Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2016/0027

 

 “Ө” ТББ-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч О.Зандраа, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбасүрэн, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал, гуравдагч этгээд Ц.Цогдорж, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 528 дугаар магадлалыг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Ө” ТББ-ын нэхэмжлэлтэй, БХА-ийн Галуут сумын 1-р багийн ИНХД, галуут сумын ЗД нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Ө” ТББ-ын дарга Д.Шинэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай “Ө” ТББ-д Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 36 тоот захирамжаар “Галуут сумын богоч гэх хаваржааны газрыг ашиглахаар шийдвэрлэсэн байхад Галуут сумын 1 дүгээр багийн иргэдийн нийтийн хурлын 2007 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор иргэн Ц.Цогдоржид манай ТББ-ийн ашиглаж байгаа газрыг давхардуулан ашиглуулах тухай шийдвэр гаргаж бидний газар ашиглах, эзэмших эрхийг зөрчиж байна. Өмнө нь багийн дарга, сумаас иргэдийн нийтийн хурлын тогтоол, Засаг даргын захирамж гарсан гэх талаар мэдэгдээгүй.

Иймд Галуут сумын 1 дүгээр багийн иргэдийн нийтийн хурлын 2007 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтын 14-т заасан Ц.Цогдоржид холбогдох хэсэг, мөн сумын Засаг даргын 2011 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот захирамжийг тус тус хүчингүй болгож, манай газар ашиглах эрхийг сэргээж өгнө үү гэжээ.  

Хариуцагч Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Өийн дээд богч, үзүүрийн богч хэмээх 2 ойрхон хаваржаа байдаг. Дээд богч нь Ш.Бат-Оргилийн эзэмшилд байдаг, маргаан гарсан зүйл байхгүй. Харин Үзүүрийн богч хэмээх хаваржааг Дамбий овогтой Шинэн, Цэенбалжир овогтой Цогдорж нар нь булаацалдан маргаж олон жил болсон. 2007 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол Ц.Цогдоржийнд гарсан байдаг. Иймд тус тогтоолыг одоогоор хүчинтэй хэвээр байгаа гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт заасны дагуу өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг багийн иргэдийн нийтийн хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга нь “Ө” ТББ-д 2003 оны 36 дугаар захирамжаар ашиглуулахаар шийдвэрлэж гэрээ байгуулсан. Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт заасны дагуу өвөлжөө, хаваржааны доорх газрыг иргэн Ц.Цогдоржид эзэмшүүлэхээр сумын Засаг даргын 2011 оны 01 дүгээр захирамж гаргаж гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна. 1 дүгээр багийн нутаг Ө хэмээх энэхүү газарт олон жилийн өмнөөс /2003 оноос өмнө/ иргэн Д.Шинэн, Ц.Цогдорж нар нь айл саахалт байсан учир “Ө” ТББ-ыг байгуулахад Ц.Цогдорж гишүүнээр элсэж бэлчээр ашиглах, өвөлжөө, хаваржааны доорх газрыг эзэмшихэд адил тэнцүү эрхтэй оролцсон байх ёстой гэж үзэж болно гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Цогдорж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2007 онд багийн Иргэдийн нийтийн хуралд маргаан бүхий газрыг эзэмшихээр хүсэлт гаргаж, хурлаар надад олгохоор шийдвэрлэж тогтоол гарсны үндсэн дээр 2010 онд газар эзэмших өргөдлийг сумын Засаг даргад гаргасан ба 2011 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот сумын Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлэх шийдвэр гарч 2011 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулан гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших 0242450 дугаар бүхий гэрчилгээг авсан. Тухайн газрыг эзэмших хүсэлтийг анх гаргахад энэ газрыг өөр хүнд эзэмшүүлсэн ашиглуулсан талаар огт яригдаагүй. Иргэдийн нийтийн хурал, газрын даамал, Засаг дарга ч энэ талаар ярьж байгаагүй, хүсэлтийг гаргахад хэлэлцээд олгож байсан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан үндэслэлүүдийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж байна гэжээ.

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 26 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7 дахь хэсгийг тус тус баримтлан “Галуут сумын 1 дүгээр Багийн Иргэдийн Нийтийн хурлын 2007 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын, Галуут сумын Засаг даргын 2011 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр захирамжийн Ц.Цогдоржид холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 528 дугаар магадлалаар Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 26 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Өлзийбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Ө” ТББ-д маргаан бүхий газрыг 20 жилийн хугацаатайгаар бэлчээрийн зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн гэх сумын Засаг даргын 2003 оны 36 дугаар захирамж нь шүүхээс хийсэн баримт бичгийн үзлэгээр “комисс томилох тухай” гэсэн өөр захирамж байсан бөгөөд хэзээ гарсан нь мэдэгдэхгүй байгаа тул “Ө” ТББ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар маргаан үүсгэх эрх бүхий субъект мөн эсэх нь эргэлзээтэй, нотлогдохгүй байна. Мөн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтууд нь өөр хоорондоо зөрүүдтэй, нэг баримт нь нөгөөгөө үгүйсгэсэн баримтууд байдаг. Анхан шатны шүүхээс хэрэгт ач холбогдолтой бүхий баримт бичгийг бүрэн цуглуулсан ба баримтуудад үзлэг хийхэд “Ө” ТББ-аас гаргаж өгсөн нэг ч баримт архивд болон бичиг хэрэгт хадгалагдаагүй, баримт бичигт гарын үсэг зурсан эрх бүхий этгээд нь гарын үсгээ үгүйсгэснээс гадна талууд дахин гаргаж өгөх нотлох баримт байхгүй гэдгээ шүүх хуралдаанд илэрхийлсэн байхад давж заалдах шатны шүүх эдгээр зүйлүүдийг анхаарч үзсэнгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.    

ХЯНАВАЛ: 

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.       

Нэхэмжлэгч “Ө” төрийн бус байгууллагаас Баянхонгор аймгийн Галуут сумын иргэдийн нийтийн хурлын 2007 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 1 дүгээр тогтоолын болон Сумын Засаг даргын 2011 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 1 дүгээр захирамжийн Ц.Цогдоржид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байна.

Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болохоор зохицуулжээ.

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс “хаваржааны доорхи газрыг давхардуулан эзэмшүүлсэн” гэж маргасан байна. Тодруулбал нэхэмжлэгч нь “1970 оноос хойш ашиглаж, байр хороог нь өөрийн хүчээр барилцаж босгосон” гэж, гуравдагч этгээд Ц.Цогдоржоос “Богоч гэх газар нь дээд болон доод гэсэн хоёр хаваржаатай, нэхэмжлэгч дээд богочийг эзэмшдэг, доод богочид энэ айл нутаглаж байгаагүй, 1990 оноос хойш манайх нутаглаж байгаа” гэж маргажээ.

Гэтэл анхан шатны шүүх энэхүү үйл баримттай холбогдуулан хангалттай нотлох баримт цуглуулаагүй, маргаан бүхий хаваржааны газрыг хэн эзэмшиж, ашиглаж байсан, чулуун хороо хэний өмчид байсан, хэн засан сайжруулсан зэргийг шалгаж тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.          

Сумын Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 36 дугаар захирамжаар “Ө” төрийн бус байгууллагад бэлчээрийн зориулалтаар газар ашиглуулсан боловч газрын хэмжээ, хил хязгаар тодорхойгүй, уг газарт маргаан бүхий “Ө-ийн үзүүрийн богоч” гэх газрын хаваржааны доорхи газар багтаж байсан эсэх, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулах, төрийн бус байгууллага эсхүл иргэний эрх хөндөгдөж байгаа эсэхийг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой юм.

Түүнчлэн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа, гуравдагч этгээдийн “2007 оны иргэдийн нийтийн хурал дээр Шинэн ах байсан, тэр үед уг хаваржааны газрыг надад эзэмшүүлэх асуудлыг шийдсэн учир энэ асуудлыг мэдэж байгаа” гэж тайлбарласныг шалгах, иргэдийн нийтийн Хурлын тэмдэглэл зэргийг цуглуулах шаардлагатай.  

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 528 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ

 ШҮҮГЧ                                                                                            П.СОЁЛ-ЭРДЭНЭ