Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/00350

 

 

 

 

     

 

 

 

Х.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/03799 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Б-т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 117,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Хүргэн ах Б.Г надтай холбогдож миний таньдаг хүнд санхүүжилт хэрэг болоод байна, чи боломжтой бол тэр хүнд мөнгө зээлдүүлж тус болооч гэсэн. Үүний дагуу Б.Б миний бие Г.Б-тэй 2021 оны 04 сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 60,000,000 төгрөгийг нэг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч Г.Б нь эргэн төлөлт хийгээгүй бөгөөд зээл болон зээлийн хүүг нэхэмжлэхэд элдэв шалтгаан тоочиж өдий хүрлээ. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.7-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги төлнө гэж тусгасан. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 60,000,000 төгрөг, зээлийн хүү 18,000,000 төгрөг, алданги 39,000,000 төгрөг, нийт 117,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгчээс биш, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-аас хамтран ажиллах гэрээний үндсэн дээр 60,000,000 төгрөгийг хүлээн авч, рестораны үйл ажиллагаанд зарцуулсан. Б.Г надаас мөнгө нэхэмжилбэл би төлнө. Энэ үед хөл хорионы дараах үе байсан тул компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, ажилчдын цалин хөлс тавих зэрэгт тухайн мөнгийг захиран зарцуулсан. Харин Х.О-ийг би танихгүй, түүнтэй байгуулсан гэх гэрээ дүр үзүүлсэн хэлцэл байсан ба хүчин төгөлдөр бус учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.  

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Г.Б-ээс зээлийн гэрээний үүрэг 60,000,000 төгрөг, хүү 18,000,000 төгрөг, алданги 39,000,000 төгрөг, нийт 117,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Од олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 742,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-ээс 742,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Од олгож шийдвэрлэжээ.  

4.   Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1.  Миний бие Х.О-тэй зээлийн гэрээ бичгээр байгуулсан боловч өөрийн байгууллагын үйл ажиллагаанд зориулан Б.Г-аас 60,000,000 төгрөгийг зээлж Имэкс корпорэйшн ХХК-ийн үйл ажиллагааг сэргээн явуулахад зарцуулсан. Тухайн зээлийг компанийн үйл ажиллагааны ашгаас төлөлт хийхээр тохиролцож авсан.

4.2.  Х.О бид хоёрын хооронд хийгдсэн зээлийн гэрээ дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ юм. Б.Г өмнө нь өөрийн өгсөн мөнгийг надаас нэхэж уулзахдаа миний биед халдаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргахдаа өөрөө зээлдүүлсэн үнэн үйл баримтаа хэлж байсан. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2110000000620 тоот шийдвэрт үзлэг хийлгэх, тус хэргийн шүүхийн шатанд болон яллагдагчаар өгсөн Б.Гын мэдүүлэгт ...би зээлдүүлсэн мөнгөө нэхэх гэж очоод биед халдсан гэх... үйл баримтыг нотлох мэдүүлгийг тус эрүүгийн хэргээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхийн журмаар гаргуулах хүсэлт, мөн Имэкс корпорэйшн ХХК-ийн ХААН банкны 5124052282 тоот данснаас Б.Г нь өөрийн төлөлтөд нийт 4,034,625 төгрөгийг авсан үйл баримтыг нотлох тус компанийн дансны хуулгыг гаргуулах хүсэлтүүдийг хүлээж авахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийн үндэслэл болсон үйл баримтыг няцаах, тэгш эрхийн үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, мэтгэлцэх миний эрхийг зөрчиж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргуулахгүйгээр шийдвэр гаргасан.

4.3.  Иргэн Б.Б болон Х.О нарын хооронд дүр үзүүлэн байгуулсан зээлийн гэрээ нь зээлийн хүү, хугацаа мөн ковидын үед хүлээн авалтын үйл ажиллагаа явуулах бэрхшээлтэй цаг хугацаанд зээлийн хүү хэт өндөр буюу 10 хувийн хүүтэй, бичгээр хийсэн гэрээг байгуулах бодит хүсэл зориг байхгүй нь илэрхий гэрээ байхад хүчин төгөлдөр бус гэрээний дагуу нийт 117,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна.

4.4.  Анхан шатны шүүхийн шийдвэрийг би 2024 оны 01 сарын 04-ний өдөр гардаж авахад хурлын тэмдэглэл гараагүй байсан, хурлын тэмдэглэлтэй 2024 оны 01 сарын 12-ны өдөр танилцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас нийт 117,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан нийт 55,965,375 төгрөг гаргуулж, үлдэх 61,034,625 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5.   Давж заалдах гомдол нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргасан тайлбартаа: Хариуцагч талын гаргуулахыг хүссэн баримтууд энэ хэрэгт зайлшгүй шаардлагатай, ач холбогдолтой баримт байгаагүй. Б.Г нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлэг өгөхдөө ...энэ мөнгө миний мөнгө байсан... гэж тайлбар хэлсэн гэдэг боловч 2021 оны 04 сарын 03-ны өдөр бичгээр байгуулсан зээлийн гэрээ хэрэгт авагдсан. Эрүүгийн шүүхийн шийдвэрийг авсанаар зээлдэгч солигдох агуулга яригдахгүй байх. Зээлийн гэрээ байгуулагдахаас өмнөх хугацааны компанийн дансны хуулга гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хэрэгт ач холбогдолгүй гэж үзэн хүлээж аваагүй. Тухайн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд Г.Б- хохирогчоор оролцсон тул өөрөө эсхүл өмгөөлөгчөөр дамжуулан тухайн баримтыг авах боломжтой байсан. Хариуцагчаас зээлийн хүү хэт өндөр гэх агуулгаар гомдол гаргасан бөгөөд хугацаандаа мөнгөө төлсөн бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлд зааснаар зээлдэгчийн эрх ашигт хэт хохиролтойгоор хүү тогтоогдсон гэж үзэх боломж байгаа. Гэтэл зээлдэгч 2021 оны 04 сарын 03-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Шүүх хуралдааны тэмдэглэл хугацаандаа гарсан эсэх үйл баримт хэрэгт байхгүй. Шүүх хуралдааны тэмдэглэлийг хугацаандаа гаргаагүй нь хариуцагчийн эрх ашгийг яаж хөндсөн, шийдвэрт өөрчлөлт оруулж хүчингүй болгох ямар нөхцөл байгаа талаар үндэслэл байх ёстой гэж үзэж байна. Эдгээр үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.   Нэхэмжлэгч Х.О нь хариуцагч Г.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 60,000,000 төгрөг, зээлийн хүү 18,000,000 төгрөг, алданги 39,000,000 төгрөг, нийт 117,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.  

3.   Хэрэгт талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 04 сарын 03-ны өдрийн Зээлийн гэрээ авагдсан, уг гэрээнд Х.О нь 60,000,000 төгрөгийг нэг сарын 10 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлдүүлэх, Г.Б нь 2021 оны 07 сарын 03-ны өдөр үндсэн зээл, зээлийн хүүг төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлөх нөхцөлийг тохиролцсон. /хх 5/

4.   Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

5.   Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байна.

Хариуцагч Г.Б- нь ...нэхэмжлэгчтэй байгуулсан гэх зээлийн гэрээ нь дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэл..., ...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй хамтын ажиллагаатай байсан, үүнийн хүрээнд түүнээс 60,000,000 төгрөгийг зээлдэн авсан... гэсэн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотолж чадаагүй. 

6.   Зээлийн гэрээ байгуулагдсан өдөр буюу 2021 оны 04 сарын 03-ны өдөр Б.Гын эзэмшлийн Хаан банк дахь 5131013639 тоот данснаас Г.Б-ийн эзэмшлийн Хаан банк дахь 5085440899 тоот данс руу отгон-эрдэнээс буяндэлгэр зээл гүйлгээний утгатайгаар 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. /хх 7/

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасан тул зээлдэгч Г.Б-т мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргээ зээлдүүлэгч Х.О гүйцэтгэсэн гэж үзнэ.

Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул ...бодит байдал дээр Б.Гаас 60,000,000 төгрөгийг зээлж авсан... гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

7.   Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар нэхэмжлэгч Х.О нь хариуцагч Г.Б-ээс үндсэн зээл, зээлийн хүү, алданги төлөхийг шаардах эрхтэй.

Зээлийн гэрээний дагуу үүргийг тооцоход үндсэн зээл 60,000,000 төгрөг, зээлийн хүү 18,000,000 төгрөг /6,000,000 х 3/, алданги 39,000,000 төгрөг /78,000,000 х 50%/, нийт 117,000,000 төгрөг болж байна.

8.   Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх алдангийг багасгах эрхтэй.

Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ-ний хүү нэг сарын 10 хувь буюу нэг жилийн 120 хувь, Зээлийн гэрээ-ний 3 сарын хугацаанд бодогдсон зээлийн хүү 18,000,000 төгрөг болсон, зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь Ковид-19 цар тахлын үетэй давхацсан зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзээд шүүхийн зүгээс алдангийг 90 хувиар багасгаж хариуцагчаас 3,900,000 төгрөгийн алдангийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

9.   Иймд хариуцагч Г.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 60,000,000 төгрөг, зээлийн хүү 18,000,000 төгрөг, алданги 3,900,000 төгрөг, нийт 81,900,000 төгрөгийг гаргуулсан өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

10.   Хариуцагчийн гаргасан анхан шатны шүүх нотлох баримт гаргуулах тухай хариуцагч талын хүсэлтийг хангаагүй нь буруу, анхан шатны шүүх зээлийн хүү хэт өндөр байгааг анхаараагүй гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангах үндэслэл тогтоогдсонгүй.

10.1.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар зохигч өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлдэг бөгөөд хариуцагчийн гаргуулахыг хүссэн нотлох баримтууд нь хариуцагч өөрөө олж авах боломжтой нотлох баримтад хамаарч байна. Түүнчлэн, эрүүгийн журмаар цугларсан нотлох баримтыг иргэний хэрэгт шууд үнэлэх боломжгүй юм. Иймд, анхан шатны шүүх нотлох баримт гаргуулах тухай хариуцагч талын хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй.

10.2.         Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасан шүүх зээлийн хүүг багасгах зохицуулалт нь зээлдэгчийн хүсэлтээр хэрэгжих зохицуулалт юм. Хариуцагч буюу зээлдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн хүү хэт өндөр тул зээлийн хүүг багасгаж өгнө үү гэсэн агуулгаар тайлбар, татгалзал гаргаагүй тул хариуцагчаас зээлийн хүү 18,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв болжээ.  

11.   Хариуцагч нь ...И ХХК-ийн данснаас Б.Г нь зээлийн эргэн төлөлтөд 4,034,625 төгрөгийг авч байсан... гэж тайлбарлах боловч уг мөнгөн хөрөнгийг Зээлийн гэрээ-ний эргэн төлөлт гэж үзэх боломжгүй, улмаар тухайн баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй.

12.   Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/03799 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д зааснаар хариуцагч Г.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт 81,900,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.О-д олгож, үлдэх 35,100,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...56.1... гэснийг ...56.2... гэж, ...Г.Б-ээс 742,950 төгрөгийг гаргуулж... гэснийг ...Г.Б-ээс 567,450 төгрөгийг гаргуулж... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Г.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 01 сарын 17-ны өдөр урьдчилан төлсөн 464,330 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

 

Д.НЯМБАЗАР