Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2024/00533

 

 

 

 

 

 

 

 

2024 03 18 210/МА2024/00533

 

Ж.Ц ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2023/03590 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.Ц ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

эд хөрөнгө битүүмжлэх тогтоол болон эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгуулах тухай  иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, ** дугаар хороолол, ** гудамж ** дугаар байрны зоорийн давхарт байрлах 159,8 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 22410570/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 22410570/02 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан.

Дээрх эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол үйлдэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49.1, 54 дүгээр зүйлд заасан хуулийг ноцтой зөрчиж, энэ ажиллагааны талаар өмчлөгч надад мэдэгдээгүй, зохих жагсаалт, тогтоолын хувийг мөн гардуулж танилцуулаагүй. Мөн хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцсон гэх Г.Д, О.Э нарыг оролцуулсан гэдэг нь эргэлзээтэй байгаа.

Иймд хууль зөрчин явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болох 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 22410570/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 22410570/02 тоот эд хөрөнгө хураах тогтоол зэргийг хүчингүй болгож өгнө үү.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Төлбөр төлөгч Ж.Ц ы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 22410570/01 тоот тогтоолоор битүүмжилж, хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг төлбөр төлөгчийн хүү Б.Н-д үлдээж гарын үсэг зуруулж тэмдэглэлээр баталгаажуулсан.

Дээрх хөрөнгийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 22410570/02 тоот тогтоолоор хураан авахдаа хөндлөнгийн гэрч оролцуулсан. Хураасан хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг СӨХ-ийн дарга М.Б-д үлдээж, тогтоолын хувийг төлбөр төлөгчид дамжуулж өгөхийг даалгаж, тэмдэглэлээр баталгаажуулсан. Мөн төлбөр төлөгч Ж.Ц д 91117663 дугаарын утсаар холбогдож 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мэдэгдсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 112.5-д заасныг баримтлан 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 22410570/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 22410570/02 тоот эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Ц ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тогтоолын хувийг гардуулаагүй тухай би нэхэмжлэлдээ дурьдсан. Харин нэхэмжлэлд хавсаргаж өгсөн тогтоол бол сүүлд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг цуглуулах явцад авсан тогтоол юм. Хариуцагч нь эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа хийсэн тухайн үедээ надад тогтоолын хувийг гардуулсан гэдгээ нотолж чадаагүй байхад шүүх хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэн нь хуульд нийцэхгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-т заасны дагуу хураасан хөрөнгийн жагсаалтыг гардуулаагүй байхад шүүхээс ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан байна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй.

Хуульд эд хөрөнгөө хураалгаж байгаа хүнд, эсхүл түүний өмгөөлөгчид эд хөрөнгө хураах тухай тогтоолыг гардуулахаар заасан. Гэтэл уг жагсаалтыг надад гардуулалгүй харин СӨХ-ны дарга гэх хүнд дамжуулж өгөхийг даалгасан байдаг. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Эд хөрөнгө битүүмжлэх болон хураах ажиллагааг хуульд зааснаар гүйцэтгэж энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Ж.Ц нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 22410570/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 22410570/02 тоот эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2022/00654 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2022/00994 дугаар магадлалаар Ж.Ц аас 137,768,750 төгрөг гаргуулж Б.Очхүүд олгож шийдвэрлэжээ /хх 42-49/

3.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, улмаар Ж.Ц ы өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Г.Лувсанцэрэн гудамж, 6 байрны зоорийн давхар хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 22410570/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 22410570-02 тоот тогтоолоор хураасан байна /хх 50-52, 54-55 /.

4. Анхан шатны шүүх эд хөрөнгө битүүмжлэх болон хураах ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

4.1. Хариуцагч нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэхдээ төлбөр төлөгчийн гэр бүлийн гишүүн буюу хүүхэд Б.Нямхүүг байлцуулж холбогдох тэмдэглэлийг үйлдэж, тогтоолын хувийг түүнд гардуулж, хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг хариуцуулсан байна.

Уг ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх зохицуулалтыг зөрчсөн гэх үйл баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсонгүй.

4.2. Төлбөр төлөгчийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хураахдаа хариуцагч нь хөндлөнгийн гэрчийг оролцуулж зохих тэмдэглэл, жагсаалтыг үйлдсэн байна.

Мөн өдрөө хариуцагчийн зүгээс төлбөр төлөгч Ж.Ц д эд хөрөнгө хураах ажиллагаа, хураан авсан хөрөнгийн жагсаалтын талаар утсаар мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн байх тул төлбөр төлөгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3 дахь хэсэгт зааснаар хураан авсан эд зүйлийн жагсаалттай танилцсан гэж дүгнэх нь зүйтэй /хх 57/.

4.3. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, эд хөрөнгө битүүмжлэх болон хураах ажиллагааны талаарх үйл баримтыг зөв тогтоосны үндсэн дээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Харин шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хянан шийдвэрлэх үндэслэл болж буй зохицуулалтыг баримтлаагүй, хуулийн заалтыг бичихдээ техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулж өөрчлөлт оруулна.

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2023/03590 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад 122 дугаар зүйлийн 112.5-д гэснийг 44 дүгээр зүйлийн 44.4-т гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Т.БАДРАХ