Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2024/00523

 

 

 

 

 

 

 

 

2024 03 18 210/МА2024/00523

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2024/00485 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г ААТҮГ-т холбогдох,

худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 272,709,250 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

С ХХК нь Г ААТҮГ-тай  208,150,000 төгрөгийн хөрөнгө бүхий XRF-ийн рентгэн хоолой, 52,900,000 төгрөгийн генератор болон детектор багц тоног төхөөрөмж, 9,800,000 үнэ бүхий тоног төхөөрөмж нийлүүлж худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар тоног төхөөрөмжийг бүрэн нийлүүлсэн.

Хариуцагч нь нэхэмжлэл гаргахаас өмнө 80,850,000 төгрөг, нэхэмжлэл гаргаснаас хойш 130,000,000 төгрөгийг төлсөн.

Гэрээний тусгай нөхцөл болон ерөнхий нөхцөлд гэрээнд заасан хугацаанд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,1 хувиар тооцож алданги тооцохоор тохиролцсны дагуу 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш алдангийг тооцож бодсон.

Иймд хариуцагч Г ААТҮГ-аас худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 60,000,000 төгрөг, алданги 82,709,250 төгрөг, нийт 142,709,250 төгрөг гаргуулж өгнө үү.

2.    Хариуцагч татгалзал, тайлбар гаргаагүй.

3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Г ТӨААТҮГ-аас 142,709,250 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д олгож, үлдэх 130,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,521,496 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 871,496 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч С ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр 190,000,000 төгрөг, гэрээний алданги 82,709,250 төгрөг, нийт 272,709,250 төгрөг нэхэмжилсэн.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 190,000,000 төгрөгөөс 130,000,000 төгрөгийг нь төлсөн буюу гүйцэтгээгүй үүрэг нь 60,000,000 төгрөг байсан. Гэтэл анхан шатны шүүх гэрээний үлдэгдэл төлбөр 60,000,000 төгрөг, алданги 82,709,250 төгрөг, нийт 142,709,250 төгрөгийг Г ТӨААТҮГ-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцээгүй.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар нотлох баримттай танилцсаны үндсэн дээр мэтгэлцэх боломжоор хангаагүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх алдангийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцсон тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч нь эрх, үүргээ хэрэгжүүлж оролцсон.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Г ААТҮГ-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 190,000,000 төгрөг, алданги 82,709,250 төгрөг, нийт 272,709,250 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч хуульд заасан хугацаанд хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.

3. Талуудын хооронд 2022 оны 06 дугаар сарын 17, 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан гэрээгээр С ХХК нь XFR-ийн рентген хоолой, генератор болон детектор, AXIOSmax маркийн Долгион дисперсийн рентген флоуресценцийн спектрометр /WDXRF/-ын үндсэн сэлбэг болох дотоод усны эргэлтийн моторт насос нийлүүлэхээр, Геологийн төв лаборатори ТӨҮГ нь нийт гэрээний үнэд 270,850,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Гэрээ байгуулсны дараа Геологийн төв лаборатори ТӨҮГ нь Г ААТҮГ болж өөрчлөгдөн зохион байгуулагдсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

3.1. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан тоног төхөөрөмжийг 2022 оны 10 дугаар сарын 14, 12 дугаар сарын 07-ны өдрүүдэд хүлээлгэн өгсөн, хариуцагч нь 210,850,000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан үйл баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон байна.

Иймд анхан шатны шүүх гэрээний үндсэн үүрэгт 60,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

3.2. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч нь 130,000,000 төгрөг төлсөн энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй болохоо илэрхийлсэн байхад анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцээгүй. Иймээс нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

4. Талуудын байгуулсан гэрээний тусгай нөхцөлд үүргээ биелүүлээгүй тал хоног тутамд 0.1 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцсэн байна.

Харин анхан шатны шүүх алдангийг нэхэмжлэл гаргах үеийн байдлаарх хариуцагчийн гүйцэтгээгүй байсан үүрэг болох 190,000,000 төгрөгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 82,709,250 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцээгүй байгааг залруулна.

Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 2023 оны 12 дугаар 28-ны өдөр 100,000,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 30,000,000 төгрөг төлснөөр түүний гүйцэтгээгүй үүргийн дүн 60,000,000 төгрөг болсон байна.

Иймд хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиар алдангийн шаардлагыг хязгаарлаж алданги 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангаж, үлдэх 52,709,250 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцнэ.

Энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн гомдлыг хангаж, мөн улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлт оруулна.

5. Хариуцагчид 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарласан, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр хойшлуулж байсан байх тул хэргийн материалтай танилцуулаагүй гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2024/00485 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Г ААТҮГ-аас 90,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 52,709,250 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г ТӨААТҮГ-т холбогдуулан гаргасан 130,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч С ХХК татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэх заалт нэмж,

2 дахь заалтыг 3 гэж дугаарлаж, уг заалтад 871,496 гэснийг 607,950 гэж өөрчилж,

3 дахь заалтыг 4, 4 дэх заалтыг 5 гэж дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 871,497 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

Т.БАДРАХ