Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 278

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би  Э.Уянгын нэхэмжлэлтэй Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох “Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Хүний нөөц сургалтын хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтний орон тоонд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг орон тоонд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулсан эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Уянга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон нарын 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: 

“...хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн б/116 дугаар тушаал гарган нэхэмжлэгч Э.Уянгыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтэн гэх орон тоонд томилон ажиллуулж нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсэг нь хангагдсан болно. Иймд үлдсэн шаардлагын тухайд нэхэмжлэгч, хариуцагч нар дараах байдлаар эвлэрч байна.

Нэхэмжлэгч тал: Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Хүний нөөц сургалтын хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтний орон тоонд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг орон тоонд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар нөхөн гаргуулж, бичилт хийлгүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа “ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар нөхөн гаргуулах” гэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Хариуцагч тал: нэхэмжлэлийн үлдсэн “ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилтийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хийлгүүлэх” гэх шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг шаардлагыг 2017 оны 04 дүгээр сарын дотор биелүүлэхээ хүлээн зөвшөөрөв.” гэж тус тус харилцан тохиролцжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Уянга нь Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст хүний нөөцийн байцаагчаар ажиллаж байгаад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 745 дугаар тушаалаар 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс хүүхэд асрах чөлөө авч мөн чөлөөний хугацааг дахин 1 жилээр сунгуулан хүүхдээ 3 нас хүрч, хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусч ажиллах хүсэлтээ гаргахад эрхэлж байсан ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулаагүй байна. 

Нэхэмжлэгч нь Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Хүний нөөц сургалтын хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтний орон тоонд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг орон тоонд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр б/116 дугаар тушаалаар нэхэмжлэгч Э.Уянгыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтний орон тоонд томилон ажиллуулж, нэхэмжлэлийн шаардлагаас “Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Хүний нөөц сургалтын хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтний орон тоонд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг орон тоонд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах” шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн, түүнчлэн нэхэмжлэгч Э.Уянга, хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон нар нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгазаж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн бичилт хийлгэх шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч эвлэрсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч харилцан тохиролцож эвлэрэх эрхтэй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэгчтэй эвлэрэх эрх олгогдсон бөгөөд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ийнхүү харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрлийн гэрээ байгуулж, эвлэрсэн тохиролцоогоо бичгээр илэрхийлж, гарын үсэг зурж, баталгаажуулсан нь уг хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.  

Шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталснаар уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох, мөн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.2 дахь хэсэгт заасан үр дагаврыг нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тайлбарлан танилцуулсан болно. 

Иймд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:   

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, Э.Уянгын нэхэмжлэлтэй Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох “Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Хүний нөөц сургалтын хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтний орон тоонд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг орон тоонд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бичилт хийлгүүлэх” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.                              

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.4, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дах хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.      

 

 

ШҮҮГЧ                                 Д.ХАЛИУНА