Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00564

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 22 210/МА2024/00564

 

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/00147 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.О-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А ХХК-д холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичүүлэх, ажиллаж байсан хугацааны борлуулалтын урамшуулал 16,327,511 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. А ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж Маркетинг борлуулалтын албаны ахлах менежерийн албан тушаалд ажиллаж эхэлсэн.

Гэвч 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/192 дугаар ажлаас чөлөөлөх тушаал гарсан байсныг 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хамт ажиллаж байсан найзаасаа авсан.

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үүрэгт ажилдаа хүрэлцэн ирээгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаатай санал нийлэхгүй байна. Учир нь ажил олгогч нь 2022 оны 09 дүгээр сараас эхлэн цалин хөлс болон борлуулалтын урамшууллыг хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаанд олгож байгаагүй бөгөөд зарим саруудад цалин хөлсийг өгөлгүй 30 хоногоос дээш хэтрүүлж байсан. Мөн ажил олгогч нь надад 2022 оны 11, 12 дугаар сарын цалинг огт олгоогүй. Миний бие нь тухайн үед компанийн захирал Б.Халиунд цалин хөлс олгох тухай удаа дараа шаардлага тавьж байсан. 2022 оны 12 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд компанийн захирал Б.Халиунтай биеэр уулзаж, мөн утсаар ярьж цалин хөлс олгох талаар шаардлагыг тавьж ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан тухайгаа хэлсэн.

1.2. 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлтийг оруулан үндсэн цалинг 3,500,000 төгрөг болгон өөрчилсөн. Мөн хөдөлмөрийн гэрээ анх байгуулахад миний ажил үүрэгтэй холбоотойгоор сар бүрийн үндсэн цалин хөлснөөс гадна 1 сарын нийт борлуулалтын орлогын 2.0 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал ажил олгогчоос олгож байхаар харилцан тохиролцсон боловч одоог хүртэл олгоогүй. Энэ талаар 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ажил олгогчид бичгээр хүсэлт гаргаж байсан.

1.3. Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тушаал 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гарсан атал 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгож байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн бичүүлж, ажиллаж байсан хугацаанд хийсэн нийт борлуулалтын урамшуулал болох 16,327,511 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж өгнө үү.

Цалин хөлсийг олгоогүй өдрийн алданги гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2022 оны 10 дугаар сарын цалинг олговол зохих хугацаанд олгож, 2022 оны 11 дүгээр сарын урьдчилгаа цалинг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 480,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 395,000 төгрөг, нийт 875,000 төгрөгийг олгосон. Ажил олгогчийн олговол зохих цалин хөлсийг олгоогүй хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан хугацаанд хүрээгүй байх тул ажилтан үүрэгт ажлаа гүйцэтгэхээс татгалзах эрхгүй.

2.2. Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор Маркетинг борлуулалтын албыг татан буулгаж, тус албаны ажилтнуудыг борлуулалтын менежер болгож, цалинд өөрчлөлт оруулсан. Энэ тухай 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б.О-эд шинэчлэгдсэн бүтцийн дагуу борлуулалтын менежерээр ажиллуулах тухай саналыг хүргүүлж, 30 хоногийн дотор хариу ирүүлэхийг мэдэгдсэн. Гэвч нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 16, 19, 20, 21-ний өдрүүдэд үүрэгт ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/192 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан тул хууль зөрчин ажлаас халсан гэж үзэх үндэслэлгүй.

2.3. Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээний нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээгээр ажилтантай үндсэн цалин хөлсийг тохиролцсон ба борлуулалтын урамшуулал олгох тухай тусгаагүй юм. Иймд уг борлуулалтын урамшуулалд 16,327,511 олгох үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн 2022 оны 11, 12 дугаар саруудын ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бодогдсон цалингаар нь ажил олгогчийн зүгээс төлсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б.О-ийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 29,968,956 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичүүлж, урамшуулал болох 16,327,511 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.О-э хариуцагч А ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас цалин хөлсийг олгоогүй өдрийн алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн цалин хөлсийг олговол зохих өдрөөс хэтрүүлэн олгож байсан болох нь хариуцагчийн нягтлан бодогчийн цалингийн тайлангаар тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа мөн 30 хоногийн хугацаанд олгоогүй нөхцөл байдал үүсээгүй байхад гэж хоёр салаа утгатай дүгнэлт хийсэн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ процессын алдаа гаргасан. Тодруулбал 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр болсон шүүх хуралдааны шүүхийн шийдвэр дээр он сарыг 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэж бичсэн нь залруулах боломжгүй алдаа юм. Учир нь шүүхийн шийдвэрийн он cap нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах болон давах болон хяналтын журмаар гомдол гаргах гэх мэт ажиллагаанд хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэх юм.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч оролцоогүй, гомдолд тайлбар ирүүлээгүй.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б.О-э нь хариуцагч А ХХК-д холбогдуулан  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичүүлэх, борлуулалтын урамшуулалд 16,327,511 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь цалин хөлсийг олгоогүй өдрийн алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг анхан шатны шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцжээ.

3. Нэхэмжлэгч нь А ХХК-ийн Маркетинг борлуулалтын албаны ахлах менежерийн албан тушаалд 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр томилогджээ.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтныг 2022 оны 12 дугаар сарын 16, 19, 20, 21-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үүрэгт ажилдаа хүрэлцэн ирээгүй ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/192 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна /хх 9, 11/.

3.1. Нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 16, 19, 20-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна /хх 65-87/.

Зохигчийн байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.2.5-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан бол ноцтой зөрчилд тооцохоор заасан /хх 52-57/.

Ажилд ирээгүй хугацаатай нэхэмжлэгч маргаагүй бөгөөд харин ажил олгогчийн зүгээс цалинг тогтоосон хугацаанд олгоогүй учир ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан гэж тайлбарласан.

3.2. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн цалин хөлсийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн цалин хөлсийг 2022 оны 11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 09-ний өдөр олгожээ /хх 32, 108-109/.

Ийнхүү ажил олгогч нь ажилтны цалинг хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлж олгосон байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан цалин хөлсийг олговол зохих өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүрээгүй тул ажилтан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхгүй, мөн энэ талаар зохих журмын дагуу ажил олгогчид мэдэгдсэн болохоо баримтаар нотлоогүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

3.3. Иймд ажилтан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаалчилгаар цуцалсан нь үндэслэлтэй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т нийцжээ.

Үүнтэй холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

3.4. Борлуулалтын урамшуулал 16,327,511 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй учир энэ талаар давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй.

4. Шүүхийн шийдвэрийн огноо алдаатай бичигдсэн талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.

Хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл, хурлын товоор шүүх хуралдаан 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр болсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр мөн огноогоор ёсчлогдсон байна.

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/00147 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН\

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Т.БАДРАХ