Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2017/ДШМ/003

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Ялтан *******

Ялтны өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга А.Батдорж нарыг оролцуулан:      

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Н.Баасанбат, Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 3 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах гомдлуудаар *******т холбогдох эрүүгийн 201605000239 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* ******* овогт *******ийн *******, ................багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар /*******/

******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 23 цагийн орчимд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхэн хавцгай 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Соёлын төвийн гадна хохирогч *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, зүүн нүдний сохрол гэмтэл үүсгэж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: ******* ******* овогт *******ийн *******ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар *******т 5 жил 1 хоног хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар *******аас 3.684.000 төгрөг гаргуулж хохирогч *******т олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, нүдний гэмтлийг харуулсан фото зураг зэргийг хохирогч *******т буцаан олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн *******ын хамтран эзэмшлийн 4 ханатай монгол гэрийг буцаан олгож, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжпэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаар баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, *******ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Ялтан ******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр *******тай маргалдаж зодолдсон. Хэрэгт байгаагаар би /түүний зүүн нүд, шанаа/ нүүрэн тус газарт нь цохьсоны улмаас зүүн нүд сохорсон гэсэн гэмтлийг учруулсан гэдэг. Тухайн үед ******* нь үл ойлголцох зүйлээр шалтаглан намайг өдөж хоргоон улмаар хавсарч унагаан өшигчиж, зодсоны улмаас би өөрийгөө хамгаалан түүнийг нэг удаа цохьсон. Гэтэл тэр зодооноос хойш миний баруун чих юм сонсох нь муудсаар одоо бүр юм сонсохоо болилоо. Тэр үед миний тархи дүүрээд чих дүнгэнээд өнгөрсөн. Маргааш нь миний баруун чихний ар талд шалбаран баруун чих хавдсан байсан. Аймагт хэрэгт шалгагдаад ирэхэд биедээ шинжээчийн дүгнэлт гаргуул гэхэд эмч Навчаад сонсголын байдлаа хэлэхэд нарийн мэргэжлийн эмчид үзүүл, одоо биед ил харагдах шарх сорви алга гэсэн. Би эрүүл мэндийн дэвтэргүй тул тухайн үед чихээ эмчид үзүүлээгүй байсаар хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн. Өмгөөлөгч аваагүй явсаар шүүх хурлын урд өдөр авсан. Энэ талаар ярьж чадаагүй хуралдаа орсон. Гэтэл энд хоригдох явцад биеэ анзаарахад баруун чих юм сонсохгүй байна. Өрөөний ах нар чи хэлсэн юм ерөөсөө сонсохгүй юм, дүлий юм уу гээд байдаг болсон. Миний биед учирсан энэ гэмтэл нь *******т өшиглүүлэн зодуулснаас болсон тул үүнийгээ шалгуулах шаардлагатай байна. Иймд миний биед учирсан гэмтэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэв.

Ялтан *******ын өмгөөлөгч ******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь манай төвд 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хандсанаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан шүүхийн шатнаас өмгөөлөгчөөр оролцсон.

Хэрэгт цугларсан баримтын хүрээнд шүүх шийдвэрээ гаргасан байдаг. Өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны бэлтгэл хангах зорилгоор *******тай хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэлэлцээд хуралд орсон. Гэтэл ******* нь 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 23 цагийн орчимд *******тай маргалдан зодолдох үедээ ******* нь хавирч унаган дээрээс нь дэвсээд өшиглөсний улмаас тархи, чихэндээ гэмтэл авсан байна. Мөрдөн байцаалтын шатанд *******ын биед учирсан гэмтлийг ил харагдах шарх сорви төдийгөөр хязгаарлан дүгнэсэн байх ба цохилтын улмаас тархины битүү доргилт гэмтэл байгаа эсэх мөн сонсголын эрхтэн гэмтсэн эсэхийг тодорхойлоогүй, дүгнэлт гаргах үед шинжээч эмчид сонсголын доголдлын талаар хэлсэн гэх ба нарийн мэргэжлийн эмчид ээжийн хамт явж үзүүлээрэй гэсэн зөвлөгөөг өгөөд гаргасан байна. Одоо түүний баруун чих сонсголгүй болсон, сонсголын эрхтэнд учирсан энэхүү гэмтэл нь тухайн үед ямар үйлчлэлийн улмаас үүссэн, хөдөлмөрийн чадварыг хэдэн хувиар алдагдуулсан, гэм буруутай этгээдэд оногдуулах хариуцлагын асуудал шалгагдаагүй орхигдсон байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлд заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтанд буцааж энэхүү асуудлыг эцэслэн шалгаж тогтоож өгнө үү.

Өмгөөлөгч миний зүгээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасан хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлох журам зөрчигдсөн, хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдсан байна гэж үзэж байх тул хэргийг бүхэлд нь хянан гомдолд дурьдсан нөхцөл байдлыг анхааран шийдвэрлэж өгнө үү гэв.

Оролцсон прокуророос: *******ын үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг шалгалгүй орхигдуулсан, дараах нөхцөл байдлыг зайлшгүй тодруулсаны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Хохирогч ******* нь мөрдөн байцаалт болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...миний зүүн нүд гэмтэж харахгүй байгаа..., ...одоо бол биеийн байдал зүгээр нүд гайгүй болж байгаа, миний юм харахгүй байсан нүд эмчилгээний явцад маш муухан бүүдгэр хармаар болж байна..., ...энэ тосыг 11 сард авахаар нүд цаашид харах үгүйг шийднэ гэсэн..., ...нэг нүд бүрсийгээд сайн харахгүй байгаа..., ...анх үзүүлэхэд хараагүй байсан хагалгаанд орсоны дараа гайгүй болсон..., ...хагалгаанд орсоны дараа 3 хувиас өсөж 4 хувь болж тогтсон..., ...хүний нүдний хараа 16 хувиар хардаг гэсэн одоо миний нүд 4 хувьтай байгаа тос авсаны дараа хувь нь өсөх үү, үгүй юу гэдэг нь мэдэгдэнэ...” /хх-ийн 17-18, 21-22, 149-150-р тал/ хэмээн мэдүүлжээ.

Хараагүй болох гэдэг нь 2 нүд эмчлэгдэхгүйгээр бүрмөсөн хараагүй болж ойрын юмны дүрс ялгахгүй, нүдний хараа 0.04 ба түүнээс доош буурахыг хэлэх талаар Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.5.1 дэх хэсэгт заасан, уг журмын “Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох” хүснэгтийн “Харааны эрхтэн тогтолцоо” буюу 34-р хүснэгт Гэмтлийн улмаас нүдний хараа буурах хэсэгт 0.9-0.1 хувь хүртэл буурсан бол хөдөлмөрийн ерөнхий чадвар 5-25 хүртэл хувиар алдахаар заасан байхад Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн №421 тоот шинжээчийн дүгнэлтэд “...*******ын биед зүүн нүдний сохрол гэмтэл үүссэн, хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтыг 65 хувь алдагдуулсан...” гэсэн нь ойлгомжгүй буюу шинжээчийн дүгнэлт үнэн зөв гарсан нь эргэлзээтэй байна.

Иймд *******ын биед учирсан гэмтэл нь учрах үедээ амь биед аюултай гэмтэлд тооцогдох эсэх, дээр дурдсанчлан хараагүй болсон эсэх, эсхүл нүдний хараа буурсан эсэх, эмчилгээний явцад хараа орох боломжтой эсэх, түүний биед учирсан гэмтлийн зэргийг ямар шалгуур үзүүлэлтээр тогтоодог зэргийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу дахин шинжилгээ хийлгэх нь зүйтэй гэж үзнэ.  

Түүнчлэн хавтаст хэргийн 44-45 дугаар талд авагдсан шинжээчийг байцаасан тэмдэглэлд мөрдөн байцаагч нь шинжээчээс 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн №401 тоот буюу О.Ерөөлбаатарын биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-р тал/-ийн талаар асуусан байхад шинжээч эмч М.Навчаа нь *******ын биед учирсан гэмтэл буюу өөрийн гаргасан 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн №421 тоот дүгнэлтийг тайлбарлаж мөрдөн байцаагчийн асуусан асуултад огт хариулаагүй, уг шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байгааг цаашид анхаарвал зохино.

Мөн Прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх болон тогтоох хэсэгт “...сохрол гэмтэл...” гэж хуулинд байхгүй үг хэллэг хэрэглэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд заасны дагуу хэрэгт байгаа материалыг үндэслэн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан тул *******, түүний өмгөөлөгч ******* нараас тухайн хэрэг учрал болох үед хохирогч ******* нь *******ын баруун чихэнд гэмтэл учруулсан, одоо сонсголгүй болсон талаар давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхигдуулсан хэдий ч цаашид энэ талаарх гомдлоо холбогдох байгууллагад нь гаргаж шалгуулах эрх нь нээлттэй болохыг дурдав.  

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар

зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 318 дугаар

зүйлийн 318.2, 318.2.1, 322 дугаар зүйлийн 322.1-д

тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 3 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, *******т холбогдох эрүүгийн 201605000239 тоот хэрэгт магадлалд заасан үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхээр дамжуулан Баянхонгор аймгийн Прокурорт буцаасугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5-д зааснаар хэргийг прокурорт очтол *******т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА    

                                    ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                                   В.ЦЭЦЭНБИЛЭГ