| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 139/2019/00002/Э |
| Дугаар | 01 |
| Огноо | 2018-12-24 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч С.С даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Б.О
Улсын яллагч: Г.Х
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д
Шүүгдэгч: Ё.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё.Бд холбогдох 1822003460149 тоот хэргийг 2018 оны 12 сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Гурвансайхан суманд 1979.11.30-нд төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг Боржигоны 4-9 тоот, Гурвансайхан сумын Чулуут баг “Улаан худаг” гэх газар нутаглах, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗГ79113015/ Нямсан овогт Ёндонжамцын Ё.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримт болон шүүгдэгчийн мэдүүлгийг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Прокурорын 2018.12.12-ны өдрийн 117 тоот яллах дүгнэлтийн “Тогтоох” хэсэгт дурьдснаар: Яллагдагч Ё.Б нь 2018 оны 10 сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 3 дугаар багийн нутаг “Шар хонд” гэх газар Б.Дтай маргалдаж, түүний зүүн гарын шуу хэсэгт хутгалсны улмаас биед нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ. /хх-72-73/
Шүүхий хэлэлцүүлгээр дараахь баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Дын: Би 2018.10.10-ны өдөр 16 цагийн үед Гурвансайхан сум 3-р баг Шар хонд гэх газар байх гэрээсээ зүүн хойш 2 км зайд манай эхнэрийн төрсөн ах болох Ц.Очгэрэл, Ц.Одтогтох нарын хамт малын хашаа бариад байж байсан чинь Ё.Б гэгч нь мотоцикльтой ирээд надад хандаж чи энд хороо бууц барихгүй шүү, намайг дээрэлхээд байна уу гэхээр нь тайвшируулаад сууж байтал Ё.Б газар сууж байснаа гэнэт босоод баруун гутлынхаа түрийнээс хутга гаргаж ирээд шууд над руу дайраад миний гарын шуу руу хутгалчихсан. Би их айсан байсан. Хажууд байсан Ц.Очгэрэл, Ц.Одтогтох нар Ё.Бд хандаж чи яаж байгаа юм бэ, ингэж болохгүй шүү гээд Баттулгыг тайвшруулаад гарт нь байсан хутгыг нь газар хаяуулсан юм. Тэгтэл Ё.Б газар суугаад гутлаа тайлаад хөлийнхөө жийргийг ураал энүүгээр гараа боо гэж хэлчихээд мотоциклио унаад баруун урд зүг рүү яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-10-11/
- Гэрч Ц.Одотогтохын: Би 2018.10.10+-ны өдөр 16 цагийн үед Гурвансайхан сум 3-р баг Шар хонд гэх газар байх гэрээсээ зүүн хойд зүгт 2 км орчим газар Б.Д, Очгэрэл нарын хамт малын хашааны шон хийгээд сууж байтал Ё.Б гэгч нь мотоцикльтой ирээд Б.Дтай уулзаад хоорондоо ярилцаж байсан. Тэгтэл Ё.Б нь Б.Дд та нар энд ингэж буухгүй, хороо бууц бариулахгүй, намайг дээрэлэхлээ гэх зэргээр хашигараад дайраад байсан. Тэгтэл Ё.Б гутлынхаа түрийнээс том хутга гаргаж ирээд Б.Д руу шууд дайраад зүүн гар луу нь хутгалчихаад хутгаа бариад зогсоод байхаар нь би болон Очгэрэл ах бид хоёр Баттулгыг тайвшруулж хутгыг нь газар хаяуулсан гэх мэдүүлэг /хх-14-15/
- Гэрч Ц.Очгэрэлийн: ... Б.Д, Ц.Одтогтох нарын хамт малын хашааны шонгын нүх ухах ажил хийгээд байж байтал Ё.Б гэгч нь 16 цагийн үед мотоцикльтой ирээд Б.Дтай ярилцаад сууж байснаа гэнэт хоорондоо муудалцаад Ё.Б нь баруун гартаа хутга барьчихсан гараа савчаад байсан. Тэгсэн чинь Б.Д чи намайг дүрээ дүр гээд байсан. Тэгтэл Ё.Б Б.Д зүүн гарын хутгалчихсан. Бттулга нь хутгаа бариад тойроод гүйгээд байхаар нь Ё.Бд хандаж чи наад хутгаа газар хая гэж хэлээд тайвшруулаад байж байтал газар хутгаа хаяхаар нь чи яаж байгаа юм гэхэд гутлаа тайлаад жийргээ ураад сууж байсан. Тэгээд нэг харсан чинь мотоциклио унаад яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-16-17/
- Шинжээчийн 2018.11.01-ний өдрийн 180200337 тоот дүгнэлтэд “Ирүүлсэн эмнэлэгийн бичиг баримтаар Б.Дын биед N.medianus, N.Radialis мэдрэлийн хэсэгчилсэн аксоны гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь бусдад хутгалуулсан гэх цаг хугацаанд ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид байнгын хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хх-24/
Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.
Шүүгдэгч Ё.Б нь 2018 оны 10 сарын 10-ны өдрийн 16 цагийн орчимд Дундговь аймгийн Гурвансайхан сумын 3-р багийн нутаг дэвсгэр Шар хонд гэх газарт хохирогч Б.Дын зүүн гарын шуун тус газарт нь хутгалсны улмаас Б.Дын бие махбодид хүдэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч Б.Дын мэдүүлэг /хх-10-11/, гэрч Ц.Одтогтох, Ц.Очгэрэл нарын мэдүүлэг /хх-14-15, 16-17/, шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг, шинжээчийн 180200337 тоот дүгнэлт /хх-24/ зэрэг баримтаар нотлогдож байх тул Ё.Баттулгыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан гэх нийт 555700 төгрөгийн баримт бүрдүүлэн өгчээ. /хх-50-65/
Шүүгдэгч Ё.Б мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 5600000 төгрөг хүлээлгэн өгсөн /хх-69/ гэх ба хохирогч нь хэргийн материалтай танилцаад “санал байхгүй” гэсэн, мөн Ё.Б хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Б.Д нь энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж өөрийн харъяа газрын иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт заах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ё.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан гэм хорыг сайн дураараа нөхөн төлж арилгасан нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгааг харгалзан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутга нь шүүгдэгч Ё.Баттулгын ахуйн хэрэглээний хутга байх ба уг хутгыг нэхэмжлээгүй тул устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ё.Б хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч Ё.Бд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан Ё.Бд шүүхээс оногдуулсан 800000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэргийн улмаас шүүгдэгч Ё.Б нь цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч Б.Дын төлбөрт иргэн Нямдаваа гэгчийн ХААН банкин дахь данснаас 5 /таван/ сая төгрөгийг Цэрэннадмидын Отгонбаярын дансанд шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон ба хохирогч Б.Дд бэлнээр 600000 төгрөг хүлээлгэн өгсөн гэсэн болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 4-т заасныг баримтлан хохирогч Б.Дын эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөрт 555400 төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
6. Хохирогч Б.Д нь эрүүл мэндэд учирсан гэм хорын нэхэмжлэлийг өөрийн болон шүүгдэгч Ё.Баттулгын оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин гаргах эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан шүүгдэгч Ё.Баттулгын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн ахуйн хэрэглээний хутгыг /1 ширхэг/ устгуулахаар Дундговь аймаг дахь Шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ё.Бд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хутгыг Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт хүлээлгэн өгч баримтыг Ё.Бд холбогдох эрүүгийн 1822003460149 тоот хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэд даалгасугай.
ДАРГАЛАГЧ С.С