Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 49

 

Ц.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Долгормаа даргалж, шүүгч Н.Насанжаргал, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 143/ШШ2016/00226 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч П.Шагайд хариуцагдах

“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” үндсэн нэхэмжлэл, “хүүхдийн асрамж тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны  06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.           

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, нарийн бичгийн дарга Н.Гарьдхүү нар оролцов.

   Нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: “П.Шагайтай 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. 2009.12.23-ны өдөр хүү Буянтогтох төрсөн, одоо 6 настай, салах болсон гол шалтгаан нь П.Шагайтай хамт амьдарснаас хойш байнга хөөж, тууж, дарамталдаг, таарч тохирохгүйн улмаас салж, өөр орон нутагт амьдардаг болсноос П.Шагайгийн тайлбарлаж байгаагаар Мөнхсайхан гэдэг хүнтэй гэр бүл болж салаагүй юм. Сүүлийн 2 жилд хүүхэдтэйгээ уулзаж чадаагүй. Би хүүгийнхээ эх нь болохоор ээж хүний хувьд хүүгээ өсгөж бойжуулах эрх, үүрэг надад байгаа гэж бодож байна. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжиндаа авч, хүүдээ тэтгэлэг тогтоолгохыг хүсч байна. Хэрэв П.Шагай нь хүү Ш.Буянтогтохыг миний асрамжинд өгвөл би хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзах болно.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Дэлгэрмаа нь муу хүн учраас хүүхэдтэйгээ олон сар жил уулзахгүй, хүүхдийнхээ ангийн багштай уулзахгүй яваад байсан юм биш. Хамгийн гол нь П.Шагай хүүхдээ авч зугтаагаад уулзах боломж олгодоггүй байсан. Эх хүн үр хүүхдээ хайхрахгүй, хөндий хоосон хандахгүй нь тодорхой. Одоо Ц.Дэлгэрмаа нь хүү Буянтогтохыг өөрийн асрамжиндаа авч өсгөж хүмүүжүүлэх үүргээ хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа. П.Шагай нь хүүхдээ сүүлийн 3 жил өөр дээрээ байлгаж, асран хамгаалж байна гэсэн тайлбар гаргаж байна. Гэтэл П.Шагай өөрөө Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийг зөрчиж байна. Хүүхэд эцэг, эхтэйгээ байх, тэдний анхаарал халамжид байх, эцэг, эхийнхээ хэн нэгнээс тусдаа амьдарсан үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Гэтэл П.Шагай нь хүүгээ ээжтэй нь уулзуулахгүй, байнга аваад зугтчихдаг. Хүүхдийнхээ эрхийг зөрчиж эхтэй нь уулзуулахгүй байна.” гэжээ.

Хариуцагч П.Шагайгийн 2016.4.20-ний өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариу тайлбарт: “Нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаа нь П.Шагай миний биетэй 2004 онд дотносон танилцсан гэж худал бичжээ. Миний бие 2008 оны 1 дүгээр сард танилцаж 2009 онд гэр бүл болон хүү Буянтогтохыг төрүүлсэн. Дэлгэрмаа нь хүү Буянтогтохыг анхаарч ханддаггүй, 2 нас хүрээгүй шахам хүүхдийг намайг эзгүйд нүүрэнд нь галын дэгээгээр хайрч байсан. Гэр бүл болон хамт амьдрах хугацаандаа саахалтынхаа залуутай үймэж, цаашлаад сургуулийн хүүхэд харж байхдаа, хөдөө ирэхдээ согтуу ирж, агсарч дарамталдаг байснаас салах шалтгаан болсон. Салахдаа Мөнхсайхантай амьдрана гээд явснаас хойш тун удаагүй Дэлгэрмаа нь Мөнхсайхантай нэг гэрт амьдарсан. Үүнээс хойш хүүгээ би өөрөө өсгөж байна. Салаад 4 жил болоход би хүүгээ байнга уулзуулж байсан. 2015 оны 4 дүгээр сард ирэхдээ хүүтэйгээ уулзая гэхэд нь өгөөд явуулсан. ... би хүүгээ Сэлэнгэ аймгаас авч Улаанбаатарт ирж хувцаслаад 2015 оны 7 дугаар сард Өмнөговь аймагт ирсэн. Хүү минь хүний царай харсан, үг дуу муутай, өрөвдмөөр болсон байсан. Ирснээс хойш мөнгө нэхэж сүрдүүлж, хүүг өг эсвэл 2.0 сая төгрөг өг гэж заналхийлж байсан. Иймээс эх Дэлгэрмаа нь хүүгээ эрдэм номтой хүн болгон хүмүүжүүлэхийг зорих биш мөнгө төгрөг нэхэхэд ашигладаг бараа, материал, барьцаа хөрөнгө мэт үздэг хүн юм. Иймд миний хүү Буянтогтох нь ээжээсээ айдаг, аавтайгаа байх илүү дуртай тул эхийн асрамжинд өгөхөөс татгалзаж байна. Харин хүү Буянтогтохыг өөрийн асрамжинд авч, гэрлэлтийн баталгаа салгуулах хүсэлтэй байна гэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн шүүхэд гаргасан тайлбарт: “Миний үйлчлүүлэгч хүүгээ өөрийн асрамжинд үлдээлгэх хүсэлтэй байгаа. Үлдээх гол шалтгаан бол Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс  нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай саналаа илэрхийлэх эрхтэй.” гэж заасан. Хүү Буянтогтох нь одоо 6 нас 4 сартай. 2 нас 5 сартай байхаас өнөөдрийг хүртэл эцэг П.Шагайтай хамт амьдарч байгаа. Гэр бүлийн тухай хуульд 7 ба түүнээс дээш настай хүүхдийн саналыг харгалзан үзэж шүүх асрамжийн асуудлыг шийднэ гэсэн хуулийн заалт байдаг. Хүү Буянтогтох нь 7 нас хүрээгүй байгаа учраас Өмнөговь аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэст өмгөөлөгч миний бие хүсэлт гаргаж сэтгэл зүйн үнэлгээ дүгнэлт гаргуулсан. Энэхүү дүгнэлтийг гаргахын тулд аав, ээж хоёртой нь ярилцлага хийдэг юм байна лээ. Ц.Дэлгэрмаагийн хувьд утсаар холбогдож ярилцлага хийсэн. Эцэг П.Шагайг өөрийн биеэр байлцуулж байгаад ярилцлага хийсэн. 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 50 тоот нөхцөл байдлын үнэлгээ хийсэн энэхүү үнэлгээгээр хүүхэд эцэгтэй амьдрах илүү хүсэл эрмэлзэлтэй, эцэгтэйгээ амьдрахад илүү баяр баясалтай байдаг. Ээжтэйгээ амьдрахгүй гэсэн үнэлэлт дүгнэлт өгсөн. Нөхцөл байдлын үнэлгээ хийлгэж эцэг, эхээс нь тодорхой хэмжээний асуулт асуухад хэд нь эерэг, хэд нь сөрөг байгаа талаар дүгнэлт гаргасан. П.Шагайгийн үнэлгээнээс 6 нь эерэг, Ц.Дэлгэрмаагийн үнэлгээнээс 3 нь эерэг байна гэдэг бол 100 хувийн илүүтэйгээр миний үйлчлүүлэгч хүүхдээ асрамжиндаа авах боломж нь өндөр байна. Тиймээс хүү Буянтогтохыг эцэг П.Шагайгийн асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

     Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 143/ШШ2016/00226 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаа, хариуцагч П.Шагай нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Ш.Буянтогтохыг төрсөн эцэг П.Шагайгийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар Ц.Дэлгэрмаа, П.Шагай нарын гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоосон шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Оргилд даалгаж, зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар зохигчдод хуваарилан гаргуулж шийдвэрлэжээ.

     Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандахын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд болон хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбарт:  Нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаа нь 2016.2.2-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч П.Шагай нь хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан юм. Анхан шатны шүүх 2016.5.9-ний өдрийн 226 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаа, хариуцагч П.Шагай нарын гэрлэлтийг цуцалж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж хүү Ш.Буянтогтохыг эцэг П.Шагайгийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн болно. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй. Нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаа нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн гурван шаардлагыг гаргасан билээ. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шат эхлэхээс өмнө шүүгч нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын талаар хэдэн хэдэн удаа тодруулж асуусан боловч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулж хэргийг шийдвэрлэлээ. Түүнчлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож байгаа гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүнийг татгалзаж байгаа үндэслэлээ нотолно гэж заасан байдаг. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүх хуралдаан даргалагч нь үндсэн нэхэмжлэлийг уншиж танилцуулсан боловч нэхэмжлэлээ дэмжиж тайлбар хэлэх эрхийг нэхэмжлэгч талд олголгүйгээр шууд асуулт хариултыг шатыг эхлүүлж шүүх хуралдааны оролцогчдын болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 226 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэр  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэнгүй.

Нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаа анхан шатны шүүхэд “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдийн асрамж шийдвэрлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч шүүх түүний шаардлагаас  зөвхөн “гэрлэлт цуцлуулах тухай” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, үлдсэн зарим шаардлагыг шийдвэрлэлгүй орхисон ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн гэж үзнэ.

Хэргийг анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын  9-ний өдрийн хуралдаанаар  хэлэлцэх явцдаа нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаа, түүний өмгөөлөгч Н.Нармандах нарт нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин тайлбар гаргах, мэтгэлцэх зарчмаа хэрэгжүүлэх боломжоор  хангаагүй  нөхцөл байдал нь  хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсон, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн энэ талаар бичсэн  давж заалдах гомдол үндэстэй байна.

Дээр дурдсан зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн “Шүүхийн өмнө эрх тэгш байх”, 6 дугаар зүйлийн 6.1-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, хуулийн 6.4-т “Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно”, хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т “Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно”,  хуулийн 107.5-т “Талууд урьд бичгээр тайлбар гаргасан бол шүүх хуралдаан дээр тухайн тайлбараа танилцуулж болно” гэсэн журамд нийцсэнгүй.

Түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэлд “сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч, хариуцагч, сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгчийн өмгөөлөгч, сөрөг нэхэмжлэлийн  хариуцагчийн өмгөөлөгч” гэж, шийдвэрийн үндэслэх хэсэгт “гэрлэлтийн баталгаа салгуулах нэхэмжлэл” гэх мэт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн тухай хууль болон бусад холбогдох хуульд  томъёологдоогүй нэршил бичигдсэн алдааг  дурдах нь зүйтэй байна.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 143/ШШ2016/00226 дугаар шийдвэрийг дээр дурдсан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр  буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн  дүгнэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 143/ШШ2016/00226 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.ДОЛГОРМАА

                                 ШҮҮГЧИД                                             Н.НАСАНЖАРГАЛ    

                                                                                     Ц.ОТГОНЦЭЦЭГ