тухайн үед түүнд аажуухан яв гэж хэлж байснаа санаж байна...” гэх мэдүүлэг /1хх 34-35, 89-91/,
Насанд хүрээгүй гэрч Б.Содномдаш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 01 дүгээр 18-ны өдөр би өөрийн төрсөн эгч Өлзийбаяр, түүний охин Болор-Уянга, найз Мөнхдаваа, сумын иргэн Мөнхжаргал нарын хамт Дундговь аймгийн Баянжаргалан сумаас Улаанбаатар хот руу манай суманд цагдаа хийдэг байсан Д гэж хүний машинаар явсан. Би машины арын суудалд буюу жолоочийн эсрэг талын хаалганы хажууд суусан. Миний хувьд өөр санаж байгаа зүйл байхгүй байна. Өөрийгөө эмнэлгийн цагаан хувцастай хүмүүсийн дунд байсныг санаж байгаа, тэр нь яг хаана байсныг тодорхой сайн мэдэхгүй байна. Хэрхэн Улаанбаатар хотод ирснээ ч мэдэхгүй байна. Миний толгой, нуруу их өвддөг болсон. Өөр зовиур байхгүй. Ослоос бусад болж өнгөрсөн үйл явдлын талаар бол санаж байгаа...” гэх мэдүүлэг /1хх 103-104/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны Шинжээчийн ¹410 дугаартай дүгнэлтэд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны Шинжээчийн ¹3194 дугаартай дүгнэлтэд:
Замын цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 257 дугаартай шинжээчийн дүгнэлт:
2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /1хх 6-12/, 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч /1хх 13-14/, 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /1хх 15-18/, 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 20-21/, Жолооч Ц.Д-ын согтуурлыг шалгасан баримт /1-р хх-25/, Хохирлын баримтууд /1-р хх-55-64/, Хохирогч Д.Мөнхдаваагийн хохирлын талаарх баримтууд /1-р хх-71-89/, Насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээ, хохирлын талаарх баримтууд /1-р хх-99-103/, Өвчний түүх /1-р хх-135-139/, Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1-р хх-173-186/, Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудбас /1-р хх-178/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Ц.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн оройн 19 цаг 05 минутын орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нэгдүгээр баг, Төмөр замын 650 дугаар километрийн 5 дугаар зуутын 19 үеийн гарам дээр Гранд марк-2 маркийн 81-38 ДУА улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1, 14.2, 14.3, 2.7-ийн а-д заасныг тус тус зөрчсөний улмаас А.Чулуунбаатарын жолоодож явсан 2ТЭ116УМ029 дугаартай ачааны галт тэрэгтэй мөргөлдөж, автомашинд сууж явсан зорчигч Д.Мөнхдаваа, 4 настай Б.Болор-Уянга нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ц.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.Д нь хохирогч нарт учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгчийн төлбөрийг төлж барагдуулсан нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Батзориг, иргэний нэхэмжлэгч Б.Өлзийбаяр нар нь цаашид гаргах эмчилгээний зардал, гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Шүүх шүүгдэгч Ц.Д-д ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж, хуульд заасан үүрэг хүлээлгэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхгийг хэрэгт хавсаргах, Ц.Д энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, Ц.Д-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн А, В ангилалын №84440 дугаартай үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Тээврийн цагдаагийн албанд хүргүүлсүгэй.
5. Ц.Да-ын өмчлөлд бүртгэлтэй Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг Аривжих 11 дүгээр гудамжны 9 тоот өвлийн сууц /Ү-0814000928/, Тоёота марк-2 маркийн 81-38 ДУА улсын дугаартай автомашин зэргийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.
6. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Батзориг, иргэний нэхэмжлэгч Б.Өлзийбаяр нар нь цаашид гаргах эмчилгээний зардал, гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР