Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2024/00522

 

 

 

 

 

 

 

 

2024 03 18 210/МА2024/00522

 

 

С.Б ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2024/00329 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.Б ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: З ХХК, Б.З нарт холбогдох,

6,190,000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг

хариуцагч З ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Г, хариуцагч З ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Б.З тай З ХХК буюу шүдний эмнэлгийг эхний 1 жил сарын 3,500,000 төгрөгөөр түрээслээд цаашид компанийг 60,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тоног төхөөрөмж, эд хогшил түрээслэх тухай гэрээг байгуулсан.

Гэтэл гэрээний хугацаа дуусах үед хариуцагч нь компаниа зарахаа больсон гээд барьцаа төлбөр болох 7,995,596 төгрөгөө буцааж өгөөгүй. Гэрээний хугацаанд барьцаанд 7,995,596 төгрөг, түрээс болон эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 40,424,136 төгрөг, нийт 48,419,732 төгрөг төлсөн, үүнээс зохих суутгалыг хийгээд 6,619,000 төгрөгийн барьцааг гаргуулж өгнө үү.

 2.    Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

Сүүлийн сарын түрээс 3,500,000 төгрөг, нягтлан бодогчийн хөлс 300,000 төгрөг, цахилгааны мөнгө 132,000 төгрөг,з мэдээ гаргах хөлс 150,000 төгрөгийг хасаж, пос машинаар орсон орлого 794,900 төгрөгийг нэмж, 4,712,900 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, нэхэмжлэлийн бусад хэсгийг зөвшөөрөхгүй.  

3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2, 287 дугаар зүйлийн 287.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З ХХК-иас 6,190,000 /зургаан сая нэг зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б т олгож, хариуцагч Б.З д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 513,810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З ХХК-иас 113,990 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б т олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагч З ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа З ХХК-ийн захирал Б.З гийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 2609050411 данс руу 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр түүний найз С.Пүрэвсүрэнгээс шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг өөрийн тооцоонд оруулж тооцсон байна.

Өөрөөр хэлбэл, хэргийн 1 дүгээр хавтасны 130 дугаар хуудсанд авагдсан 2609050411 тоот дансны хуулганд буй 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Пүрэвсүрэн Сүрэндорж гэх Голомт банкны данснаас Puujegees bayarlalaa гэх утгатай шилжүүлсэн 1,000,000 төгрөг нь нэхэмжлэгч С.Б ийн шилжуүлсэн мөнгө биш, гэрээний дагуу явуулсан үйл ажиллагаас олсон орлого биш юм.

Гэтэл нэхэмжлэгч өөрийн үйл ажиллагааны үр дүнд олоогүй, өөрсдийн зүгээс бусад этгээдээр дамжуулсан шилжүүлсэн талаар нотлоогүй 1,000,000 төгрөгийг түүний төлсөн төлбөр хэмээн шийдвэрт тусгагдсан байх тул уг алдааг залруулж, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 6,190,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг хасч өгнө үү.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Гомдолд дурдаж буй 1,000,000 төгрөгийг манай үйл ажиллагааны үр дүнд олсон орлого гэж үзэж байна. Энэ мөнгийг шилжүүлсэн н.Пүрэвсүрэн нь хариуцагчийн найз гэдгийг өөрсдөө нотлох ёстой. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч З ХХК болон Б.З д холбогдуулан барьцааны төлбөрт өгсөн 7,995,596 төгрөгөөс төлөх ёстой төлбөрийг хасаж, үлдэх 6,190,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

3. 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулсан гэрээгээр З ХХК нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, /13335/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 71а байрны 1-б тоот хаягт байрлах 292.1 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн зохих хэсгийг болон шүдний эмнэлгийн зориулалттай тоног төхөөрөмжийн хамт эзэмшүүлж, ашиглуулахаар шилжүүлэн өгөх, С.Б нь түрээсийн төлбөрт сард 1,995,596 төгрөг, тоног төхөөрөмжийн хөлсөнд 1,500,000 төгрөг тус тус төлөх, мөн барьцаанд 7,995,596 төгрөг байршуулахаар харилцан тохиролцжээ /1хх 4-8/.

3.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсныг залруулж дүгнэх нь зүйтэй.

Учир нь З ХХК нь үйлчилгээний зориулалттай талбай болон шүдний эмнэлгийн зориулалттай тоног төхөөрөмжийг хамтад нь С.Б ийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоо биелүүлэхэд нь зориулж шилжүүлсэн байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байх ба уг гэрээнээс тусдаа эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдаагүй.

Харин гэрээний 4.1.1, 4.1.2-т түрээсийн барьцаанд 7,995,596 төгрөгийг барьцаалахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.1 дэх хэсэгт заасан хөрөнгө итгэмжлэх гэрээгээр итгэмжлэгч нь хөдлөх эд хөрөнгө буюу эрхийг итгэмжлэгдсэн өмчлөгчид шилжүүлэх, итгэмжлэгдсэн өмчлөгч нь итгэмжилсэн хөрөнгийг хүлээн авч итгэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд нийцүүлэн, захиран зарцуулах үүрэг тус тус хүлээнэ гэж заасан харилцаанд хамаарч байна.

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний хугацаанд 40,424,136 төгрөгийн төлбөрийг төлсөн, мөн 7,995,596 төгрөгийг барьцаалсан буюу нийт 48,419,732 төгрөгийг З ХХК руу шилжүүлсэн. Үүнээс нэхэмжлэгчийн төлбөл зохих үүргийн хэмжээ 42,229,732 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 6,190,00 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Хариуцагч З ХХК нь 48,419,732 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн гэх үйл баримтаас 1,000,000 төгрөг шилжүүлсэн хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргасан ба шүүхийн тогтоосон бусад үйл баримттай маргаагүй.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн эс зөвшөөрч гомдол гаргаж буй 1,000,000 төгрөгийн хэмжээнд дүгнэлт өгөх ба анхан шатны шүүхийн дүгнэсэн бусад үйл баримтыг тогтоогдсон гэж тооцно.

4.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа түрээсийн төлбөр төлөхдөө Б.З гийн Худалдаа хөгжлийн банкны 2609050411 тоот пос машинтай дансаар нийт 3,863,160 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарласан ба шүүхээс уг үйл баримтыг тогтоогдсон гэж дүгнэсэн.

Харин хэрэгт авагдсан тухайн дансны хуулгаар 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд 3,863,160 төгрөгийн орлого орсон байна. Энэ гүйлгээний дүнд 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр С.Пүрэвсүрэнгийн Голомт банкны данснаас шилжүүлсэн 1,000,000 төгрөгийн гүйлгээ багтжээ /хх 130-131/.

Дээрх гүйлгээг хариуцагч тал нь нэхэмжлэгчийн түрээсийн үйл ажиллагааны явцад олсон орлогод тооцож түрээсийн төлбөрөөс хасах үндэслэлгүй гэж маргасан. Энэ тохиолдолд нотолгооны үүргийн хуваарилалтын хувьд нэхэмжлэгч нь хариуцагчийн данс руу уг 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн, түрээсийн үйл ажиллагааны орлогод олсон гэдгээ нотлох үүргийг хүлээнэ.

Гэвч нэхэмжлэгч нь дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангана.

4.2. Ийнхүү дээрх 1,000,000 төгрөгийг хасаж тооцоход нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний төлбөр болон барьцаа гэж нийт 47,419,732 төгрөгийг хариуцагч руу шилжүүлжээ. Үүнээс нэхэмжлэгчийн түрээсийн гэрээний дагуу хариуцагчид төлөх ёстой үүрэг болох 42,229,732 төгрөгийг хасаж тооцоход 5,190,000 төгрөг болж байна.

Талууд түрээсийн гэрээ болон хөрөнгө итгэмжлэх гэрээний хүрээнд үүссэн үүрэг, шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг нэгтгэж тооцсон байх бөгөөд түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болоход нэхэмжлэгч нь хөрөнгө итгэмжлэх гэрээний дагуу хариуцагч руу шилжүүлсэн 7,995,596 төгрөгөөс үлдэх 5,190,000 төгрөгийг Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Иймд уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг мөн өөрчилнө.

4.3.Хариуцагч Б.З д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй учир үүнд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2024/00329 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З ХХК-аас 5,190,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Б т олгож, нэхэмжлэлээс 1,000,000 төгрөг гаргуулах болон хариуцагч Б.З д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтад 56.1 гэснийг 56.2, 113,990 гэснийг 97,990 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Т.БАДРАХ