| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2019/0077/Э |
| Дугаар | 78 |
| Огноо | 2019-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 78
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Одыг суулган улсын яллагч Ц.Лхамсүрэн, шүүгдэгч Я.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Я.О-д холбогдох эрүүгийн 192108 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 19 оны 01 дүгээр сарын -ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЖЛ регистрийн дугаартай, Х овогт Я.О
Шүүгдэгч Я.О нь 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар баг “Эрээн толгой” гэх газарт согтуурсан үедээ гэртээ эхнэр Л.Оюунзулыг зодож, биед нь “баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дал, 2 бугалга, баруун сарвуу, зүүн шуу, эрүү, зүүн гуянд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Я.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Л.Оюунзул мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...манай нөхөр О 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр сумын төвд архи ууж, тэнээд хамаг мөнгөө үрсэн. Гадуур архи уугаад байхаар нь Гантөгсийн гэрт очсон. Би найзуудынх нь дэргэд О-ыг загнаж улмаар гэрээс нь аваад гарсан. 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр О найзуудын дэргэд эвгүй байдалд орууллаа, эрх чөлөөтэй явуулсангүй гээд бид хоёр маргалдсан. Улмаар О миний толгой руу 1 удаа алгадаж, цээж рүү түлхэж унагасан. Би унахдаа жижиг сандал дээр унаад гуя бадайраад эвгүй болоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 144 тоот дүгнэлтэд: "1. Л.Оюунзулын биед баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дал, 2 бугалга, баруун сарвуу, зүүн шуу, эрүү, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ. /хх-ийн 21/
-Шүүгдэгч Я.О-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-28/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Я.О нь 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар баг “Эрээн толгой” гэх газарт согтуурсан үедээ гэртээ эхнэр Л.Оюунзултай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж жлмаар хохирогчийг зодож, биед нь баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дал, 2 бугалга, баруун сарвуу, зүүн шуу, эрүү, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Я.О-ы шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 16-ны орой 18 цагийн орчим би эхнэртэйгээ сумын төвөөс хөдөө гэр рүүгээ явсан. ... Оюунзул надад чи тэмээний баяр дээр найзуудтайгаа архи ууж, гадуур тэнэлээ өөрөө юу ч ойлгохгүй байж мөнгө үрлээ гэж загнаж намайг янз бүрээр хэл амаар доромжлоод хэрүүл өдөөд байсан. ... тэр үед эхнэр маань намайг ... танай муу ээж чинь хүртэл гуйлгачин нарийндаа хатсан хүнээс цайгаа харамлаад үхэх гээд байдаг биз дээ гэж хэлсэн. ... Тэгээд ээжийг маань доромжлоод байхаар нь гэнэт миний уур хүрээд эхнэрийнхээ нүүр рүү алгадчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/, түүнийг давхар нотолсон хохирогч Л.Оюунзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр О найзуудын дэргэд эвгүй байдалд орууллаа, эрх чөлөөтэй явуулсангүй гээд бид хоёр маргалдсан. Улмаар О миний толгой руу 1 удаа алгадаж, цээж рүү түлхэж унагасан. Би унахдаа жижиг сандал дээр унаад гуя бадайраад эвгүй болоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/ Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 144 тоот дүгнэлт /хх-ийн 21/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Л.Оюунзулын биед учирсан “баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дал, 2 бугалга, баруун сарвуу, зүүн шуу, эрүү, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтлүүд нь шүүгдэгч Я.О хохирогч Л.Оюунзулын толгой, цээж рүү цохиж, зодсон санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Я.О-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан ял оногдуулбал зохино.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Я.О-ны ЖЛ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Я.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.О-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.О-ны орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Я.О-д мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Я.О-ы ЖЛ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Я.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР