Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 55

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2019       02        27                                         55

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Одыг суулган улсын яллагч Ц.Лхамсүрэн, шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Г.Дд холбогдох эрүүгийн 1921000000020 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1983 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдрах, Дорнод аймгийн ...................................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 166 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 210 цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, бие эрүүл гэх, .................... регистрийн дугаартай, Боржигон овогт Г.Д.

 

Шүүгдэгч Г.Д нь согтуугаар 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 23 дугаар байрны гадаа иргэн Б.Сүхбаатарыг зодож, “...биед нь баруун 8-р хавирганы далд хугарал, цээжний цус хуралт...” бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч Б.Сүхбаатарын “Самсунг эс-5” маркийн гар утсыг илээр, хууль бусаар авч 120000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Б.Сүхбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Г.Д надад хандаж “чи өчигдөр хамт архи ууж байгаад явахдаа Эрдэнэтуулыг авч яваад намайг үлдээсэн биздээ” гэж хэлэхэд нь би өөдөөс нь уурыг нь хүргэхээр хэрүүлийн үг хэлж хоорондоо маргалдсан юм. Тэгэхэд Г.Д миний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж, хөлөөрөө хавсарч газарт унагаад дээрээс миний баруун хавирга орчимд хөлөөрөө өвдөглөж байгаад босохдоо мөн цохисон юм. Тэр үед миний энгэрийн халааснаас газарт унасан “Самсунг Эс-5” маркийн гар утсыг аваад явсан. ...Тухайн үед Г.Д надад эмчилгээний мөнгө гэж бэлнээр 200000 төгрөг өгсөн бөгөөд одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/

 

Гэрч Д.Эрдэнэбулган мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Эрдэнэтуул бид хоёр авсан архинаас нь хуваалцан хамт архи уусан бөгөөд ууж байхад Г.Д, Сүхбаатартай маргалдаад эхэлсэн юм. Учир нь Сүхбаатарын гар утаснаас болсон байх, тэгээд удалгүй намайг ТҮЦ-ээс тамхи аваад ирэхэд тэр хоёр заамдалцаад зогсож байхаар нь би очиж салгасан. ...мөн 23 дугаар байрны орцны үүдэнд ахин хоорондоо маргалдаж байгаад Г.Д, Сүхбаатарын дээрээс нь дараад унасан. Тэр үед би хоорондоо яаж зодолдсоныг нь хараагүй ямар ч байсан Г.Д дээр нь гарчихсан байсан бөгөөд миний хувьд найз Эрдэнэтуулын хамт салгахад Г.Д газраас босоод Алтансүхийн хамтаар орцны үүдээр гараад явсан юм. Тэгээд тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа би найз Эрдэнэтуулын хамтаар “Шүр” зах дээр явж байхад Сүхбаатар дүү Батбаатарын хамтаар таарч надаас гар утсаа асуугаад байсан юм. Тэр үед Г.Д “Шүр” зах дээр үйл ажиллагаа явуулдаг Аригун хоолны газрын үүдэнд зогсож байхаар нь очиж би Г.Дд хандан “чи гар утсыг нь яасан юм бэ?” гэж асуухад харин мэдэхгүй байна гээд байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй байна. Ямар ч байсан Сүхбаатар өөрөө 2 хоногийн дараа “Шү”р зах дээр таарахдаа Г.Д намайг дээрээс дарж байхдаа миний халаасыг шүдээрээ тайлж авч байхыг би харсан гэж надад хэлж байсан бөгөөд миний хувьд Г.Дг гар утас авч байхыг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/

 

Гэрч Г.Эрдэнэтуул мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед найз Эрдэнэбулган бид хоёр хүн хайж байсан болохоор ууж байсан архинаас нь бага зэргийг уугаад тэндээс явсан бөгөөд эрж байсан найзыгаа олохгүй болохоор нь буцаад Ивээлийн 23 дугаар байрны гадаа ирэхэд хамт архи ууж байсан Б.Сүхбаатар өмд зарсан мөнгөөрөө архи авсан гээд тэд нар нэмж архи ууж байсан юм. Тухайн үед Сүхбаатар тэнд байсан хүмүүст гар утсаа гайхуулаад бичлэг үзүүлээд байсан бөгөөд удалгүй юунаас болж маргасныг нь мэдэхгүй нэг мэдэхэд л тэр хоёр заамдалцсан зогсож байснаа газарт уначихсан бөгөөд яаж зодсоныг нь хараагүй. Тэгээд би очиж тэр хоёрыг салгахад Г.Д газарт унасан байсан Б.Сүхбаатарын гар утсыг аваад явахаар нь би “чи яаж байгаа юм бэ? гар утсыг нь өгөөч гэхэд миний өөдөөс өгнө гэж хэлээд цааш аваад явсан юм. Тэгээд би удалгүй найз Эрдэнэбулганы хамтаар цааш явсан бөгөөд өөр юу болсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 81 тоот дүгнэлтэд: “1. Б.Сүхбаатарын биед баруун талын 8 дугаар хавирганы далд хугарал, цээжний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. 3. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 28/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 6/

-Шүүгдэгч Г.Дгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-35/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Г.Д нь согтуурсан үедээ 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 23 дугаар байрны гадаа өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хохирогч Б.Сүхбаатарыг зодож, “...биед нь баруун 8-р хавирганы далд хугарал, цээжний цус хуралт...” бүхий гэмтэл буюу хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, улмаар хохирогчийн “Самсунг эс-5” маркийн гар утсыг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Г.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...би Сүхбаатартай ууж байсан архинаас болоод их, бага хийлээ гээд хоорондоо маргалдаж муудалцаад хоорондоо заамдалцсан бөгөөд миний хувьд Б.Сүхбаатарыг хөлөөрөө хавсарч газарт унагаад дээрээс нь дараад байж байхад хажууд байсан найзууд бид хоёрыг салгасан. ...Сүхбаатар өөрөө надад хэлэхдээ чи миний гар утсыг газарт унасан байхад авсан гэж хэлсэн ...“ гэж /хх-ийн 34-36/, түүнийг давхар нотолсон хохирогч Б.Сүхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...Г.Д миний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж, хөлөөрөө хавсарч газарт унагаад дээрээс миний баруун хавирга орчимд хөлөөрөө өвдөглөж байгаад босохдоо мөн цохисон юм. Тэр үед миний энгэрийн халааснаас газарт унасан Самсунг Эс-5 маркийн гар утсыг аваад явсан юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/, гэрч Д.Эрдэнэбулганы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...23 дугаар байрны орцны үүдэнд ахин хоорондоо маргалдаж байгаад Г.Д, Сүхбаатарын дээрээс нь дараад унасан юм. ... Ямар ч байсан Сүхбаатар өөрөө 2 хоногийн дараа “Шүр” зах дээр таарахдаа Г.Д намайг дээрээс дарж байхдаа миний халаасыг шүдээрээ тайлж авч байхыг би харсан гэж надад хэлж байсан бөгөөд миний хувьд Г.Дг гар утас авч байхыг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/, гэрч Г.Эрдэнэтуулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед Сүхбаатар тэнд байсан хүмүүст гар утсаа гайхуулаад бичлэг үзүүлээд байсан бөгөөд удалгүй юунаас болж маргасныг нь мэдэхгүй нэг мэдэхэд л тэр хоёр заамдалцсан зогсож байснаа газарт уначихсан бөгөөд яаж зодсоныг нь хараагүй. Тэгээд би очиж тэр хоёрыг салгахад Г.Д газарт унасан байсан Б.Сүхбаатарын гар утсыг аваад явахаар нь би “чи яаж байгаа юм бэ? гар утсыг нь өгөөч” гэхэд миний өөдөөс өгнө гэж хэлээд цааш аваад явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 81 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

     Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Дд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд тухайлбал, хохирогч Б.Сүхбаатарын өгсөн: “Г.Дтэй маргалдаж байсан. ...Г.Д миний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж, хөлөөрөө хавсарч унагаад дээрээс баруун хавирга орчимд хөлөөрөө өвдөглөж, байгаад босохдоо цохьсон. Тэр үед миний энгэрийн халааснаас газар унасан “Самсунг эс 5” маркийн гар утсыг аваад явсан гэж /хх-ийн13-14/, гэрч Г.Эрдэнэтуулын өгсөн: “Г.Д газарт унасан байсан Б.Сүхбаатарын гар утсыг аваад явахаар нь би “чи яаж байгаа юм бэ?”  гар утсыг нь өгөөч гэхэд миний өөдөөс өгнө? гэж хэлээд цааш аваад явсан” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч нь өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хохирогчийг зодож, гар утсыг нь авсан гэж үзэх үндэслэлтэй байх тул прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчлөн түүнд холбогдох хэргийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна.  Учир нь шүүгдэгч Г.Дгийн хохирогч Б.Сүхбаатарыг зодож, хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байх ба харин хохирогчийн газар унасан гар утсыг авсан шүүгдэгчийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргээс хэсэгчлэн авч тусад нь бие даасан дээрмийн гэмт хэрэг гэж давхар зүйлчлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч Г.Дд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх хуралданаар шинжлэн судлагдсан, шүүгдэгчийн гэм бурууг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй / хохирогчид 200000 төгрөг өгсөн/  болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Г.Дгийн .................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1. Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Дд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Боржигон овогт Г.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дг 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.      

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Г.Дгийн .................... регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг  Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                          

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР