Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2024/00534

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2024/00534

 

 

Ө.Т ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/03933 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ө.Т ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Т , хариуцагчийн өмгөөлөгч Х.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Г ХХК-д 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр уулын мастераар ажилд орж, ажил үүргээ хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заагдсны дагуу гүйцэтгэж ирсэн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй атал 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэнэт ажлаас халсан.

Намайг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заагдсан арга хэмжээг манай байгууллагаас аваагүй нь ноцтой зөрчил байх ба мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4 гэдэг заалтууд нь юуг үндэслэж намайг ажлаас чөлөөлж байгааг ойлгохгүй байна.

Иймд ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгаж хөдөлмөрлөх эрхийг хамгаалж өгнө үү.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Ө.Т ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4 гэх заалтуудыг баримтлан ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.2.2, баримтлан Ө.Т ыг Г ХХК-ийн уулын мастерын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч Г ХХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 27,831,258 төгрөгийг хариуцагч Г ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Ө.Т д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар нэхэмжлэгч Ө.Т ын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд дахь 27,831,258 төгрөгийн хэмжээнд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Г ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан хариуцагч Г ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 297,106 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Шүүх Ө.Т ын ажилгүй байсан хугацааны цалинг бодож олгохдоо хууль зүйн хувьд үндэслэлгүй шийдвэр гаргасан. Тухайн ажилтан нь хавтаст хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээгээр үндсэн цалин нь 2,300,000 төгрөг байхад дундаж цалинг 5,114,284 төгрөг гэж хэрхэн тооцсон бодолтдоо огт дүгнэлт хийгээгүй.

Ө.Т нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж 06 дугаар сарын 12-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн атал энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй мөн нэг өдрийн цалин хөлсийг гарган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Мөн шүүгч нь өвчтэй байна гэж ямар ч үндэслэлгүйгээр шүүх хуралдааныг хойшлуулсан атлаа дахин хурал зарлахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид огт мэдэгдэлгүйгээр дараагийн шүүх хуралдааныг явуулсан. Мөн шийдвэр нь гарахгүй 2 сар гаран хугацаа болсон.

Иймээс шийдвэрийн цалин хөлс олгосон хэсгийг зөвтгөн шийдвэрлэж өгнө үү.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Шүүх ажилгүй байсан хугацааны цалинг зөв тооцсон тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдол дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Ө.Т нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Ө.Т нь Г ХХК-д 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн уулын мастерын албан тушаалд томилогдон ажиллаж байсан.

Г ХХК-ийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б-23/46 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр Ө.Т тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

3.1. Анхан шатны шүүх ажил олгогч нь сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтанд урьдчилж мэдэгдэж тайлбар аваагүй, ажилтан ямар сахилгын зөрчил гаргасныг баримтаар нотлоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосонд хариуцагч гомдол гаргаагүй.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу энэ талаар давж заалдах шатны шүүхээс дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөхгүй бөгөөд нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д нийцсэн гэж дүгнэнэ.

Харин шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтийг шүүх хянан шийдвэрлэхэд хамааралгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасан заалтыг баримтласан нь оновчгүй байгааг залруулна.

3.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Харин анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тодорхойлсон тооцоолол нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан журамд нийцээгүй байх тул үүнийг залруулж, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангана.

Дээрх журамд заасан аргачлалаар тооцоход нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин 2,557,142 төгрөг байх тул ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 13,915,512 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй. Үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг мөн өөрчлөнө.

3.3. Мөн анхан шатны шүүх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах шаардлагыг хангасан нь үндэслэлтэй байх боловч шийдвэрийн тогтоох хэсгийн энэ талаарх заалт нь найруулгын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасан агуулгатай нийцээгүй, мөн хүчингүй болсон Нийгмийн даатгалын тухай хуулийн зохицуулалтыг баримтласан зэрэг техникийн шинжтэй алдааг залруулж өөрчлөлт оруулна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэх гомдлыг хангахгүй.

Хэрэгт авагдсан шүүгчийн туслахын үйлдсэн утсаар ярьсан тэмдэглэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдсэн төдийгүй өмгөөлөгч нь шүүх хуралдаанд оролцох болохыг шүүхэд мэдэгдсэн байна.

5. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/03933 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад 158.1.1 гэснийг хасч, 158.2.2 гэсний дараа -д заасныг гэж нэмж,

2 дахь заалтад 27,831,258 гэснийг 13,915,512 гэж өөрчилж,

3 дахь заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Ө.Т ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч Г ХХК-д даалгаж, гэж өөрчлөн найруулж,

4 дэх заалтад 297,106 гэснийг 227,528 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297,108 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Т.БАДРАХ