Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 216

 

 

Э.О-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар, хохирогч Б.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга, Г.Энхболд, иргэний хариуцагч С.А, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, иргэний хариуцагч С.Б, түүний өмгөөлөгч Д.Мядагбадам, иргэний хариуцагч Ж.Ү, Я.Ч, тэдгээрийн өмгөөлөгч Д.Бүрнээ, иргэний хариуцагч Ж.Л, М.А, Д.М нарын өмгөөлөгч Б.Анхбаяр, иргэний хариуцагч Р.Э-ийн өмгөөлөгч Б.Мандхай, иргэний хариуцагч П.Ц, Б.А, З.Э нарын өмгөөлөгч С.Төмөрбаатар, нэр бүхий иргэний хариуцагч нарын өмгөөлөгч С.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/687 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ДШМ/1458 дугаар магадлалтай, Э.О-т холбогдох 201701000037 дугаартай эрүүгийн хэргийг иргэний хариуцагч нар, шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, Г.Энхболд нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1956 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 65 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бараа судлаач мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, урьд ял шийтгэлгүй, Э.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.О-ийг “зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Э.О-т 5 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Э.Оюунчимэгт оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Э.О-ээс 11,830,053,841,8 төгрөгийг гаргуулан шийдвэрийн хавсралтад дурдсан нэр бүхий хохирогч нарт олгуулж, хавсралтад нэр дурдсан 506 иргэний хариуцагчаас 6,881,661,229 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулж, мөрдөн байцаах албаны төрийн сан дахь 100900012405 дугаартай тусгай дансанд байршуулсан 7,089,588,699,37 төгрөгийг хавсралтад дурдсан нэр бүхий 11352 хохирогчид тус тус хувь тэнцүүлэн олгож, иргэний хариуцагчийн хувьд Э.О-ээс 50,486,591 төгрөг гаргуулж хохирогч нарт олгуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 70,742,120 төгрөгийг Э.О-ээс гаргуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар Э.О-т авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 6 дугаартай захирамжийн дагуу

- **** ОРА улсын дугаартай, Z6F5XXEEC5GK19487 арлын дугаартай, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсад орж ирсэн, хар хөх өнгийн, 3803 км заалттай, автомат хурдны хайрцагтай, бензин хөдөлгүүртэй, Форд Фокус маркийн автомашин,

-**** УНП улсын дугаартай, Z6F5XXEEC5GK19481 арлын дугаартай, 2016 онд үйлдвэрлэсэн, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсад орж ирсэн, Цагаан өнгийн, 139 км заалттай, автомат хурдны хайрцаг, бензин хөдөлгүүртэй, Форд Фокус маркийн автомашин,

-**** ОРА улсын дугаартай, Z6FAXXESMAGK46243 арлын дугаартай, 2016 онд үйлдвэрлэсэн, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсад орж ирсэн, Цагаан өнгийн, 4110 км заалттай, автомат хурдны хайрцаг, бензин хөдөлгүүртэй, Форд Куга маркийн автомашин,

-*** ОРО улсын дугаартай, Z6F5XXEEC5GK19482 арлын дугаартай, 2016 онд үйлдвэрлэсэн, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсад орж ирсэн, Цагаан өнгийн, 4110 км заалттай, автомат хурдны хайрцаг, бензин хөдөлгүүртэй, Форд Фокус маркийн автомашин,

-*** УНП улсын дугаартай, Z6FAXXESMAGK45593 арлын дугаартай, 2016 онд үйлдвэрлэсэн, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсад орж ирсэн,

Саарал өнгийн, 818 км заалттай, автомат хурдны хайрцаг, бензин хөдөлгүүртэй, Форд Куга маркийн автомашин,

- **** УБЛ улсын дугаартай, Z6F4XXEEC4GA15150 арлын дугаартай, 2016 онд үйлдвэрлэсэн, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсад орж ирсэн, Мөнгөлөг саарал өнгийн, “Форд Фокус” маркийн автомашин буюу нийт 6 ширхэг автомашиныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас худалдан борлуулж, орлогыг хохирогч нарт хувь тэнцүүлэн олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар “Э.О-ээс 11,830,053,841,8 төгрөгийг гаргуулж шийдвэрийн хавсралтад дурдсан нэр бүхий хохирогч нарт олгуулж, хавсралтад нэр дурдсан 906 иргэний хариуцагчаас 6,881,661,229 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулж, Мөрдөн байцаах албаны төрийн сан дахь 100900012405 дугаартай тусгай дансанд байршуулсан 7,089,588,699,37 төгрөгийг хавсралтад дурдсан нэр бүхий 11352 хохирогчид тус тус хувь тэнцүүлэн олгож, иргэний хариуцагчийн хувьд Э.О-ээс 50,486,591 төгрөг гаргуулж хохирогч нарт олгуулсугай. ...” гэснийг “шүүгдэгч Э.О-ээс 5,957,108,943,9 төгрөгийг гаргуулж шийдвэрийн хавсралтад дурдсан нэр бүхий хохирогч нарт олгуулж, хавсралтад нэр дурдсан иргэний хариуцагч нараас 6,811,281,573 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулж, Мөрдөн байцаах албаны төрийн сан дахь 100900012405 дугаартай тусгай дансанд байршуулсан 7,089,588,69,37 төгрөгийг хавсралтад дурдсан нэр бүхий 11350 хохирогчид тус тус хувь тэнцүүлэн олгож, иргэний хариуцагчийн хувьд Э.О-ээс 50,486,591 төгрөг гаргуулж хохирогч нарт олгуулсугай. ...” гэж өөрчилж,

8 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар гэж, мөн магадлалын хавсралтын жагсаалтад буй нэр бүхий иргэний хариуцагч, хохирогч нарын үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хязгаарласныг тогтоолыг хуульд зааснаар шийдвэрлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж даалгасугай гэсэн заалтыг нэмж,

мөн шүүхийн шийтгэх тогтоолын иргэний хариуцагч нарын хохирлын жагсаалтын хавсралтын

-783 дугаарт буй иргэний хариуцагч Л.М-аас /РД:ЙЮ77030965/ 6,646,332 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг 2,046,332 төгрөг гаргуулахаар,

-694 дугаарт буй иргэний хариуцагч Ц.Н-аас /РД:ИХ57031906/ 21,327,293 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг 11,477,293 төгрөг гаргуулахаар,

-245 дугаарт буй иргэний хариуцагч Т.Ба-аас /РД:ИЧ60122611/ 12,993,996 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг 8,461,996 төгрөг гаргуулахаар,

-219 дугаарт буй иргэний хариуцагч Э.Б-аас /РД:ПК77112813/ 41,682,223 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг 27,851,251 төгрөг гаргуулахаар,

-757 дугаарт буй иргэний хариуцагч Б.Ц-аас /РД:УС57081508/ 23,251,408 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг 2,452,528 төгрөг гаргуулахаар,

-660 дугаарт буй иргэний хариуцагч С.Б-аас /РД:Ч086041811/ 12,725,291 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг 20,364,519 төгрөг гаргуулахаар,

-555 дугаарт буй иргэний хариуцагч Д.Д-ээс /РД:ХМ68090184/ 12,042,620 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг 9,749,690 төгрөг гаргуулахаар гэж,

-779 дугаарт буй иргэний хариуцагч /РД:Е****/ С.Э****ээс 10,210,880 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг 8,960,888 төгрөг гаргуулахаар,

-532 дугаарт буй иргэний хариуцагч Т.Г****аас /РД:****/ 1,083,780 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож,

-134 дугаарт буй иргэний хариуцагч Ч.А****ээс /РД:****/ 19,655,586 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг 10,443,286 төгрөг гаргуулахаар,

-824 дугаарт буй иргэний хариуцагч Э.Б****аас /РД:****/ 10,778,177 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг 1,053,177 төгрөг гаргуулахаар,

-96 дугаарт буй иргэний хариуцагч Д.Н****аас /РД:****/ 176,921 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг 112,425 төгрөг гаргуулахаар өөрчилж,

хохирогч нарын жагсаалтын хавсралтын:

-5077 дугаарт буй хохирогч Р.С-аас /РД:****/ нийт 2,436,200 төгрөг компаниас 669,410.20 төгрөг, иргэний хариуцагч болон шүүгдэгчээс 1,766,789.80 төгрөг олгохооор заасныг давж заалдах шатны шүүхээс нийт 9,735,200 төгрөг, компаниас 669,410.20 төгрөг, иргэний хариуцагч болон шүүгдэгчээс 9,065,789.80 төгрөг гэж,

-6641 дугаарт буй хохирогч П.Ц-аас /РД:----/ нийт 390,000 компаниас 107,162.79 төгрөг, иргэний хариуцагч болон шүүгдэгчээс 282,837.21 төгрөг олгохоор заасныг давж заалдах шатны шүүхээс нийт 1,560,000 төгрөг, компаниас 17,162.79 төгрөг, иргэний хариуцагч болон шүүгдэгчээс 1,452,837.21 төгрөг,

-2229 дугаарт буй хохирогч Н.А /РД:-****/ нийт 73,350 төгрөг, компаниас 20,154.85 төгрөг, иргэний хариуцагч болон шүүгдэгчээс 53,195.15 төгрөг олгохоор заасныг давж заалдах шатны шүүхээс нийт 905,740 төгрөг, компаниас 20,154.85 төгрөг, иргэний хариуцагч болон шүүгдэгчээс 905,704 төгрөг,

-4799 дугаарт буй хохирогч Б.Б /РД:****/ нийт 135,000.00 төгрөг, компаниас 37,094,81 төгрөг, иргэний хариуцагч болон шүүгдэгчээс 97,905.19 төгрөг олгохоор заасныг давж заалдах шатны шүүхээс нийт 2,425,000 төгрөг, компаниас 37,094.81 төгрөг, иргэний хариуцагч болон шүүгдэгчээс 2,387,905.19 төгрөг,

-6638 дугаарт буй хохирогч Б.С /РД:****/ нийт 410,000 төгрөг, компаниас 112,658.31 төгрөг, иргэний хариуцагч болон шүүгдэгчээс 297,341.69 төгрөг олгохоор заасныг давж заалдах шатны шүүхээс нийт 1,230,000 төгрөг, компаниас 112,658.31 төгрөг, иргэний хариуцагч болон шүүгдэгчээс 1,117,341.69 төгрөг,

-Л.Б-ийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ХВ58120604 регистрийн дугаартай Л.Б гэж хохирогч нарт хохирол гаргуулсан жагсаалтын хавсралтын 10036 дугаарт буруу бичсэн байх тул регистрийн дугаарыг ХБ58120604 гэж,

-С.М-ийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд С.М гэж хохирогч нарт хохирол гаргуулсан жагсаалтын хавсралтын 3871 дугаарт буруу бичсэн байх тул нэрийг С.М гэж,

-М.Б /РД:/-ийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ТЖ73011315 регистрийн дугаартай М.Б-ийг **** регистрийн дугаартай Х.Б гэж хохирогч нарт хохирол гаргуулсан жагсаалтын хавсралтын 9283 дугаарт буруу бичсэн байх тул нэрийг М.Б, регистрийн дугаар **** гэж,

-11233 жагсаалтад Г.Б-д иргэний хариуцагч нар болон шүүгдэгчээс 4,623,000 төгрөгийг гаргуулж олгуулахаар,

-11350 дугаартай жагсаалтаар Н.Б-д /РД:/ 1,150,000 төгрөг иргэний хариуцагч нар болон шүүгдэгч нараас гаргуулж олгуулахаар тус тус өөрчлөн нэмэлт заалт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга гаргасан гомдол болон шүүх хуралаанд хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүхийн магадлалд "... Шүүгдэгч Э.О-ийг зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Шүүгдэгч Э.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жил хорих ялаар шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээнд тохирсон байна гэж үзлээ...” гэж дүгнэсэн байна.

Эрүүгийи хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн заавал байх шинж бусдын эд хөрөнгө буюу 11398 хохирогчоос шүүгдэгч Э.О нэг ч төгрөгийг залилан мэхлэх аргаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан /шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг/ нотлох баримт байдаггүй. Гэмт хэрэгт хамтран оролцсон оролцооны хувьд шүүх шүүгдэгч Э.О-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлд зааснаар хамжигчаар оролцсон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд хамжигчийн гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан тухайн хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээний дотор гүйцэтгэгчид оногдуулсан ялаас ихгүй ял оногдуулахаар хуульчилсан. Гэмт хэрэгт оролцсон шүүгдэгч Э.О-ийн оролцоо, хохирогч нараас эд хөрөнгө залилан мэхлэж аваагүй нөхцөл байдалд давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн магадлал гаргасан байна. Шүүгдэгч Э.О 64 настай хэрэгт холбогдохоос өмнө өвчилж байсан, цусны даралт ихсэх, зүрх хавагнах, цөс чулуужих, сахар нэмэгдэх, бөөрний архаг үрэвсэл өвчин сэдэрч ШШГЕГ-ын 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, одоо ШШГЕГ-ын 409 дүгээр ангийн эмчийн хяналтанд эмчилгээний хоолны дэглэм барьж хоригдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлийг баримтлан, шүүгдэгч Э.О-ийн хавтаст хэрэгт авагдсан хувийн байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлээр гомдол гаргаж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулан шүүгдэгч Э.О-т шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Э.О нь Бүгд Найрамдах Казахстан улсын “Жи тайм корпорейшн” ХХК-ийн Монгол Улс дахь салбарыг байгуулж, “Жи тайм корпорейнш" ХХК-ийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж... гэж дүгнэсэн. Гэтэл Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан түүхчилсэн дэлгэрэнгүй лавлагаа, компанийг үүсгэн байгуулахад бүрдүүлж өгсөн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, үүсгэн байгуулах шийдвэр, дүрэм, гэрчилгээ зэрэг баримтад Э.О гэх нэр, гарын үсэг байхгүй бөгөөд цорын ганц үүсгэн байгуулагч нь Бүгд Найрамдах Казахстан улсын “Жи тайм корпорейшн” ХХК гэж заасан байна.

5 үе шаттай багц хөтөлбөрийг иргэдэд санал болгож, санхүүгийн эрсдэлгүйгээр, урьд өмнө нь байгаагүй амжилтад хүрэх боломжтой, хууль ёсны найдвартай гэсэн мэдээллийг олон нийтэд тараан сурталчилж буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан. Э.О нь бараа болон 5 багцыг яаж сурталчилсан, санал болгосны дагуу хэн гэдэг хүн элссэн нь тодорхойгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдал бүрэн тогтоогдоогүй байна. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан үндсэн шинж нь эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авсан байхыг ойлгодог. Гэтэл Э.О нь эзэмшигч, өмчлөгчөөс өөртөө хэдэн төгрөг авсан гэж үзэж зүйлчилж байгаа нь ойлгомжгүйгээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Э.О бусдыг залилах сэдэл, зорилготой байсан бол хохирогч нарын мөнгийг өөрөөс нь болон компаниар дамжуулан хувьдаа авах байсан. Гэтэл нэг ч төгрөг аваагүй бөгөөд хохирогч нарын ихэнхи нь “Жи тайм корпорейшн” ХХК-ийг Монгол Улсад байгуулагдахаас өмнө Бүгд Найрамдах Казахстан улсын “Жи тайм корперейшн” ХХК-ийн хөтөлбөрт элсэж бараа бүтээгдэхүүн, урамшуулал авч байсныг харгалзан үзэлгүйгээр Э.О-ийг бусдыг залилах зорилгоор Монгол Улсад хуулийн этгээдийг байгуулж ажиллуулсан мэт дүгнэсэн нь хэргийн бодит байдал зүйлчлэлтэй төдийлөн нийцээгүй байна.

Мөрдөн байцаалтын ажиллагааг анхнаасаа маш муу шалгасан “Их монгол хөлөг аудит” ХХК-иар хохирлын дүгнэлт гаргуулан хохирлыг тооцуулсны дараа хохирогч нараас мэдүүлэг аваад хохирлын тооцоог гаргасан. Олон хохирогчтой, өндөр үнийн дүнтэй хохиролтой холбоотой байхад Шүүх шинжилгээний байгууллагын эдийн засгийн бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулаад хавтаст хэргийн материалын хүрээнд дүгнэлт гаргуулсан бол хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлын тооцоо нэг мөр эргэлзээгүй гарах байсан. Хэргийн гол буруутан “Жи тайм корпорейшн” ХХК-ийн төлөөлөгч Мажнов Марат Маульсейтовичийн цагдан хориог цуцалж алдсанаас болж өнөөдөр хэргийг шийдсэн болж иргэдэд харагдахын тулд тэтгэврийн, өндөр настай, төлбөрийн чадваргүй хүнийг буруутган хохирлыг нь хариуцуулж байгаа мэт хэрэгжих боломжгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч П.Цолмонбаатар, Б.Анхжаргал, З.Эрдэнэчимэг нарын өмгөөлөгч С.Төмөрбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй”, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “Шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Монгол Улсын 41832 /давхардсан тоогоор/ иргэнийг “сүлжээний маркетинг” нэрээр шинжлэх ухааны бус нэр томъёог ашиглан төөрөгдүүлсэн. Эдгээрээс 9532 /давхардсан тоогоор/ иргэн 20,732,256,769.6 төгрөгийг 8 арилжааны банкаар дамжуулан хүлээн авснаараа 1-рт өөрсдөө санаатай болон санамсаргүйгээр пирамид хэлбэрийн хууль бус тоглоомонд оролцсон, эцэг, эх, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд гээд олон хүнийг давхар төөрөгдөлд оруулснаараа хэдий хэмжээний мөнгийг “Жи тайм корпорейшн” ХХК-д оруулсан нь тодорхойгүй байдлыг үүсгэсэн, элсэн ороод хохирсон иргэд хэдий хэмжээтэй мөнгө оруулаад хэдэн төгрөгөөр хохирсныг нь тодорхойлж, барагдуулах боломжгүй нөхцөл байдалд хүргэжээ.Жи тайм корпорейшн” ХХК-ийн хуримтлал /14 578/, үндсэн /5600/, “Фаст” /8378/, “вип” /13 281/ гэж нэрлэсэн төсөл хөтөлбөрт элссэн нийт 41 832 хүн өөр хэдэн хөтөлбөрт давхар элссэнг нарийвчлан гаргах боломжгүй бөгөөд 32 300 /давхардсан тоогоор/ элсэж орсон хүмүүс урамшуулал хүртээгүй, хохирсон байж болзошгүй байна. Банкуудаас хүлээн авсан урамшууллын хэлбэлзэл маш их буюу 2 сарын хугацаанд оруулж ирсэн барааны дүнгээс /8,044,074,018.8 төгрөг/, урамшуулалд шилжүүлсэн дүн /20,135,256,769.6 төгрөг/ даруй 2.57 дахин их байна.

“Жи тайм корпорейшн” ХХК-д 9632 хүн 4 хөтөлбөрт элсэн орсноороо хөтөлбөр тус бүрийнхээ дагуу борлуулалт хийсэн гэж үзвэл 9,892,655,000 төгрөгийн борлуулалтын төлөө 20,134,256,769.6 төгрөгийн урамшуулал авсан гэсэн дүн харагдаж байна. Гэхдээ тийм борлуулалт хийсэн эсэх нь компанийн нягтлан бодох бүртгэлийн тайланд тусгагдаагүй, зөвхөн 8 арилжааны банкаар дамжуулан шилжүүлсэн мөнгөн дүн, түүнийг хүлээн авсан хүмүүсийн нэр л тодорхой байна.Жи тайм корпорейшн” ХХК-ийн нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны гадаад төлбөр тооцооны сүлжээг ашиглан гадаад шилжүүлэг хийгдэж 10,059,554,975.60 төгрөг буюу 4,040,206.47 ам.долларыг Монгол Улсаас БНКУ-руу шилжсэн. Тус компанийн үйл ажиллагаанд оролцсон иргэдийн нэр дээр Төрийн банкны сүлжээг ашиглаж 6,772,055 ам.долларын гадаад шилжүүлэг хийгджээ гэсэн дүгнэлтээр хязгаарлаж хэрэгт дүгнэлт хийж байгаа нь хууль зүйн үндэслэл муутай байна.

Хавтаст хэргийн материалтай танилцахад мөрдөгч “Жи тайм корпорейшн” ХХК-ийн удирдлагуудад холбогдуулан хэргийг шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлд заасан Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх”, 27.4 дүгээр зүйлийн 1-д “...Шүүх, прокурор, мөрдөгч тусгай мэдлэг эзэмшсэн, тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүн, байгууллагыг урьж шинжилгээ хийлгэж болно.” гэсэн заалтыг үндэслэж шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэсэн байх бөгөөд тухайн шинжээчдийн 01 тоот дүгнэлт нь хууль зүйн үндэслэл муутай, түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй, санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэдлэг тэр дундаа шинжлэх ухааны үндэслэл бүхий санхүү эдийн засгийн үг хэллэг хэрэглээгүй, интернетээс харсан уншсан зүйлээр жишээ татсан, хавтаст хэрэгт авагдсан санхүүгийн болон нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд болон бусад санхүүгийн баримтад үндэслэж санхүү, нягтлан бодох бүртгэлийн нарийн тооцоолол хийгээгүй, зөвхөн тоон баримжаа гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд ...прокурор, шүүх нь дээрх хэргийн ээдрээ төвөгтэй байдал болон олон мянган хүний эрх ашиг хөндөгдөж хохирсон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20.1 дүгээр зүйлд заааснаар “Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ, мөн хуулийн 21.1 дүгээр зүйлд “Шаардлагатай тохиолдолд шинжилгээг ижил буюу өөр өөр мэргэжлийн хоёроос дээш шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр хийлгэж болно” гэсэн заалтуудын хүрээнд Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн мэргэшсэн, олон жилийн туршлагатай, шинжээчдийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах шаардлагатай.

Мөрдөгч нь иргэний хариуцагч Н.Цолмонбаатар, З.Эрдэнэчимэг, Б.Анхжаргал нарыг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Жи тайм корпорейшн” ХХК-ийн хэрэгт холбогдуулж иргэний хариуцагчаар тооцсон тогтоол үйлдсэнээс өөр ямар ч мөрдөн байцаалтын ажиллагаа явуулалгүй, тэр ч байтугай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу “иргэний хариуцагчийг хавтаст хэргийн материалтай танилцуулж санал хүсэлт, гомдол гаргах, нотлох баримт шинээр гаргаж өгөх” зэрэг эрхийг нь хангалгүй хязгаарласан ба мөн энэ алдааг прокурорын шатанд болон Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шатанд ч гаргаж, хариуцагч нарыг шүүх хуралдаанд оролцох, гомдол, санал, хүсэлт гаргах эрхийг нь ч хангалгүй, хууль зүйн үндэслэлгүй шүүхийн шийтгэх тогтоол гаргасан.

Иргэний хариуцагч Н.Ц, З.Эг, Б.А нарыг мөрдөгч зөвхөн хэргийн талаарх үйл явдлыг яриулж гэрчээр 2 удаа байцаасан боловч, тэрээр хариуцагч нараас ямар нэг өөрийгөө зөвтгөсөн болон үгүйсгэсэн баримтуудыг огт гаргуулаагүй байна. Иймд мөрдөн шалгах нэмэлт ажиллагааг явуулж, “Жи тайм корпорейшн” ХХК-тай хариуцагч Н.Цолмонбаатар, З.Эрдэнэчимэг, Б.Анхжаргал нар тооцоо нийлсэн баримтуудыг хэрэгт өөрөөр нь гаргуулан хэрэгт хавсаргах, мөн хариуцагч нар нь хэн, хэн гэх хүмүүсээс хичнээн төгрөгийг авч, “Жи тайм корпорейшн” ХХК-ийн дансанд хийсэн талаар гэрчүүдийг асуулгах шаардлагатай. Хавтаст хэргийн материалтай танилцахад Н.Ц, З.Э, Б.А нарт холбогдох хэрэгт нэг ч гэрч байцаагдаагүй байна. Өөрөөр хэлбэл тэдний гэм буруутай эсэхийг тогтоож бусдад ямар нэг мөнгөн төлбөр учруулсан эсэхийг нотолж чадаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс хоморголон хэнд төлөх нь бүү мэд, хариуцагч Н.Ц-аас 16,150,948 төгрөгийг, Б.Э-ээс 10,478,111 төгрөгийг, Б.А-аас 12,651,657 төгрөгийг тус тус гаргуулан бусдад төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хуулийн хүрээнд тодорхой Н.Ц, З.Эрдэнэчимэг, Б.А нар нь чухам хэн хэнд хэдэн төгрөгийг төлөх талаар тогтоож заасан байх хуулийн заалт, шаардлага хэрэгжээгүйд гомдолтой байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Р.Э-ийн өмгөөлөгч Б.Мандхай хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүхийн магадлалын иргэний нэхэмжлэлтэй хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Мөрдөн шалгах ажиллагаагаар Жи тайм корпорейшн ХХК нь нийт 12365 иргэнийг 27965 хөтөлбөрт элсүүлж, 38,161,778,857 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэргийн улмаас 11398 иргэнд 25,801,303,770 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн. Р.Энхцэцэгийг иргэний хариуцагчаар татаж 16,950,000 төгрөгийг түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл 16,950,000 төгрөгөөр Жи тайм корпорейшн ХХК-ийг хохироосон юм уу, иргэдээ хохироосон юм уу гэдэг нь ойлгомжгүй бөгөөд Р.Энхцэцэгийн хувьд банкнаас мөнгө зээлж компанийн үйл ажиллагаанд оролцож, хөдөлмөр зарцуулсан ба тухайн үйл ажиллагааны урамшуулал хэмээн 16,950,000 төгрөгийг авсан гэж тайлбарладаг. Давж заалдах шатны шүүхийн магадлалаас харахад энэ нь гэм хорын хохирол юм уу, гэмт хэргийн улмаас үүссэн бодит хохирол юм уу гэдэг нь харагдахгүй байгаа. Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх хуулийн заалт зөрчигдсөн гэж үзэж байна. Тухайн компаниас 16,950,000 төгрөгийн урамшуулал авахдаа дороо таньдаг болон ах, дүү, хамаатан садан, найз нөхдөө элсүүлсэн байдаг. Эдгээр элссэн хүмүүс тухайн компанид элсээд урамшуулал авсангүй, хохирлоо гэсэн гомдол гаргаж байгаа учир хохирлыг урамшууллын мөнгөнөөс төлсөн байгаа. Түүнчлэн элсүүлсэн хүмүүсийн хохирлыг барагдуулсан баримтаа мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн байтал хавтаст хэрэгт авагдаагүй байна гэж хэлдэг. Мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд миний эрхийг зөрчиж, хэргийг шийдвэрлэсэнд Р.Энхцэцэгийн хувьд гомдолтой байдаг.

Давж заалдах шатны шүүх оролцогчдын тоо олон учир мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн гэдэг. Мэдээллийн хэрэгслээр мэдэгдэх нь хууль зүйн үндэслэлийн талаар шүүх бүрэлдэхүүн дүгнэлт хийх байх. Мөн иргэний хариуцагчаар татах тогтоол үйлдэгдсэн юм бол түүний хариу тайлбар гаргах эрхийг зөрчсөн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.10, 2.13-т заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдал нь 14 дүгээр хавтаст хэргийн 12-35 дугаар тал, 491 дүгээр хавтаст хэргийн 55-58 дугаар талд авагдсан баримтуудаар нотлогдож байна. Эдгээр нөхцөл байдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй учир хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд нэр бүхий 40 иргэний хариуцагчийн өмгөөлөгч С.Батсайхан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 16 дугаар зүйлийн 14-т “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримт шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох...” гэж заасан ба үндсэн эрхийг хязгаарлаж хэргийг шийдвэрлэсэн. Тухайлбал, иргэний хариуцагч нарт өөрт нь холбогдох иргэний нэхэмжлэл, шинжээчийн дүгнэлттэй танилцах, нотлох баримт, тайлбар гаргах, шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдээгүйн улмаас шүүн таслах ажиллагаанд биеэр оролцож, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй байна. Шүүх хуралдааны товыг иргэний хариуцагч нарт мэдэгдээгүй, өөрт холбогдох хэргийн материалтай танилцаагүй талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч магадлалын тодорхойлох хэсэгт уг гомдлыг хэрхэн няцаасан тухай хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ гэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсэгт өөрчлөлт оруулан гомдлыг хэрэгсэхгүй болгосон нь хууль бус байна.

Үндсэн хууль зөрчсөн хууль болон эрхийн акт /шүүхийн шийдвэр/ нь шударга хууль ёсны эрх зүйн үр дагавар үүсгэх хууль зүйн үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэснийг мөн хуулийн 39.8 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг ойлгох бөгөөд мөн зүйлийн 1-д дараах нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж хуульчилжээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8, 36.2, 36.7, 36.8-д заасан хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж хуульчилсан. Гэтэл шүүхийн шийдвэрээр иргэний нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагын дагуу Иргэний хуулийн ямар үндэслэлээр хэн гэх хариуцагчаас хэдэн төгрөгийн төлбөр барагдуулах нь тодорхой бус, давж заалдах шатны шүүхээс зарим иргэний хариуцагчийн төлбөрөөс чөлөөлсөн, багасгасан, шүүгдэгчийн төлөх хохирлын хэмжээг 50 хувь буюу 5 тэрбум төгрөгийг багасгасан, зарим иргэний хариуцагчийн үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгөд хэргийн оролцогч бус этгээдийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй хөрөнгийг битүүмжилснийг магадлалаар шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан зэрэг нь ойлгомжгүй байна. Энэхүү нөхцөлөөс шалтгаалж нийт хохирлын хэмжээнд өөрчлөлт гарсан учир шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд илт эргэлзээтэй болсон гэж үзэж байна. Мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.7-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хангах тухай, хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэлийг шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байхаар хуульчилсан. Гэтэл гэмт хэргийн улмаас нийт учирсан гэх хор уршиг, хохирлын зарим хэсгийг шүүх хангаж шийдвэрлэхдээ иргэний хариуцагч нарын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, гэм хорын шалтгаант холбоо тогтоогдсон эсэхийг үл харгалзан, хохирлыг хариуцвал зохих этгээд мөн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг дэх хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэм хорын шаардлага, эрх зүйн байдлыг зөв тогтоогоогүй. Үүний улмаас иргэний хариуцагчаас хохирогчид гэм хорын төлбөр гаргуулж шийдвэрлэсэн.

Компанийн хууль бус гэх үйлдлийн улмаас хохирсон хохирогчдыг тогтоохоор орон нутагт мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэг, тайлбар өгсөн хүмүүсийн мэдүүлгийг иргэний нэхэмжлэгч болгосон байдлыг анхан болон давж заалдах шатны шүүх иргэний хариуцагч мэтээр гэм хорын хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус болжээ. Тухайлбал, Д.О /****/ иргэний хариуцагчийн 894 дугаарт бичигдсэн бөгөөд хохирогчийн төлбөр авах хавсралтын 11 233 дугаарт хохирогчоор бүртгэгдсэн байгаа нь хохирогч өөрөө нэхэмжлэл гаргаагүй болох нь тогтоогдож байна. Мөн компаниас урамшуулал авсан бүх харилцагчид иргэний харицагчаар татагдаагүй. Энэ талаар давж заалдах шүүх хуралдаанд гомдол гаргахад прокурор “тэгвэл наад хүн чинь хохирогч биш иргэний хариуцагч болгочих” гэж тайлбарлаж байсан. Шүүх хэргийг бүхэлд нь хянасан гэх боловч магадлалдаа энэхүү илт алдааг залруулж үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй.

Прокурорын тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтад прокурор иргэний хэргийн шүүхэд төрийг төлөөлж нэхэмжлэл гаргахаар хуульчилсан. Уг эрүүгийн хэрэгт хохирогчийн тайлбараар тэднийг төлөөлж  нэхэмжлэл гаргаж байна гэж ойлгогдож байна. Эндээс харахад 11 350 иргэний нэхэмлэгч дотор үнэхээр компанитай гэрээ байгуулж, бүтээгдэхүүн захиалан, төлбөр шилжүүлсэн эсэхийг тогтоох боломжгүй байна. Учир нь эдгээр иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, тайлбар 500 шахам хавтаст хэргийн хэд дүгээр хавтасны хэд дэх талд байгааг хохирогчийг тогтоосон хавсралтаар тогтоох боломжгүй, эргэлзээтэй байна. Хэрэг хянан шалгах явцад Казахстан улсаас компанийн харилцагч нарын захиалсан 4 тэрбум гаруй төгрөгийн бүтээгдэхүүнийг хадгалалт хамгаалалтын шаардлага хангаагүй газар битүүмжилсний улмаас чанар нь муудаж дахин ашиглах боломжгүй болсон. Шинжээчийн дүгнэлт гаргуулахдаа чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээр дүгнэлт гаргуулсан. Дээрх 4 тэрбум төгрөгөнд хохирогч буюу иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын компанид төлсөн бүтээгдэхүүний үнэ /мөнгөн дүнгээр/ багтаж байгаа гэдгийг шүүх анхаарч шийдвэр гаргаагүй.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас тухай бүтээгдэхүүний чанар стандартын талаар дүгнэлт гараагүй бол хил, гаалиар уг бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх боломжгүй, хилээр гаалийн төлбөр төлж оруулж ирүүлсэн байдаг. Мөн Казахстан улсын “Жи тайм корпорейшн” ХХК-иас 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаатай холбогдуулан мэдэгдлийг ирүүлсэн байдаг. Энэхүү мэдэгдлийн эцэст компани өөрийн харилцагчдын өмнө гэрээнд заасан хариуцлага хүлээхийг мэдэгдсэн байна. Монгол Улсын олон улсын гэрээ иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан улсын хоорондын гэрээ 1993 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан. Энэхүү гэрээний хоёрдугаар бүлэгт заасны дагуу Казахстан Улсын “Жи тайм корпорейшн” ХХК-тай холбоотой тус компанийн цахим хаягаар холбоо тогтоон үйлчлүүлж байсан монгол иргэдийн талаарх мэдээллийг нарийвчлан шалгах бүрэн боломжтой байсан. Ингэж шийдвэрлээгүйн улмаас монгол иргэдэд учруулсан гэх хохирол, төлбөр нь гадаадын компанийн ашиг болж, өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж цахим хэлцлийн үндсэн дээр урамшуулал авсан хүмүүсийг иргэний хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болгож гэм хорын төлбөр гаргах хууль зүйн үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад өөрчлөлт оруулахдаа анхан шатны шүүхийн тогтоолд “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар ...хохирогч нарт олгуулсугай” гэсэн өөрчлөлт оруулжээ. Гэтэл иргэний хариуцагч нарт гардуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад Иргэний хуулийн ямар ч зүйл заалт дурдаагүй байсан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын Иргэний хариуцагч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч нарт хариуцагчаа тодорхойлсны үндсэн дээр нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэж өгөхийг хүсч байна” гэв.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Ж.Ү, Я.Ч нарын өмгөөлөгч Д.Бүрнээ гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтаар хавсралтад нэр дурдсан 906 иргэний хариуцагчаас 6,881,661,229 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулж шийдвэрийн хавсралтын 826-д Я.Ч-аас хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх ямар хуулийн заалт, үндэслэл, нотлох баримтыг баримталж шийдвэрлэж байгаа нь тодорхой бус, эрх зүйн дүгнэлт хийгээгүй, их хэмжээний төлбөрийг хэнд олгох нь ойлгомжгүй, баримт нотолгоогүй иргэний нэхэмжлэгч, хохирогч гэж хэн нэгэн этгээдийг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн, хэргийн бодит байдалд нийцэхгүй шийдвэр болжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д “гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ”, 8.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж заажээ.

Иргэний хариуцагч Я.Ч нь хэн нэгэн иргэнд гэм хор, хохирол төлбөр учруулаагүй, хэн нэгэн иргэн, хуулийн этгээд хохирол төлбөр нэхэмжлээгүй, иргэд аж ахуй нэгж байгууллагаас буюу бусад этгээдээс нэг ч төгрөг бэлнээр болон дансаар хүлээж аваагүй, иргэний нэхэмжлэгч, хохирогч тогтоогоогүй, нотолбол зохих баримтаар тогтоогоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 4 дэх хэсгийн 5.4-т заасны дагуу анхан шатны шүүх иргэний хариуцагч Я.Ч-ын бодит хохирлыг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэж, давж заалдах шатны шүүхээс Их Монгол Хөлөг аудитын дүгнэлтээр 486,212,080 төгрөгийн бараа авсан болох нь тогтоогддог” гэх зэргээр хэргийн баримтад дутуу үнэлж дүгнэсэн.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 8 дахь хэсэгт “Форд Куга” маркийн **** 0РА автомашиныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас худалдан борлуулж, орлогыг хохирогч нарт хувь тэнцүүлэн олгохоор заасан. Энэхүү автомашин нь Я.Ч-ын өмчлөлийн хөрөнгө бөгөөд хэрэв дээрх төлбөрийг Я.Ч-аас гаргуулахаар шийдвэрлэж байгаа бол хасаж тооцоогүй, тооцооллын алдаатай тул хохирлыг бодитой тооцсон гэхэд эргэлзээтэй байна. Мөн “хохирогч нарт” гэж тодорхой хэн нэгэн этгээдийг дурдаагүй, ойлгомжгүй байгаа нь шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иргэний хариуцагч Я.Ч-ыг прокурор болон анхан шатны шүүхээс хэргийн материалтай танилцуулаагүй, хуулиар олгогдсон шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох, шүүх хуралдааны тов мэдэгдэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт дууссан бол хавтаст хэргээс өөр хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргах гэх мэт хуулиар олгосон эрхийг олгоогүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Иргэний хариуцагч Я.Ч нь иргэд аж ахуй нэгж байгууллагаас буюу бусад этгээдээс ганц ч төгрөг бэлнээр болон дансаар хүлээж аваагүй. Мөн их, бага хэмжээний ямар нэгэн бараа материалыг хүлээн авч байгаагүй бөгөөд 486,212,030 төгрөгийн хариуцлага хүлээлгэх нотлох баримтыг хавтаст хэрэгт байхгүй, санхүүгийн болон бусад баримтаар нотлогдон тогтоогдоогүй. Анхан шатны шүүхээс ямар, ямар нотлох баримтыг үндэслэж Я.Чулуунбаатараас дээрх төлбөрийг хариуцуулах болсныг шийдвэртээ заагаагүй, нотолбол зохих баримтын эх сурвалжийг тодорхой дурдаагүй. Анхан болон давж заалдах шатны шүүхээс иргэний хариуцагч Я.Чулуунбаатараас дээрх төлбөрийг гаргуулахдаа зөвхөн “Их Монгол Хөлөг” аудитын дүгнэлтийг үндэслэл болгож шийдвэрлэсэн нь хэргийн үнэн зөв, бодитой шийдвэрлэсэн гэхэд эргэлзээтэй бөгөөд хэргийн оролцогчийг шинжээчийн дүгнэлттэй танилцуулах, маргах, дахин шинжээч томилох хүсэлт гаргах хуулиар олгосон эрхийг зөрчсөн.

Иргэний хариуцагч Я.Ч нь тус компанид ажиллах хугацаанд 58,264,589 төгрөгийн урамшуулал буюу цалин хөлс авсан бөгөөд энэ дүн “Их Монгол Хөлөг” аудитын дүгнэсэн 65,639,914 төгрөг гэж зөрүүтэй дүгнэсэн. Мөн уг урамшууллын мөнгөнөөс Ч.Э-ийн авсан 19,000,000 төгрөгийг Я.Ч-ын урамшуулалд давхардуулан тооцсон байдаг. Ийнхүү үнийн дүн зөрүүтэй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. Тиймээс аудитын дүгнэлтийг үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гэж үзэх боломжгүй бөгөөд өөр бусад эх сурвалж болох Я.Ч-ын банкны дансны хуулга, иргэний нэхэмжлэгч, хохирогчийн мэдүүлэг гэх зэрэг баримтаар 486,212,080 төгрөгийн хохирлыг бусдад учруулсан болохыг нотлоогүй атал шүүхээс зөвхөн аудитын дүгнэлт гэх баримтыг үнэлсэн нь хуульд нийцэхгүй юм. Түүнчлэн шүүх 906 иргэний хариуцагчаас 6,881,661,229 төгрөгийг хохирогч нарт хувь тэнцүүлэн олгох гэж тодорхой бус этгээд дээрх их хэмжээний төгрөгийг хэн, хэнд хэчнээн төгрөгийг олгох, 906 иргэний хариуцагч нараас хэн, ямар иргэн хохирсон нь тодорхойгүй байхад хувь тэнцүүлэн олгох гэж анхан шатны шүүх шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх анхаарч үзэж дүгнээгүй. Шүүхийн шийдвэрийн энэхүү ойлгомжгүй, тодорхогүй нөхцөл байдлаас болж шүүхийн шийдвэрийг мөн биелүүлэх, биелэгдэх байдал тодорхой бус болж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан шаардлагыг хангаагүй.

Тус шийтгэх тогтоолоор эд мөрийн баримтаар хураан авсан 6 ширхэг автомашиныг хэн, ямар этгээдэд олгох нь тодорхой бус, шүүхээс эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад анхан шатны шүүхээс уг автомашинуудыг худалдан борлуулах талаар захирамж гаргасан ба улмаар автомашиныг дуудлага худалдаанд оруулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 4/12068 тоот албан бичгээр дуудлага худалдаанд оруулахаар Я.Чулуунбаатарт албан мэдэгдэл өгч, үнэлгээ тогтоосон зэрэг үйлдэл нь анхнаасаа хэн нэг этгээдийн санаа зорилготой, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Түүнчлэн түргэн муудах гоо сайхны бараа, бүтээгдэхүүний асуудлыг нэн даруй шийдвэрлээгүй байтлаа автомашинуудыг дуудлага худалдаанд оруулан, үнэлгээ тогтоон Я.Ч-ын өмчлөлийн автомашиныг 29,674,486 төгрөгөөр үнэлж зарж борлуулах гэж байсан зэрэг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаа болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл мөн. Иймд дээр дурдсан үндэслэлээр Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв. Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч С.Б-ын өмгөөлөгч Д.М гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд зааснаар шүүх тогтоол гаргах үед иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлж чадсангүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ гэж хуульчилсан. Гэтэл хохирогч гэх хүмүүс байхгүй ба хохирогч байгаа эсэхийг тодорхой болгоогүй. Тус хуулийн 36.3 дугаар зүйл 1 дэх хэсэгт заасан шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, хэрэгсэхгүй болгоно гэсэн заалтыг хэрэглэсэнгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн боловч иргэний хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдэж шүүх хуралдаанд биечлэн оролцуулах мэтгэлцэх зарчмыг хангаагүй, надад анхан шатны шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй. Мөрдөгч, прокурор хавтаст хэрэгтэй танилцуулж хохирол төлбөрийн тооцоог тулгаагүй, шүүхийн шийдвэр гарсныг хүнээс сонссон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан нотолбол зохих байдал буюу “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г зөв тогтоогоогүй. Иргэний эрх зүйн маргаан эсэхийг шалган тогтоолгох үндэслэл байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шударга ёсны болон хэргийн бодит байдлыг тогтоох зарчимтай харшилсан шийтгэх тогтоол гарсан тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зөв тодорхойлж өгнө үү.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1.7.1-д зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй. Ээж Б.Цэцэгмаа болон бусад хүмүүсийг мөрдөгч загнаж, ууртай харьцаж айж сүрдсний улмаас ээж Б.Ц нь бүрэн бүтэн материалаа өгч чадаагүй, нэг өрөөнд олон байцаагч суугаад тал талд хүмүүсийг байцааснаас сандрах, юм аа мартах, буруу зөрүү ярих явдал гарсан, үлдсэн материал байгаа гэхэд, мөрдөгч дахин дуудна гээд дуудаагүй. Б.Ц-ийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэгт ...миний болон манай хүү С.Баасанбатын мөнгө төлсөн баримт надад байгаа... гэж мэдүүлсэн байдаг. Энэ баримтуудаа мөрдөн байцаалтын шатанд өгч чадаагүй. Анхан шатны шүүх ч шүүх хуралдааны зарыг ээж бид 2-т хэлээгүй ба мэтгэлцэх, нотлох баримт болох банкны баримт өгөх боломжийг олгоогүйгээс төлөх ёсгүй мөнгөний өрөнд орж хохирч байна.

“Жи Тайм корпорейшн” ХХК-д Б.Ц-ийн нэрээр 25,085,920 төгрөг, С.Баасанбатын нэр дээр 29,515,547 төгрөг, хавтаст хэрэгт ороогүй 33,831,060 төгрөг, нийт 88,432,520 төгрөгийг өгсөн. Би 20,798,880 төгрөг авсан ба “Жи Тайм корпорейшн” ХХК-д 8,716,667 төгрөг илүү өгсөн байна. Хохирогч байхгүй, хохирлын хэжээг бүрэн тооцоогүй учраас тооцоог дахин хийсэн байдлыг анхаарч үзэх нь зөв. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хавсралтын хохирогчдын 11349 хүний нэрсэд нэр бүхий 16 хүний нэрс байхгүй тул иргэний хариуцагч нарын төлөх төлбөрийн тооцооны 757 дугаарт С.Б-аас гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд байгаа 107-р хуудасны 6-т байгаа 20,364,519 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Ж.Л, М.А, Д.М нарын өмгөөлөгч Б.Анхбаяр нар хамтран гаргасан гомдол болон өмгөөлөгч Б.Анхбаяр шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Ж.Лхамсүрэн, М.Алтангэрэл, Д.Марал-Эрдэнэ нарыг тус эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татан оролцуулж, анхан болон давж заалдах шатны шүүхээс “...Ж.Лхамсүрэнгээс 22,706,003 төгрөг, М.А-ээс 37,917,965 төгрөг, Д.М-ээс 11,026,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль болон бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр болсон, бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэлгүйгээр зөвхөн “Жи тайм корпорейшн” ХХК-иас олгосон мөнгөний баримтыг үндэслэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 5-д “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ. Гэтэл анхан шатны шүүх эдгээр заалтын дагуу бодит хохирлыг тогтоож, тооцоолоогүй.

“Жи тайм корпорейшн” ХХК нь гишүүнээр анх элсүүлэхдээ 120,000 төгрөгийн хураамж авч гишүүнээр бүртгэдэг, гишүүд “вип” хөтөлбөрт 950 ам.доллар /тухайн үеийн ханшаар 2,300,000 төгрөг/-ийн төлбөр төлж хамрагддаг. Ж.Лн нь “вип” хөтөлбөрт өөрийн нэрээр 2 удаа, мөн С.Б, Б.Э  нарын нэрийн өмнөөс төлбөрийг төлж тус бүр нэг удаа, Б.Э-тай хамтран 1 удаа оролцсон бөгөөд үүний төлбөр болгон 2,300,000 х 5 = 11,500,000 төгрөгийг “Жи тайм корпореишн” ХХК-д төлсөн.

Үүний дараагаар түүнд урамшуулал авах эрх нь нээгдэж, “Жи тайм корпорейшн” ХХК-иас 19,458,000 төгрөгийг урамшуулал болгон нэг удаа авсан. Өөрөөр хэлбэл урамшуулал авах шаардлагыг хангахын тулд урьдчилан их хэмжээний мөнгийг компанид төлсөн. Гэтэл шүүхүүд “Ж.Л 120,000 төгрөгөөр элссэн гэж буруу дүгнэсэн. Шийдвэрүүдэд “Ж.Л-ийн урамшуулалд 500 ам.доллар авсан...” гэсэн нь “вип” хөтөлбөрт хамрагдсан гэдгийг батлах бөгөөд бусад хөтөлбөрт урамшуулал 500 ам.доллар гэж байхгүй болно. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч бөгөөд иргэний хариуцагчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 3-т зааснаар эрх эдэлж, үүргийг хүлээхээр байна. Биднээс 22,706,003 төгрөг, 37,917,665 төгрөг зэрэг их хэмжээний мөнгө гаргуулахаар шийдвэрлэж байж, прокурор болон анхан шатны шүүх хэргийн материалтай танилцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хуулиар олгогдсон “...шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлт гаргах...” гэх мэт эрхүүдийг эдлүүлээгүй, өөрсдийн эрхийг хамгаалах бодит боломж олгоогүй. Үүнээс үүдээд оролцогчдод хамааралтай бодит байдлыг тогтоох, холбоотой нотлох баримт цуглуулах ажиллагаа хийгдээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлзх тухай хууль ноцтой зөрчсөн байна. Энэ хэрэг олон мянган оролцогчтой хэдий ч ийм байдлаар хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчих үндэслэл болохгүй.

Иймд бодит байдал, хохирлыг үнэн зөв тоггоогоогүй, хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч С.А, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нар хамтран гаргасан гомдол болон өмгөөлөгч Б.Энхтуяа шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ба иргэний хариуцагчийн хуулиар олгосон эрхийг эдлүүлээгүй, шүүхээс иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн үнийн дүн түүнийг нотолсон нотлох баримт хангалтгүй, иргэний хариуцагчийн гэх хэд хэдэн хөрөнгөнд мөрдөн байцаах албанаас хязгаарлалт хийсэн гэх боловч шүүх энэ талаар хэрхэн шийдвэрлэсэн талаар дүгнэлт хийгээгүй, мөрдөн байцаагчид иргэний хариуцагчаас ямар нэгэн төлбөр төлөх үндэслэлгүй талаараа ач холбогдол бүхий нотлох баримтуудыг гаргаж өгсөн байхад хавтаст хэрэгт хавсаргаагүй устгасан байдаг. Энэ талаар шүүх анхаарч үзээгүй, түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасан эрх үүргийг нь эдлүүлээгүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Тухайлбал, иргэний хариуцагч С.Алтай цагдаагийн байгууллагаас дуудахад нь очиж өөрт ач холбогдол бүхий нотлох баримт болох мөнгөн тооцооны баримтуудыг хүлээлгэн өгч, мөн мэдүүлэг өгсөн. Гэтэл энэ ач холбогдол бүхий баримтуудыг болон мэдүүлгийг нь хавтас хэрэгт хийгээгүй. Үүнд нотлох баримтыг хүлээн авч устгасан цагдаагийн байгууллагын ажилтан нар буруутай.

Мөн С.Алтайгийн нэр дээр байдаг боловч хадам аав С.С-ны өмчлөл болох 11-80 УБР улсын дугаартай Ланд круйзер-80 маркийн тээврийн хэрэгсэл, энхийг сахиулахаар гадагш явсан Л.М гэх хүний өмч болох ****УНТ Приус маркийн тээврийн хэрэгслэл, С.А-ийн өөрийнх нь өмч болох **** УБН Приус маркийн тээврийн хэрэгсэл зэрэг 3 тээврийн хэрэгслийг хүний өөрийнгүй бүгдийг нь 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэний хариуцагч С.А-д болон дээрх өмчлөгч нарт мэдэгдэлгүйгээр захиран зарцуулах эрхийг хязгаарласан.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэжээ. Гэтэл шүүх дээрх 3 тээврийн хэрэгслийн хязгаарлалтыг хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар дурдаагүй орхигдуулсан, үүнээс болж тээврийн хэрэгслийн жинхэнэ өмчлөгч нар захиран зарцуулах эрхээрээ хохирсон хэвээр байна. Хязгаарлалтын асуудлыг хүчингүй болгох эсэх асуудлыг шүүх л шийдвэрлэх ёстой атал хэн хэрхэн яаж шийдвэрлэж өгөх нь ойлгомжгүй байдлаар орхижээ.

Нөгөө талаар мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаад иргэний хариуцагчид хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлт гаргах эрхийг нь эдлүүлээгүйн улмаас мөрдөгчийн нотлох баримт алга болгосон хууль бус үйл ажиллагаанд хуульд заасан журмын дагуу гомдол гаргах эрхээ эдэлж чадаагүйн зэрэгцээ С.А-д шүүхээс шүүх хуралдааны товыг, шүүх хурал хийж шийдвэр гаргасан талаар огтхон ч мэдэгдээгүйн улмаас С.А шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох асуулт тавих, мэтгэлцэх хуулиар олгосон эрхээ эдэлж чадаагүй юм. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалын тодорхойлох хэсэгтээ “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогчдыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж зөв дүгнэлт хийсэн байна” гэж үзсэн нь дээрх оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн бодит үйл баримттай нийцээгүй байна.

С.А нь “Жи Тайм корпорейшн” ХХК-д эхнэрийн хамт 5,000,000 төгрөгөөр элсэн орохдоо банкнаас мөнгө зээлж орсон ба тус компаниас урамшуулалд 21,000,000 төгрөг авч, буцаагаад тус компанид ах, дүү нар гэж 5 хүний мөнгө болох 12,500,000 төгрөгийг компанид нь шилжүүлж өгсөн, 5,000,000 төгрөгийг банкнаас зээлж “Жи Тайм корпорейшн” ХХК-д өгсөн байсан учир уг мөнгөнөөс нь 5,000,000 төгрөгийг буцаагаад банкинд нь өгч зээлээ хаасан байна. Гэвч шүүхээс 15,781,953 төгрөгийг С.А-аас гаргуулахаар шийдвэрлэсэн боловч С.А дээрх тооцоогоор ийм мөнгө хувьдаа завшаагүй байна. Үүнтэй холбоотой чухал нотлох баримтуудыг анх цагдаагийн газар очихдоо ахлах мөрдөгч ахмад Б.Э, хошууч Л.Цо нарт өгч мэдүүлгээ өгсөн боловч аль алийг нь хэрэгт хавсаргаагүй устгасан байна. Харин суүлд өөр мөрдөгч хэргийг авч иргэний хариуцагчаар татаж байцаалт авсан ба 2 дахь мэдүүлэг нь зөвхөн хавтаст хэрэгт авагдсан байна. Цагдаагийн байгууллага гагцхүү бодит үнэнийг үнэн шударгаар нь шалгаж тогтоох, шүүх бодит үнэнийг шийдвэрлэхийн тулд оролцогчийн эрхийг эдлүүлж мэтгэлцээний үндсэн дээр нотлох баримтуудыг тал бүрээс нь судлан үзсэний үндсэн дээр шийдвэрлэх үүрэгтэй. Иймд гомдлын дагуу хэргийг хянан үзэж, үнэн шударгаар нь шийдвэрлэж С.Алтайгаас 17,500,000 төгрөгийг хасаж, иргэдийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалтыг хүчингүй болгон сэргээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч Б.Энхмаа хэлсэн саналдаа: “...Би 2017 оны 01 дүгээр сард Жи тайм корпорейшн ХХК-д орсон ба Э.О-ийн дансанд бус компанийн дансанд мөнгөө тушаасан. Миний хувьд эрх зүйн чадамжтай компаниас хохирол төлбөрийг гаргуулах саналтай байна” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.О гаргасан гомдолдоо: “...би анхнаасаа Компанийн тухай хууль мэдэхгүй ба гэмт хэрэг үйлдэхийг санаархаж, төлөвлөөгүй, бодит байдлыг нуун дарагдуулаагүй, олон улсын зах зээл дээр ажилладаг компанийн салбарт ажиллаж байна гэж ойлгож байсан. Монгол Улсад албан ёсоор бүртгэгдэж, татвар төлж, эрүүл мэнд, нийгмийн даатгал төлдөг байсанд нь итгэж байсан. “Жи тайм корпорейшн” ХХК нь Казахстан улсад 2012 оноос одоог хүртэл ажиллаж байгаа гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрлэгч төлбөрийн чадвартай компани юм. Монгол Улсад 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэг хүний гишүүнчлэлтэйгээр салбар компани байгуулагдсан бөгөөд одоо татан буугдаагүй, н.Пүрэвбаатар захирал болон н.Отгонбаатар гэх хүн итгэмжлэлтэйгээр ажиллаж байна. Гэтэл намайг бусдыг хохироож, компани үүсгэн байгуулсан гэж буруутгаж байгаа нь Хүний эрхийн тухай тунхаглалын 23 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчиж байна. Компанийн дансанд 7 тэрбум гаруй төгрөг битүүмжлэгдсэн байгаа тэр мөнгөнөөс хохирогч нарын хохирлыг барагдуулах нь зохистой санагдаж байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, надад оногдуулсан төлбөрийг компаниас гаргуулж, хорих ялаас өөр ял оногдуулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Б.Б гаргасан гомдолдоо: “...Би “Жи тайм корпорейшн” ХХК-ийн “вип” хөтөлбөрт хамрагдаж, 18,742,000 төгрөгийн урамшуулал авсан ба авсан мөнгөнөөсөө “вип” хөтөлбөрийн 6 суудал авсан. Энэ талаар баримтаа мөрдөн байцаалтын явцад мөрдөгчид гаргаж өгсөн. Уг компанийг улсын бүртгэлд бүртгэгдэж, тамга тэмдэгжүүлсэн байсан нь хүмүүсийн итгэл төрүүлж, сэтгэл санаагаар хохироосонд гомдолтой байна. Шүүхээс 11,842,000 төгрөгийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд миний хувьд ямар ч буруу зүйл хийгээгүй, төлбөр төлөх боломжгүй” гэжээ. Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Р.Энхцэцэг гаргасан гомдолдоо: “...Анх Р.Энхцэцэг миний бие О.Б, Б.Ба, Б.Б, А.Д гэх 5 хүмүүсийн мөнгийг бөөнд нь өгч элссэн. Ингэхдээ надад анх санал болгосон н.Отгонжаргал болон н.Тогоохорол 2-т мөнгийг нь өгч тушаалган 11,500,000 төгрөг өгч элссэн. Дараа нь Балбар овогтой Чимэг, Чимэддорж овогтой Ренчинбадам нарын мөнгийг (4,600,000) н.О-д өгч тушаалган элсүүлсэн. Дараа нь Наваан овогтой М-ийг 2,300,000 төгрөгөөр элсүүлсэн боловч 7 хоногийн дараа хаагдсан юм. Би урамшууллын 20,000,000 төгрөгөөр дээр нэр дурдсан хүмүүсээ хохиролгүй болгож дараагийн мөнгөө ашиг болгон хуваая гэж тохиролцсон байсан учир хүмүүстээ тараасныг дуулаад миний ард орох хүмүүс их гарсан. Иймд нэхэмжилсэн 16,950,000 төгрөгөөс миний оруулсан 7 хүний 16,100,000 төгрөгийг хасаж тооцон үлдсэн 850,000 төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү.

Учир нь надаас хариуцагчаар 1 удаа мэдүүлэг авч өөр ямар ч мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаагүй. Өмгөөлөгчтэй хамт мэдүүлэг өгөх эрхийг хязгаарлаж, эрх, үүргийг ч тайлбарлаж өгөөгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, мөн зүйлийи 32.2 дахь хэсэгт заасны дагуу “Иргэний хариуцагчийг хавтаст хэргийн материалтай танилцуулж тэмдэглэл хөтлөх, санал хүсэлтийг нь авах” талаар ямар ч ажиллагаа хийгээгүй. Мөн энэ алдааг прокурорын шатанд болон анхан шатны шүүхийн шатанд гаргаж, хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд оролцох, гомдол, хүсэлт гаргах эрхийг нь хязгаарласан нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргахад нөлөөлсөн. Дээрх хууль бус ажиллагааны улмаас миний даралт маш өндөр болж, бие өвдөн өөрийнхөө өмнөөс итгэмжлэгдсэн төлөөлөгчийг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцуулсан. Надаас зөвхөн хэргийн талаар үйл явдлыг яриулж хариуцагчаар 1 удаа мэдүүлэг авч гарган өгсөн баримтуудыг хэрэгт хавсаргаагүй, шаардлагагүй гэж үзсэн.

Иймд мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагааг явуулж, анхан болон давж заалдах шатны шүүхээс хоморголон хэнд төлөх нь бүү мэд 16,958,230 төгрөгийг бусдад төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр нь хуулийн хүрээнд тодорхой биш, хэнд хэдэн төгрөг төлөх талаар тогтоож заасан байх хуулийн заалт зөрчигдсөн. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Д.Батсайхан гаргасан гомдолдоо: “...миний бие таньдаг хүний ятгалаганд орж өөрийн эхнэр Б.Ганчимэгийг оруулж хохирсон юм. Миний аваагүй савангийн мөнгийг оруулж тооцсонд гомдолтой байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Н.М гаргасан гомдолдоо: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д "Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгө болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж хуульчилжээ. Тухайн компанийн ажиллах гэрээний дагуу “вип” хөтөлбөрийг цуг ажилладаг 2 хүнд санал болгосон бөгөөд тэр хүн надаас шалтгаалахгүйгээр өөрсдөө онлайн гэрээгээ бүртгүүлж, тухайн компанийн дансанд мөнгөө тушааж, тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал авсан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэж хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд иргэний хариуцагчаар тогтоогдсон би хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын өмнө гэрээ болон хуулиар ямар үүрэг хүлээсэн, гэмт хэргийн улмаас иргэний эрх зүйн ямар харилцаанд орсоноо ойлгохгүй байна. Түүнчлэн иргэний нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагийн үндэслэлээ хэрхэн тодорхойлсон, яг иргэн Н.Мөнгөнцэцэг надад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа үгүйг эрх зүйн дүгнэлт хийгээгүй шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагчид хохирол хариуцвал зохих этгээд мөн гэдэг нь тогтоогдоогүй байна.

Хохирсон иргэд цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдолдоо цахимаар гэрээ байгуулж, бараа захиалсан мөнгөн дүнгээ “Жи тайм корпорейшн” ХХК-иас шаардсан байхад Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалтыг зөрчиж хохирогч, иргэний нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр иргэний хариуцагчийг эрүүгийн хэрэг хянан шалгах явцад иргэний хариуцагчаар тогтоож, эрүүгийн хэрэг дэх зохигчдын хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний хариуцагч гэх надад иргэний хариуцагч нарт холбоотой нотлох баримт танилцуулаагүй, үүнээс үүдэн нотлох баримт тайлбар аваагүй. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хуралдсаныг анхан шатны шүүхээс над руу нэг ч удаа залгаж, мэдэгдээгүй бөгөөд 2020 оны 09 дүгээр сард өөрөө эрж хайн байж хэргийн материалтай анх удаа танилцаж 14,259,800 төгрөгийг хариуцахаа мэдэж авсан. Шүүх хуралдааны товыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу мэдэгдээгүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “Эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шинжилгээ хийхэд энэ хуульд заасан журмыг баримтална.” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн дүгнэлтийг шийтгэх тогтоолийн үндэслэл болгон иргэний хариуцагч надаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлэгт заасан нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх зарчмыг ноцтой зөрчсөн байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Т.Банзрагч, Б.Бүжинлхам нар хамтран гаргасан гомдолдоо: “...Т.Б, Б.Б нарыг тус эрүүгийн хэрэгт татан оролцуулж, 2 шатны шүүхээс Т.Б-ас 8,461,996 төгрөгийг, Б.Бүжинлхамаас 19,443,862 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль болон бодит байдалтай нийцээгүй бөгөөд биднээс бүрдүүлж өгсөн баримтуудыг үндэслэлгүйгээр зөвхөн “Жи тайм корпорейшн” ХХК-ийн олгосон мөнгөний баримтыг үндэслэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөрдөн байцаах болон анхан шатны шүүхээс бидэнд хэргийн материал танилцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй, өөрийнхөө эрхийг хамгаалах бодит боломж олгоогүй. Иргэний хариуцагчийн хувьд бодит байдал, хохирлыг үнэн зөв тогтоогоогүй, хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй...” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч У.Г, түүний өмгөөлөгч н.Эрдэнэбат нар хамтран гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа мөрдөн байцаалтын шатанд хоёрхон удаа байцаалт авснаас хойш дахин ямар нэгэн байдлаар дуудаж байцаагаагүй, хэрэг прокурорт шилжиж байгаа талаар, хэрэг шилжихтэй холбоотойгоор хавтаст хэрэгтэй танилцуулах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрхийг хангах ажиллагааг хийгээгүйгээс иргэний хариуцагчаар татагдсан эсэхээ мэдээгүй. Шүүх хуралдааны товыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогчийн хувьд огт мэдэгдээгүйгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд гаргаж өгөх зэрэг эрх зүйн байдлаа дээрдүүлэхэд чиглэсэн хуульд заасан эрхээ эдлэж чадаагүй. Анхан шатны шүүх дээрх эрхийг эдлүүлээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх “иймээс зөрүү 23,929,706 төгрөгийг гаргуулсан нь үндэслэлтэй байна. У.Ганцэцэг нь хувиараа хэнд хэдэн төгрөгийн хохирол төлсөн нь хэрэгт хамааралгүй бөгөөд уг мөнгийг хохирлоос хасаж тооцох талаар мөрдөн байцаалтын шатанд хүсэлт гаргаагүй байна гэж дүгнэсэн. Миний хувьд яг энэ үндэслэлээр гомдол гаргаж байгаа. Учир нь намайг 2 удаа асууснаас хойш иргэний хариуцагчаар татсан эсэх, иргэний хариуцагч нь хуульд заасан ямар эрх, үүрэгтэй талаар ч танилцуулах ажиллагааг хийгээгүйгээс магадлалд дурдсан “мөнгийг хохирлоос хасуулах” хүсэлт, баримт гаргаж өгөх боломжгүй болсон тул энэ эрхийг минь хангаж өгөхийг анхан шатны шүүх хууль зөрчиж хэргийн оролцогчийн эрхийг хассан шийдвэрийг зөвтгүүлэхээр гомдол гаргаж байна.

Хэргийн материалтай оролцогч мөрдөгчөөс тогтоосон хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ гэж тодорхой хуульчилсан хуулийг зөрчсөнийг анхан шатны шүүх улмаар давж заалдах шатны шүүх яагаад дүгнэхээс зайлсхийж байгаа нь ойлгомжгүй байна. Харин давж заалдах шатны шүүх хэргийг бүх талаас нь бодитой үнэлэх үүргээ орхигдуулж анхан шатны шүүр хуралдаанд оролцвол зохих бүх оролцогч оролцсон гэж дүгнэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр шууд няцаагдана. Энэ нь давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн маш олон зайлшгүй хэрэглэвэл зохих зүйл, заалтыг хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл илтэд буруу тайлбарласан байх тул иргэний хариуцагч У.Г-т холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож прокурорт буцаалгах саналтай байна. Мөрдөгч, прокурор, анхан шатны шүүх намайг хэрэгтэй танилцуулсан, шүүх хурлын товыг мэдэгдсэн бол надаас гаргуулахаар шийдвэрлэсэн 23,929,706 төгрөгийг няцаах баримтуудыг нотлох баримтаар гаргах байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан иргэний хариуцагч У.Г-т холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож прокурорт буцааж, татгалзлаа нотлох, хавтаст хэрэгтэй танилцах, шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаж өгөхийг хүсэж байна. Мөн 23,929,706 төгрөгөөс 18,383,750 төгрөгийг хасч тооцох ёстой гэж үзэж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч М.У, түүний өмгөөлөгч Б.Дагиймаа нар хамтран гаргасан гомдолдоо: “...Намайг 7,648,828  төгрөг төлөх ёстой гэж миний эзэмшлийн автомашиныг битүүмжилсэн. Миний зүгээс хэд хэдэн удаагийн үйлдлээр “Жи тайм корпорейшн” ХХК-ийн дансанд мөнгө төлсөн байдаг. Үүнтэй холбоотой баримтуудыг ч гаргаж өгсөн. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх гаргаж өгсөн баримтуудыг огт үнэлээгүй.

Учир нь миний зүгээс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр н.Дэлгэрмаагийн нэрийн өмнөөс 4,598,160 төгрөг төлсөн баримт, мөн Г.Д-ын нэрийн өмнөөс 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,216,865 төгрөгийг тус тус “Жи тайм корпорейшн” ХХК-ийн дансанд төлсөн баримтыг гаргаж өгч байсан. Дээрх мөнгөнүүдийг М.У миний бие уг хүмүүсийн өмнөөс төлж байсан. Тиймдээ ч уг баримтууд нь надад эх хувиараа хадгалагдаж байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн. Мөн дээр дурдагдсан н.Д нь энэхүү хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч болон иргэний хариуцагч, хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээдэггүй. Энэхүү хэрэгт ямар ч холбогдолгүй хүн. Учир нь н.Д-ийн мөнгийг би төлсөн. Гэтэл н.Д үнэхээр мөнгөө төлөөд хохирсон бол хохирогчоор оролцох ёстой. Гэтэл уг мөнгийг намайг төлсөн талаар н.Д-аас мэдүүлэг авахуулах тухай хүсэлтийг гаргаж байсан боловч уг ажиллагааг хийгээгүй. Түүнчлэн энэхүү хэрэгт Г.Д нь хохирогчоор оролцож байгаа бөгөөд түүнээс 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,216,865 төгрөгийг хэн, хэзээ, хэрхэн төлөх талаар тодруулж өгөх хүсэлтийг гаргаж байсан боловч хүлээж аваагүй. Г.Д-ын нэрийн өмнөөс төлсөн мөнгөний баримтан дээр М.У-аас тушаасан нь харагдаж байдаг. Гүйлгээний утга хэсэгт нь Г.Д-ын нэрийг бичсэн байдаг.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, дээрх баримтуудыг үнэлж, миний төлөх төлбөрөөс 6,815,025 төгрөгийг хасаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Д.Х гаргасан гомдолдоо: “...Би албан ёсны компанид зохих дүрэм, журмынх нь дагуу ажиллаж, урамшуулал болгон өгсөн мөнгийг авсан нь үнэн. Гэтэл шүүхээс 17,453,388 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Би нэг ч хүнээс мөнгө аваагүй, хүн луйвардаагүй ба нэг ч хүн надад холбогдуулан хэн ч гомдол гаргаагүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Ц.Н гаргасан гомдолдоо: “...Өөрийн хүү Г.Г-т 2,299,080 төгрөг, түүний эхнэр А.О-д 2,330,508 төгрөг шилжүүлсэн ба надаас гаргуулахаар шийдвэрлэсэн 11,477,933 төгрөгөөс дээрх мөнгийг хасаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Г.Б гаргасан гомдолдоо: “...Иргэний хариуцагч Ц.Н-ийн урамшуулалд авсан 1,320,000 төгрөг, 1,383,225 төгрөгийн 2 удаагийн мөнгийг миний орлогод тооцоод байгаа. Мөн ээж Ц.Н-аас 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр миний дансаар 9,850,000 төгрөг орсон нь ээж “өөрийн дор 4 хүн оруулах гэсэн юм, чи компанийн данс руу шилжүүлээд өг” гэсний дагуу би компанийн данс руу шилжүүлсэн бөгөөд үүнийг хасаж тооцож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Э.Цщ, Ө.Бщ нар хамтран гаргасан гомдолдоо: “...Хохирогч болсон байтал иргэний хариуцагч болсонд гомдолтой байна. Нотлох баримтаа шүүхэд хангалттай гаргаж өгсөөр байтал нотлох баримт байхгүй гэх үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Ч.Ащ гаргасан гомдолдоо: “...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ надад холбогдох санхүүгийн баримтуудыг дахин нягталж, төлбөл зохих төлбөрийн хэмжээг зөвтгөж, давж заалдах шатны шүүхийн магадлалд Ч.Ащ надаас гаргуулахаар шийдвэрлэсэн 10,443,286 төгрөгөөс 835,985 төгрөгийг хасаж тооцож, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Б.Хщ гаргасан гомдолдоо: “...Монгол дахь албан ёсны компани гэж итгэн элссэн бөгөөд өөрийн ээж, найз нөхдийн мөнгийг компанийн дансаар шилжүүлж өгч байсан. Хүний мөнгийг нэг ч удаа дураараа авч байгаагүй, ямар нэг хүн хохироогоогүй тул хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Б.Гщ гаргасан гомдолдоо: “...Би  “Жи тайм корпорейшн” ХХК-д элсэн орохдоо гэрээний дагуу ажиллаж, хүнтэй хамтран ажиллаж мөнгө авсан нь үнэн боловч хүмүүсийн мөнгийг луйвардаж аваагүй. Хэргийг үнэн зөв шийдвэрлэж  өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Б.Дщ гаргасан гомдолдоо: “...Би энэ компанид элсэн орохдоо гэрээний дагуу элсэн орж ажилласан бөгөөд нэг удаа урамшууллын мөнгө авсан. Харин хүмүүсийн мөнгийг луйвардаж аваагүй...” гэжээ

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч С.Рщ гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль болон бодит байдалд нийцэхгүй байна. Надаас гаргаж өгсөн баримтыг үнэлээгүй, хохирлыг зөв тогтоогоогүй, зөвхөн компаниас олгосон мөнгийг үндэслэж,  хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Р.Ощ гаргасан гомдолдоо: “...Би “Жи тайм корпорейшн” ХХК-д гишүүнээр элсэн орсны улмаас 28,540,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, урамшуулалд 21,960,000 төгрөгийг авч, 6,579,000 төгрөгөөр хохирсон байхад иргэний хариуцагчаар татан оролцуулж байгаа нь хууль болон бодит байдалтай нийцэхгүй байна. Бүх нотлох баримтуудыг гаргаж өгсөн байтал шүүх баримтуудыг үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна...” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Э.Уянга гаргасан гомдолдоо: “...Би “Жи тайм корпорейшн” ХХК-д гэрээний дагуу элсэн орж ажилласан ба “вип”  хөтөлбөрийг хамт ажилладаг 2 хүнд санал болгосон бөгөөд тэдгээр хүмүүс надаас шалтгаалахгүйгээр өөрсдөө бүртгүүлж элсэж, тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал авсан байдаг... Шүүхийн шийдвэрээр надаас мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлэгт заасан нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх зарчим ноцтой зөрчигдсөн тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч И.Цщ гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн. Уг компанид дүрмийн дагуу ажиллаж урамшуулал авсан. Уг урамшууллыг буцаан төлнө гэж гарын үсэг зураагүй” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Н.Т, Г.Б нар хамтран гаргасан гомдолдоо: “...Шүүхээс Н.Т-оос 40,597,926 төгрөг, Г.Б-аас 21,781,422 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. “вип” хөтөлбөрт Н.Т 2,300,000 төгрөгөөр нийт 4 удаа 9,200,000 төгрөг, Г.Б 9,200,000 төгрөг, Основ хөтөлбөрт 800,000*14=11,200,000 төгрөг, “вип” хөтөлбөрт 2,300,000*28=64,400,000 төгрөг, нийт 75,600,000 төгрөгийн бараа захиалга хийж, Н.Т 40,597,926 төгрөг, Г.Б 21,781,422 төгрөгийн урамшуулал авсан. Нийт 62,379,348 төгрөг. 75,600,00-62,379,348=13,220,652 төгрөг, үүнээс үзэхэд бид ашиг олоогүй, бидэнд алдагдалтай байгааг нотолж байна. Иймд шүүх хохирлыг үнэн зөв тогтоогоогүй бидэнд олгогдсон эрхийг эдлүүлээгүй тул шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч С.Б гаргасан гомдолдоо: “...Миний бие иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нэг ч төгрөг их бага хэмжээгээр аваагүй ба ямар нэг бараа материал аваагүй, намайг хэлмэгдүүлж байна. Иймд надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Ц.С гаргасан гомдолдоо: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа анхнаасаа Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, намайг хэлмэгдүүлж байна...” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Ч.М гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс надаас 16,958,230 төгрөг гаргуулж, хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн нь илт хууль бус юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа анхнаасаа Үндсэн хуулийг холбогдох заалтуудыг зөрчсөн ба намайг хэлмэгдүүлж байна. Би ямар нэг хүнээс мөнгө аваагүй, хэнийг ч залилан мэхлээгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

 Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Л.Н гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс надаас 13,946,600 төгрөг гаргуулж, хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн нь илт хууль бус бөгөөд намайг хэлмэгдүүлж байна. Би хэн нэгнээс нэг ч төгрөг, бараа материал авч байгаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Т.Э гаргасан гомдолдоо: “...Энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан атлаа хэргийн материалтай танилцуулаагүй, мөрдөн байцаагч хэргийг бүрэн гүйцэт шалгаагүй. Бид бүхэн авсан урамшууллынхаа хэрээр улсад татвараа төлдөг байсан ба татвар төлсөн үнийг миний авсан урамшууллаас хасаагүйг ойлгохгүй байна. Би авсан урамшууллаар 3, 4 хүн элсүүлсэн бөгөөд энэ тухай баримтаа гаргаж өгсөн байтал баримтыг үнэлээгүй. Би ямар ч хүнийг хохироогоогүй тул хэргийг дахин шалгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч С.С гаргасан гомдолдоо: “...Шүүх надаас 47,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус юм. Монгол Улсад хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг, улсад татвараа төлдөг байгууллага гэж ойлгон ажиллан урамшуулал авсан. Энэ мөнгийг төлнө гэж гарын үсэг зураагүй. Дээрх мөнгийг компаниас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Г.Д гаргасан гомдолдоо: “...Би хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын өмнө гэрээ болон хуулиар ямар нэгэн үүрэг хүлээсэн, гэмт хэргийн улмаас иргэний эрх зүйн ямар харилцаанд орсноо ойлгохгүй байна. Иргэний нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ хэрхэн тодорхойлсон, надад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа үгүйд эрх зүйн дүгнэлт хийгээгүй шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2-т зааснаар иргэний хариуцагчид хохирол хариуцвал зохих этгээд мөн гэдэг нь тогтоогдоогүй байна. Мөн надаас ямар нэг хохирогч гэж нэг ч хүн хохирол барагдуулахыг шаардаагүй. Урамшуулал болгон авсан 20,000,000 төгрөгөөс 3 хүнийг 6,900,000 төгрөгөөр оруулсан. Шүүхээс 14,188,707 төгрөг гаргуулахаар шийдсэн. Мөн нэр бүхий 6 хүн 13,925,000 төгрөгөөр миний авсан урамшууллын 14,188,707 төгрөгөөс төлж элссэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Д.Б гаргасан гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрээр надаас 41,738,200 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хууль бус юм. Компанийн дүрмийн дагуу ажиллаж урамшуулал авсан ба урамшууллыг буцаан төлнө гэж гарын үсэг зураагүй. Энэ мөнгийг компани төлөх ёстой гэж үзэж байна...” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Т.К гаргасан гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрээр надаас 33,784,059 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. 2 төрсөн дүү миний мөнгөөр бараа захиалсан ба нийт 15,626,000 төгрөг, татвар 4,200,000 төгрөг, урамшуулалд 19,664,200 төгрөг, 19,773,700 төгрөг, нийт 39,437,900 төгрөг болсон. Оруулсан мөнгө 15,626,000 төгрөг, үлдэгдэл 23,819,000 төгрөгөөс Ч.Т, Ц.З, О.Б нарт 14,454,000 төгрөгийг өгсөн ба үүнийг хасаад 9,357,900 төгрөг үлдэж байна. Гэтэл надаас 33,784,059 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд дээрх төлбөрийг компаниас гаргуулж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч К.Д гаргасан гомдолдоо: “...Намайг иргэний хариуцагчаар татаж, 16,630,480 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхэд хэдэн сарын хэдний өдөр хэдэн төгрөг орсон тухайгаа тодорхой бичсэн боловч хянаж үзээгүй. Анхан шатны шүүх бидэнд Үндсэн хуулиар олгогдсон эрх, үүргийг эдлэх боломж олгоогүй, хууль зөрчсөн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, төлбөрөөс чөлөөлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Г.М гаргасан гомдолдоо: “...Миний урьж оруулсан нэр бүхий 4 хүн тус бүрд хохирлыг нь бүрэн төлж барагдуулсан. Гэтэл хохирол төлөгдсөн хохирогчдын нэрсэд орж дахин хохирол төлүүлэх гэж байгаад гомдолтой байна. Хохирол төлсөн эдгээр баримтуудыг мөрдөн байцаагчид өгөх гэтэл шүүхэд хэрэг шилжсэн, шүүхэд баримтаа гаргаж өг гэж хэлсэн боловч надад хурлын тов мэдэгдэлгүй шүүх хурал болчихсон байсан. Эдгээр 4 хүнд төлсөн 8,200,000 төгрөгийг хасаж, 1,311,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Г.Б гаргасан гомдолдоо: “...Энэ хэрэгт иргэний хариуцагчаар татаж төлбөр төлүүлэх шийдвэрийг шүүх гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь иргэний хариуцагчаар татагдсан хүмүүс нь иргэдээс ямар нэгэн мөнгө аваагүй, зөвхөн компанид өөрийн мөнгөө оруулж дүрмийн дагуу урамшуулал авсан, бусад иргэдтэй харьцаагүй, тэднийг хуурч мэхлээгүй, иргэд өөрсдөө сайн дураараа компанид нэгдсэн байхад биднээс мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, төлбөрөөс чөлөөлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Н.С гаргасан гомдолдоо: “...Хохирогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн С.Ар-д 2,300,000 төгрөгийг төлж хохирлыг барагдуулсан байхад хохирогчдын нэрсийн жагсаалтад дахин орж, надаар хохирол төлүүлэхээр шийдвэр гаргасанд гомдолтой байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Б.Х гаргасан гомдолдоо: “...Энэхүү шийдвэр нь хуульд нийцээгүй, хэргийн материалтай танилцуулаагүй, шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлт гаргах гэх мэт эрхүүдийг эдлүүлээгүй. Үүнээс үүдэн надад хамааралтай бодит байдлыг тогтоох баримт цуглуулах ажиллагаа хийгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Би өөрийнхөө багт оруулсан М.О, А.Э нарт тус бүр 2,300,000 төгрөгийн хохирол бэлэн мөнгө болон хүүхдийн хувцасаар төлж барагдуулсан атал хохирогчийн нэрсийн жагсаалтад байгаа тул давхар төлөгдөх болж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Б.Г, Г.П, Б.Н, Б.Н, Г.Д, Б.Г нар, тэдгээрийн өмгөөлөгч П.Итгэл нар хамтран гаргасан гомдолдоо: “...Б.Г, Г.П, Б.Н, Б.Нн, Г.Д, Б.Г нарыг тус эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татан оролцуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хавсралтад нэр дурдсан 906 иргэний хариуцагчаар 6,881,661.22 төгрөг гаргуулахаар, хавсралтын 137-д Б.Г 16,417,800 төгрөг, 138-д Г.П 19,021,300 төгрөг, Б.Н 14,076,068 төгрөг, 169-д Б.Н 17,799,255 төгрөг, 551-д Г.До 16,711,000 төгрөг, 732-д Б.Г 4,019,000 төгрөг гаргуулахаар тогтоол гарсан.

Нэр бүхий эдгээр 6 иргэний хариуцагч нарын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрх эдэлж, үүргийг хүлээх хуулийн зохицуулалт байгаа. Гэтэл цагдаа, прокурор, анхан шатны шүүх нь хэргийн материалтай танилцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэгт өөрийн эрх ашгийг хамгаалахад шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлэх, нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргах, урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргах, хэргийн материалтай танилцах гэх мэт эрхүүдийг эдлүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж ажиллагаа хийсэн байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хуулийн үндэслэл бүхий магадлал болж чадаагүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд эд хөрөнгө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдал шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. Шүүх гэмт хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит зардлыг нөхөн төлүүлэх хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэсэн хуулийн зохицуулалт байна. Гэтэл эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх эдгээр заалтын дагуу бодит хохирлыг тогтоож тооцоолоогүй. “Жи тайм корпорейшн” ХХК-ийн сайтад гишүүн болж ороход хамтран ажиллах гэрээг зөвшөөрч бүртгүүлээд уг гэрээний дагуу мөнгө шилжүүлж ажилласан. Компани урамшуулал олгохдоо нийгмийн даатгал болон ХХОАТ-ыг суутгаж аван хүн тус бүрд ХААН банк болон Худалдаа хөгжлийн банкаар дамжуулж олгодог байсан.

Иймд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг “Шүүх давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүй ба бусад ял шийтгүүлсэн, цагаатгагдсан этгээд давж заалдах гомдол, бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзнэ.” гэснийг зөрчиж мөн анхан болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгох буюу иргэний хариуцагч Б.Ганбат, Г.Пүрэвсүрэн, Б.Нэргүй, Г.Должинсүрэн, Б.Ганцэцэг нар “Жи тайм корпорейшн” ХХК-тай гэрээний дагуу ажиллаж урамшуулал авч, хуулийн дагуу татвар төлж, гэмт хэргийн болон залилангийн замаар мөнгө аваагүй тул Б.Ганбат, Г.Пүрэвсүрэн, Б.Нэргүй, Г.Должинсүрэн, Б.Ганцэцэг нарыг иргэний хариуцагчаар тогтоосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Н.М гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтуудыг бүхэлд нь хянан үзэлгүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтад дүгнэлт өгөлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хэрэгт багийн ахлагч нараас авсан бүртгэлийн дэвтрүүд авагдсан бөгөөд тус компанид элсэхэд бэлнээр мөнгө төлдөг байсан ба бэлнээр мөнгө төлж гишүүнээр элсэн орсныг тухайн гар бүртгэлийн дэвтэрт тусгадаг байсан. Бүртгэлийн дэвтрүүдэд тусгагдсан бэлнээр төлсөн 4,683,000 төгрөгийг болон 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хаагдсаны улмаас логин нэр үүсгэж чадаагүй ч логин нэр үүсгэж элсэхээр 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 2,340,000 төгрөгийг тус тус хохиролд тооцож, нийт урамшууллаас хасаж, компанид элсэхэд төлсөн 7,023,000 төгрөгийг үлдэгдэл 6,247,307 төгрөгөөс хасаж тооцох үндэслэлтэй. Иймд давж заалдах шатны шүүхэд дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Л.А гаргасан гомдолдоо: “...Энэ компанийн үйл ажиллагаа албан ёсны, хууль дүрмийн дагуу ажлаа эхэлсэн бөгөөд хувь хүний орлогын албан татвар төлдөг байсан бөгөөд энэ үндэслэлийн дагуу компанид элсэн ажиллаж урамшуулал авсан. Харин шүүхээс 18,909,324 төгрөг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн тул надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч А.Ц гаргасан гомдолдоо: “...Тухайн компанийн ажиллах гэрээний дагуу “вип” хөтөлбөрийг 2 хүнд санал болгож, тэдгээр хүмүүс надаас шалтгаалахгүйгээр өөрсдөө онлайн гэрээгээ байгуулж, компанийн дансанд мөнгөө тушааж, тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал авсан. Анхан шатны шүүхийн тогтоолд иргэний хариуцагчаар тогтоогдсон би хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын өмнө гэрээ болон хуулиар ямар нэг үүрэг хүлээсэн, гэмт хэргийн улмаас иргэний эрх зүйн ямар харилцаанд орсноо ойлгохгүй байна. Мөн надад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан хүн байхгүй бөгөөд энэ талаар шүүх эрх зүйн дүгнэлт хийгээгүй, хохирол төлвөл зохих этгээд гэдэг нь тогтоогдоогүй.

Надад хэргийн материалтай танилцуулаагүй, үүнээс үүдэн өөрт холбоотой нотлох баримт, тайлбар аваагүйгээс гадна шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Т.Ч гаргасан гомдолдоо: “...Тухайн компанийн ажиллах гэрээний дагуу “вип” хөтөлбөрийг 2 хүнд санал болгож, тэдгээр хүмүүс надаас шалтгаалахгүйгээр өөрсдөө онлайн гэрээгээ байгуулж, компанийн дансанд мөнгөө тушааж, тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал авсан. Анхан шатны шүүхийн тогтоолд иргэний хариуцагчаар тогтоогдсон би хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын өмнө гэрээ болон хуулиар ямар үүрэг хүлээсэн, гэмт хэргийн улмаас иргэний эрх зүйн ямар харилцаанд орсноо ойлгохгүй байна. Мөн надад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан хүн байхгүй бөгөөд энэ талаар шүүх эрх зүйн дүгнэлт хийгээгүй, хохирол төлвөл зохих этгээд гэдэг нь тогтоогдоогүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч А.С гаргасан гомдолдоо: “...Тухайн компанийн ажиллах гэрээний дагуу “вип” хөтөлбөрийг 2 хүнд санал болгож, тэдгээр хүмүүс надаас шалтгаалахгүйгээр өөрсдөө онлайн гэрээгээ байгуулж, компанийн дансанд мөнгөө тушааж, тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал авсан. Анхан шатны шүүхийн тогтоолд иргэний хариуцагчаар тогтоогдсон би хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын өмнө гэрээ болон хуулиар ямар нэг үүрэг хүлээсэн, гэмт хэргийн улмаас иргэний эрх зүйн ямар харилцаанд орсноо ойлгохгүй байна. Мөн надад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан хүн байхгүй бөгөөд энэ талаар шүүх эрх зүйн дүгнэлт хийгээгүй, хохирол төлвөл зохих этгээд гэдэг нь тогтоогдоогүй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Д.Х гаргасан гомдолдоо: “...Шүүхээс 14,251.10 төгрөг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус юм. Уг компанид дүрмийн дагуу ажиллаж, урамшуулал авсан. Уг урамшууллыг буцаан төлнө гэж гарын үсэг зураагүй” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Д.Ч гаргасан гомдолдоо: “...Шүүхээс 21,347,809 төгрөгийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Уг компанид дүрмийн дагуу ажиллаж, урамшуулал авсан ба уг урамшууллыг буцаан төлнө гэж гарын үсэг зураагүй. Авсан мөнгөө буцааж компанийн данс руу хийсэн ба уг мөнгөнөөс 100,000 төгрөг авсан. Энэ тухай баримтаа мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Д.Д гаргасан гомдолдоо: “...Миний бие мөрдөн байцаах ажиллагааны үед өгсөн гэрчийн мэдүүлэгтээ өөрийн авсан 19,872,690 төгрөгийг дахин тус компанид тушаан элсэн орж дуусгасан тухайгаа тодорхой дурдсан. Хэдийгээр урамшуулалд 19,872,690 төгрөгийг авсан хэдий ч компанийн данс руу шилжүүлсэн төлбөр 21,030,400 төгрөг болсон, энэ нь компанийн дансны хуулгаас тодорхой харагдана. Иймд надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч С.Э гаргасан гомдолдоо: “...Миний бие компанийн “вип” хөтөлбөрт 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2,139,972 төгрөг төлж элсэн ороод 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 19,664,260 төгрөгийн урамшуулал авсан бөгөөд урамшууллын мөнгөнөөс 9 хүний 18,541,648 төгрөгийг гаргаж элсүүлэн. Гэтэл нэр бүхий 9 хүнээс мэдүүлэг аваагүй. Н.Э, М.С, Д.Г нар нь надаас мөнгө авч элссэн гэдгээ давж заалдах шатны шүүхэд бичгээр мэдэгдсэн боловч шүүх тэдгээр баримтыг хүлээн аваагүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Г.Д гаргасан гомдолдоо: “...Нэр бүхий хүмүүсийг өөрөөсөө мөнгө гаргаж элсүүлсэн байхад надаас 7,483,152 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Надаас мөнгө авч элссэн гэсэн хүмүүсийн мэдүүлгийг шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Ш.Амар гаргасан гомдолдоо: “...Компанид элсэн 20,000,000 төгрөг авсан нь үнэн бөгөөд өөрийн мөнгөөр нэр бүхий 18 хүнийг элсүүлсэн. Эдгээр хүмүүс мөрдөн байцаалтын шатанд надаас мөнгө авч элссэн гэдгээ мэдүүлсээр байхад эдгээр баримтуудыг үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Мөн хэрэгт нэмэлт шинээр нотлох баримт гаргаж өгөх байсан” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Н.Т гаргасан гомдолдоо: “...Миний эхнэр болон дүү нар энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон боловч эд хөрөнгийн бодит хохирол хүлээгээгүй бөгөөд эдгээр хүмүүс миний мөнгөөр элссэн. Мөрдөн байцаалтын явцад хохирогч, иргэний хариуцагч нарыг зөв тодорхойлоогүй, хэргийн үнэн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч А.Н гаргасан гомдолдоо: “...Би хүнээс мөнгө аваагүй, энэ компанид элсээд 20,000,000 төгрөг авсан ба татварт 2,000,000 төгрөг, компанийн дансанд 500,000 төгрөг, ажиллаж чадахгүй гэсэн хүмүүст буцааж өгч хохиролгүй болгосон байхад нотлох баримтгүй гэсэн үндэслэлээр надаас мөнгө гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Б.Г, Г.Б, Б.Б нар хамтран гаргасан гомдолдоо: “...Хэрэгт банкинд тушаасан мөнгөний баримтууд хавсаргасан бөгөөд бид иргэний хариуцагч бус хохирогчид юм...” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч А.Ц гаргасан гомдолдоо: “...Би 18,000,000, 20,000,000 төгрөгийн урамшуулал аваагүй бөгөөд би цагдаагийн байгууллагад өргөдөл өгөөгүй байхад намайг дуудаж байцаасан. Надаас мөнгө нэхэмжилсэн хүн байхгүй” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Б.Б гаргасан гомдолдоо: “...Тус компанид хамрагдан ажиллаж байсан бүх хүмүүс компанийн нэрийн дансанд мөнгөө хийж байсан. Миний нэр дээр ямар ч нэхэмжлэл, материал ирээгүй, надаас хэн ч мөнгө нэхэмжлээгүй бөгөөд надаас гаргуулахаар шийдвэрлэсэн мөнгийг компаниас гаргуулах нь зүйтэй” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Д.О гаргасан гомдолдоо: “...Надад хэргийн материалтай танилцах боломж олгоогүй. Урамшуулалд авсан мөнгөнөөсөө дахин өөрийн гэр бүл, найз нөхөддөө хөрөнгө оруулалт хийсэн тухай баримт гаргаж өгөх эрхээр хангаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй. Би бусдаас мөнгө аваагүй, компанид элссэн бүх хүмүүс уг компанийн данс руу мөнгөө шилжүүлдэг байсан. Энэ мөнгийг компани хариуцах ёстой гэж үзэж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Т.У гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүхийн магадлалын үл хөдлөх хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай жагсаалтын 17-р мөрөнд буй 10-28 тоот хөрөнгийг хасаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч С.Ж гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх урамшууллын мөнгө 9,840,000 төгрөгийг хувьдаа завшсан гэж надаас гаргуулахаар шийдвэрлэсэн боловч би 2,400,000 төгрөгийг компанид өгч хохирсон байхад шүүх дээрх төлбөрөөс үндэслэлгүйгээр хасаж тооцоогүй. Иймд 2,400,000 төгрөгийг хасаж тооцож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч С.М гаргасан гомдолдоо: “...Би урамшуулал 979,600 төгрөг авсан ба 1,408,790 төгрөгөөр хохироод байна. Энэ талаар Орхон аймгийн цагдаагийн газарт баримтаа өгсөн хэдий ч уг баримтууд Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд очсон эсэх нь тодорхойгүй. Иймд хэргийг дахин хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.          

Прокурор О.Мөнхбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Анхан болон давж заалдах шатны шүүх Э.О-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд хэргийн бодит байдал, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хязгаарласан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэлээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Жи тайм корпорейшн” ХХК-ийн хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрүүдэд ашиглаж байгаа маркетинг, төсөлд бүртгүүлж гишүүнээр элсэх зарчим, дараалал, компанийн бүтэц зэргийг тогтоолгох зорилгоор Монгол Улсын их сургууль, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас томилогдсон 7 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан байна. Тодруулбал, “Жи тайм корпорейшн” ХХК нь гадаад худалдааны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлтэй боловч уг үйл ажиллагааг явуулалгүй, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар иргэдэд өндөр ашиг хүртээхээр амлах, цахим хэрэгсэл ашиглаж, мөнгийг чинь өсгөнө гэж худал хэлэх зэргээр бодит байдлыг нуун дарагдуулах, зохиомол байдлыг бий болгох замаар тэдгээрийг төөрөгдүүлсэн үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Э.О нь “Жи тайм" хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа үүнийгээ хууль ёсны мэт болгох зорилгоор Монгол Улсад “Жи тайм корпорейшн" ХХК-ийг байгуулах саналыг гарган, улмаар гадаад худалдаа эрхлэх нэрийн дор уг компанийг байгуулуулж, өөрөө гүйцэтгэх захирлаар нь томилогдон, хууль бус үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэхэд туслалцаа үзүүлж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон болох нь тогтоогдсон, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Мөн шүүхээс Э.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж, 5 жилийн хорих ялаар шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна гэж үзлээ. Анхан шатны шүүхээс “Э.О нар нь "Жи тайм корпорейшн” ХХК-ийг үүсгэн байгуулахдаа өөрсдийн явуулж буй үйл ажиллагааг хууль ёсны мэт харагдуулах, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг мэтээр бодит байдлыг нуун дарагдуулах, иргэдийг төөрөгдүүлэх халхавч хэлбэрээр байгуулсан тул уг компанийг иргэдэд учирсан хохирлыг хууль ёсоор хариуцах хуулийн этгээд гэж иргэний хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэсэн боловч гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлыг шүүгдэгч Э.О-т хариуцуулан, гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Тодруулбал, мөрдөн шалгах эрх бүхий байгууллагаас Маженов Марат Маульсейтовичид 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар татсан, Нийслэлийн прокурорын газраас уг хэргийг яллагдагч оргон зайлсан үндэслэлээр тусгаарласан байх тул нэг үйл баримт, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гэмт хэрэг хамтран үйлдсэн этгээд бүрт тэнцүү хувааж шийдвэрлэх нь зүйтэй. Харин энэ талаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн боловч хохирлын тооцоонд өөрчлөлт оруулаагүй байна.

Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шүүх “Эд хөрөнгө захиран зарцуулах эрх хязгаарлах тухай” тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан 152 иргэний хариуцагч, “Эд хөрөнгө захиран зарцуулах эрх хязгаарлах тухай” тогтоолоор эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан тээврийн хэрэгслийн жагсаалтад заагдсан 52 иргэний хариуцагч, “Эд хөрөнгө захиран зарцуулах эрх хязгаарлах тухай” тогтоолоор иргэний хариуцагч нарын арилжааны банкны данс дахь 13 иргэний хариуцагчийн мөнгөн хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан асуудлыг анхан шатны шүүх шийдвэрлэхгүйгээр орхигдуулсан тул уг асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэж дүгнэн, эд хөрөнгийн жагсаалтыг магадлалын хавсралтаар гаргасан байна.

Гэтэл магадлалын хавсралтад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын тогтоолоор хүчингүй болгосон эд хөрөнгийн жагсаалтыг дурдсан, мөн иргэний хариуцагчийн жагсаалтын 628 дугаарт Д.О-ийг, хохирогчийн жагсаалтын 11233 дугаарт давхардуулсан, Д.О нь уг хэрэгт хохироогүй харин иргэний хариуцагч байвал зохих этгээд байх тул түүний нэрийг хохирогчийн 11233 дугаарын жагсаалтаас хасах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, иргэний хариуцагчийн 628 дугаарт, хохирогчийн жагсаалтын 11233 дугаарт бүртгэгдсэн Д.О-ийн овог, регистр нь зөрүүтэй, 2 өөр хүн байх тул холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, өөрчлөлт оруулах,

мөн Д.А, Н.Х нарын эд хөрөнгийг захиран зарцуулах эрх хязгаарласан шийдвэрийг “Эд хөрөнгө захиран зарцуулах эрх хязгаарлах тухай” тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан 152 иргэний хариуцагчдын жагсаалтад оруулалгүй орхигдуулсан байх тул нэмж оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох заалтад дээрх өөрчлөлтийг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлт гаргаж байна” гэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хяналтын шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Э.О-т холбогдох хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5-д заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Ингэхдээ давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй бөгөөд гомдол, эсэргүүцэлд тусгагдсан асуудлыг нотлох баримт шинжлэн судлах замаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дүгнэн анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдвэрт нөлөөлж болох нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд түүнд өөрчлөлт оруулах замаар хэргийн бодит байдлыг тогтоодог учиртай.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.О-т хэргийн материалыг сайтар судлалгүй төөрөгдөлд орсны улмаас дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, гэмт хэргийн нотлогдсон байдлын хэмжээ хязгаараас хальж, илтэд зөрүүтэй, алдаатай дүгнэлт хийсэн, түүнчлэн ямар нотлох баримтад тулгуурлаж зарим  иргэний хариуцагч, хохирогч нарын нэр, хохирол, хариуцвал зохих төлбөрийн дүнд өөрчлөлт оруулсан болохоо огт дурдалгүй  шийтгэх тогтоол, түүний хавсралтад өөрчлөлт оруулсан нь буруу болжээ.

Тухайлбал, хохирогч Г-ын Б-ийн /РД:****/ “...2,303,000 төгрөгийг тушаагаад баримтаа Нямгэрэл гэдэг хүн дээр авч очиход одоо сүлжээнд шивж оруулна, өөрийнхөө сүлжээнд нэвтрэх логин нэрээ хэлээрэй гэхээр нь tsogoo09 гэж хэлэхэд код нь amijilt шүү гэж хэлсэн. ...нөхөр Отгонбатын нэрээр өөрийгөө хувилж 2,320,000 төгрөг Нямгэрэлд бэлнээр аваачиж өгөөд сүлжээнд шивүүлээгүй явсан. ...манай нөхрийн нэрийг otgon90 гэсэн логин нэрээр шивсэн байсан. Цээсүрэн гэдэг хүний Tseesuren elit нэртэй “вип” хөтөлбөрийн багт boogii09 гэсэн логин нэртэй хүний доор элсэж орсон...”, хохирогч Н-ын Б-ын /РД:****/ “...Ц-ийн Э гэдэг хүнтэй нийлээд “вип” хөтөлбөрт нь миний gold8999 гэсэн логин нэрээр элсүүлсэн гэсэн. ...би 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ц ахлагчтай Жи тайм төслийн Элит гэдэг нэртэй баг, бага охин С-д бэлнээр өгч, найз Э-тай нийлж gold8999 гэсэн логин нэрээр охин С-ийн ayalguu888 гэсэн логин нэрний доор элссэн бөгөөд доороо ямар нэгэн хүн элсүүлээгүй...” гэж тус тус мэдүүлжээ. /359хх 90-94, 96-98/   

Хохирогч Ц-ийн Э /РД: ****/,  Ч-ны С****/ нар Цээсүрэн ахлагчтай Элит багт элсэн орж, gold8999, ayalguu888 гэсэн логин нэрээр бүртгүүлэн хохирогч нарын нэрсийн жагсаалтын 109, 1158, иргэний хариуцагч Б-ийн Н /РД: ****/ иргэний хариуцагчийн жагсаалтын 687 дугаарт тус тус бүртгэгдсэн байх бөгөөд Г.Б, Н.Б нарын логин нэр яагаад давхардсан, тушаасан гэх мөнгө хэний нэр “Жи тайм корпорейшн” ХХК-д /цаашид компани гэх/ орсон, давхардсан тохиолдолд тэд иргэний журмаар маргаанаа шийдвэрлүүлэх эрхтэй эсэхэд дүгнэлт хийлгүй тэднийг хохирогчдын нэрсийн жагсаалтын 11233, 11350 дугаарт нэмж оруулсан нь ойлгомжгүй байна. /48хх 31-58, 115хх 126-131, 512хх 96-113 / 

Иргэний хариуцагчийн жагсаалтын 628 дугаарт Доржийн Оюунцэцэгийг, хохирогчийн жагсаалтын 11233 дугаарт буй Д.О-ийг тус тус давхардуулан оруулсан, Д.О нь уг хэрэгт хохироогүй харин иргэний хариуцагч байвал зохих этгээд байх тул түүний нэрийг хохирогчийн 11233 дугаарын  жагсаалтаас хасах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэжээ. Мөрдөн шалгах ажиллагаанд Б овгийн Д-ийн О-ийг /РД: ****/ иргэний хариуцагч, Х овгийн Д-ын О-ийг /РД: ****/ хохирогчоор тогтоож, тэднээс мэдүүлэг авсан байх бөгөөд тэд өөр өөр хүн болох нь нотлогдсон тул Д-ийн О гэж давхардуулсан гэж үзэхгүй. /469хх 226-248, 509хх 30-44/

Харин Х овгийн Д-ын О /РД: ФМ68121368/ хохирогч, иргэний хариуцагч нарын нэрсийн жагсаалтад байх бөгөөд түүний нэр давхардсан эсэхийг тогтоох шаардлагатай.

Иргэний хариуцагч Л-ын М-ийн /РД:****/ хохирогчоор өгсөн мэдүүлэгт 22,498,975 төгрөгийн урамшуулал авсан гэсэн хэдий ч прокурорын яллах дүгнэлт, санхүүгийн баримтаас үзэхэд тэрээр нийт 13,534,332 төгрөгийн урамшуулал, бараа бүтээгдэхүүн авсан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар Дуяка, Мөнхтулга нар хэрэгт ямар оролцогчийн хувьд оролцсон, чухам юуг үндэслэж тэдэнд 9,264,850 төгрөгийг Л.М өгсөн гэж  дүгнэлтэд хүрсэн болохоо давж заалдах шатны шүүх шийдвэртээ тусгаагүй, тодорхой бус шийдэлд хүрсэн байна.

Түүнчлэн Б-ийн У /РД: ***/ энэ хэрэгт иргэний хариуцагч, гэрч, хохирогчоор, Ганбаатарын Адъяадорж гэрчээр тус тус өгсөн мэдүүлэг, иргэний хариуцагч Л.Мядагмаагийн анх 6,888,000 төгрөгөөр элссэн дүнд, Gzgiiv88, Yujin88 логин нэр зэрэгт дүгнэлт хийхийн оронд Адъяадорж, Уянга нарыг тус бүр 2,300,000 төгрөгийг өөрийн мөнгөөр элсүүлсэн тул хохирлоос хасаж тооцсоныг зөвтгөх боломжгүй байна. /62хх 1-11, 524хх 144-184, 582хх 124-127/

Г овгийн Г*ийн Б 32,401,742 төгрөгөөр компанид элсэж,  43,420,066 төгрөгийн урамшуулал авч, 11,018,324 төгрөг төлөх төлбөртэй гэж үзэж мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнийг иргэний хариуцагчаар татсан байна. /511хх 138-170/

Дээрх иргэний хариуцагч Г.Б-ы компанид элсэж орсон 32,401,742 төгрөг, логин нэр зэрэг нь түүний эх Ц.Нинагийн тушаасан мөнгөний баримттай давхардаж байгаа эсэхэд зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай.

Т.Б Ц ахлагчтай Элит багт орж, “вип” хөтөлбөрт 6 удаа bayan28, minj28, tsetsen28 гэсэн логин нэрээр нийт 13,800,000 төгрөгөөр компанид элсэж, 26,792,966 төгрөгийн урамшуулал, бараа бүтээгдэхүүн авсан бөгөөд давж заалдах шатны шүүхээс нэмж 2 удаа элссэн гэж үзэж, иргэний хариуцагчийн хариуцвал зохих төлбөрөөс 4,532,000 төгрөгийг хасаж тооцжээ. /483хх 215-233/

Иргэний хариуцагч Э.Б“...Би “вип” хөтөлбөрт 2,3 сая төгрөгөөр элсээд, 1 сар орчмын дараагаар би дээш түрэгдэж матрицийн толгойд буюу оройд гарснаар урамшуулал орж ирсэн. Би энд элссэн мөнгийг манай эхнэр тушаасан. Тэгэхээр би ямар банкаар ямар компанийн дансаар тушаасан эсэхийг мэдэхгүй. Би элссэнээс хойш миний доор ямар хүн элссэн талаархи мэдээлэл надад байхгүй...” гэж мэдүүлсэн байх бөгөөд тэрээр Есөнхөлөг ахлагчтай Ач багт орж, “вип” хөтөлбөрт tundra, tesla гэсэн логин нэрээр нийт 2,300,000 төгрөгөөр элсэж, 43,982,223 төгрөгийн урамшуулал, бараа бүтээгдэхүүн авчээ.

Харин Э.Б-ны хамтран амьдрагч Г. Э Гахлагчтай Руна багт орж “вип” хөтөлбөрт 12 удаа орж, tundra, tesla гэсэн логин нэрээр нийт 41,199,778 төгрөгөөр элсэж, 43,302,575 төгрөгийн урамшуулал, бараа бүтээгдэхүүн авсан ба логин нэр бүхий бүртгэлийн хуудсыг гарган өгсөн байх тул түүний гаргуулах төлбөрөөс давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн 6 удаагийн элссэн гэх логин нэр болон иргэний хариуцагчийн хариуцвал зохих төлбөрөөс хассан 13,830,972 төгрөг түүний нийт төлсөн 41,199,778 төгрөгтэй давхардсан эсэхийг дахин тодруулах нь зүйтэй болно.  /483хх 13-61, 62-68, 581хх 178/

Түүнчлэн давж заалдах шатны шүүх:

Иргэний хариуцагч С.Б “...Шинэцогийг Сторм /Storm/ ...Энхтуулийг Туулаа86 /Tuulaa86/ ...О.Цолмонг Цоомоо /Tsoomoo60/ логин нэрээр...”, иргэний хариуцагч Баасанжавын Цэцэгмаа /РД: УС57081508/ “...миний таньдаг 19 хүний нэр дээр “вип” хөтөлбөрт элссэн байгаа нь 43,700,000 төгрөг болж байгаа..” гэж тус мэдүүлснээс гадна Б.Цэцэгмаа /РД:УС57081508/ Мөнхзул ахлагчтай Зул88 багт орж, “вип” хөтөлбөрт 19 удаа ravjar, ujeed, BRZ65, tsentsee, tsoomoo60, bzagd tuulaa86, SR-IMD86, zulaa83, SBR88, khishigt8, buural, R.Prosper, storm SR-IMD, Toi Lam гэсэн логин нэрээр нийт 43,000,000 төгрөгөөр элсэж, 66,951,408 төгрөгийн урамшуулал, бараа бүтээгдэхүүн авсан, түүний хүү С.Б Зул88 багт, “Фаст” хөтөлбөрт 2 удаа, “вип” хөтөлбөрт 6 удаа тус тус нийт 14,900,000 төгрөгөөр компанид элсэж, 20,769,703 төгрөгийн урамшуулал, бараа бүтээгдэхүүн авсан байна. Иргэний хариуцагч Б.Ц, С.Б нар хэрхэн компанид элсэж орсон, тус тус урамшуулал авсан талаар мэдүүлсэн байхад давж заалдах шатны шүүх “...О.Цо-ийн 2,280,846 төгрөг,  Ш-ийн 2,299,080 төгрөг, Э-ын 2,280,846 төгрөг, нийт 6,860,772 төгрөг нь түүний эх иргэний хариуцагч Б.Ц-ийн компанид элссэн мөнгөний үнийн дүнд давхар тооцогдсон байх тул уг мөнгийг С.Б-ын компанид элссэн 14,500,000 төгрөгөөс хасаж, 6,860,772 төгрөгийг тус компанид элссэн гэж үзэхээр байна. Иймээс түүний олсон ашиг 27,225,291 төгрөгөөс дээрх нэр бүхий хүмүүсийн элсүүлсэн мөнгөн дүнг хасаж үлдэх 20,364,519 төгрөгийг С.Б-аас гаргуулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй...” гэж дүгнэсэн, /512хх 84-95, 522хх 50-108/,

Д.Днь “...У, Г, О, О нарын 4 хүнийг 9,172,000 төгрөгийг элсүүлсэн бөгөөд уг үнийн дүнд түүний элссэн 2,293,000 төгрөгийг оруулж тооцоогүй байна. Иймд ...21,146,707 төгрөгийн урамшуулал авсан гэж тооцон түүнээс 9,749,690 төгрөгийг гаргуулах нь зөв байна...” гэж дүгнэсэн хэдий ч анхан шатны шүүх хохирогч Д.О-д /РД:ЗЕ74022206/ 2,299,300.00 төгрөг, Д.О-д / 3,302,200 төгрөг олгохоор шийдвэрлэсэн байхад  үүнд дүгнэлт хийлгүй тэдний элссэн мөнгийг, иргэний хариуцагчийн хариуцвал зохих төлбөрөөс хасаж шийдвэрлэсэн,  /122хх 111-122, 197хх 204-234, 503хх 204-234/,

С.Э нь “...О.О-ийн wendy гэсэн логин нэртэй суудлын 1,250,000 төгрөгийг төлсөн...” гэж мэдүүлсэн, хохирогчоор тогтоогдсон О.О-д 2,252,082.00 төгрөг олгохоор анхан шатны шүүх шийдвэрлэсэн байдалд дүгнэлт хийлгүй “...О.О-ийн элссэн 1,250,000 төгрөгийн Wendy гэх логин бүртгэл хэрэгт байх бөгөөд энэ үнийн дүнг тооцоонд ороогүй байна. Иймээс хохирлын дүнг 8,960,888 төгрөгийг гаргуулж шийдвэрлэн өөрчлөлт оруулах нь зүйтэй...” гэж дүгнэсэн, /247хх 177-185, 523хх 223-250/

Э.Б нь “...Дэендоржийн Гоомарал ...-д 9,725,000 төгрөгийг өгсөн...” гэж мэдүүлсэн бөгөөд хэрэгт ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга авагдсан байх бөгөөд түүнд гараар Гоомарал гэж хэн бичсэн нь тодорхойгүй, мөн иргэний хариуцагч Д.Г-ын мэдүүлэгт Э.Б-аас мөнгө авсан тухай тусгагдаагүй, ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгад бичигдсэн **** данс түүнийх болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй,  хэрэв Д.Г-д мөнгө шилжүүлсэн гэж үзсэн  ямар учиртай болохыг тогтоогоогүй байхад “...Д.Г-ын Хаан банк дахь **** дугаарын дансанд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 9,725,000 төгрөг шилжүүлсэн байх тул хохирлоос хасаж тооцож анхан шатны шүүхээс 10,778,177 төгрөг гаргуулахаар заасныг өөрчилж 1,053,177 төгрөг гаргуулах нь зүйтэй...” гэж дүгнэсэн, /529хх 236-250, 530хх 7, 532хх 167-226/,

Д.Н нь “Жи тайм корпорейшн” ХХК-д 135,000 төгрөгөөр элсэн орж, 311,921 төгрөгийн урамшуулал, бараа бүтээгдэхүүн авсан байхад давж заалдах шатны шүүх түүний зөвхөн мөнгөн хэлбэрээр авсан урамшуулал 274,425 төгрөгөөс тооцож төлбөр гаргуулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн, /477хх 54-57/

“...Т.Г-ийн мэдүүлгээс үзэхэд тус компанид найз Ундармаад дамжуулан 2,300,000 төгрөгөөр “вип” хөтөлбөрт элсэн орсон байна, мөн цүнх болон гар утасны наалт зэрэг нийт 652,938 төгрөгийн бараа авч нийт 2,262,718 төгрөгийн ашиг олсон байх бөгөөд өөрөө 2,300,000 төгрөгөөр хөтөлбөрт элссэн тул 1,083,780 төгрөгийн хохирол төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Түүнийг иргэний хариуцагч гэх үндэслэлгүй байна...” гэж дүгнэсэн бөгөөд Т.Г-ийн мэдүүлэг хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар нотлогдож байгааг заагаагүй зэрэг байдалд хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлаж дүгнэлт хийх нь зүйтэй. 

Хохирогч П.Ц,  Н.А нарын хохирол, хариуцвал зохих төлбөрийг хэрхэн шинээр тогтоосон нь тодорхойгүй байх тул дахин нарийвчлан судлан тогтоох нь хуульд нийцнэ.

Анхан  шатны шүүхээс шүүгдэгч Э.О-ээс гаргуулах хохирлын тооцоог давж заалдах шатны шүүх 50 хувь буюу 5,957,108,943.9 төгрөг болгохдоо шийтгэх тогтоолын хавсралтыг шийдвэрлэлгүй орхигдуулсан, Эрүүгийн 201701000037 дугаартай хэрэгт мөрдөгчийн “Эд хөрөнгийн захиран зарцуулах эрх хязгаарлах тухай” тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгө болон тээврийн хэрэгслийн захиран зарцуулах эрх, арилжааны банкин дахь эзэмших дансны зарлага хийх эрх хязгаарласан шийдвэрүүдийг прокурорын тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад уг жагсаалтыг магадлалын хавсралт болгон хуульд зааснаар шийдвэрлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэн даалгаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Харин давж заалдах шатны шүүх уг хэрэгт эрх хязгаарласан хүчин төгөлдөр шийдвэрүүдтэй  үл хөдлөх эд хөрөнгө болон тээврийн хэрэгсэл, арилжааны банкны эзэмших дансан дахь хадгаламжийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлэх нь хуульд нийцэх бөгөөд ингэхдээ хариуцвал зохих төлбөрийг төлж барагдуулсан иргэний хариуцагч нарын эд хөрөнгийн эрхийг хязгаарласан тогтоол бүрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэвэл зохино.

Анхан шатны шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Э.О-т анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй гэж тодорхой заасан тул шүүгдэгч, иргэний хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг энэ удаад хянан шийдвэрлэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ДШМ/1458 дугаар магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.О-т холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхэд дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэх хүртэл Э.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ                              Ч.ХОСБАЯР

                    ШҮҮГЧ                                       Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН